Хэвлэх DOC Татаж авах

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны

07 дугаар сарын 24-ны өдрийн А/257

тушаалын хавсралт

Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах,  бүртгэх журам

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

 

1.1.Тохирлын үнэлгээний үйл ажиллагааг  боловсронгуй болгон олон улсын  жишигт нийцүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгж байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх  чадварыг  нэмэгдүүлэхэд журмын зорилго оршино.

1.2.Энэхүү журмын 2.2-д заасан шаардлагыг хангасан этгээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ын 42; 43; 57; 61; 62; 63 дугаар бүлгийн болон үндэсний өв соёлыг илэрхийлсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд нийлүүлэгчийн мэдэгдэлтэйгээр нийлүүлнэ.

1.3.Нийлүүлэгчийн мэдэгдэл нь бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад тохирч байгаа талаар үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс гаргасан өөрийн нотолгоон дээр үндэслэсэн баримт бичиг юм.

1.4.Нийлүүлэгчийн мэдэгдэл нь бүртгэгдсэн байна.

1.5.Энэхүү журмын дагуу гаргаж, бүртгэгдсэн нийлүүлэгчийн мэдэгдэл нь тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.

1.6.Нийлүүлэгчийн мэдэгдлийг бүртгэх ажил үйлчилгээнд хамаарах төлбөрийг “Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын ажил үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-ний дагуу тооцно.

1.7.Нийлүүлэгчийн мэдэгдэл хэрэглэх эрхтэй этгээд нь сайн дурын үндсэн дээр бүтээгдэхүүнээ баталгаажуулалтад хамруулан тохирлын гэрчилгээ хэрэглэж болно.

Хоёр.  Нийлүүлэгчийн мэдэгдэл гаргах

2.1.Нийлүүлэгчийн мэдэгдлийг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд гаргана.

2.2 Тохирлын талаарх мэдэгдэл(цаашид нийлүүлэгчийн мэдэгдэл гэх)-ийг дараахь шаардлагыг хангасан этгээд, тэдгээрийг нотолсон баримт бичгүүдэд үндэслэн гаргана. Үүнд:

а/ бүртгэгдсэн хуулийн этгээд байх;

б/түүхий эд, материал, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн дотоод хяналтын, аль эсвэл хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан байх;

в/ түүхий эд, материал, бүрэлдэхүүн хэсэгт хамаарах гарал үүсэл нь тодорхой,  тохирлын баталгаатай байх;

г/ тухайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд Монгол Улсын бусад хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас шаардлагатай баримт бичгийг гаргуулсан байх;

д/ бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцэж буйг нотлох нэмэлт баримт бичгүүд(түүхий эд хүлээн авах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, угсралт, зохион бүтээлт, бэлэн бүтээгдэхүүн, сав баглаа боодол, тэмдэглэгээ)-ийг гаргуулсан байх;

е/ худалдааны гэрээтэй байх;

ё/ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн байх (ISO9001).

2.3 Тухайлсан болон бүлэг бүтээгдэхүүнд хамаарах шаардлагыг ерөнхий нэг стандарт баримт бичгээр тогтоосон бол нийлүүлэгчийн мэдэгдлийг нэгтгэн гаргаж болно.

2.4 Мэдэгдэл гаргагч нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалтын хугацаа, хадгалалтын нөхцөлтэй уялдуулан нийлүүлэгчийн мэдэгдлийг хэрэглэх хугацааг 3 (гурван) жилээс хэтрэхгүй байхаар тогтооно.

2.5 Нийлүүлэгчийн мэдэгдлийг хэрэглэх хугацаа дууссан тохиолдолд бүртгүүлэх хүсэлтийг энэхүү журмын дагуу гаргана.

2.6 Мэдэгдлийг гаргагч нь хүсэлтийг энэхүү журмын хавсралт 1;  хавсралт 2-д заасан маягтын дагуу бөглөх ба байгууллагын удирдлага гарын үсэг зурж албажуулна.

 

Гурав. Нийлүүлэгчийн мэдэгдлийг бүртгэх

 

3.1 Нийлүүлэгчийн мэдэгдлийн бүртгэлийг итгэмжлэгдсэн, томилогдсон баталгаажуулалтын байгууллага нь итгэмжлэлээр тогтоосон хүрээнд гүйцэтгэнэ.

3.2 Хүсэлтэд дараахь материалыг хавсаргана:

а/ мэдэгдлийг бүртгүүлэх хүсэлт, мэдэгдэл (хавсралт 1, хавсралт 2-д заасан маягтын дагуу);

б/ энэхүү журмын 2.3-д заасан баримт бичгүүдийн хуулбар.

