Хэвлэх DOC Татаж авах

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн

Удирдах зөвлөлийн 2018 оны 08 тоот тогтоолын хоёрдугаар хавсралт

Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага

Шалгуур 1. Эрхэм зорилго, зорилтууд

Эрхэм зорилго, алсын хараа нь сургуулийн онцлог байдал, үндэсний болон олон улсын хүрээнд эзлэх байр суурийг тусгасан байна. Эрхэм зорилго, алсын харааг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үечилсэн байдлаар шинэчилдэг байна.

1.1.Эрхэм зорилго, алсын хараа

Эрхэм зорилго, алсын хараа нь сургуулийн дотоод болон гадаад оролцогч талууд, ялангуяа оюутан суралцагчид, багш, ажилтан, төгсөгчид, харилцаа холбоотой сургуулиуд, харьяа яам, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.

1.2.Зорилгууд

Сургалт, судалгаа болон бусад үйлчилгээний зорилгуудаа сургуулийнхаа эрхэм зорилго, алсын хараатай уялдуулан, бодитой, үндэслэлтэй тодорхойлсон байна.Сургуулийн үзэл баримтлалд тусгагдсан үнэт зүйлс, хандлага, үйл ажиллагааны үндсэн зарчмууд нь бүх салбар, нэгжийн үйл ажиллагаанд тууштай хэрэгждэг байна.

1.3.Стратегийн төлөвлөгөө

Сургуулийн зорилгуудыг хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө нь тууштай хэрэгжиж, үүнд холбогдох оролцогч талуудыг системтэйгээр оролцуулдаг байна. Сургуулийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг бодитой, хэрэгжихүйц байдлаар тодорхойлж, хэрэгжилтийг тасралтгүй хянан үнэлж, сайжруулдаг байна.

1.4.Зорилго, стратегийн үнэлгээ, дүгнэлт

Үүрэг хариуцлага, дүрэм журам нь тууштай хэрэгжиж, байнга хянан шинжилж, түүний үр дүнд тулгуурлан зорилго, стратегийн төлөвлөлтийн чанарыг тасралтгүй сайжруулдаг байна. Сайжруулах үйл явцад холбогдох талуудыг татан оролцуулдаг байна. Эрхэм зорилго, зорилго, тэдгээрийн хэрэгжилт, үнэлгээг олон нийтэд ил тод мэдээлдэг байна.

Шалгуур 2. Засаглал ба эрх зүйн зохицуулалт

Сургууль нь стратегийн хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хэрэгцээг хангахуйц зохион байгуулалтын бүтэц, засаглал, эрх зүйн зохицуулалттай ажиллаж, үйл ажиллагааны чанар, үр өгөөжтэй байдлыг хангадаг байна.

2.1.Засаглал

Сургууль, салбар, нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо, эрх мэдэл, үүрэг хариуцлагын хуваарилалт, зохион байгуулалтын бүтэц нь стратеги төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн баталгааг хангахуйц байна. Оролцогч талуудын бүтэц,үйл явцад идэвхтэй оролцдог байна.

2.2.Захиргаа

Сургуулийн захиргаа нь эрхэм зорилго, зорилгуудыг хэрэгжүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлж, дэмжлэг үзүүлнэ. Салбар, нэгж, багшлахуй, суралцахуйг дэмжин хамтран ажиллаж, тэднийсэтгэл ханамжийг дээшлүүлдэг байна.

2.3.Хамтын ажиллагаа

Эрхэм зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг дэмжих, сайжруулах чиглэлээр дотоод ба гадаад хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлдэг байна.

2.4.Эрх зүйн зохицуулалт

Сургууль нь нэгж, хамт олон, хувь хүн бүрийн оюуны болон академик эрх чөлөөг хангасан, мэргэжлийн ёс зүй ба шинжлэх ухааны судалгаа, боловсролын үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээнд тулгуурласан, сахилга хариуцлага, аюулгүй байдлын горимыг тогтоон тодорхойлсон эрх зүйн зохицуулалттай, мөн тодорхой хугацаанд нээлттэй хянан сайжруулдаг байна.

