Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/44 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

АДУУНЫ НИЙЛҮҮЛГИЙН ӨВЧНӨӨС(dourine, случная болезнь)

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

Нэг. Ерөнхий мэдээлэл

1.1.Зорилго:Адууны нийлүүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Мал эмнэлгийн үйлчилгээнд хамаарах бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага адууны нийлүүлгийн өвчний үед уг зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Адууны нийлүүлгийн өвчиннь Trypanosoma equiperdum зүйлийн шилбүүртэн эгэл биетнээр үүсгэгддэг ба уг үүсгэгч нь үржлийн эрхтэн болон тархи нугасны шингэнд шимэгчилдэг. Адууны үржлийн эрхтэн хавагнаж үрэвсэх, гүү хээл хаях, азарга үргүй болох, арьсан дээр гүвдрүү гарах, мэдрэл саажих, ихээр турж эцэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг ужиг явцтай өвчин бөгөөд цэвэр цусны болон эрлийз адуунд үхлийн хувь 50%-аас дээш байдаг. Адууны нийлүүлгийн өвчин нь ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Латин Америк болон Өмнөд Африкийн нилээд олон улсад тархсан. Манай оронд анх 2000 онд Төв аймгийн адуунд оношлогдсон бөгөөд ХХУ-аар халдварлалт нь 7.6% байсан ба 2004 оны шинжилгээгээр төвийн бүсэд 8.5%, зүүн бүсэд 2%, говийн бүсэд 3%, баруун бүсэд 0.15% байлаа. Монгол улс 2006 онд уг өвчнөөр тайван бус бүс гэж олон улсад зарлагдсан ба уг өвчин нь 2010 онд хязгаарлалтын дэглэм тогтоох адууны халдварт өвчнүүдийн жагсаалтанд орсон байна. 2014-2017 оны ийлдэс судлалын шинжилгээгээр Монгол орны бүх аймагт оношлогдсон бөгөөд халдварлалт нь улсын дунджаар 4.5% (агталсан болон бүх насны адуу орсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан дээж) байсан. Үүний зэрэгцээгээр 2017 он болон 2018 оны эхний хагас жилийн байдлаар өвчний онош тодорхойгүй эсвэл худалдаалах болон худалдан авсан зэрэг байдлаар мал эмнэлгийн байгууллагад хандсан үржлийн насны адууны ийлдсийг шинжлэхэд халдварлалт 20.2% болон 19.7% байлаа. Нийт хандсан иргэд, малчид болон аж ахуйн нэгжийн хүрээнд авч үзвэл 2017 онд 62.3% -д, 2018 оны эхний хагас жилд 45% -д нь адууны нийлүүлгийн өвчин тохиолдож байгаа нь тогтоогдсон.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: T. equiperdum нь 22-26 мкм урт, урд хэсэгтээ шилбүүртэй, намираа хөдөлгөөн үүсгэх долгиолог мембрантай. Хуваагдан үржих бөгөөд цус тархины хоригийг давж тархи нугасны шингэнд ордог.Үүсгэгч нь гадаад орчинд тэсвэргүй бөгөөд 5-20 минутын дараа үхдэг. 70%-ийн этилийн спирт болон нойтон ариутгалд маш амархан үхнэ.

1-р зураг. Гимзын будгаар будсан T. equiperdum, хуваагдаж буй байдал

1.5.Халдварын эх үүсвэр, механизм: T. equiperdum нь халдвартай азарганы үр, сэлдий болон хуухнагийн салстын шүүрэл, гүүний үтрээний шүүрэл зэрэгт ихээр агуулагдана. Зөвхөн үржлийн замаар дамжин халдварладаг ба зохиомол хээлтүүлгийн үед багаж хэрэгсэл болон үрээр халдвар дамжина. Өвчтэй гүүнээс сүүгээр дамжин унага халдвар авах боломжтой гэдэг боловч ийм тохиолдол манай улсад бүртгэгдээгүй байгаа.

