Хэвлэх DOC Татаж авах

Онцгой байдлын ерөнхий газрын даргын

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн

                                                                       А/274 дугаар тушаалын хавсралт

 

ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТӨРИЙН БОЛОН

НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ

АЖЛЫН ТУСГАЙ ГОРИМД ШИЛЖҮҮЛЭХ, АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

              1.1.Гамшиг, аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангахын тулд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

              1.2.Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед энэхүү журмыг мөрдөнө.

              1.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлага /цаашид “Байгууллагын удирдлага” гэх/ энэхүү журмыг үндэслэн орон нутаг, байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүрэгтэй нийцүүлэн ажлын тусгай горимоор ажиллах төлөвлөгөө батлан мөрдөж ажиллах бөгөөд энэ нь тухайн орон нутаг, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг байна.

 

Хоёр. Ажлын тусгай горимд шилжүүлэх, цуцлах

2.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байгаа бэлэн байдлын үзлэг, гамшгаас хамгаалах команд штаб, иж бүрэн сургуулийн үед, мөн үүссэн нөхцөл байдал нь ажлын хэвийн горимоор ажиллах боломжгүй болсон тохиолдолд ажлын тусгай горимд түр шилжин ажиллана.

2.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ажлын тусгай горимд шилжүүлэх, цуцлах шийдвэрийг орон нутгийн онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ. 

2.3. Байгууллага, хуулийн этгээдийн удирдлага ажлын тусгай горимд шилжүүлэх, цуцлах шаардлага, үндэслэлийг орон нутгийн онцгой комиссын даргад танилцуулсны үндсэн дээр шийдвэр гаргана.

2.4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дарга, захирал нь ажлын тусгай горимд шилжүүлэх тухай тушаал (захирамж) гаргана.

              2.5.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь ажлын тусгай горимд шилжсэн үед нэгдмэл удирдлага, зохион байгуулалтад орж, мэргэжлийн байгууллагын өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллана.

              2.6.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлага Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байгаа бэлэн байдлын үзлэг, гамшгаас хамгаалах команд штаб, иж бүрэн сургууль дууссан, мөн үүссэн нөхцөл байдал нь ажлын хэвийн горимоор ажиллах боломжтой болсон тохиолдолд ажлын тусгай горимд шилжүүлэх тухай гаргасан тушаал (захирамж)-ыг цуцална.

 

Гурав. Ажлын тусгай горимд шилжсэн үед хэрэгжүүлэх

арга хэмжээ

              3.1. Байгууллагын удирдлага нь ажлын тусгай горимд шилжин ажиллах үед Гамшгаас хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлж ажиллахаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

                        3.1.1. ажлын тусгай горимд шилжүүлж ажиллуулах шийдвэр, шалтгаан, нөхцөл, ажил үүргийн хуваарийн талаар байгууллага, салбар нэгж, ажилтан, албан хаагчдад танилцуулан, үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

                        3.1.2.төв, орон нутгийн байгууллага, засаг захиргаа нь гамшгаас хамгаалах төлөвлөгөө, тусгай горимоор ажиллах төлөвлөгөө, харилцан ажиллагааны төлөвлөгөөнд тодотгол хийж, төлөвлөгөөний дагуу ажиллах;

                        3.1.3.нөхцөл байдлын талаар болон дээд байгууллага, албан тушаалтны шийдвэр, холбогдох мэдээллийг байгууллага, салбар нэгжийн удирдлага, ажилтан, албан хаагч нарт тухай бүр мэдээлэх;

                        3.1.4. байгууллага, ажилтан албан хаагчдын ажил, үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хоол хүнс, хувцас, техник хэрэгслээр хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахиулах,ажилтан, албан хаагчдын ажил, амралтын хуваарийг зохицуулж, эрүүл мэндэд анхаарах;

