A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