Хэвлэх DOC Татаж авах

/СЗХ-ны 2020 оны 179 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

Санхүүгийн зохицуулах хорооны

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн

208 дугаар тогтоолын хавсралт

 

ТОХИРОМЖТОЙ ЭТГЭЭДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЗААВАР

 

НЭГ. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү зааврын зорилго нь Санхүүгийн зохицуулах хорооноос (цаашид “Хороо” гэнэ) Даатгалын тухай хуулийн 20.1.1, 21.5, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11.1.2, 11.1.3 -т заасан “өргөдөл гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтан, өргөдөл гаргагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд”-ийн тохиромжтой этгээд эсэхийг тодорхойлох, тэдгээрт байнгын хяналт тавихад оршино.

1.2.Хороо дор дурдсан хувь хүн, хуулийн этгээдэд энэ зааврын дагуу тохиромжтой этгээдийн шалгуурыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина. Үүнд:

1.2.1.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргагчийн эрх бүхий албан тушаалтан;

1.2.2.Өргөдөл гаргагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд /цаашид “хувь нийлүүлэгч” гэх/;

1.2.3.Хувь нийлүүлэгч нь хуулийн этгээд бол түүний 10 буюу түүнээс дээш хувь нийлүүлэгч, эрх бүхий албан тушаалтан. Энэхүү шаардлага нь шаталсан байдлаар компанийн нэгдлийн толгой компанид хүртэл тавигдана.

 

ХОЁР.Тохиромжтой этгээдийн шалгуур

2.1.Хороо дараах шалгууруудыг хангасан этгээдийг тохиромжтой этгээд гэж үзнэ:

2.1.1.Бизнесийн болон ёс зүйн нэр хүндтэй байх;

2.1.2.Мэдлэг, туршлага, ур чадвар хангалттай байх;

2.1.3.Санхүүгийн байдал хэвийн байх;

2.1.4.Ашиг сонирхлын зөрчилгүй байх.

2.2.Энэ зааврын 1.2.1-д заасан этгээд нь хувь хүн бол түүнд энэ зааврын 2.1.3 дахь шалгуур хамаарахгүй байж болно.

2.3.Энэ зааврын 1.2.2-т заасан этгээд нь хуулийн этгээд бол түүнд энэ зааврын 2.1.2, 2.1.4 дахь шалгуурууд хамаарахгүй. Хуулийн этгээд нь оффшор гэж нэрлэгдэх татвараас чөлөөлөгдөх бүсэд харьяалалтай байвал Хороо тухайн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтанд тавигдах шаардлагыг тодорхойлох нэмэлт баримт бичгийг шаардаж болно./СЗХ-ны 2018 оны 372-р тогтоолоор өөрчлөлт оруулсныг тусгав/

2.4.Энэ зааврын 1.2.2-т заасан этгээд нь хувь хүн бол түүнд энэ зааврын 2.1.2 дахь шалгуур хамаарахгүй байж болно.

2.5.Удирдах албан тушаалтан өөрчлөгдөх тохиолдолд хэрэв түр орлон гүйцэтгэх этгээд томилогдвол тухайн этгээд мөн тохиромжтой этгээдийн шалгуур хангасан байна.

 

ГУРАВ.Тохиромжтой этгээдийн шалгуур хангасан эсэхийг тодорхойлох

3.1.Энэ зааврын 2.1.1-д заасан “Бизнесийн болон ёс зүйн нэр хүндтэй байх” шалгуурыг тодорхойлохдоо дараах мэдээллийг харгалзан үзнэ. Үүнд:

Санхүүгийн:

3.1.1.Санхүүгийн ёс зүйг зөрчих, хуйвалдах, санхүүгийн тайлан, бүртгэл санаатай буруу гаргах, шийдвэр гаргахад нөлөөлөх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, эсхүл хэрэг шалгах явцад байгаа эсэх;

3.1.2.Эзэмшиж эсхүл удирдаж байсан хуулийн этгээд нь, эсхүл хувь хүний хувьд санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүй болсон эсэх;

Хяналт, зохицуулалтын:

