Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 144 дүгээр
         тогтоолын хавсралт

 

“НЭГ ИРГЭН-НЭГ БҮРТГЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны н-27/18 дугаар зөвлөмж, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого (2017-2025) зэрэг бодлогын баримт бичгүүдэд “Улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх”, “Улсын бүртгэлийн эх нотлох баримтыг бүхэлд нь цахимжуулах”, “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх, “хууль зүйн салбарын байгууллагуудын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, дэд бүтцийг шинэчлэн, хуульд заасан үүргээ стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх”, “төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох” гэсэн зорилтуудыг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан.

Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний бүртгэлийн 19, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 29, хуулийн этгээдийн бүртгэлийн 10, архивын 28, нийт             86 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад үзүүлдэг. Иргэнд суурилсан улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, төрийн ой санамжийг бүрдүүлэх, бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгож, бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд дараахь тулгамдсан асуудлууд байна. Үүнд:

-улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд 67 хороо, 303 сум холбогдоогүй;

-төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох байдал хязгаарлагдмал, мэдээлэл зөрүүтэй, улсын бүртгэл хөтлөхөд шаардлагатай мэдээллийг төрийн байгууллагуудын  мэдээллийн сангаас авах боломж бүрдээгүй;

-улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн тоног төхөөрөмж, програм хангамжийг сайжруулахад хөрөнгө оруулалт дутагдалтай, шинэчлэх ажлууд үе шаттайгаар хийгдэлгүй явж ирснээс улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах боломжгүй нөхцөл үүсч, техник тоног төхөөрөмжөөс шалтгаалсан саатал удаа дараа гарч байна. Тухайлбал, бүртгэлийн байгууллага үйл ажиллагаандаа өгөгдөл хадгалах зориулалт бүхий нийт 67 сервер, 8 хадгалах төхөөрөмж, 4531 ширхэг компьютер, дагалдах тоног төхөөрөмж ашиглаж байгаагаас 48 сервер (71.6 хувь), 8 хадгалах төхөөрөмж, компьютер, дагалдах тоног төхөөрөмжийн 85 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн;

-мэдээллийн сан удирдах системүүд програмын лицензийн хугацаа дууссанаас мэдээллийн санд гэмтэл саатал гарах үед мэргэжлийн байгууллагаас тусламж авах, цаашид шинэчлэгдсэн хувилбарыг ашиглах боломжгүй;

-мэдээллийн сангуудыг нөөцлөх тоног төхөөрөмжийн багтаамж дүүрсэн;

-улсын хэмжээнд бүртгэлийн архив 32 нэгжид байршиж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн төв архив, нийслэл, 13 аймаг, 8 дүүргийн бүртгэлийн нэгжүүд архивын зориулалтын байргүй, өрөөний хүрэлцээгүйгээс шалтгаалан архивын материалыг хонгилын давхар, автомашины гражид хадгалж байгаа нь архивын баримт хадгалах орчны стандарт шаардлагыг хангахгүй, улсын бүртгэлийн эх нотлох баримт бүхий архив  гэмтэх, устах өндөр эрсдэлтэй болсон;

-засаг захиргааны нэгжид суурилсан хаягжилт нь нэгдсэн стандарт системгүй, ойлгомжгүй байгаа нь орчин үеийн бизнесийн болон төрийн үйлчилгээний шаардлага хангахгүй байгаа;

-улсын бүртгэлийн эх нотлох баримт бүрэн цахимжаагүй, цахимжсан зарим төрлийн баримтад нэмэлт, баяжилт хийгдээгүйгээс үйлчилгээнд бүрэн ашиглах боломжгүй байгаа;

-улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр 2017 онд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн 271694  лавлагааг биечлэн, үйлчилгээний ТҮЦ машинаар 1.5 сая лавлагааг олгосон нь иргэд төдийгүй бүртгэлийн байгууллагад ажлын ачаалал, зардал нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог зэрэг эрсдэл, хүндрэл үүсч байна.