Шaлгуур 3. Сургалтын хөтөлбөрийн удирдлага

Сургууль нь үндэсний болон олон улсын стандарт, мөн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, чанартай үйлчилгээ үзүүлдэг байна.

3.1.Үйл ажиллагааны журам, үүрэг хариуцлага

Сургалтын хөтөлбөрийг боловсруулах загвар, хэрэгжилт, хяналт тавих, хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг журмаар тодорхойлно. Журамд холбогдох бүтэц, үүрэг хариуцлагын хуваарилалтыг тодорхой заасан байна. Түүнчлэн оролцогч бүх талууд болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцож буй багш ажилтан, оюутан, төгсөгчид, хөдөлмөрийн зах зээлийн оролцоог тодорхой тусгасан байна.

3.2.Хөтөлбөрийн зорилт, агуулга

Хөтөлбөрийг боловсруулахдаа байгууллагын стратеги, дотоод болон гадаад оролцогч талуудын эрэлт, шаардлагад нийцсэн эрхэм зорилгод үндэслэн хийнэ. Хөтөлбөрийн зорилт, суралцахуйн үр дүнг холбогдох үндэсний болон олон улсын мэргэжлийн ур чадварын түвшин тэр дундаа мэргэжлийн шаардлагуудыг тусган оруулсан байна. Хөтөлбөрийн зорилгод тухайн сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар олж авах мэдлэг, ур чадвараас гадна хувь хүний ямар чадвар, чадамжид суралцах талаар оруулсан байна. Хөтөлбөрийн агуулга нь тухайн оюутны суралцах үндсэн зорилгоо биелүүлэхэд нь дэмжлэг болохуйц байна.

3.3.Заах арга зүй ба ажлын ачаалал

Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт цаашдын сайжруулалт нь хөтөлбөрийн зорилгод нийцэж байгаа эсэхийг баталгаажуулдаг байна. Заах, сурах арга барил нь оюутан төвтэй арга барил дээр тулгуурласан, суралцахуйн үр дүн амжилтыг дэмждэг байна. Хөтөлбөрөөр суралцах оюутны ачааллыг урьдчилан тодорхойлж, ил тод, тасралтгүй хянан үнэлдэг байна.

3.4.Оюутны үнэлгээ

Оюутны суралцахуйн хүрсэн үр дүнг үнэлэх дүрэм, журамтай байна. Оюутан суралцахуйн зорилтот үр дүнд хүрсэн гэдгийг бодитой тогтоон үнэлэхдээ шударга, ил тод шалгах ба ямар нэг шударга бус зүйлээс урьдчилан сэргийлсэн байна. Үнэлгээний арга барил нь оюутны амжилт, хөгжлийг дэмждэг байх ба нөхцөл байдлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэдэг байна.Мөн оюутны гомдол саналыг хүлээж авч шийдвэрлэдэг байна.

3.5.Төгсөлтийн баримт бичиг

Төгсөгч оюутанд мэргэшлийн гэрчилгээг суралцсан хөтөлбөрийн хичээл тус бүрээр нь жагсаасан хавсралт (англи хэл дээр) бүхий диплом олгох үйл явцыг холбогдох журмын хүрээнд хэрэгжүүлнэ. Эдгээр баримт бичгүүд нь тухайн оюутны мэдээлэл болон сургалтын хөтөлбөрийн үр дүн, агуулга, түвшин түүнчлэн тусгай хөтөлбөр бүхий дипломын хавсралт, мэргэшлийн болон хувь хүний ур чадвар, гүйцэтгэл зэргийг багтаасан байна.

3.6.Сургалтын хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах

Сургууль нь хөтөлбөрийг тогтмол, тодорхой давтамжтайгаар хянах журам, бодлоготой байна. Хөтөлбөрийн үнэлгээ нь суралцахуйн зорилтот үр дүнд болон түүнд оюутан хүрч байгааг баталгаажуулдаг байна. Элсэлт, суралцагч, төгсөгч болон амжилттай суралцаж буй оюутны тоо хэр зохистой хэмжээнд, мөн үр дүн, үр ашигтай байгааг тооцсон үнэлгээг тогтмол хийдэг байна. Оролцогч талууд нь чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцдог байна. Тухайлбал төгсөгчдөөс санал бодлыг нь авах болон тэдний мэргэжлийн салбарт гаргасан ололт амжилтыг бүртгэх мэдээллийн санг байнга шинэчилж, төгсөгчидтэй тогтмол холбоотой ажилладаг байна.

