Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 179 дүгээр
  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН
ИРГЭДЭД ТУСЛАХ САНГИЙН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16-д заасан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

1.2. Сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.


Хоёр. Сангийн эх үүсвэр

2.1. Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

       2.1.1. улсын төсвийн хөрөнгө;

       2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгсөн буцалтгүй тусламж, хандив.

2.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсвөөс Санд олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 17.1-д заасныг баримтлан өмнөх онд хилийн чанадад эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн тоо, дипломат төлөөлөгчийн газрууд, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд заасан монголын талын төв байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан төлөвлөнө.

2.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийн хэмжээг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хянаж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгана.

2.4. Сангийн хөрөнгийг төрийн сан дахь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай дансанд байршуулна.


Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Санг 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Сангийн зөвлөл удирдана.

3.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн зөвлөлийн дарга байна. Сангийн зөвлөл нь дэд дарга, гишүүд, нарийн бичгийн даргатай байна.

3.3. Сангийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд 4-өөс доошгүй гишүүн оролцсоноор хурал хүчинтэйд тооцогдоно.

3.4. Сангийн зөвлөлөөр хэлэлцсэн асуудлыг Зөвлөлийн нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хурлын тэмдэглэлд Сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

3.5. Сангийн зөвлөл нь дараах эрх, үүрэг хүлээнэ:

       3.5.1. Сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих;

       3.5.2. тусламж авах, зардал олгуулахыг хүссэн өргөдлийг холбогдох Дипломат төлөөлөгчийн газар болон гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж (цаашид “Консулын газар” гэх)-ийн саналын хамт хянаж, хөрөнгө гаргах эсэхийг шийдвэрлэх;

       3.5.3. шаардлагатай тохиолдолд гадаад, дотоодын байгууллага, иргэдээс нэмэлт мэдээлэл, тодруулга гаргуулж авах;

       3.5.4. Сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын талаар гадаад харилцааны болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал тавих;

       3.5.5. Сангийн хөрөнгийн зарцуулалт, иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газарт чиглэл өгөх, гүйцэтгэлийг нь хянах;

       3.5.6. олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, бусад сантай хамтран ажиллах;

       3.5.7. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байгууллага, албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлж, шийдвэрлүүлэх.

3.6. Сангийн Ажлын албаны үүргийг Консулын газар гүйцэтгэнэ.

3.7. Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газар нь Сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тусламж, зардал олгох арга хэмжээ авна.

3.8. Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газар нь олгосон тусламж, зардлын талаар Сангийн зөвлөлд мэдээлэл өгч, холбогдох бичиг баримтыг хүргүүлнэ.


Дөрөв. Сангийн хөрөнгийг зарцуулах нөхцөл, шаардлага


4.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 17.2-т заасан зориулалтаар зарцуулна.

4.2. Сангийн хөрөнгөөс хилийн чанадад байгаа Монгол Улсын төлбөрийн чадваргүй иргэнд тусламж, дэмжлэг үзүүлэх бөгөөд хилийн чанадад эрх ашиг нь зөрчигдсөн Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой зардлыг санхүүжүүлж болно.

4.3. Дараах тохиолдолд Сангийн хөрөнгөөс тусламж, зардал олгоно:

       4.3.1. хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарил буюу чандрыг эх оронд нь авчрах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;

       4.3.2. хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, терроризм, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;

       4.3.3. хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэн эх орондоо буцах зардалгүй тохиолдолд нутаг буцаах;

       4.3.4. гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;

        4.3.5. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэнд үндэсний гадаад паспорт  буюу буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;

       4.3.6. хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;

       4.3.7. хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Дипломат төлөөлөгчийн газраас эргэх;

       4.3.8. гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд заасан монголын талын төв байгууллагаас гадаад улсад хүргүүлэх эрх зүйн туслалцааны хүсэлт болон холбогдох баримт бичгийг гадаад хэл үрүү орчуулах төлбөрийг гаргах.

4.4. Сангийн хөрөнгөөс гаргах тусламж, зардлын хэмжээг дараах байдлаар тодорхойлж тооцно:

       4.4.1. гарсан бодит зардлаар;

       4.4.2. энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэнийг эх оронд нь буцаах замын зардлыг тухайн үеийн хамгийн хямд, дөт замаар буцаах тээврийн зардлаар;

       4.4.3. энэхүү дүрмийн 4.3.5-д заасан тусламжийн хэмжээг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, тухайн улсын визийн хураамж, холбогдох Дипломат төлөөлөгчийн газрын зардлын гүйцэтгэлээр;

       4.4.4. Энэхүү дүрмийн 4.3.8-д заасан орчуулгыг баталгаат орчуулгын товчоотой байгуулсан гэрээний үнийн дүн, төлбөрийн нэхэмжлэл, орчуулгын гүйцэтгэлийг үндэслэн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ орчуулах жишиг үнийг баримтлан Сангийн хөрөнгөөс төлбөрийг олгоно.