Иймд иргэнд суурилсан нэг эх сурвалж бүхий суурь мэдээллийн сан бүрдүүлэх, чанарыг сайжруулах, цахим сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллагааг хангах тоног төхөөрөмж, програм хангамжийг шинэчлэх, бүртгэлийн байгууллагын салбар, нэгжийг нэгдсэн сүлжээнд холбон иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, суурь мэдээллийг бусад байгууллагатай солилцох болон газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санг бий болгох асуудлыг цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Улсын бүртгэлийн эх нотлох баримтыг цаашид цахимжуулах ажлыг үргэлжлүүлж хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг бий болгосноор улсын бүртгэлийг цахимаар хөтлөх боломж бүрдэх юм.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт, цахим сүлжээний хэвийн ажиллагааг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэний үнэмлэхийн цахим санах ойд тоон гарын үсэг суурилуулан төрийн болон төрийн бус байгууллагаас үйлчилгээ авах, хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол Улсад хаягийн нэг стандарт, нэгдсэн санг бий болгох, түүнд суурилсан бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг шаардлагыг үндэслэн “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, эх нотлох баримтыг бүрэн цахимжуулж, цахим хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, төрийн ой санамжийг бэхжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

      Зорилт 1. бүртгэлийн байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, програм хангамжийг шинэчлэх, сайжруулах;

      Зорилт 2. архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж, эх нотлох баримтыг бүрэн цахимжуулах;

      Зорилт 3. дэд бүтцийг шинэчлэн зохион байгуулж, иргэний бичиг баримтын  үйлдвэрийг өргөтгөх;

      Зорилт 4. иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн мэдээллийн сангийн чанар, багтаамжийг сайжруулах, нэгдсэн удирдлага бүхий систем бий болгох;

      Зорилт 5. газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн сан бий болгох;

      Зорилт 6. бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлж, чадавхижуулах;

      Зорилт 7. тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн цахим санах ойд суурилуулж, иргэний үнэмлэхийн хэрэглээний төрлийг нэмэгдүүлэх;

      Зорилт 8. улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэд төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх;

      Зорилт 9. төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх.

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа:

       Хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.1.1. иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн програм хангамжийг шинэчлэх, сайжруулах;

      3.1.2. мэдээллийн сангийн нөөцлөлтийг автомат горимоор хийх, мэдээллийн санг хянах програм хангамж боловсруулах, хэрэглээнд нэвтрүүлэх;

       3.1.3. бүртгэлийн системд ашиглаж байгаа сервер, компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэх;

      3.1.4. сүлжээний нууцлал аюулгүй байдлыг ханган, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

      3.1.5. бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй анхан шатны нэгж болох хороо, сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох;

      3.1.6. эрчим хүчний өндөр зэрэглэлд хамруулах, нөөц эх үүсвэртэй болох.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.2.1. стандартын шаардлага хангасан архивын нэгдсэн байртай болгох; 

       3.2.2. эх нотлох баримтыг цахимжуулахад шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, орчныг бүрдүүлэх;

       3.2.3. иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн эх нотлох баримтыг бүрэн цахимжуулж дуусгах.

3.3. Хөтөлбөрийн  3 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.3.1. Монгол Улсын иргэний үнэмлэхийн нууцлал бүхий бэлдэц, бичилтийг хийх, үндэсний энгийн цахим гадаад паспорт үйлдвэрлэх, болон паспортад бичилт хийх хүчин чадалтай дотоодын үйлдвэр байгуулах;

      3.3.2. иргэний үнэмлэхийн бэлдэц бэлтгэх тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл худалдан авах;

      3.3.3. иргэний үнэмлэхийн хэвлэх үйлдвэрийн байрыг өргөтгөх;

      3.3.4. үндэсний цахим гадаад паспортад бичилт хийх нөхцөл бүрдүүлэх. (дотоод)

3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.4.1. иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сангийн чанар, багтаамжийг сайжруулах;

      3.4.2. засаг захиргааны нэгжийн кодчилол болон нэршлийг нэгдсэн стандартад оруулах;

      3.4.3. бүртгэл тус бүрээр салангид байгаа мэдээллийн сангуудын нэгдсэн удирдлагыг бий болгох.

3.5. Хөтөлбөрийн 5 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.5.1. төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хамтран хаягийн шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санг бий болгох ажлыг зохион байгуулах;

      3.5.2. газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санг бий болгож, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн хаягийг шинэчлэн бүртгэх;

      3.5.3. эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн систем дэх газрын нэгж талбарын дугаарыг газрын кадастрын суурь мэдээллийн сантай холбож, ашиглахтай уялдуулах;

      3.5.4. улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэний оршин суугаа хаягийг иргэний үнэмлэхийн цахим санах ойд бичих ажлыг зохион байгуулах.

3.6. Хөтөлбөрийн 6 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.6.1. дэвшилтэт технологийн шаардлагад нийцүүлэн бүртгэлийн байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах,  чадавхижуулах;

      3.6.2. бүртгэлийн анхан шатны нэгжүүдийг мэргэшсэн, ур чадвар бүхий боловсон хүчнээр хангах;

      3.6.3. мэдээллийн технологийн албан хаагчдыг мэргэшүүлэх, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бий болгох.

