Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 332 дугаар
     тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ИРГЭН ШИЛЖИН СУУРЬШИХ
ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2. Сум, хорооны улсын бүртгэгч иргэний байнга оршин суугаа газрын хаягийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлээр тодорхойлно.

1.3. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн санг газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн үүсгэнэ.

1.4. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэнийг түр оршин суугчаар бүртгэнэ.

1.5. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

1.6. Энэхүү журмын биелэлтэд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс хяналт тавина.

Хоёр. Иргэний байнга оршин суух шилжилт
      хөдөлгөөнийг бүртгэх

2.1. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суух иргэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг бүрдүүлж, оршин суух сум, хорооныхоо улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ:

2.1.1. иргэний үнэмлэх;

2.1.2. арван зургаан нас хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ;

2.1.3. оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг;

2.1.4. Цэргийн албаны тухай хуулийн 34.6.4-т заасны дагуу шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ хийлгэсэн цэргийн үүрэгтний үнэмлэх.

2.2. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.3-т заасан “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” гэдэгт  дараахь баримт бичиг хамаарна:

  2.2.1. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

  2.2.2. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;

  2.2.3. нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ;

  2.2.4. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл. 

2.3. Энэхүү журмын 2.1-д зааснаар иргэн өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 62.3-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.

2.4. Сум, хорооны улсын бүртгэгч нь иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэхдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д заасан баримт бичгийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь мэдээлэлтэй тулган шалгана.

2.5. Сум, хорооны улсын бүртгэгч дараахь үндэслэлээр иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэхгүй:

  2.5.1. энэ журмын 2.1-д заасан баримт бичиг дутуу бол;

  2.5.2. энэ журмын 2.1-д заасан баримт бичиг зөрчилтэй бол.

2.6. Сум, хорооны улсын бүртгэгч иргэний шилжилт хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэрт бүртгэж, холбогдох мэдээллийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулна.

2.7. Арван зургаан нас хүрээгүй хүүхдийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түүний эцэг (эх), асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байнга оршин суугаа газрын хаягаар бүртгэнэ.

2.8. Сум, хорооны улсын бүртгэгч иргэний шилжилт хөдөлгөөний мэдээллийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулахдаа тухайн иргэний иргэний үнэмлэхийн санах ойд хаягийн мэдээллийг оруулна. 

2.9. Сум, хорооны улсын бүртгэгч иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэхүү журмын 2.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний улсын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу хөтөлнө.

Гурав. Иргэний түр оршин суух шилжилт
         хөдөлгөөнийг бүртгэх

3.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.1.11 дэх заалт, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 27.1-д заасны дагуу Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоног ба түүнээс доош хугацаагаар түр оршин суух иргэний шилжилт хөдөлгөөнийг баг, хорооны Засаг дарга бүртгэнэ.

3.2. Баг, хорооны Засаг дарга иргэний түр оршин суух шилжилт хөдөлгөөнийг бүртгэхэд энэхүү журмын 2.1.1-2.1.3, 2.2, 2.3, 2.5, 2.7-д заасныг баримтална. 

Дөрөв. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг
             түдгэлзүүлэх, түр зогсоох

4.1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй тохиолдолд холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно.

4.2. Сонгуулийн тухай хуулийн 63.2, 66.1-д заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дараахь тохиолдолд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр түр зогсооно:

  4.2.1. Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө;

4.2.2. Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус, дахин, нөхөн сонгууль явуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал хугацаанд тухайн сонгуулийн тойрог, хэсгийн засаг захиргааны нэгжийн хэмжээнд.

Тав. Шилжилт хөдөлгөөнийг мэдээлэх

5.1. Баг, хорооны Засаг дарга түр оршин суух иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийн тоон мэдээ, мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу цаасан болон цахим хэлбэрээр улирал бүрийн сүүлийн сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлнэ.

5.2. Энэхүү журмын 5.1-д заасны дагуу ирүүлсэн тоон мэдээ, мэдээллийг аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нэгтгэн, тухайн сарын 25-ны өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

 


-----о0о-----