Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 278 дугаар
      тогтоолын хавсралт

 

“МОНГОЛ ЭКСПОРТ ХӨТӨЛБӨР”
   

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улс 2018 оны эхний 7 сарын байдлаар 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт       4.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 596.4 сая ам.доллараар өсчээ. Манай улсын нийт экспортын 89.2 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 10.8 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж байна.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт сүүлийн арваад жил тасралтгүй өсөж байгаа ч энэ өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой харьцуулахад  бага хэвээр байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний 80 орчим хувь нь нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, түүхий болон боловсруулсан арьс, шир байна. Мөн экспортод гаргасан махны хэмжээ 2017 онд 2016 оноос     3.2 дахин нэмэгдэж, 29.3 мянган тоннд хүрсэн хэдий ч экспортлох боломжит нөөцийн 15 орчим хувийг эзэлж байна.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний 2017 оны экспортын зах зээлийг авч үзвэл, Япон, БНСУ, АНУ, Канад болон Европын холбооны гишүүн орнуудад 300.0 орчим сая ам.долларын ноолуур болон ноосон сүлжмэл эдлэлийг, БНХАУ болон ОХУ-д 70.0 гаруй сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 20 гаруй сая ам.долларын арьс шир, нэхий эдлэл зэргийг экспортолжээ.

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдаанд дараахь асуудлууд тулгамдаж байна:

1. Төрөөс хүнс, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аялал жуучлалын салбарын дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг зохих хэмжээнд боловсруулан хэрэгжүүлж байгаа хэдий ч эдгээр хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах нэгдмэл удирдлага зохицуулалтгүй;

2. Ноос ноолуур, арьс шир, мах болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өндөр зардалтай, эргэлтийн хөрөнгө хомс, арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаа нь эдгээр салбарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулдаг;

3. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, гол төлөв түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн давамгайлж байгаа тул экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай; 

4. Ноос ноолуур, арьс шир, мах болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал зохих хэмжээнд хүрсэн, экспортын хэмжээг нэмэгдүүлэх нөөц бололцоо байгаа ч үндэсний үйлдвэрлэл, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор импортын уян хатан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай;

5. Манай улсын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдаанд тээвэр ложистикийн нэгдсэн бодлого үгүйлэгддэг;

6. Уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдаанд гадаадын болон үндэсний хөрөнгө оруулагчдыг татах татвар, хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчин дутмаг;

7. Эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркуудын үйл ажиллагаа жигдрээгүй байгаа бөгөөд энэ нь экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж чаддаггүй; 

8. Үйлдвэрлэл, худалдаа, экспортын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдааг өргөжүүлэхэд мэргэжлийн холбоод, худалдаа, экспортыг  дэмжигч төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Цаашид манай улс олон улсын зах зээлийн үнийн нөлөөлөлд харьцангуй бага өртдөг экологийн цэвэр ноос ноолуур, арьс шир, мах болон сүүн бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, валютын орлогоо тогтвортой өсгөх нөөц бололцоо байна гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого”-ын хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний      50-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох  боломжийг бүрдүүлэх, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэх, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилтыг тус тус дэвшүүлсэн.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.8-д “гадаадын зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжих “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх”-ээр заасны дагуу Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн энэхүү хөтөлбөрийг боловсрууллаа.

“Монгол экспорт хөтөлбөр”-ийг боловсруулахад үндэсний язгуур эрх ашигт нийцсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, нөөц бололцоонд тулгуурласан, байгаль орчинд ээлтэй, ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоог хангасан байх зарчмыг баримталсан болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

     2.1. Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь үйлдвэрлэл, экспортын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх замаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад оршино.

     2.2. Хөтөлбөрийн зорилт

Энэхүү хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:

           2.2.1. экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдааны  хөрөнгө оруулалт, санхүү, татварын болон хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;

           2.2.2. уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих;

           2.2.3. худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх замаар экспортыг нэмэгдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

     3.1. Хөтөлбөрийг 2018-2022 онд дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

          3.1.1. I үе шат буюу 2018-2020 онд экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдааны хөрөнгө оруулалт, санхүү, татварын болон хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлж, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлнэ.

          3.1.2. II үе шат буюу 2021-2022 онд олон улсын стандартын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, экспортын зах зээлийн хүрээг тэлж, экспортыг нэмэгдүүлнэ.