Хоёр. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг:T. equiperdum нь үржлийн эрхтэний салст бүрхүүлийг гэмтээж үрэвсүүлэх байдлаар өвний эхний шат явагдагдах бөгөөд улмаар уг эгэл биетэн шимэгч нь тунгалгийн судлаар дамжинтархи нугасны шингэнд орж шимэгчилснээр өвчин эцсийн шатандаа очдог. Өвчний нууц үе нь цэвэр цусны болон эрлийз адуунд 4-8 долоо хоног байх бөгөөд нутгийн Монгол адуунд илүү удаан буюу 6 сараас 1 жил хүртэл үргэлжилдэг.

Эмгэг жамыг илрэх онцлог шинж тэмдэгээс нь хамааруулан үржлийн, арьсны, мэдрэлийн гэх 3 хэв шинжид хуваадаг бөгөөд ихэвчлэн үржлийн хэв шинжээр илэрч, улмаар мэдрэлийн хэв шинжит эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлэн өвчин хүндэрдэг. Мөн дангаар буюу хавсарсан хэлбэрээр илэрдэг. Өвчний эхний шатанд ихэвчлэн үржлийн эрхтэн эмгэгших байдлаар илрэх ба үржлийн гадна эрхтэн хөөж хавагнах бөгөөд хаван нь халуун биш, эмзэглэлгүй байна. Гүүний үтрээ бага зэрэг улайж үрэвссэн байх ба цайвар шаргал өнгийн салсархаг гоождос ялгарна. Дэлэн, хэвлийгээр хавагнах нь ажиглагдана. Өвчин хүндэрсэн үед хаван хэвлийн доогуур урагш тархана. Азарганд үржлийн эрхтэн /сэлдий/, шамархай, төмсөг хавагнаж, улмаар шээсний суваг руу тэлдэг. Шээс хаагдах байдал зарим азарганд тохиолдоно. Хоруу чанар өндөртэй халдварын үед сэлдий, шамархай дээр хавтгай яршил үүсч эпитель давхарга үхжиж, хайрс байдлаар хогжруутан бохирлогдоно. Үүний зэрэгцээгээр үржлийн эрхтэний гадаргууд тогтсон хүрээгүй шарх үүсч хагарч эдгэрсний дараа цагаан өнгийн толбууд үүсч нөсөөгүйжинэ. Энэ үе нь 2-3 сар орчим үргэлжлэх ба биеийн ерөнхий байдал хэвийн байх боловч үе үе биеийн халуун нэмэгдэх нь ажиглагддаг. Халдвар авсан гүү ихэнхдээ хээл хаях ба хээл хаясан гүү ойрхон шээх, ихээр хөлрөх улмаар богино хугацаанд тарга хүчээ ихээр алддаг.

2-р зураг. Азарганы сэлдий хавагнаж, үржлийн эрхтэний гадаргууд яр шарх үүсч, нөсөөгүйжилт үүссэн ба гүүний орвон хавагнасан байдал

Арьсны хэлбэр нь өвчний хөнгөн хэлбэрийн үед ажиглагдахгүй бөгөөд хоруу чанар ихтэй халдварын үед үсэн бүрхүүл өрвийж, гүвдрүү маягийн хаван үүснэ. Арьсан дээр 4-8 см голчтой, 1 см хүртэл зузаантай товгорууд ажиглагдах ба хэмжээ нь үүнээс жижг байх нь ажиглагдах бөгөөд эдгээр нь 3-7 хоногийн турш тогтвортой байдаг бөгөөд ихэвчлэн хавирганы орчмоор илүү үүсдэг.Мөн арьс маш эмзэг болж, амархан шархална. Нутгийн Монгол адуунд энэ шинж тэмдэг сул илрэх ба ихэвчлэн эрлийз, болон цэвэр цусны адуунд нилээд тод ажиглагдана.

