Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 266 дугаар
                                                      тогтоолын 2 дугаар хавсралт

 

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ҮЕД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16-20 дугаар зүйлд заасан мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний дэгдэлт гарсан үед хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах болон эдгээртэй холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журмыг мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон үед иргэн, хуулийн этгээд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага мөрдөж ажиллана.

1.3. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд нь хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хоёр. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах

2.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин (цаашид “жагсаалтад орсон өвчин” гэх) оношлогдсон тохиолдолд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн          17.2-т заасан эрх бүхий албан тушаалтан хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, цуцална.

2.2. Мал эмнэлгийн байгууллага хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох үндэслэл, шийдвэрийн төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн хамт боловсруулсан байна.

2.3. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон шийдвэрт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүсийн хилийн заагийг тодорхой зааж, хяналтын цэгийн байршлыг тогтоон, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасан мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 19.2-т заасан мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг тус тус томилсон байна.

2.4. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үеийн бүсийн хилийн заагийг тогтоохдоо тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг үндэслэнэ.

2.5. Улсын хилийн зурвасын бүс нутагт жагсаалтад орсон өвчний сэжиг илэрсэн, оношлогдсон тохиолдолд Ерөнхий малын эмч, (цаашид “Ерөнхий эмч” гэх) Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

2.6. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт жагсаалтад орсон өвчин оношлогдсон тохиолдолд отрын бүс нутаг дахь отор, нүүдлийг түр хугацаанд зогсоох эсэхийг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг үндэслэн Ерөнхий эмч шийдвэрлэнэ.

2.7. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт жагсаалтад орсон өвчин оношлогдсон тохиолдолд Ерөнхий эмч Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдэж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

2.8. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 18.1-д заасныг хэрэгжүүлэхдээ жагсаалтад орсон өвчинтэй тэмцэх арга хэмжээг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу хэрэгжүүлсэн тухай мал эмнэлгийн салбарын хяналтын улсын байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэнэ.

2.9. Жагсаалтад ороогүй мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин Монгол Улсад шинээр бүртгэгдсэн үед тэмцэх арга хэмжээг олон улсын болон Монгол Улсын хэмжээнд мөрдөхөөр тогтоосон тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу хэрэгжүүлнэ.

2.10. Мал, амьтныг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.3-т заасны дагуу хорио цээрийн дэглэмд байлгаж, үзлэг, шинжилгээнд хамруулна.

2.11. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон, цуцалсан, шатлал бууруулсан тухай нийтэд болон олон улсад Ерөнхий эмч албан ёсоор зарлан мэдээлнэ.

Гурав. Хорио цээрийн дэглэмийн үед
          хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт жагсаалтад орсон өвчинтэй тэмцэх арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын удирдлага дор хэрэгжүүлнэ.

3.2. Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй, халдварын сэжигтэй мал, амьтдыг тусгаарласны дараа тухайн өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.3. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт холбогдох хууль тогтоомжийн дагуу зайлшгүй шаардлагаар нэвтрэх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс бусад шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсооно.

3.4. Зайлшгүй шаардлагаар мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэвтрэх хүн, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд бүрэн хамруулна.

3.5. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд голомтын болон сэжигтэй бүсийн хилийн заагт энэхүү журмын 2.3-т зааснаар тогтоосон байршлуудад тасралтгүй ажиллагаатай хяналтын цэг ажиллуулна.

3.6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, байгалийн хадлан, тэжээл бэлтгэх, гадагш тээвэрлэхийг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааварт заасан хугацаанд хориглоно.

Дөрөв. Хязгаарлалтын дэглэмийн үед
           хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд тухайн өвчинтэй тэмцэх арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын удирдлага доор хэрэгжүүлнэ.

4.2. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.1-д заасан голомтын бүсийн хилийн заагт энэхүү журмын 2.3-т зааснаар тогтоосон байршлуудад тасралтгүй ажиллагаатай хяналтын цэг ажиллуулна.

4.3. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.2-т заасан сэжигтэй бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавина.

4.4. Сэжигтэй бүсээр дамжин өнгөрөх хүн, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулсны дараа нэвтрүүлнэ.