4.5. Сангийн хөрөнгөөс гаргах тусламж, зардлын хэмжээг тухайн жилд Санд тусгагдсан хөрөнгийн хэмжээ болон Сангаас тусламж, зардал гаргуулахаар гаргасан өргөдлийн тоонд тулгуурлан нэг хүнд нэг удаа олгох тусламж, зардлын хэмжээг хязгаарлаж болно.

4.6. Энэхүү дүрмийн 4.3.5-д заасан тохиолдолд тухайн иргэн үндэсний гадаад паспорт эзэмших, хадгалах журмыг зөрчсөн байвал Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийг Сангийн хөрөнгөөс төлнө.

4.7. Энэхүү дүрмийн 4.3.4-т заасан тохиолдолд тухайн иргэнд эргэн төлөх нөхцөлтэйгөөр эх орондоо буцах зардал олгож болно. Нөхөн төлөх төлбөрийг эх орондоо ирснээс хойш тухайн санхүүгийн жилд багтаан Сангийн Ажлын албанд эргэн төлнө.

Тав. Өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх ажиллагаа


5.1. Сангийн хөрөнгөөс тусламж хүссэн өргөдлийг холбогдох Дипломат төлөөлөгчийн газарт буюу Консулын газарт гаргана.

5.2. Өргөдлийг дараах байдлаар гаргана:

       5.2.1. иргэн биечлэн, эсхүл баталгаат шуудангаар;

       5.2.2. эрүүл мэндийн буюу хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас өөрийн биеэр өргөдөл гаргах боломжгүй иргэний өргөдлийг түүний гэр бүлийн гишүүн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч;

       5.2.3. энэхүү дүрмийн 4.3.1-д заасан тохиолдолд өргөдлийг түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, эсхүл тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, сонирхсон байгууллага болон консулын албан тушаалтан;

       5.2.4. энэхүү дүрмийн 4.3.8-д заасан тохиолдолд тухайн байгууллагын албан бичиг.

5.3. Өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

       5.3.1. үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг иргэний харьяаллыг тодорхойлох баримт бичиг, эсхүл тэдгээрийн хуулбар;

       5.3.2. тусламж үзүүлэх шаардлагатай болохыг нотлох суугаа орны цагдаа, шүүх эмнэлэг зэрэг зохих байгууллага, иргэний тодорхойлолт, мэдүүлгийн эх хувь, эсхүл хуулбар;

       5.3.3. Шаардлагатай тохиолдолд энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4, 4.3.6-д заасан төлбөрийн чадваргүйг нотлох өрхийн ам бүл, орлогын хэмжээний талаар харьяалах баг, хороо, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагаас уламжлан авсан тодорхойлолт;

       5.3.4. энэхүү дүрмийн 4.3.8-д заасан тохиолдолд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд заасан монголын талын төв байгууллагын албан бичиг, орчуулгын хуулбар болон холбогдох бусад баримт бичиг.

5.4. Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газар нь 5.3.3-т заасан тодорхойлолтыг холбогдох байгууллагаас тухайн иргэний хүсэлтээр авч өгч болно.

5.5. Дипломат төлөөлөгчийн газар өргөдлийг хүлээн авч, энэхүү дүрмийн Дөрөвдүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан, шаардлага хангаж байгаа бол өөрийн саналын хамт Сангийн Ажлын албанд цахим шуудангаар яаралтай хүргүүлнэ.

5.6. Консулын газарт хандан гаргасан өргөдлийг Сангийн Ажлын алба Сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэнэ.

5.7. Сангийн зөвлөл энэхүү дүрмийн Дөрөвдүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан хянан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг 5 хүртэл хоногоор сунгаж болно.

Зургаа. Сангийн хөрөнгийг зарцуулах

6.1. Сангийн Ажлын алба нь Сангийн зөвлөлийн шийдвэр гарсан даруйд Консулын газарт, эсхүл холбогдох Дипломат төлөөлөгчийн газарт Сангаас хуваарилагдсан хөрөнгийг олгох арга хэмжээ авна.

6.2. Дипломат төлөөлөгчийн газар нь Сангаас олгохоор шийдвэрлэсэн хөрөнгийг Сангийн ажлын Албаны зөвшөөрлөөр өргөдөл гаргагчид урьдчилан олгож болох бөгөөд гаргасан хөрөнгийг Сангийн Ажлын алба нөхөн хүргүүлнэ.

6.3. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.

Долоо. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих

7.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.

7.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

7.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Шаардлагатай тохиолдолд Сангийн хөрөнгөөс олгосон тусламж, зардлын талаарх мэдээллийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.