3-р зураг. Хэвлийн дагуу хаван үүссэн байдал, арьсан дээрх зоос хэлбэрийн гүвдрүүнүүд

Мэдрэлийн хэлбэр нь өвчний сүүлийн шат бөгөөд ихэвчлэн үхэлд хүргэх шалтгаан болдог. Мэдрэлийн төгсгөлүүдэд ерөнхий болон голомтолсон өөрчлөлт үүссэний улмаас өвчилсөн адуу эхлээд хэт мэдрэмтгий болдог. Ихэвчлэн нэг талыг барьсан, тэгш хэмтэй биш байх бөгөөд нүүрний мэдрэл болон хойд хөлийн хөдөлгөөний мэдрэлийг хамардаг байна. Нүүрний мэдрэл саажсанаас уруул унжих, ихэнхдээ нэг талын мэдрэл саажсанаас мурийдаг бөгөөд мөн мэдрэл саажсан талын өрөөсөн чих хөдөлгөөнгүй болж унжих, тухайн талын нүд гэрэл болон хөдөлгөөнийг мэдрэхгүй байх нь ажиглагдана.Адууны тэжээл идэх дуршил нь хэвийн байх боловч уруул муруйн саажсанаас болж ихээхэн тураалд орж босож чадахгүй болж улмаар үхдэг.

4-р зураг. Адууны нүүрний мэдрэлийн саажиж, уруул мурийсан,унжсан байдал

Нүүрний мэдрэлээс гадна мөчдийн мэдрэл сааждаг. Хойд хөлөө солбиж амраах байдлаар илрэх бөгөөд тэнцвэр алдагдана. Мөн гуяны дотор тал болон хондлойн булчингууд шуугдан улмаар хатинхайрших, тэгш хэмт байдал алдагдах, хөтөлж явахад хойш сууж доголох, бөгсөөрөө суух зэрэг шинж тэмдэг илэрнэ.

5-р зураг. Ихээхэн турж эцсэн, үе мөч нь саажиж босч чадахгүй болсон адуу

Биеийн халуун төдийлөн нэмэгдэхгүй боловч сэлгэмэл халуурал тохиолдох ба цус багадалт илэрнэ. Халдвар авсан нутгийн Монгол адуу уг өвчинд тэсвэртэй тул шинж тэмдэг илрэх хугацаа нь харьцангуй удаан, дунджаар 8 сар буюу зун халдвар авсан адуу хаврын сард ихээр турж эцэн, азарганы үржлийн эрхтэн эмгэгшиж илрэх ба гүү эрт хээл хаясан байдаг. Харин цэвэр цусны болон эрлийз адуу 9 болон 10-р сард (хүйтэрч эхлэх үед)эцэж турах, үржлийн эрхтэн хавагнах, нөсөөгүйжих фимоз болон парафимоз болох зэрэг шинж тэмдэг нь тодоор илэрчөвчлөнө. Халдвар авсан адууны 50-70% нь үхдэг хэдий ч манай орны хувьд нийлүүлгийн өвчний халдвартай адууг турж эцэж эхлэх үед нядлах, эсвэл өвлийн цагт онд оролгүй үхэх нь нилээд элбэг тохиолддог тул үхлийн хувийг нарийвчлан тогтооход төвөгтэй байна.

2.2.Эмгэг хувирал: Үрэвслийн бус гаралтай үе хавдах /үеийн шингэн ихсэх/, өнгөц тунгалгийн зангилааны эмгэг /лимфоаденопати/, нүдний мэдрэлийн хатанхайрал, нүдний солонгон бүрхэвчийн үрэвсэл зэрэг эмгэгүүд илэрнэ. Адууны нийлүүлгийн өвчнөөр үхсэн адууны хүүр туранхай, үржлийн эрхтэн, арьс, мэдрэлд макро өөрчлөлтүүд гарах бөгөөд дотор эрхтэнд төдийлөн онцлог хувирал ажиглагддаггүй. Сэлдий хайрсжин, хогжруутсан, үхжсэн эпител бүрхүүлийн давхарга болон гадна орчны бохирдолоор ихтэй байх бөгөөд арьсан доорх эслэгт шүүдэс хуримтлагдсан байх боломжтой ба нүүрний мэдрэл саажин хатанхайрсан байдаг.