Тав. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед бүх шатны мал эмнэлгийн
     байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1. Мал эмнэлгийн ерөнхий газар:

        5.1.1. жагсаалтад орсон өвчний дэгдэлтийн шалтгаан, цар хүрээ, тэмцэх арга хэмжээ, сургамжийг судлах мэргэжлийн баг томилж ажилуулах, судалгааны үр дүн, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;

        5.1.2. Ерөнхий эмч жагсаалтад орсон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулж, мал эмнэлгийн бүх шатны байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмж, заавраар хангах;

        5.1.3. аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газраас ирүүлсэн саналын дагуу хорио цээрийн дэглэм тогтоох талаар мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох судалгаа, санал, дүгнэлтээ гаргах;

        5.1.4. жагсаалтад орсон өвчний тархалтын нөхцөл байдлын мэдээ, мэдээллээр Засгийн газар, Улсын онцгой комисс, олон улсын байгууллага, олон нийтийг хангах;

        5.1.5. Ерөнхий эмч нь Засгийн газар, Улсын онцгой комисст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт хүргүүлж, шийдвэрлүүлэх;

        5.1.6. жагсаалтад орсон өвчний оношийг бүсийн, эсхүл олон улсын эрх бүхий лавлагааны лабораториор баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

        5.1.7. орон нутгаас ирүүлсэн мэдрэмтгий мал, амьтны тоон мэдээлэл, тархвар зүйн судалгаа, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Ерөнхий эмч дархлаажуулалтын төлөвлөгөөг яаралтай баталж, хэрэгжүүлэх;
        5.1.8. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 13.1-д заасан бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу бүрдүүлсэн эм, вакцин, халдваргүйтгэлийн бэлдмэл болон шаардагдах бусад нөөцийг хуваарилан олгож, хяналт тавих;

        5.1.9. Ерөнхий эмч дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, үр дүнг дээшлүүлэх, хянах зорилгоор орон нутагт мэргэжилтэн томилон ажиллуулах;

        5.1.10. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тархвар зүйн судалгаа, дархлаажуулалтын ажлын явц байдалд дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;

        5.1.11. шаардлагатай гэж үзвэл шинээр хэрэглэж байгаа, эсхүл чанарын маргаантай вакцины дархлаа төрүүлэх идэвхийг харьцуулан үнэлэх туршилт судалгааг дархлаажуулах ажилтай зэрэгцүүлэн явуулж үр дүнг тухай бүр захиалагч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, тусламж хүртэгч нарт мэдээлж байх, үр дүнд суурилан холбогдох арга хэмжээ авах.

5.2. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар:

        5.2.1. жагсаалтад орсон өвчний оношийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах арга хэмжээ авах;

        5.2.2. сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас ирүүлсэн саналын дагуу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу хорио цээрийн дэглэм тогтоох, нэгтгэх, дэглэм бууруулах, цуцлах саналаа аймаг, нийслэлийн Засаг даргад тавих;

        5.2.3. мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг аймаг, нийслэлийн онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэх;

        5.2.4. аймаг, нийслэлийн хэмжээнд жагсаалтад орсон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих;

        5.2.5. гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу бүрдүүлсэн нөөцийг зориулалтын дагуу зарцуулж, нөхөн бүрдүүлэх;

        5.2.6. жагсаалтад орсон өвчний нөхцөл байдлын өдөр тутмын мэдээллээр холбогдох байгууллага, албан тушаалтныг хангах;

        5.2.7. мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах, заавар өгөх.

5.3. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг:

        5.3.1. жагсаалтад орсон өвчин оношлогдсон тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, дэглэм бууруулах цуцлах саналаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу тухайн шатны Засаг даргад тавих, эсхүл  аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт хүргүүлэх;

        5.3.2. жагсаалтад орсон өвчний нөхцөл байдлын өдөр тутмын мэдээллээр холбогдох байгууллага, албан тушаалтныг хангах;
        5.3.3. жагсаалтад орсон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд хүргэх, сэрэмжлүүлэх, сурталчлах;

        5.3.4. мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, түүний мэргэжилтнийг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

        5.3.5. мал эмнэлгийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд ажиллах;

        5.3.6. дархлаажуулалтын тов зарлах, үзлэг, тандалт, шинжилгээний ажил зохион байгуулах удирдамж, арга зүйгээр хангах.

5.4. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж:

        5.4.1. мал эмнэлгийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд ажиллах;

        5.4.2. дархлаажуулалт, үзлэг, тандалт хийх, шаардлагатай тохиолдолд сорьц авах;

        5.4.3. малчдаас судалгаа авах, мэдээллийг мал эмнэлгийн тасагт хүргүүлэх;

        5.4.4. малчдад мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга болон өвчний хор хохирлын мэдээлэл өгөх.

5.5. Мэргэжлийн баг:

        5.5.1. мэргэжлийн багийн гишүүдийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүс тус бүрт ажиллуулж болно.

        5.5.2. жагсаалтад орсон өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тархвар зүйчээр ахлуулсан гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй багийг томилж ажиллуулж болно.