3.7. Хөтөлбөрийн 7 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.7.1. тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн цахим санах ойд суурилуулж олгох зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

      3.7.2. шинээр хэвлэгдэх иргэний үнэмлэхийн цахим санах ойд тоон гарын үсгийн түлхүүрийн хослолыг үүсгэх, карт хэвлэх системийн програм хангамжийг боловсруулах, үйлчилгээнд нэвтрүүлэх;

      3.7.3. иргэдэд олгогдсон иргэний үнэмлэхэд тоон гарын үсэг бичих боломжийг бүрдүүлэхийн тулд 2048 бит түлхүүрийн хослолыг бичих програм хангамжийг боловсруулах, үйлчилгээнд нэвтрүүлэх;

      3.7.4. иргэний үнэмлэхийн цахим санах ойд тусгагдсан тоон гарын үсгийн мэдээллийг таних програм боловсруулах, үйлчилгээнд нэвтрүүлэх;

      3.7.5. бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан иргэдэд тоон гарын үсгийг олгож, үйлчилгээнд нэвтрүүлэх.

3.8. Хөтөлбөрийн 8 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.8.1. иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийг  цахимаар хөтлөх системийг боловсруулах, ашиглах;

      3.8.2. улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг иргэн, хуулийн этгээд цахимаар  шуурхай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх;

      3.8.3. төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн мэдээлэл солилцох ажлыг сайжруулж, бүртгэлийн үнэн зөв, шуурхай байдлыг хангах.

3.9. Хөтөлбөрийн 9 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      3.9.1. бүртгэлийн байгууллагын мэдээллийг нээлттэй, шаардлагатай тохиолдолд тодорхой хязгаартай ашиглуулах боломжийг бүрдүүлэх;

      3.9.2. Засгийн газраас баталсан төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журмын хэрэгжилтийг хангаж, иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудад шаардагдах мэдээллийг нийлүүлэх;

      3.9.3. улсын бүртгэл хөтлөхөд шаардагдах мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч үйлчилгээнд ашиглах.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрэх үр дүн

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

      4.1.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтыг хэрэгжүүлснээр бүртгэлийн байгууллагад ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, програм хангамж шинэчлэгдэж орчин үеийн технологийн чиг хандлагад нийцсэн шинэ технологи нэвтрүүлсэн байна.

      4.1.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр эх нотлох баримтыг бүрэн цахимжуулж, архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт стандарт түвшинд хүрч, мэдээллийн аюулгүй байдлын зорилт хангагдана. 

      4.1.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр Улсын бүртгэлийн дэд бүтцийг шинэчлэн зохион байгуулж, иргэний бичиг баримтын үйлдвэрийг өргөтгөснөөр төрөөс олгож байгаа баримт бичгийн болон иргэний мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хангагдана.

      4.1.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлснээр улсын бүртгэлийн мэдээллийн сан нэгдсэн удирдлагатай болж, суурь мэдээллийн сангийн үнэн зөв, найдвартай байдал бий болсон байна.

      4.1.5. Хөтөлбөрийн 5 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санд иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хаягийн сан холбогдож, улсын хэмжээнд хаягийн нэгдсэн стандартад шилжсэн байна.

      4.1.6. Хөтөлбөрийн 6 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр бүртгэлийн байгууллагын хүний нөөцийн мэдлэг, ур чадвар дээшилж, бүртгэлийн үйл ажиллагаа сайжирч, мэргэшсэн хүний нөөц бүрдсэн байна.

      4.1.7. Хөтөлбөрийн 7 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн цахим санах ойд суурилуулж, цахим орчинд иргэнийг таних нөхцөл бүрдсэн байна.

      4.1.8. Хөтөлбөрийн 8 дугаар зорилтыг хэрэгжүүлснээр улсын бүртгэлийг цахимаар хөтлөх боломжийг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай, хүртээмжтэй болгоно.

      4.1.9. Хөтөлбөрийн 9 дүгээр зорилтыг хэрэгжүүлснээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд суурилсан иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн  мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагатай солилцох замаар мэдээллийн зөрүүг арилгах, үйлчилгээний шуурхай байдал хангагдсан байна.

Тав. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

5.1. Хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх үр нөлөө:

      5.1.1. Иргэд хаана байгаагаас үл хамааран бүртгэлийн мэдээлэл, үйлчилгээг цахим хэлбэрээр чирэгдэлгүйгээр, шуурхай авах нөхцөл бүрдэнэ.