Дөрөв.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

     4.1. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдааны  хөрөнгө оруулалт, санхүү, татварын болон хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд:

           4.1.1. үйлдвэрлэл, гадаад худалдаа, экспортын асуудлыг хариуцсан байгууллага, салбаруудын үйл ажиллагааг уялдуулах, үйлдвэрлэл-худалдаа-хөрөнгө оруулалтын цогц бодлогыг дэмжихэд чиглэсэн “Төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах;

           4.1.2. экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, экспортыг дэмжихэд чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
           4.1.3. үйлдвэрлэл, экспортыг дэмжих хөгжлийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн, арга хэрэгслийг бий болгох, олон улсын хөгжлийн санхүүжилтийн механизмуудыг ашиглах;

           4.1.4. нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолдог үйлдвэрлэл эрхлэгчийг импортын түүхий эд, туслах материал болон тоног төхөөрөмж худалдан авахад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд үе шаттай хамруулах;

           4.1.5. үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортолж байгаа үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүний экспортын орлогыг татварын хөнгөлөлтөд хамруулах;

           4.1.6. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан, экспортын үйлдвэрт олгох санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;

          4.1.7. гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай хууль, эрх зүй баримт бичгүүд, гадаад зах зээлийн талаарх мэдээллийн нэгдсэн цахим хуудсыг нээн ажиллуулах;

          4.1.8. экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан “Монгол экспорт” гарын авлага боловсруулж, тараах;

          4.1.9. хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг арилгах, шуурхай болгох санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

          4.1.10. экспортын даатгалын тогтолцоог хөгжүүлэх;

          4.1.11. ноос ноолуур, арьс шир, мах болон сүүн бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, уламжлалт эм, эмийн түүхий эд зэрэг бүтээгдэхүүний сорилтын лабораторийг олон улсын мэргэжлийн байгууллагаас зохион байгуулдаг ур чадварын сорилтын хөтөлбөрт хамруулах;

          4.1.12. “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор бусад улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх;

          4.1.13. экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчийг чанартай түүхий эдээр хангах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;

          4.1.14. гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээг бий болгон ажиллуулах/турших;

          4.1.15. экспортын бүтээгдэхүүний цахим худалдааг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийх, эрх зүйн орчинг бүрдүүлэх;

          4.1.16. экспортын бүтээгдэхүүнд урамшуулал олгох, экспортлогчдын  тэмдэглэлт өдрийг бий болгох.
   
     4.2. Уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилтын хүрээнд:

          4.2.1. олон улсын зах зээлд гарах боломжит экспортын шинэ салбар, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний судалгаа хийх;

          4.2.2. экспортын нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн брэнд бүтээгдэхүүн бий болгох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;

          4.2.3. Эдийн засгийн түншлэлийн тухай улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, гадаад улсад экспортлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, импортын бараанд тавигддаг бусад орны шаардлага, стандартыг судалж, энэ чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;

          4.2.4. ноос ноолуур, арьс шир, мах болон сүүн бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, уламжлалт эм, эмийн түүхий эд зэрэг бүтээгдэхүүний стандартыг европын болон олон улсын стандартад нийцүүлэх;

          4.2.5. ноос, ноолуур, арьс шир, мах болон сүүн бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, уламжлалт эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний шинжилгээ, сорилтын  лабораторийн чадавхыг олон улсын жишигт хүргэх, энэ чиглэлийн лаборатори байгуулах, тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг бүх түвшинд дэмжих;

          4.2.6. чанарын тэмдэг бүхий, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай үндэсний бренд бүтээгдэхүүн болон газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг бий болгож, бүртгүүлэх, гадаад зах зээлд сурталчлах;

          4.2.7.экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зориулсан сургалт, семинар зохион байгуулах;

          4.2.8. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор үндэсний онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, арга хэмжээг төрөлжүүлэн нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.