3.1.3.Өмнөх ажил олгогчтой хууль зөрчсөн асуудлаар буюу Иргэний хууль, тогтоомжтой холбогдолтой аливаа маргаантай байсан эсэх;

3.1.4.Монгол Улсын болон гадаад улсын Засгийн газрын агентлаг, мэргэжлийн байгууллага, зохицуулалтын бусад байгууллага болон Санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэх, зөвшөөрөл олгох, гишүүнээр элсүүлэхээс татгалзсан, эсхүл аливаа нэг албадлагын арга хэмжээ авагдсан эсэх;

3.1.5.Хорооны зохицуулалтад хамрагдах санхүүгийн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой үүссэн гомдлын гол буруутан байсан эсэх;

3.1.6.Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт хууль, журам, бизнесийн ёс зүй, дүрмийг зөрчсөн эсэх, бусдад энэхүү үйлдлийг хийхэд тусалсан эсэх;

3.1.7.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт зохицуулалтын аливаа шаардлагыг хангахад, эсхүл мэргэжлийн болон ёс зүйн аливаа стандартыг дагаж мөрдөхөд бэлэн байгаа эсэх;

Эрүүгийн:

3.1.8.Бусдыг залилан мэхлэх зэргээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эсхүл сэжиглэгдэж байгаа эсэх;

Бусад:

3.1.9.Мэргэжлийн /актуар, хууль, нягтлан бодох бүртгэл гэх мэт/ аливаа байгууллагаас сахилга, хариуцлагын шийтгэл ногдуулсан эсэх.

3.1.10. Хувьцаа эзэмшигч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх.

3.2.Энэ зааврын 2.1.2-т заасан “Мэдлэг, туршлага, ур чадвар хангалттай байх” гэсэн шалгуурыг тодорхойлохдоо дараах мэдээллийг харгалзан үзнэ:

3.2.1.Тухайн бизнесийг явуулах хангалттай хэмжээний туршлагатай эсэх. Энэ заалтад дурдсан “хангалттай” гэдэгт даатгалын байгууллагад 1 жилээс доошгүй хугацаагаар эсхүл санхүүгийн байгууллагад 3 жилээс доошгүй хугацаагаар менежерийн түвшний ба түүнээс дээш албан тушаалд ажилласан байхыг ойлгоно;

3.2.2.Хангалттай хэмжээний мэдлэг, боловсролтой эсэх. Энэ заалтад дурдсан “хангалттай” гэдэгт банк, санхүү, хууль, эдийн засаг, инженерийн чиглэлийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй эсхүл сүүлийн 2 жилийн хугацаанд даатгалын чиглэлийн сургалтад хамрагдсан байх;

3.2.3.Өмнө нь аливаа залилан мэхэлсэн, дарангуйлсан шинжтэй, хориотой бизнес эрхлээгүй байх;

3.2.4.Удирдах албан тушаалтан нь удирдахуйн мэдлэг туршлагатай байх. Мөн даатгалын дүрэм журам хянах, даатгалын бүтээгдэхүүн гаргахад хяналт тавих, даатгалын зах зээлийн мэдлэгтэй байх, санхүүгийн удирдлага, актуар, хөрөнгө оруулалт, давхар даатгал, зохион байгуулалт, дотоод хяналт, мэдээлэл технологи, эрсдэлийн удирдлагын чиглэлээр хангалттай хэмжээний мэдлэг, туршлагатай байх.

3.3.Энэ зааврын 2.1.3-т дурдсан “санхүүгийн байдал” гэсэн шалгуурыг тодорхойлохдоо дараах мэдээллийг харгалзан үзнэ:

3.3.1.Өөрийн санхүүгийн аливаа үүргээ гүйцэтгэх төлбөрийн чадвартай эсэх;

3.3.2.Монгол Улсын болон гадаад улсын нутаг дэвсгэрт “хэвийн”-ээс бусад ангилалд хамаарах өр зээлтэй эсэх.