Шалгуур 4. ХҮНИЙ НӨӨЦ

Сургууль нь өөрийн эрхэм зорилго, зорилгуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хүний нөөцийг сургуулийн хэмжээнд төдийгүй салбар, нэгж, хөтөлбөр бүрээр төлөвлөн бүрдүүлж, хөгжүүлэх бодлоготой байна.     

4.1.Хүний нөөцийн бодлого, зохицуулалт

Сургууль нь багш, ажилтнууд, нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой бодлоготой байна. Сонгон шалгаруулах журам нь эрдмийн эрх чөлөө, ёс зүй, шударга, ил тод байдлыг хангасан байх ба тууштай хэрэгждэг байна.

4.2.Хүний нөөцийн хөгжил

Багш, ажилтны хөгжлийн үзэл баримтлал нь тодорхой, тууштай хэрэгждэг байна. Багш, ажилтан, суралцагчид нь үндэсний хэмжээний ажил мэргэжлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож, ур чадвараа хөгжүүлдэг байна.

4.3.Хүний нөөцийн мэдээллийн сан

Сургууль нь хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлсэн байх ба үүнд ажилд орсноос эхлээд ажлын гүйцэтгэлийн мэдээллүүд багтдаг байна.

4.4.Багш ажилтны цалин, урамшуулал

Багш, ажилтны цалингийн тогтолцоо нь шударга, тэгш, ил тод зарчимд үндэслэсэн байна. Гүйцэтгэл-чанарт суурилсан урамшууллын тогтолцоотой, тууштай хэрэгждэг байна.

Шалгуур 5. МАТЕРИАЛЛАГ БОЛОН ТЕХНОЛОГИЙН НӨӨЦ    

Сургууль нь эрхэм зорилго, зорилгуудаа амжилттай хэрэгжүүлэх материаллаг болон технологийн нөөцийг бүрдүүлэх, байнга шинэчлэх бодлого, зохицуулалттай байна.

5.1.Тоног төхөөрөмж, анги танхим

Тоног төхөөрөмж, анги танхим нь сургалтын үйл ажиллагаанд хангалттай хүрэлцээтэй байх ба багшлахуй, суралцахуйн зохистой орчин бүрдсэн байна. Сургалтын орчин нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээнд нийцсэн байна.

5.2.Лаборатори

Багш, суралцагсдын хэрэгцээнд нийцсэн сургалт, судалгааны лабораториудтай байна. Лабориаториуд нь суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх, сургалтын хөтөлбөр болон судалгааны ажлын гарц, үр дүн, чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлдэг байна. Сургууль нь лабораторийн үйл ажиллагааг хянан үнэлж, шаардлагатай үед шинэчилдэг байна.

5.3.Мэдээлэл харилцааны технологийн систем

Сургууль нь сургалт, судалгаандаа тохирсон мэдээлэл харилцааны технологийн системтэй, хангалттай тооны программын лицензтэй, түүнийг ашиглах компьютер, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Суралцагч, багш, ажилтнууд тэдгээрийг ашиглах боломжоор хангагдсан байх ба бүх хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан нууцлал хамгаалалттай байна.

5.4.Номын сан

Номын санг байнга шинэчлэх бодлого, бүтэц, зохицуулалттай байх ба багш, ажилтан, суралцагчдын хэрэгцээнд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, онлайн мэдээллийн сан бүрдүүлэх цахим болон дижитал технологийг хөгжүүлдэг байна. “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS574:2007/-ыг хангасан байна. Сургууль нь сургалт, судалгааны үйл явцад олон улсын мэдээллийн сүлжээ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашигладаг байна.

