Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 291 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт

 

ТОХИРЛЫН БАТАЛГААТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ, УЛСЫН ХИЛЭЭР

НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээ (цаашид “бүтээгдэхүүн” гэх)-г Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.3.  Энэхүү журамд хэрэглэсэн тохирлын баталгаатай холбогдолтой нэр томъёог Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC)-ын арга зүйн удирдамжид заасан утгаар ойлгоно.

1.4. Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” (цаашид “жагсаалт” гэх)-д заасан бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тохирлын баталгаанд заавал хамруулна.

1.5. Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээнд техникийн зохицуулалт, стандарт болон холбогдох бусад техникийн баримт бичгийг баримтална.

1.6. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн  4 дүгээр зүйлд заасан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд энэхүү журам хамаарахгүй.

1.7. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээтэй, мөн хүчин төгөлдөр аюулгүйн тэмдэгтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тохирлын үнэлгээнд давтан хамруулахгүй.

1.8. Жагсаалтад зааснаас бусад бүтээгдэхүүнийг заавал тохирлын баталгаатайгаар зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхээр хууль, тогтоомж, худалдааны болон бусад гэрээ, хэлэлцээрт тусгасан, эсхүл хүлээн авагч талаас шаардсан бол энэ журмыг баримталж болно.

Хоёр. Тохирлын баталгаа

2.1. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам”-ын дагуу бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулна.

2.2. Баталгаажуулалтын байгууллага хүсэлт гаргагчаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

2.3. Жагсаалтад заасан бүтээгдэхүүнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 23.1.2-т заасан, ISO IEC 17065 стандартын дагуу итгэмжлэгдсэн, томилогдсон байгууллагаас тохирлын гэрчилгээ, аюулгүйн тэмдэг олгоно.

2.4. Жагсаалтад заасан согтууруулах ундаа, тамхины төрлийн импортын бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийн өмнө тухайн бүтээгдэхүүний загварыг тохирлын үнэлгээнд заавал хамруулна.

2.5. Аюулгүйн тэмдгийг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ, хэрэглэх журам”-ын дагуу олгоно.

2.6. Жагсаалтад тусгагдаагүй бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь сайн дурын үндсэн дээр тохирлын үнэлгээнд хамруулж, баталгаажуулалтын байгууллага тохирлын гэрчилгээ олгож болно.

2.7. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах, бүртгэх журам”-ын дагуу гаргасан нийлүүлэгчийн мэдэгдэл нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.6-д заасны дагуу тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.

2.8. Тохирлын үнэлгээг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх авсан баталгаажуулалтын мэргэшсэн шинжээч хийнэ.

2.9. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулалтын шинжээчийн дүрмийг батална.

Гурав. Бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх

3.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулсны дараа зах зээлд нийлүүлэх буюу улсын хилээр нэвтрүүлнэ.

3.2. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас энэхүү журмын 1.7-д хамаарах дараахь мэдээллийг гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын төв байгууллагад тухай бүр өгч байна:

3.2.1. Засгийн газраас баталсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ын баталгаат хувь;
3.2.2. Итгэмжлэгдсэн, томилогдсон баталгаажуулалтын байгууллагын жагсаалт, танилцуулга;

3.2.3. Итгэмжлэгдсэн, томилогдсон баталгаажуулалтын байгууллагаас олгох аюулгүйн тэмдэг, тохирлын гэрчилгээ, нийлүүлэгчийн мэдэгдлийн баталгаат загвар;

3.2.4. Олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хуулбарын баталгаат хувь;

3.2.5. Олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр хүлээн зөвшөөрсөн тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээний баталгаат загвар.

3.3. Жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. энэхүү журамд заасан шаардлага хангасан, баримт бичгийн зөрчилгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх;

3.3.2. бүтээгдэхүүнийг экспортлогч орны эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тохирлын гэрчилгээ, нийлүүлэгчийн мэдэгдэлгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхгүй байх.

3.4. Жагсаалтад зааснаас бусад бүтээгдэхүүнийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зах зээлд нийлүүлэх буюу улсын хилээр нэвтрүүлнэ.

3.5. Энэхүү журмын 1.7-д хамаарах бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт, сорилт шинжилгээ давтан хийхээс чөлөөлнө.

Дөрөв. Бусад

4.1. Бүтээгдэхүүний тохирлын баталгаатай холбоотой зөрчилд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


----о0о----