2.3.Лабораторийн оношлогоо: Эмнэлзүйн онцлог шинж тэмдэг, эпидемиологийн анализыг үндэслэн урьдчилсан онош тавих бөгөөд сүргийн үржлийн насны бүх адууг түргэн оношлогооны иммуно хроматографын тест, ХХУ, ФХЭБУ болон ДТУ зэрэг ийлдэс судлалын аргаар шинжилнэ. Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ)-аас гаргасан зөвлөмжинд адууг экспортлох болон импортлоходнийлүүлгийн өвчнийг ХХУ-аар шинжлэхийг зөвлөсөөр байгаа.

Ил шинж тэмдэгтэй азарганы шээсний сүв болон гүүний үртээний гоождос зэргээс нойтон арчдас авч микроскопын 100-400 дахин өсгөлтөөр харахад хөдөлгөөнтэй үүсгэгч илрэх ба түрхэц бэлтгэн Гимзын 10%-ийн будгаар будаж үүсгэгч илрүүлэх, үржлийн эрхтэний арчдаснаас ДНХ ялгаж ПГУ тавих зэрэг оношлогооны аргуудыг хэрэглэнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Хээл хаялт, үржлийн эрхтэний эмгэгшил үүсгэдэг зэргээс үүдэн гүүний халдварт эндометрит, адууны халдварт цус багадалт, адууны вируст артрит зэрэг өвчнүүдээс, ихээхэн турж эцдэг тул Trypanosoma evansi-аар үүсгэгддэг адууны трипаносомозоос, хэвлийн доод хэсгээр хавагнадаг тул боом өвчөөс ялган оношлох хэрэгтэй ба эцсийн оношийг ийлдэс судлалын шинжилгээгээр тавина.

2.5.Эмчилгээ: Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДМАЭМБ)-аас гаргасан зөвлөмжинд эмчилгээ хийхийг хориглодог бөгөөд өвчтэй адууг нядлахыг зөвлөдөг. Гэвч энэхүү заалт нь манай орны хувьд шууд даган мөрдөхөд учир дутагдалтай байгаа тул эмчилгээний туршилт, судалгаанд үндэслэн шаардлагатай тохиолдолд өвчний шат, явцаас хамааруулан эмчилгээ хийхийг зөвшөөрнө. Ингэхдээ зөвхөн үржлийн эрхтэний хэв шинжээр илэрсэн адуунд эмчилгээг хийж болох бөгөөд арьсны болон мэдрэлийн хэв шинжит эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн адуунд эмчилгээ хийхийг хориглоно. Халдвар аваад үржлийн хэв шинжит эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлж байх үед эмчилгээг оновчтой хийсний дараагаар 1-3 сарын дотор ийлдэс судлалын шинжилгээгээр сөрөг дүн үзүүлнэ. Эмчилгээнд диминазин ацетурат, куйнапирамин, меларсамин гидрохлорид, сурамин зэрэг үйлдчлэгч бодис бүхий Монгол улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн бэлдмэлүүдийг зааврын дагуу малын эмчийн хяналтан дор хийнэ. Үрэвслийн эсрэг эмчилгээг хавсран хийж болно.

Гурав.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа: Үржлийн зориулалтаар адуу худалдан авч сүрэгт нийлүүлэхийн өмнө адууны нийлүүлгийн өвчний шинжилгээг хийлгэж хэвших шаардлагатай бөгөөд нэг бэлчээрт адуугаа малладаг мал бүхий иргэд болон хуулийн этгээд нь өөр хоорондоо мэдээлэл солилцон, харилцан шаардлага тавьж байх хэрэгтэй. Судалгаа болон шинжилгээний байгууллагууд нь орон нутгийн малын эмч нарт, сумдын мал эмнэлгийн тасаг нь мал бүхий иргэд болон хуулийн этгээдэд зориулсан өвчний талаар мэдлэг, мэдээллийг олон хэлбэрээр тасралтгүй өгөх.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа: Адууны нийлүүлгийн өвчний эсрэг вакцин одоогоор байдаггүй.

