A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 182

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОЙРОГ, ЗЭРЭГЛЭЛ (БҮС), СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрын үнэлгээний тойрог"-ийг 1 дүгээр хавсралт, "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ"-г 2 дугаар хавсралт, "Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ"-г 3 дугаар хавсралт, "Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ"-г 4 дүгээр хавсралт, "Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ"-г 5 дугаар хавсралт, "Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ"-г 6 дугаар хавсралт, "Зам, шугам сүлжээний газрын төлбөр"-ийг 7 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Нэг хонин толгойд ногдуулах бэлчээрийн газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0.03 хувь, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалангийн зориулалттай нэг га газрын төлбөрийг түүний тогтоосон суурь үнэлгээний 0.03 хувь, нэг га хадлангийн газрын төлбөрийг түүний суурь үнэлгээний 0.01 хувь, хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь, чөлөөт бүсийн 1 га газрын төлбөрийг түүний суурь үнэлгээний 1.0 хувь байхаар тус тус тогтоосугай.

3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг газрын төлбөрийн орлогоос зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулах, зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 291 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН