Хэвлэх DOC Татаж авах

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн

А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, АЛБАН БУС, НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАГШ, УДИРДАХ БОЛОН БУСАД АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Ерөнхий боловсролын сургууль (цаашид сургууль гэх), цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, даган биелүүлэх ёс зүйн хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад энэхүү ёс зүйн дүрмийн зорилго оршино.

1.2.Ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын багц хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хууль, Зөрчлийн тухай хууль, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенци болон холбогдох бусад хууль тогтоомж байна.

1.3.Ёс зүйн дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, туслах багш, удирдах болон бусад ажилтан /цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч, эмч/ дагаж мөрдөнө.

1.4.Энэхүү ёс зүйн дүрмээр тогтоосон зарчим, хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

1.5.Энэхүү дүрмийн 1.3-т зааснаас бусад,сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн ажилтан /жижүүр, үйлчлэгч, нягтлан бодогч, нярав болон бусад/-ны ёс зүй, харилцаанд тавих шаардлагыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулна.

Хоёр. Баримтлах зарчим

2.1.Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтанүйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

2.1.1.Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

2.1.2.Хүнлэг энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх;

2.1.3.Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах;

2.1.4.Ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах;

2.1.5.Чанартай, хүртээмжтэй боловсролыг эрхэмлэх;

2.1.6.Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх;

2.1.7.Аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх/тэгш байдлыг хангах

Гурав. Багшийн мэргэжлийн нэр хүндийн баталгаа

3.1.Багш, удирдах ажилтан

3.1.1.Мэдлэг, боловсрол, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх;

3.1.2.Сургалтын ажлыг чанар, үр өгөөжтэй зохион байгуулах;

3.1.3.Суралцагчид туслах, үлгэрлэх;

3.1.4.Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;

3.1.5.Хувцаслалт, биеэ зөв авч явахад анхаарах;

3.1.6.Баримт нотолгоонд тулгуурласан, үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлэх;

3.2.Эцэг эх, олон нийт

3.2.1.Боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчид багшийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх;

3.2.2.Багш хууль тогтоомжоор заасан ажил үүргээ гүйцэтгэх үйл явцыг санаатай болон санамсаргүйгээр тасалдуудахгүй байх;

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ

Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

4.1.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх:

4.1.1.Хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор хүүхэд, эцэг эх, олон нийт болон хамтран ажиллагчидтай хууль бус санхүү, эд хөрөнгийн харилцааг тэвчих;

4.1.2.Хүүхэд, багш болон бусад ажилтны талаар шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй асуудлыг шийдэхээс татгалзах, урьдчилан сэргийлэх;

4.1.3.Байгууллагын эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх;

4.1.4.Үндсэн ажлаас гадуур хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад давхар ажил, үүрэг эрхлэхгүй байх;

4.1.5.Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах;

4.2.Ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх:

4.2.1.Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх, сурлагын амжилтыг бодитойүнэлэх;

4.2.2.Эцэг, эх, асран хамгаалагч, олон нийт, хамтран ажиллагчдаа нас, хүйс, хувийн онцлог, албан тушаал, мэдлэг, туршлагаар нь ялгаварлахгүй,адил тэгш хүндэтгэлтэй хандах,хамт олны эв нэгдлийг дээдлэх;

4.2.3.Сургууль, багшийн ажлын амжилтыг чухалчлан суралцагчийголимпиад, уралдаан, тэмцээнд оролцох, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл болон хичээлийн тоогхязгаарлахэсхүл албадлага үзүүлэх үйлдэл гаргахаас зайлсхийх;

4.2.4.Сургууль, цэцэрлэгийн орчиндхүүхдийн эрүүл мэнд хохирох, бэлгийн дарамтад өртөх, үе тэнгийнхэнболон гадаад орчин, цахим орчны сөрөг нөлөөнд автахыг анхаараагүйгээс тэдний эрх, эрх ашиг хохирох байдалд хүргэхээс сэргийлэх;

4.3.Албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлэх:

4.3.1.Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллагчдыг доромжлох, нэр төрийг гутаахгүй байх;

4.3.2.Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх;

4.3.3.Хүүхэд, гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагчтай  холбоотой мэдээллийн нууцыг хадгалах;

4.3.4.Өөрийн болон байгууллагын нэр хүнд, амжилтын төлөө хамт олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол учруулахгүй байх;

4.3.5.Удирдах ажилтан нь албан тушаалын давуу талаа ашиглан бусдын нэр хүндэд халдах, хууль бус томилгоо, ажил үүргийн хуваарилалт хийх, үнэлгээ дүгнэлт өгөх зэргээс зайлсхийх, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхиүлэн дэмжихгүй байх;

4.3.6.Удирдах ажилтан нь ашиг сонирхлын зөрчилтэй болон зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлын үед шийдвэр гаргах, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгохтой холбоотой үйлдэл үл гаргах;

4.3.7.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/, сургалтын баримт бичиг/сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал/хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, баримт бичиг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүйбайх;

4.4.Албадлага, дарамт үзүүлэхээс сэргийлэх:

4.4.1.Сургууль, цэцэрлэгийн нэр барьж сурагч, эцэг, эх, асран хамгаалагчаас хувийн холбогдолтой мэдээлэл гаргаж өгөхийг шаардахгүй байх, хүсээгүй мэдээллийг нь авахгүй байх;

4.4.2.Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй байх;

4.4.3.Хүүхдийн дунд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахдаа сургууль, цэцэрлэгийн нэрийг барьж хүчээр албадахгүй байх;

4.4.4.Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодол, улс төрийн байр сууриа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх;

4.4.5.Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах;

4.4.6.Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах.

4.5.Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх:

4.5.1.Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөстатгалзах, зуучлахгүй байх;

4.5.2.Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх;

4.5.3.Хуульд заасан төлбөр, хураамж, хандив, хөрөнгийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь шударга, ил тод тайлагнадаг байх;

Тав. Хариуцлага

5.1.Дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй боловсролын салбарын ажилтнуудад эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Зургаа. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт

6.1.Ажил олгогч энэхүү ёс зүйн дүрмийг багш, удирдах болон бусад ажилтанд танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдүүлж хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

6.2.Ажил олгогч ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах болон бусад ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгана.

6.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нь жилийн ажлын тайландаа ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар хийсэн ажлаа тусгайлан тайлагнана.

6.4.Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийнЗасаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөл хяналт тавьж, мониторинг хийж ажиллана. 

6.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, санамж бичгийн дагуу аймаг, нийслэлийнхээ багш нарын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг тайлагнах үүрэг хүлээнэ.

6.6.Нийслэлийн Засаг дарга нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүүргийн Засаг даргатай дүүргийнхээ хэмжээнд Ёс зүйн зөвлөл байгуулж ажиллах боломжийг бүрдүүлж болно.

6.7.Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

6.8.Ёс зүйн зөвлөлөөс ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулах сургалт, үйл ажиллагааны зардлыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсөвт тусгаж санхүүжүүлнэ. Мөн сургалт, үйл ажиллагааг төсөл, хөтөлбөр болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

 

 

---о0о---