        5.5.3. мэргэжлийн баг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн       19.2-т зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                5.5.3.1. гоц халдварт өвчний эх үүсвэр, тархалтын шалтгааныг нарийвчлан тогтоох, малчин өрхүүдээс тархвар зүйн судалгаа авах, дүн шинжилгээ хийх;

                5.5.3.2. мал, амьтны өвчин гарсан хот айл, фермийн малчид, ажилчидтай ярилцлага хийж, өвчин анх илэрсэн хугацаа, малын өвчлөлийн байдал, онцлог шинж тэмдэг, халдвартай байж болох шинж, халдвар дамжуулсан байж болох үйл явдлын талаар болон тухайн халдвар өөр хот айл, фермд дамжсан байж болох магадлалын талаар асуулга авах;

                5.5.3.3. малчдаас авсан асуулга, өвчтэй малд хийсэн эмнэл зүйн үзлэгийн дүн, хорогдсон малын хүүр болон малын эмгэг бие бүтцийн хувиралтын байдалд үндэслэн анхны онош тавих;

                5.5.3.4. жагсаалтад орсон өвчний сэжигтэй газарт ажиллахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах;

                5.5.3.5. халдварт өвчний тархалтын цар хүрээг үзлэг, судалгааны үндсэн дээр тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг мал эмнэлгийн тасагт мэдээлэх;

                5.5.3.6. мэдрэмтгий малд үзлэг хийх явцад өвчний шинж тэмдэг бүхий мал илэрсэн тохиолдолд халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүс, бүсчлэлийг шинэчлэн тогтоох санал гаргаж шийдвэрлүүлэх;

                5.5.3.7. тухайн өвчинд мэдрэмтгий малд эмнэл зүйн үзлэг хийж, өвчний ил шинж тэмдэгтэй, сэжигтэй малыг ялган тусгаарлах, зориудаар устгасан, төхөөрсөн мал, амьтанд акт үйлдэх;

                5.5.3.8. шаардлагатай тохиолдолд мал, амьтан, хорогдсон малын хүүр, сэг зэмээс лабораторийн шинжилгээний сорьц авч мал эмнэлгийн тасагт хүргүүлэх;

                5.5.3.9. жагсаалтад орсон өвчний хор уршгийн талаар иргэдэд сурталчлан таниулах;

                5.5.3.10. малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг тогтоосон хугацаанд зааврын дагуу хийх;

                5.5.3.11. тухайн өвчний үүсгэгчид сонгомол үйлчилгээтэй бэлдмэлээр халдваргүйтгэл хийх, акт үйлдэх;

                5.5.3.12. тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааварт заасны дагуу холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

                5.5.3.13. зэрлэг ан амьтны хөдөлгөөнийг тандах, шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийх асуудлыг мэргэжлийн ангид санал тавьж шийдвэрлүүлэх.

5.6. Мэргэжлийн анги:

        5.6.1. мэргэжлийн анги нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 19.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.9-д заасан дүрэм, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                5.6.1.1. хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт дэглэм сахиулах, өвчний халдварыг гадагш тараахгүй байх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

                5.6.1.2. тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай өдөр тутмын мэдээ, мэдээллээр холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг хангах;

                5.6.1.3. шаардлагатай эм, биобэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, хүнсний хангамжийн тооцоог гаргаж, шийдвэрлүүлэх;

                5.6.1.4. хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

               5.6.1.5. голомтын болон сэжигтэй бүсийн тогтоосон байршилд халдваргүйтгэлийн цэг ажиллуулах, халдваргүйтгэлд хамрагдсан тухай баримт олгох;

               5.6.1.6. уст цэгийн бохирдлын байдалд үнэлэлт өгч, халдваргүйтгэлийг батлагдсан заавар, журмын дагуу хийх;

               5.6.1.7. халдварын голомтод байгаа байнгын оршин суугчдын хүнс, өргөн хэрэглээний бараа, мал, амьтны ус, өвс, тэжээлийн хангамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх;

               5.6.1.8. хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсан үед мэргэжлийн баг,  мэргэжлийн ангид үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний хувцас, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг халдваргүйтгэх;

              5.6.1.9. мал, амьтныг зориудаар устгах зөвшөөрлийг зохих шатны Засаг даргын Тамгын газар болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас  авах;

              5.6.1.10. өвчилсөн мал, амьтны устгалын байршил тогтоож, цэг байгуулахдаа нутгийн захиргааны байгууллагын шийдвэр гаргуулах;

              5.6.1.11. мал, амьтныг зориудаар устгах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагааг хангах;

              5.6.1.12. өвчилсөн мал, амьтны устгалын ажиллагаанд хэрэглэх техник хэрэгсэл, хамгаалах хувцас, химийн бодис, бусад хэрэгсэлийг бэлтгэх, устгалын цэгийг зааврын дагуу байгуулах;

              5.6.1.13. мал, амьтны хүүр, сэг зэмийг заавар, журмын дагуу устгах ажлыг шуурхай зохион байгуулж, халдваргүйтгэх;

              5.6.1.14. өвчилсөн малыг устгаж, булшилсан газрын нэрийг тодорхой бичиж, солбилцлыг байршил тогтоогч багажаар тогтоон, хашаа, хамгаалалт, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хийж, зохих шатны төрийн захиргаа, онцгой байдлын болон мал эмнэлэг, байгаль орчны газарт албан ёсоор мэдэгдэж, хүлээлгэн өгөх;

              5.6.1.15. өвчтэй малыг устгасан, төхөөрсөн ажлын гүйцэтгэлийн талаар мал эмнэлгийн байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх, нэгдсэн дүн мэдээ, тайлан гаргах.

