Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн

207 дугаар тогтоолын хавсралт

 

Сайн дурын даатгалын хэлбэр

 

Даатгалын ангилал

Даатгалын хэлбэр

 

Даатгалын хэлбэрийн тайлбар

 

1.Ердийн даатгал

1.1.Гэнэтийн осол, эмчилгээний даатгал

 Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна.

 

1.2.Хөрөнгийн даатгал

Гал, ус, байгалийн болон бусад гэнэтийн аюул, ослын улмаас  энэ жагсаалтын 1.3-1.8-д зааснаас бусад хөрөнгөнд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Бэлэн мөнгөний болон зээлийн барьцаа хөрөнгийн даатгал энэ хэлбэрт хамаарна. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

 

1.3.Авто тээврийн хэрэгслийн даатгал

Авто тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Тээж яваа ачаа болон аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

 

1.4.Ачааны даатгал

Аливаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй ачаанд гэмтэл, хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

 

1.5.Барилга угсралтын даатгал                             

Барилга угсралтын явцад гэнэтийн аюул ослын улмаас угсралт, цутгалт, өрлөгийн ажилд хохирол гарахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Угсралтын ажилд ашиглагдах машин, тоног төхөөрөмж, түр сууцыг даатгуулж болох ба төсөвт өртөг дээр үнэлгээг нэмэгдүүлж даатгана. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

 
 

1.6.Газар тариалангийн даатгал

Гал, түймэр, үерийн ус зэрэг байгалийн болон бусад эрсдэлийн улмаас газар тариалангийн даатгалын тохиолдол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

 

1.7.Мал амьтдын даатгал

Аливаа осол, эрсдэлээр мал амьтан хорогдсоны улмаас даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

 

1.8.Агаарын хөлгийн даатгал                              

Аливаа ослын улмаас агаарын хөлгийн их биед хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой  хариуцлагын даатгал болон бусад хариуцлагын даатгал, агаарын хөлөгт ачсан ачааны даатгал энэ хэлбэрт хамаарахгүй.

 

1.9.Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал

Авто тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

 

1.10.Хариуцлагын даатгал

Аливаа этгээдийн санамсар болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий энэ жагсаалтын 1.9, 1.15, 1.16-д зааснаас бусад хариуцлагын даатгал. Барилга угсралтын хариуцлагын даатгал үүнд хамаарна.

 

1.11.Санхүүгийн даатгал

Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Бизнес тасалдлын даатгал үүнд хамаарна.

 

1.12. Зээлийн даатгал

Ипотекийн даатгалаас бусад зээлдэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдагдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлаас бусад буюу зөвхөн зээл төлөх нөхцөл хамаарна. Зээлдэгч төлбөрийн чадваргүй болох эрсдэлийн даатгал, худалдааны зээл, хэрэглээний зээл, автомашины зээл, бизнесийн зээл, цалингийн зээл, зэрэг зээлийн даатгал энэ хэлбэрт хамаарна. Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал үүнд хамаарахгүй.

 
 

1.13.Итгэлцлийн даатгал

Аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчигдсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Гүйцэтгэлийн баталгааны даатгал /performance insurance/, чин шударгын баталгааны /fidelity guarantee insurance/ даатгал үүнд хамаарна.

 

1.14. Төмөр замын болон усан замын тээврийн хэрэгслийн даатгал

Төмөр замын ба усан замын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Тээж яваа ачаа болон аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй.

 

1.15. Төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал

Төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

 

1.16. Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал

Агаарын тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа осол, гэмтлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

 

2. Урт хугацааны даатгал

2.1.Хугацаат амьдралын даатгал

Даатгуулагчзөвхөн даатгалтай хугацаанд нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

 
 

2.2.Насан туршийн даатгал

Даатгуулагч зөвхөн нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

 

2.3.Хуримтлалын даатгал

Даатгуулагч гэрээт хугацааны эцэст амьд байх болон тухайн хугацаанаас өмнө нас барах гэсэн нөхцөлүүдээр даатгуулагч, эсвэл гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч баталгаатай мөнгөн төлбөр төлөх хугацаат даатгал болон хөрөнгө оруулалтын хавсарсан даатгал. Гэрлэлтийн, сургалтын зардлын, орон сууцны хуримтлалын даатгал үүнд хамаарна.

 

2.4.Тэтгэврийн даатгал

Даатгалын гэрээгээр тохиролцсон хугацаанд даатгуулагчид тэтгэвэр буюу мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

 

2.5.Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал хамаарна.

 
 

2.6.Аннуити даатгал

Даатгагч гэрээгээр тохиролцсон хугацаанд даатгуулагчид үечилсэн байдлаар тогтмол мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

 

 

Тайлбар: Даатгалын хэлбэр нь даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд Даатгалын бүтээгдэхүүн гэдэгт даатгагчаас хэрэглэгчдэд санал болгож, худалдан борлуулж байгаа даатгалын үйлчилгээг ойлгоно. Жишээлбэл: Хүүхдийн гэнэтийн ослын даатгал нь гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалын хэлбэрт хамаарах даатгалын бүтээгдэхүүн юм.