                        3.1.5. холбоо, зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулах, байгууллага, салбар, нэгжийн хэмжээнд ажиллах шуурхай штаб, эргүүл, жижүүрийг томилон удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх;

                                    3.1.6. авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс болон холбогдох дээд байгууллага, албан тушаалтанд өдөр тутам танилцуулах;

                        3.1.7. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, баталгаатай мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээ, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай дамжуулах;

                        3.1.8. орон нутаг болон байгууллагын хүч хэрэгслийг тодотгож,  шаардлагатай үед Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоол болон орон нутаг байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хүч хэрэгслийг хуваарилах, дайчилгаа явуулах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

                        3.1.9.шаардлагатай үед байгууллага, салбар, нэгжийн үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоох, хязгаарлах;

                        3.1.10. гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу бүрдүүлсэн нөөцийг салбар, нэгжийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад  зарцуулж, хэмнэлтийн горим тогтоох;

                        3.1.11. гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллага, улсын болон орон нутгийн онцгой комиссын өгсөн үүрэг, чиглэл, удирдамжийг хэрэгжүүлэх.

              3.2.Байгууллагын удирдлага нь ажлын тусгай горимд шилжих үеийн удирдамж, ажиллах төлөвлөгөө, ажил үүргийн болон ажлын цагийн хуваарь, холбогдох тооцоо, судалгааг боловсруулж баталсан байна.

              3.3. Байгууллагын удирдлага нь харьяалах салбар нэгж, ажилчдад ажлын тусгай горимд шилжүүлж ажиллуулах талаар дадлага, сургалтыг Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж, ажилтан албан хаагчдад мэдлэг, дадлага олгоно.

              3.4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлага ажлын тусгай горимд шилжин ажилласан талаарх тайлан мэдээг бичгээр гаргаж орон нутгийн Онцгой комисс, Онцгой байдлын байгууллагад хүргүүлнэ.

 

Дөрөв. Ажилтан, албан хаагчийн эрх, үүрэг

              4.1.Ажилтан, албан хаагч ажлын тусгай горимд шилжих үед Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан эрхээс гадна дараах эрхийг эдэлнэ:

                        4.1.1.ажлын тусгай горимд шилжих болсон шалтгаан, нөхцөл байдал, ажил үүргийн хуваарийн талаар мэдээлэл авах;

                        4.1.2.зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, хорио цээрийн дэглэмийг мөрдөх, өөртөө болон бусдад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх болон аливаа гамшиг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр мэдлэг, дадлага эзэмших;

                        4.1.3.ажил, үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломж, хоол хүнс, хувцас, техник хэрэгслээр хангагдах;

                        4.1.4.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлагаа авах, эрүүл мэнд, амь насаа хамгаалуулах.

              4.2.Ажилтан, албан хаагч ажлын тусгай горимд шилжих үед Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ:

                        4.2.1.ажлын тусгай горимд шилжин ажиллах дадлага, сургалтад хамрагдах, тусгай горимд шилжин ажиллах үеийн дүрэм, журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил үүргийн хуваарийг мэддэг, хэрэгжүүлдэг байх;

                        4.2.2.ажлын тусгай горимд шилжсэнтэй холбогдуулан байгууллага, удирдлагын зүгээс гаргасан шийдвэрийг биелүүлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдах;

                        4.2.3.ажлын тусгай горимд шилжих үеийн ажиллах нөхцөл, цагийн хуваарь, үүргийг хүлээн зөвшөөрч, ажил, үүргээ уялдуулах;

                        4.2.4.шаардлагатай үед дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах бэлтгэл, бэлэн байдлаа хангах.

 

Тав. Бусад

              5.1.Байгууллагын удирдлага ажлын тусгай горимд ажиллах үед хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гарган үр дүнтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулж болно.

              5.2.Ажлын тусгай горимоор ажиллах журам болон тусгай горимд шилжсэн үеийн зохион байгуулалтын арга хэмжээ, эрх, үүргийг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---оОо---