Хэвлэх DOC Татаж авах

/БОАЖС, НЗДаргын хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар хүчингүй болсон/

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга

бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2018 оны А/226-А/619

дүгээр тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт

   

   АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журмыг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

1.3.Агаарын чанарыг сайжруулах бүсэд стандартын шаардлага хангасан дараах бүтээгдэхүүнийг хэрэглэнэ:

1.3.1.ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага MNS5216:2016 стандартыг хангасан халаалтын зуух;

1.3.2. 4.2.МВт хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн шаардлага MNS5043:2016 стандартыг  хангасан халаалтын зуух;

1.3.3.сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага MNS5679:2014 стандартыг хангасан сайжруулсан хатуу түлш;

1.3.4.нар, салхи, газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж зэрэг сэргээгдэх эрчим хүчний бие даасан болон бусад үүсгүүр;

1.3.5.ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан био түлш;

1.3.6.эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж

 

Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам

 

2.1.Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүс:

2.1.1.Хамрах хүрээ: Энэ бүс нь Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 55 хорооны 130,706 өрхийг хамарна.

2.1.2.Онцлог: Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэсч, ялангуяа өвлийн улиралд нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан байна. Агаарын бохирдлыг хэмжигч автомат суурин харуулуудын 2015-2017 оны хэмжилтийн дүнгээр Баянхошуу, Толгойт, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл, PM2.5 тоосонцрын агууламж агаарын чанарын стандартаас 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомт бүс юм.

          2.1.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ:

          2.1.3.1.айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжөөр халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх;

       2.1.3.2.айл өрх болон хуулийн этгээдийн гэр, байшин, барилгын дулаан алдагдлыг багасгах, дулаалгын аянг зохион байгуулах;

2.1.3.3.энэ журмын 2.1.3.1-2.1.3.2-д заасан арга хэмжээний хүрээнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой зорилтод бүлгийн айл өрхийг боловсруулсан түлш, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан болон хийн халаагч төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр хангах ажлыг үе шаттайгаар улс, нийслэлийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр зохион байгуулах;

2.1.3.4.ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн дулааны эх үүсвэрт хяналт тавьж, халаалтын зууханд хаягдал дугуй, ажилласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт хаягдал зүйлс шатаахыг хориглох;

2.1.3.5.орон байрны доторх агаарын чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүүхдийн тасагт агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг үе шаттайгаар суурилуулах;

2.1.3.6.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;

2.1.3.7.энэ журмын 2.1.3.4-т зааснаас бусад халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, MNS5216:2016 стандартыг мөрдүүлэх;

2.1.3.8.нар, салхи, газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж, сэргээгдэх эрчим хэрэглээг дэмжих;

2.1.3.9.ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан био түлшний хэрэглээг дэмжих;

2.1.3.10.эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

2.1.3.11.гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх;

2.2.Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс:

2.2.1.Хамрах хүрээ: Энэ бүс нь Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 33 хорооны 65,976 өрхийг хамарна.

2.2.2.Онцлог: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжигч автомат суурин харуулуудын 2015-2017 оны хэмжилтийн дүнгээр Нисэх, Амгалан, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл, нарийн ширхэгт тоосонцрын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 3-8 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн бөгөөд агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсээс гаралтай агаарын бохирдлын нөлөөлөлд орж байгаа бүс юм.

2.2.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ: Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүсэд энэ журмын 2.1.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.2.3.1.ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн дулааны эх үүсвэрт хяналт тавьж халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох;

2.2.4.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;

2.3.Агаарын чанарыг сайжруулах 3 дугаар бүс:

2.3.1.Хамрах хүрээ: Энэ бүс нь Баянгол дүүргийн 1 хорооны 1655 өрхийг хамарна.

2.3.2.Онцлог: Улаанбаатар хотын Баруун 4 замын агаарын бохирдлыг хэмжигч автомат суурин харуулын хэмжилтийн дүнгээр агаарын чанарыг стандартаас хүхрийн давхар исэл /SO2/, нарийн ширхэгт тоосны агууламж 2-5 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн бөгөөд агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсээс гаралтай агаарын бохирдлын нөлөөлөлд орж байгаа бүс юм.

2.3.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ:

2.3.3.1.түүхий нүүрс түлэхийг хориглох;

2.3.3.2.стандартын шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж ашиглуулах;

2.3.3.3.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;

2.4.Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүс

2.4.1.Хамрах хүрээ: Энэ бүс нь орон сууцны 49 хорооны өрхийг хамарна.

2.4.2.Онцлог: Агаарын чанарыг сайжруулах 1, 2, 3 дугаар бүсийн бохирдлын дам нөлөөлөлд өртдөг.

2.4.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ:

2.4.3.1.түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох;

2.4.3.2.зөвхөн стандартын шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмж ашиглуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.4.3.3.агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;

Гурав. Төрийн байгууллагуудын чиг үүрэг

3.1.Агаарын бохирдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Нийслэлийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:

3.1.1.агаарын тухай хууль, тогтоомж болон энэ журмын  хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнгийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллах;

3.1.2.иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг сайжруулах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон эцэг, эхчүүдэд зориулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт зохион байгуулах;

3.1.3.гэр, орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн сургалт зохион байгуулах;

3.1.4.дүүрэг, хороодын Засаг дарга нар болон мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах;

3.2.Дүүрэг, хорооны Засаг дарга нар агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг гаргаж, жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт хүргүүлнэ.

3.3.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан байгуулж, хөтлөн явуулна.

Дөрөв. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хориглох зүйл

4.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дараахь эрх, үүрэгтэй:

4.1.1.энэ журмыг мөрдөх ажиллах;

4.1.2.агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа сургалт, сурталчилгаанд идэвхтэй оролцох;

4.1.3.энэ журмыг зөрчсөн этгээдийн талаар харьяалах дүүрэг, хорооны Засаг даргад мэдээлэх;

4.1.4.хууль тогтоомжид заасан бусад.

4.2.Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдэд Агаарын тухай хуулийн 16.1.1-16.1.4-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.3.Агаарын чанарыг сайжруулах 3, 4 дүгээр бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдэд Агаарын тухай хуулийн 16.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.4.Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүсэд ТҮЦ, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар угаалгын үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн дулааны эх үүсвэрт хяналт тавьж халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно.

Тав. Хариуцлага

5.1.Энэ журмын хэрэгжилтэд эрх бүхий улсын байцаагч хяналт тавьж ажиллана.

5.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

                                                    

 

                      

                                                   --- о0о ---