     4.3. Худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх замаар экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

           4.3.1.Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хүрээнд хөнгөлөлт эдлэх боломжоо бүрэн ашиглах, уг хэлэлцээрийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

           4.3.2. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр”-ийн хүрээнд худалдааны түнш орнуудын гадаад худалдааны тарифын бус хориг саадыг багасгах чиглэлээр ажиллах;

           4.3.3. олон улсын үзэсгэлэн, худалдаа, бизнес форумыг ОХУ, БНХАУ, Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Энэтхэг, Турк зэрэг орнуудад зохион байгуулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулах, тэдний бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, сурталчлахад бодитой дэмжлэг үзүүлэх;

           4.3.4. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, давуу болон сул тал, үр өгөөжийн талаар судалгаа хийж, туршлага судлах;

           4.3.5. “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын ачаа ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх;

           4.3.6. Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг Европын холбоо, АНУ, Канад болон ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэдгээрийн зах зээл, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээний талаар судалгааг хийх;

           4.3.7. Европын холбооны орнуудад гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг хэрэгжүүлж байгаа туршлагыг судалж, нэвтрүүлэх;

          4.3.8. хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний Монгол-Орос-Хятадын стандартыг ижилсгэх асуудлыг судлах, эдгээр орнуудын стандартын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх;

          4.3.9. экспортын бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний үр дүнг худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээрт тусгуулах чиглэлээр хамтран ажиллах;

          4.3.10. Монгол Улс болон монголын бизнесийн орчин, бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны улсын иргэд, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилго бүхий жишиг сурталчилгааны төвийг Берлин хотноо байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх;

          4.3.11. Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдын яам, консулын болон худалдааны  төлөөлөгчийн газруудыг өргөжүүлж, үйл ажиллагааг экспортын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг өгч ажиллахад чиглүүлэх;

          4.3.12. Монгол Улсад ажиллаж байгаа олон улсын хөгжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, тэдгээрийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт экспортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлийн төсөл, арга хэмжээг тусгуулах, хэрэгжилтийг хангах чиглэлээр  хамтран ажиллах.

          
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

      5.1.1. улсын төсөв;

      5.1.2. гадаад, дотоодын байгууллага, иргэдийн хандив, тусламж;

      5.1.3. олон улсын байгууллагын тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

5.1.4. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

     6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

          6.1.1. экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдааны хөрөнгө оруулалт, санхүү, татварын болон хууль, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдсэн байна;

          6.1.2. экспортын үйлдвэрлэл, худалдааны сүлжээ бий болж, үндэсний бренд бүтээгдэхүүний төрөл, хэмжээ дэлхийн зах зээлд нэмэгдсэн байна;

          6.1.3. Европын холбоо болон бусад улсад монголын экспортын бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг нэг цэгээс авах нөхцөл бүрдсэн байна;

           6.1.4. экспортын бүтээгдэхүүнээр дамжуулан Монгол Улсын үнэлэмж олон улсад нэмэгдсэн байна;

           6.1.5. экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, экспортын бүтцэд эерэг өөрчлөлт орсон байна;

           6.1.6. нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эзлэх хувь 2017 оны түвшинтэй харьцуулахад 2022 онд 2 дахин нэмэгдсэн байна;

           6.1.7. олон улсын стандартад нийцсэн, дэвшилтэт шинэ технологи, инновацид суурилсан, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн байна;

           6.1.8. “Монголын Хаан ширхэгт”, “Органик хүнс” чанарын гэрчлэх тэмдэг бүхий байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болон газар зүйн заалттай бүтээгдэхүүн бий болж, гадаад зах зээлд гарсан байна;

           6.1.9. хөнгөн үйлдвэрлэл, хүнс болон хөдөө аж ахуйн  салбарын  экспортын орлого  50 хүртэл хувиар нэмэгдсэн байна.  

6.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Д/д

Шалгуур үзүүлэлт

Нэгж

Суурь түвшин (он)

Зорилтот түвшин (он)

Мэдээллийн эх сурвалж

Хариуцах байгууллага

2017

2022

1.

Монгол Улсын нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь

хувь

8,1

16,2

Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХХААХҮЯ, ГХЯ, ГЕГ

2.

Хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн салбарын  экспортын орлого

Сая ам.доллар

610,5

915,75

Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

ХХААХҮЯ, ГХЯ, ГЕГ

3.

Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлангийн экспортын бүрдүүлэлт хийх хугацаа

цаг

168

134

Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлан-2018

СЯ, ГЕГ

4.

Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлангийн экспортын бүрдүүлэлт хийх зардал

ам.доллар

191

153

Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлан-2018

СЯ, ГЕГ

5.

Худалдааны түнш орнуудтай тарифын болон тарифын хориг саадыг бууруулах хэлэлцээр байгуулах

тоо

1

2

ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

ГХЯ

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийн
      хяналт-шинжилгээ, үнэлгээ

     7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

     7.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулна. 

 

-----о0о-----