Зургаа. Хорио, цээр, хязгаарлалтын дэглэмийн үед бүх шатны
        Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

6.1. Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, нэгтгэх, дэглэм бууруулах, цуцлах;

6.2. Жагсаалтад орсон өвчинтэй тэмцэхэд шаардлагатай хөрөнгө, хүн, хүч гаргаж, өвчний голомтыг устгах, тэмцэх арга хэмжээг мал эмнэлгийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

6.3. Халдварт өвчний голомтод ажиллаж байгаа болон тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажиллагсдыг хоол, хүнс, орон байраар хангаж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулж, шаардлагатай арга хэмжээ авах;

6.4. Өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар ард иргэдэд сурталчлах, хор хөнөөлийг арилгахад иргэн, хуулийн этгээдийг зохих журмын дагуу дайчлах;

6.5. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх бүс нутгийн зааг, орох, гарах, дамжин өнгөрөх цэг, зурвасыг мэргэжлийн ангитай хамтран тогтоож, анхааруулсан пайз, тэмдэг тавиулах, хяналтын цэг ажиллуулах зэрэг арга хэмжээ авах;

6.6. Өвчтэй мал, амьтныг зайлшгүй шаардлагаар, холбогдох зөвшөөрлийн үндсэн дээр төхөөрсөн, зориудаар устгасан тохиолдолд тэдгээрийн үнэлгээ тогтоож, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх;

6.7. Орон нутагт гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх;

6.8. Мал эмнэлгийн тасаг, мэргэжлийн баг, дээд шатны Засаг даргын шийдвэрийн дагуу дархлаажуулалтын товыг зарлаж, малчид, мал бүхий өрхийн бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай хүн хүч гаргах;

6.9. Үзлэг, тандалт, дархлаажуулалтын арга хэмжээний үед малчин болон мал бүхий өрхийн байршлын зураглал гаргаж, малчин өрх, малын тоо толгойн талаархи бодит мэдээллээр хангах;

6.10. Зэрлэг ан амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хүн, хүч, төсөв зардлыг шийдвэрлэж, мал эмнэлгийн байгууллагатай хамтран тандан судалгаа хийлгэх ажлыг зохион байгуулах;

6.11. Зэрлэг ан амьтны гоц халдварт, халдварт өвчний сэжиг илэрсэн, оношлогдсон тохиолдолд тухайн өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулах.

Долоо. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед иргэн,
           хуулийн этгээдийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон болон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гаргасан хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх;

7.2. Мал, амьтанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусад мал, амьтнаас нэн даруй ялган тусгаарлаж, мэргэжлийн багийн малын эмчид мэдэгдэх, малын эмчийн заавар, зөвлөмжийг мөрдөх;

7.3. Мал, амьтныг байнгын хариулгатай байлгах;

7.4. Зөвшөөрснөөс бусад тохиолдолд голомтын болон сэжигтэй бүсийн дотор  шилжилт хөдөлгөөн хийхгүй байх.

Найм. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон
        нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа

8.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

        8.1.1. эрчимжсэн мал аж ахуйн байранд мал эмнэлгийн байгууллагын хяналт, зөвшөөрөлгүйгээр малын эмч, тухайн малчин, амьтан маллагчаас өөр хүн оруулах;

        8.1.2. өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр хэрэглэх, малын хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн оруулах.

Ес. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх
      үйл ажиллагааны санхүүжилт

9.1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад шаардагдах санхүүжилтийн тооцоог өвчний онош батлагдсан даруйд орон нутгийн онцгой комисс урьдчилсан байдлаар гаргаж, Улсын онцгой комисст уламжлан шийдвэрлүүлнэ. Ингэхдээ Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33-34 дүгээр зүйлд заасныг үндэслэнэ.

9.2. Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны Засаг даргын Тамгын газар эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ.

9.3. Зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тооцохдоо хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохын өмнөх сард тухайн аймгийн статистикийн газраас гаргасан малын үнийн судалгаанд үндэслэнэ.

9.4. Нөхөн төлбөрийг олгохдоо Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6.5, 34.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтална.

Арав. Хариуцлага

10.1. Энэхүү журмын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагын улсын байцаагч хяналт тавьж, зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 36.1 болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


-----o0o-----