3.4.Энэ зааврын 2.1.4-т дурдсан “Ашиг сонирхлын зөрчилгүй байх” гэдэгт дараах дэд шалгуурыг хамааруулж ойлгоно:

3.4.1.Санхүүгийн зохицуулах хороо, түүний Хяналтын зөвлөлийн дарга нар, гишүүд, Хорооны Ажлын албаны удирдах бөгөөд гүйцэтгэх албан тушаалтан, ажилтан биш байх.

 

ДӨРӨВ. Шалгуур хангасан эсэхийг тодорхойлох баримтыг бүрдүүлэх

4.1.Хороо энэ зааварт дурдсан тохиромжтой этгээдийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохдоо шаардлагатай нотлох баримтыг цуглуулна. Монгол Улсын болон гадаад улсын Засгийн газрын агентлаг, мэргэжлийн байгууллага, зохицуулалтын бусад байгууллага, цагдаагийн байгууллагаас мэдээлэл лавлагаа авч болно.

4.2.Даатгалын ба даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эрхлэх, эсхүл эрх бүхий албан тушаалтнаар томилогдох хүсэлт гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтан, хүсэлт гаргагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь өөрийн тохиромжтой этгээд болохоо нотлох баримтыг бүрдүүлж Хороонд ирүүлэх үүрэгтэй.

4.3. Хувьцаа эзэмшигч нь гадаадын харьяалалтай хуулийн этгээд, иргэн бол хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч этгээд, иргэнтэй холбоотой дараах баримт бичгийг нэмж ирүүлэх. Үүнд:

4.3.1.Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг;

4.3.2.Харьяалах улс, оронд гааль, татварын өртэй эсэхийг харуулсан баримт бичиг;

4.3.3.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг

4.4.Хороо энэ зааврын 5.1-д заасан үүргийнхээ дагуу 5.2-т заасан аливаа этгээдээр энэ зааврын хавсралтад дурдсан “Асуулгын хуудас”-ыг бөглүүлнэ. Асуулгын хуудсыг худал бөглөсөн тохиолдолд “тохиромжтой бус” этгээд гэж үзэх үндэслэл болно.

4.5.Хороо шаардлагатай гэж үзвэл энэ зааврын 1.2-т заасан этгээдээс ярилцлага авч болно.

4.6.Энэ зааварт заасны дагуу тохиромжтой этгээдийн шаардлага хангасан баримт нотолгоо хангалттай гэж үзээд Хороо уг этгээдийг тохиромжтой этгээд гэж үзвэл тохиромжтой этгээдийн дүгнэлтийг энэ зааврын 2.1-д дурдсан шалгуур тус бүрээр гарган баталгаажуулсны үндсэн дээр холбогдох хүсэлтийг шийдвэрлэнэ.

4.7.Хэрэв баримт нотолгоо хангалтгүй, эсхүл дутуу бол түр хойшлуулж, судалж шийдвэрлэнэ.

4.8.Хэрэв энэ зааварт дурдсан этгээд тохиромжтой этгээдийн шаардлага хангахгүй бол хүсэлтийг буцаана.

 

ТАВ.Шалгуурыг үнэлэх хугацаа, давтамж

5.1.Хороо тохиромжтой этгээд мөн эсэхийг тэдгээрт тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийг олгохын өмнө энэхүү зааврын 2 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө.

5.2.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогч хувь хүн, эсхүл хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ зааварт дурдсан тохиромжтой этгээдийн шалгуурыг байнга хангаж ажиллана. Тохиромжтой этгээдийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд улсын байцаагч, хянан шалгагч нар зайны болон газар дээрх хяналт шалгалтаар байнгын хяналт тавина.

5.3.Тохиромжтой этгээдийн шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд Хорооны улсын байцаагч, хянан шалгагч нь Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.

5.4.Хороо тохиромжтой этгээдийн шаардлага хангаагүй эрх бүхий албан тушаалтныг тухайн албан тушаалаас нь өөрчлөх мэдэгдлийг даатгалын байгууллагад өгнө.

5.5.Хороо тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгосны дараа тухайн тохиромжтой этгээдийн шаардлага хангахгүй болсон этгээдийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлнө.

 

----оОо---