3.3.Тандалт: Нийлүүлгийн өвчний тандалтыг адууны аж ахуй, Монгол болон Галшар, Тэс, Дархад омгийн адууны цөм сүрэг, мах экспортлох зорилгоор үржүүлж буй адуун сүрэгт жил бүр хийж үржлийн насны азарга, гүүг ийлдэс судлалын шинжилгээнд хамруулах шаардлагатай.

Дөрөв.ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Ерөнхий арга хэмжээ: Өвчин оношлогдсон үед адууны нийлүүлгийн өвчнөөр тайван бус болохыг зарлаж, хязгаарлалтын дэглэм тогтооно. Энэ үед тухайн аж ахуйн нэгжид адууны шилжилт, хөдөлгөөнийг зогсоож 4 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал уралдаан, үзэсгэлэнд оролцох, зохион байгуулах, адууг нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлана. ДМАЭМБ (OIE)-аас халдвартай адууг устгахаар заасан байдаг боловч НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн газар(FAO)-аас хөгжиж буй орнуудад зориулан гаргасан зөвлөмжид халдвартай адуу нь өвчний сүүлийн шатанд орж, ихээр турж эцээгүй бол хүнсэнд хэрэглэж болно гэж заасан байдаг. Иймд халдвартай адууг нядлах бөгөөд шаардлагатай тохиолдолд малын эмчийн үзлэгийн дараа эмчилгээ хийж болно. Хэрэв халдвартай адуу маш ихээр турж эцсэн, бие бүтцэд эмгэгшил ихээр явагдсан гэж үзвэл малын эмчийн зааврын дагуу устгана.

Халдвар илэрсэн сүргээс бусад аж ахуйд үржлийн зориулалаар адуу худалдаалах, оторлуулах зорилгоор өөр бүс нутгийн сүрэгтэй нийлүүлэхийг хориглоно.

Сүрэгт буй халдвартай адууг устгасан, нядласан, эмчилсэнээс 3 сарын дараа дахин шинжилгээ хийж, сөрөг дүн үзүүлсэн тохиолдолд уг сүргийг өвчнөөр тайван гэж үзнэ. Зайлшгүй шалтгаанаар эмчилгээ хийсэн тохиолдолд давтан шинжилгээг 1 жилийн дараа дахин хийх бөгөөд энэ нь тархи нугасны шингэндT. Equiperdum шимэгчилж үлдсэн байх магадлалаас сэргийлж буй алхам юм. Өвчилсөн адууг нядласан, устгасан, эмчилсэнээс 90 хоногийн дараа бүх адуунд үзлэг хийж, тогтоосон дэглэмийг татан буулгана.

4.2.Халдваргүйтгэл: Үүсгэгч нь гадаад орчинд тэсвэргүй (5-20 минутын дараа үхдэг) тул халдваргүйтгэл хийх шаардлагагүй. Шинжилгээгүй адууг зохиомол хээлтүүлэгт ашиглахыг хориглох бөгөөд олон тооны адуунаас үр цуглуулах зэрэг нэн шаардлагатай тохиолдолд зохиомол хээлтүүлгийн багаж хэрэгслийг тухай бүрт цэвэрлэж, 70%-ийн этилийн спиртээр халдваргүйтгэх буюу 5 минут нойтон ариутгал хийнэ.

4.3.Импортын адуунд тавигдах шаардлага: Үржлийн болон спортын зорилгоор адуу импортлож буй адууг тогтоосон хугацаанд хорио цээрийн хяналтанд байлган лабораторийн шинжилгээнд хамруулна. Мөн түргэн оношлогооны тест ашиглан оношлогоог хийх боломжтой.

4.4.Мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.