Хэвлэх DOC Татаж авах

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн

А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

 ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Ёс зүйн зөвлөл нь /цаашид “Зөвлөл“ гэх/  “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.

1.2.Зөвлөл нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын  хүрээнд үйл ажиллагаа явуулна.

1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа тэгш хандах, шударга ёсыг баримтлах, нууцыг хадгалах, хараат бус байх зарчмыг баримтална.

Хоёр. Ёс зүйн зөвлөл

2.1.Зөвлөл нь аймаг, нийслэлийн Засаг даргындэргэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, нутгийн захиргааны болон орон нутгийн хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын төлөөлөл бүхий 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсролын газар, зөвлөлийн бүрэлдэхүүний эрх ашгийг хууль ёсоор төлөөлөх олон нийтийн болон мэргэжлийн байгууллага хамтран зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 жил тутам шинэчилнэ.

2.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

2.4.Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг дарга тэргүүлж, нарийн бичгийн даргаарБоловсролын газрын дарга ажиллана.

2.5.Зөвлөл нь ёс зүйн зөрчил, авилга, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээж байгаагүй гишүүдээс бүрдэнэ.

2.6.Зөвлөлийн гишүүн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гишүүнээс чөлөөлж, нөхөн сонгоно.

2.7.Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй. Үүнд:

2.7.1.Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн хэм хэмжээг сурталчлан таниулах, санал, зөвлөмж өгөх;

2.7.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн хамт олны дунд багш, удирдах болон бусад ажилтны мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, хандлагад эерэг нөлөө үзүүлэх сургалт тогтмол зохион байгуулах;

2.7.3.Ёс зүйн зөрчил болон ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд дүн шинжилгээ хийж, учир шалтгааныг магадлан тогтоож шийдэх арга замыг тодорхойлох;

2.7.4.Хууль бус ямар нэгэн үйлдлээс урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагавар үүссэн нөхцөл байдлыг арилгах, зөрчил дахин давтагдахгүй байхад чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх;

2.7.5.Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, дүгнэлтийг хүлээн авах;

2.7.6.Багш, удирдах болон бусад ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар шалгалт явуулж, дүгнэлт гаргах, хариу өгөх;

2.7.7.“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийн талаар олон нийтэд болон Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

2.7.8.Ёс зүйн зөрчил, хариуцлагын талаар мэдээллийн сан бүрдүүлнэ.

2.8. Зөвлөлийн гишүүн нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгах, нууцыг чанд хадгалах, хуралд оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хурлаас гарах шийдвэрт хариуцлагатай оролцох, ёс зүйн зөрчил гарсан эсэхэд саналаа хэлэх, зөвлөлийн даргын томилсноор зөвлөлийн хурлыг даргалах бүрэн эрхтэй.

2.9.Зөвлөлийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна зөвлөлийн хурлыг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хурлыг удирдах, гомдол, хүсэлтийг хүлээн авах, өөрийн эзгүйд зөвлөлийн хурлыг удирдах гишүүнийг томилох бүрэн эрхтэй.

2.10.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлын тэмдэглэл хөтлөх, хурлаас гарсан шийдвэрт бүх гишүүдээр гарын үсэг зуруулж, баталгаажуулах, баримт бичгийг эмхэлж архивын нэгж болгох, зохих байгууллага, хувь хүнд ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

2.11.Ёс зүйн зөвлөлийн гишүүн дараах тохиолдолд гомдол, хүсэлтийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй.

2.11.1.Гомдол, хүсэлтийг өөрөө гаргасан бол;

2.11.2.Тухайн багш, удирдах ажилтан, гомдол, хүсэлт гаргасан этгээдтэй эсхүл тэдний гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;

2.11.3.Өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол;

2.12.Зөвлөлийн гишүүдийн 70 хувиас дээш ирцтэй хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.

2.13.Хурлын шийдвэр гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

2.14.Зөвлөл нь Засаг даргын тамгын газрын албан бичгийн хуудас, тэмдгийг хэрэглэнэ.

2.15.Зөвлөлийн гишүүдэд Засаг дарга болон Боловсролын газар, хэлтсийн төсөвт багтаан хууль тогтоомжид заасан хэмжээгээр урамшуулал олгоно.

Гурав. Гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа

3.1.Багш болон бусад ажилтны ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг тухайн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, удирдах ажилтан ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг тухайн аймаг, нийслэлийн Зөвлөлийн дарга тус тус “Гомдол, хүсэлт гаргах маягт”(Хавсралт 3)-ын дагуу хүлээн авна. Амаар гаргасан гомдлыг гомдол гаргагчаас маягтаар баримтжуулж авна.

3.2.Гомдол хүлээн авагч нь гомдлын нууцлалыг чанд хадгална. 

3.3.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн түвшинд гомдол, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа:

3.3.1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн удирдлага гомдлын дагуу багш болон бусад ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан шалгуулахаар 3 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулна.

3.3.2.Ёс зүйн зөрчлийг хянан шалгахаар томилогдсон ажилтан, ажлын хэсэг нь гомдол, хүсэлттэй холбоотой нотлох баримт цуглуулж, тухайн асуудалд хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсний үндсэн дээр дүгнэлт, санал гарган Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн захирлын зөвлөлд танилцуулж шийдвэрлэнэ.

3.3.3.Сургууль, цэцэрлэгээс гаргасан шийтгэлийг эс зөвшөөрсөн тохиолдолд багш болон бусад ажилтан ёс зүйн зөрчил 3 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн зөвлөлд гомдлоо гаргана.

3.3.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн түвшинд ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 14 хоногийн дотор шалгаж дүгнэлт гаргана.

3.4.Зөвлөл гомдол, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа:

3.4.1.Ёс зүйн зөрчил 2 буюу түүнээс дээш удаа давтан гаргасан, удирдах ажилтны ёс зүйн зөрчилтэй холбогдон гарсан гомдлыг 30 хоногийн дотор шалгаж дүгнэлт гарган холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

3.4.2.Зайлшгүй тохиолдолд гомдлыг шалгах хугацааг 30 хоног сунгаж гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.

3.4.3.Дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

3.4.4.Зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн эрх бүхий албан тушаалтан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”,Боловсролын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, хариу өгнө.

3.4.5.Зөвлөл нь дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавьж ажиллана.

3.5.Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн  багш, удирдах болон бусад ажилтан 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.

3.6.Гомдол гаргагч багш, удирдах болон бусад ажилтан ёс зүйн зөрчил гаргасан талаар гүтгэсэн, худал мэдүүлсэн тохиолдолд түүнд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, учруулсан бодит хохирлыг барагдуулна.

3.7.Энэхүү үлгэрчилсэн журмыг үндэслэн аймаг, нийслэлийн хэмжээнд үйлчлэх Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыгаймаг нийслэлийн засаг даргын захирамжаар батлан хэрэгжүүлж болно.

 

 

----------о0о----------