      5.1.2. Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж, цаасан суурьтай бичиг баримтын тоо буурна.

      5.1.3. Бүртгэлийн байгууллагын үйлчилгээний хүртээмж чанар, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөлөө үзүүлнэ.

      5.1.4. Бүртгэлийн үйлчилгээг хүн бүр тэгш хүртэх нөхцөл бүрдэнэ.

      5.1.5. Үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг хангана.

5.2. Хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөө:

      5.2.1. Төрийн байгууллагын мэдээллийн чанар сайжирч, үйлчилгээний шат дамжлага багасна.

      5.2.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүрдүүлэх баримт бичгийн тоо цөөрч, цаг хугацаа, зардал хэмнэгдэнэ.

      5.2.3. Бүртгэлийн байгууллагад биеэр ирэх иргэдийн тоо багасч, автозамын түгжрэл, агаарын бохирдол буурна.

5.3. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
 

 

Д/д

 

Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

 

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

2018 он

Зорилтот түвшин

Он

Үзүүлэлт

Үр нөлөөний шалгуур үзүүлэлт

Зорилго

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, эх нотлох баримтыг бүрэн цахимжуулж, үндэсний аюулгүй байдлыг ханган төрийн ой санамжийг бэхжүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэн цахим хэрэглээг нэмэгдүүлэх

Улсын бүртгэлийн үйлчилгээ авахад зарцуулах хугацаа буурсан байна.

3-14 хоног

2021

5 минут-3 хоног

Бүртгэлийн байгууллагын үйлчилгээний шат дамжлага багасна.

100%

2021

30% буурна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүрдүүлэх баримт бичгийн тоо цөөрнө.

100%

2021

50% буурна.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зардал хэмнэгдэнэ.

100%

2021

30% буурна.

Улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой төсвийн зардал буурна.

100%

2021

20% буурна.

Бүртгэлийн байгууллагад биеэр ирэх иргэдийн тоо багасч, автозамын түгжрэл, агаарын бохирдол буурна.

100%

2021

3-4% буурна (авто

машины хувьд)

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Зорилт 1

Бүртгэлийн байгууллагын системийн хэмжээнд ашиглагдаж байгаа техник болон програм хангамж, мэдээллийн санг сайжруулах

Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэл, архивын нийт     15 програм хангамжийг шинэчлэн боловсруулсан байна.

33%

 

(5 програм боловс-руулсан)

2019

60%

2020

86.6%

2021

100%

Бүртгэлийн системд ашиглагдаж байгаа сервер, компьютер, тоног төхөөрөмжийн 80-аас доошгүй хувийг шинэчилсэн байна.

 

 

15%

2019

45%

2020

90%

2021

100%

Нийслэлийн  67 хороо, хүн ам ихээр төвлөрсөн 33 сумыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд шат дараалалтайгаар холбосон байна.

 

Нийт 152 хороо, 330 сумаас

85 хороо, 29 сум холбогдсон.

2019

152 хороо

2020

42 сум

2021

 

62 сум

Зорилт 2

Архивын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг стандартад нийцүүлэн боловсронгуй болгож, эх нотлох баримтыг бүрэн цахимжуулах

Архивын байранд тавигдах шаардлагад нийцсэн зориулалтын байрны зураг төслийг гаргаж, стандарт бүхий байртай болсон байна.

 

0%

 

2019

 

40%

2020

70%

2021

100%

Архивын эх нотлох баримтыг цахимжуулахад шаардагдах програм хангамж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

20%

 

2019

 

100%

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын эх нотлох баримтыг бүрэн цахимжуулж дуусгасан байна.

65.8% цахимжсан

 

2019

 

90 %

2020

 

100%

Зорилт 3

Дэд бүтцийг шинэчлэн зохион байгуулж, иргэний бичиг баримтын үйлдвэрлэх хэвлэх үйлдвэрийг өргөтгөх

Монгол Улсын иргэний үнэмлэхийн нууцлал бүхий бэлдэц, бичилтийг хийх, үндэсний энгийн цахим гадаад паспортад бичилт хийх хүчин чадалтай улсын тусгай үйлдвэрийг байгуулсан байна.

 

 

 

 

0%

 

2019

 

60%

2020

100 %

Иргэний үнэмлэхийн бэлдцийг бэлтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж,  дагалдах хэрэгсэл худалдан авсан байна.