3.3 Баталгаажуулалтын байгууллага ажлын 5 хоногт багтаан баримт бичигт дүн шинжилгээ хийнэ. Үүнд:

а/ мэдэгдэл гаргагч энэхүү журмын 2.3-д заасан хуулийн этгээд эсэх;

б/ тухайн бүтээгдэхүүний тохирлыг үнэлж буй норматив баримт бичгүүдийн хамаарал, тэдгээрийн хүчин төгөлдөр байдал;

в/  үйлдвэрлэл эрхлэхтэй холбоотой хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллагаас олгосон шаардлагатай баримт бичгүүд бүрэн эсэх;

д/ нийлүүлэгчийн мэдэгдлийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг үнэлнэ.

3.4 Дээрх дүн шинжилгээний дүнг үндэслэн  баталгаажуулалтын байгууллага нийлүүлэгчийн мэдэгдэл (Хавсралт 2)-д бүртгэлийн дугаар олгож “Тохирлын тухай гэрчилгээ, мэдэгдлийн үндэсний бүртгэл-мэдээллийн сан”-д энэхүү журмын 3.6-д заасан мэдээллийг оруулснаар уг мэдэгдлийн хүчин төгөлдөр байдал хангагдана.

3.5 Нийлүүлэгчийн мэдэгдэлд баталгаажуулалтын байгууллагын нэр, хаяг, бүртгэсэн огноо, бүртгэлийн дугаар хэсэгт итгэмжлэлийн код-бүртгэсэн дараалал /дугаар/-ыг  бичиж, 2 хувь үйлдэн удирдах ажилтны гарын үсэг, тамга/ тэмдгээр албажуулна.

3.6 Дугаар олгосон баталгаажуулалтын байгууллага нь мэдэгдэл гаргагч байгууллагын нэр, хаяг, удирдах албан тушаалтан, бүртгэлийн дугаар, тухайн мэдэгдэлд хамаарах бүтээгдэхүүний нэр төрөл, мэдэгдлийн хүчинтэй хугацааг үндэсний бүртгэл-мэдээллийн санд оруулна.

3.7 Тохирлын тухай гэрчилгээ, мэдэгдлийн үндэсний бүртгэл-мэдээллийн санг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан ажиллуулна.

3.8 Дүн шинжилгээний дүнгээр шаардлагад нийцэхгүй нь тогтоогдсон бол бүртгэхээс татгалзаж энэ тухай  мэдэгдэл гаргагчид 3 хоногийн дотор мэдэгдэнэ.

Мэдэгдлийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүд:

-хүсэлт гаргасан бүтээгдэхүүн нь баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлээр тогтоосон хүрээнд хамаарахгүй байх;

- энэхүү журмын 3.2-д дурдсан баримт бичгүүд бүрэн бус;

- мэдэгдлийг буруу бөглөсөн;

- хуулийн этгээд мэдэгдэл гаргагчид хамаарахгүй байх зэрэг болно.

3.9 Бүртгэгдсэн нийлүүлэгчийн мэдэгдэл, түүнийг үндэслэж олгосон холбогдох баримт бичгүүдийг мэдэгдлийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш 3 жилийн туршид нийлүүлэгч, үйлдвэрлэгчид хадгална.

Дээрх хугацааны туршид нийлүүлэгчийн мэдэгдлийн хувь болон холбогдох баримт бичгүүд баталгаажуулалтын байгууллагад хадгалагдана.

3.10 Нийлүүлэгчийн мэдэгдэлд заасан норматив баримт бичиг өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдэл гаргагч баталгаажуулалтын байгууллагад шинэчлэн бүртгүүлэх хүсэлтийг энэхүү журмын дагуу гаргана.

 

Дөрөв. Нийлүүлэгчийн мэдэгдэлтэй бүтээгдэхүүнд тавих хяналт

4.1 Нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний тохиролд тавих хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага хэрэгжүүлнэ.

4.2 Тогтоосон шаардлагад нийцэхгүй нь энэхүү журмын 4.1-д заасан байгууллагаас тогтоогдвол, энэ тухай баталгаажуулалтын байгууллагад 3 хоногийн дотор мэдэгдэх үүргийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүлээнэ.

4.3 Тогтоосон шаардлагад нийцэхгүй нь тогтоогдвол бүртгэсэн байгууллага нийлүүлэгчийн мэдэгдлийн хугацааг хүчингүй болгож үндэсний мэдээллийн сангаас холбогдох мэдээллийг хасах, холбогдох байгууллагуудад мэдээлэх үүрэгтэй.

4.4 Нийлүүлэгчийн мэдэгдэл хэрэглэхээр бүртгэгдсэн хуулийн этгээдийн эрх зүйн чадамж алдагдах (татан буугдах, шинээр өөрчлөн байгуулагдах) тохиолдолд нийлүүлэгчийн мэдэгдлийг хэрэглэх хугацаа шууд хүчингүйд тооцогдоно.

 

 

------------оОо-----------