 

 

0%

 

2019

 

100%

Үндэсний цахим гадаад паспортад бичилт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

0%

 

2019

 

100%

Зорилт 4

Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн мэдээллийн санг чанаржуулах, нэгдсэн удирдлага бүхий систем бий болгох

Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн санг боловсронгуй болгох, улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн чанарыг сайжруулсан байна.

 

 

85%

 

 

 

2019

 

 

 

100%

Засаг захиргааны нэгжийн кодчилол болон нэршлийг нэгдсэн стандартад оруулсан байна.

88.5%

/1565 засаг захиргааны нэгж/

2019

100%

/нийт

1768 засаг захиргааны нэгжтэй/

Зорилт 5

Газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн сан бий болгох

Газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн санг бий болгож, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн хаяг шинэчлэн бүртгэгдсэн байна.

 

0%

2019

50%

 

2020

 

70%

2021

100%

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн систем дэх  газрын нэгж талбарын дугаарыг газрын кадастрын суурь мэдээллийн сантай холбож үйл ажиллагааг нь  уялдуулсан байна.

 

20%

 

2019

 

50%

 

2020

 

70%

 

2021

 

100%

Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэний оршин суугаа хаягийг иргэний үнэмлэхийн цахим санах ойд бичих ажил зохион байгуулагдаж, иргэний үнэмлэхийн цахим санах ойд хаяг бичигдсэн байна.

 

0%

2019

20%

2020

50%

2021

100%

Зорилт 6

Бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлж, шинэ дэвшилтэт технологийн шаардлагад нийцүүлэн хүний нөөцийг чадавхижуулах

Шинэ дэвшилтэт технологийн шаардлагад нийцүүлэн бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг мэдлэг, ур чадварыг сайжруулж,  чадавхижуулсан байна.

 

0%

 

2019-2021

30 албан хаагч

Бүртгэлийн төв, орон нутгийн нэгжийг мэргэшсэн, ур чадвар бүхий хүний нөөцөөр хангасан байна.

0%

2019-2021

1000 албан хаагч

Мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчдыг мэргэшүүлэх, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бий болгосон байна.

0%

2019-2021

28 албан хаагч

Зорилт 7

Тоон гарын үсгийн цахим өгөгдлийг иргэний үнэмлэхийн цахим санах ойд суурилуулж,  иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх

Шинээр хэвлэх иргэний үнэмлэхийн цахим санах ойд тоон гарын үсгийн түлхүүрийн хослолыг үүсгэх, чипийн файлын бүтэц, карт хэвлэх системийн болон PKI идэвхижүүлэх програм хангамжийг боловсруулсан байна.

 

 

 

80 %

 

 

 

 

2019

 

 

100%

Иргэдэд олгогдсон иргэний үнэмлэхийн PKI аплетыг шинэчилж,      2048 бит түлхүүрийн хослолыг бичих боломжтойгоор програм хангамжийг боловсруулсан байна.

 

 

80 %

 

 

 

2019

 

 

 

100%

Иргэний үнэмлэхийн цахим санах ойд тусгагдсан тоон гарын үсгийн мэдээллийг таних програм боловсруулсан байна.

 

 

 

80 %

 

 

 

2019

 

100%

Бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг эхлүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

 

0.6 %

/3000 иргэн/

 

2019

 

5%

2020

10%

2021

15.6%

/500000 иргэн/

Зорилт 8

Улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх

Төрийн үйлчилгээний цахим машинд                    12 үйлчилгээг бүрэн гүйцэд холбоно.

9 үйлчилгээ

2019

12

үйлчилгээ

Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлийг  цахимаар бүртгэх системийг боловсруулж,    18 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

-

2019-2021

18 үйлчилгээ

Зорилт 9

Иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох

 

“Төрийн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангаж, бүртгэлийн байгууллага тогтмол үйлчилгээнүүдээ “Үндэсний дата” төвд програмчилж, нийлүүлсэн байна.

 

 

40%

 

 

2019

 

 

 

100%

Улсын бүртгэл хөтлөхөд шаардагдах мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч, үйлчилгээндээ ашиглах

-

2019

20%

2020

50%

2021

100%

 

Зургаа.Хөтөлбөрийн санхүүжилт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

      6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

      6.1.2. гадаадын зээл, тусламж;

      6.1.3. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хариуцна.

7.2. Хөтөлбөрийг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд   хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журамд заасан хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

8.3. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сараас доошгүй хугацааны дараа хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

8.4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ хөтөлбөрийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан тайланг хянан үзэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

8.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

8.6. Хөтөлбөрийн явцын болон үр дүнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл болно.