5.5.Санхүүгийн чадавх

Сургууль, нэгжүүд нь сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй, санхүүгийн нөөцийг олон эх үүсвэрээс бүрдүүлдэг байна. Санхүүгийн удирдлагын тогтолцоо нь үйл ажиллагааны төлөвлөгөөг системтэй хэрэгжүүлэхэд чиглэдэг байна. Санхүүгийн төлөвлөгөө нь тогтвортой байдлыг хангах, гэнэтийн үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх боломжтой байна. Сургуулийн үйл ажиллагааны бүх түвшинд санхүүгийн тайлан, мэдээллийн систем нь ил тод байх ба үндэсний стандартад нийцсэн байна.

Шaлгуур 6. СУРАЛЦАГЧДАД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Сургууль нь суралцагчдад хувь хүний хөгжил болон амжилттай суралцахыг нь дэмжих үйлчилгээг үр дүнтэй үзүүлдэг байна.

6.1.Суралцагчдад чиглэсэн үйлчилгээний бодлого, зохицуулалт

Сургууль нь сургалт эрдэм шинжилгээ болон хувь хүний хөгжилд шаардлагатай оюутны хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн үйлчилгээг хүртэх боломж олгохуйц үйл ажиллагаа явуулах уялдаа холбоо бүхий бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээний хүртээмж, чанарыг байнга сайжруулдаг байна.

6.2.Суралцагчийн хөгжил

Ур чадвартай, сайн суралцагчдыг урамшуулах, үнэлэх (суралцах хугацаанд болон сургалтын хөтөлбөрөөс гадна олж авсан ур, чадварууд орно) бодлого, журмыг хэрэгжүүлж, суралцагчийн хөгжлийг дэмжин идэвхжүүлдэг байна.

6.3.Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд чиглэсэн үйлчилгээ

Сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад сургалт явуулах болон тэдний суралцахуйн үйл явцтай холбоотой тусгай хэрэгцээг хангах бодлогыг тогтмол хэрэгжүүлдэг байна.

6.4.Оюутны байгууллага ба оюутны оролцоо

Сургуулийн үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд оюутны оролцоог дэмждэг байна. Оюутны үүсгэл санаачилга бүхий байгууллагыг дэмжиж ажиллахдаа тодорхой чиглэл, зөвшөөрөгдсөн бодлого зохицуулалтыг барьж ажилладаг байна.

Шaлгуур 7. Нийгэмд чиглэсэн үйлчилгээ

Сургууль нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чиг үүргээ хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байна.

7.1.Нийгмийн хариуцлага

Сургууль нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон нийт рүү чиглэсэн нийгмийн үйлчилгээ үзүүлэхдээ баримталж буй аливаа бодлого нь сургуулийн үндсэн зорилго, чиглэлтэй уялдсан байна. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны дараалал, үүрэг хариуцлага болон нөөц бололцоог төлөвлөн хэрэгжүүлж, хянан үнэлдэг байна.

7.2.Нийгмийн түншлэл

Сургууль нь ажилтан, төгсөгчид, мэргэжлийн холбоо нийгэмлэгүүд буюу дотоод, гадаад хамтын ажиллагаа явуулах системчилсэн түншлэлийн бодлого болон бүтэц, зохицуулалттай байна.

Шaлгуур 8. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИ

Сургууль нь боловсролын болон шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байна.

8.1.Эрдэм шинжилгээний бодлого, удирдлага

Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо холбогдох багш, судлаач, оролцогч талуудын оролцоог бүрэн хангаж, сургуулийн алсын хараатай уялдсан улмаар улс орны хэрэгцээ, тулгамдсан асуудалд нийцсэн байна. Байгууллага нь сургалт ба суралцах үйл явц, мэргэжил болон судалгааны үйл ажиллагааг уялдуулсан бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлнэ. Бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг байна.

8.2.Судалгааны баг

Байгууллагын дотор нэгж тус бүр өөрийн эрдэм шинжилгээний тэргүүлэх бодлогод нийцсэн чиглэлээр эрдэм шинжилгээний багуудыг бүрдүүлж ажиллана. Эрдэм шинжилгээний ажилд төрөл бүрийн ажилтан, багш нар мөн оюутнууд оролцдог байхаар бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг байна. Судалгааны үр дүнг сургалт ба суралцах үйл ажиллагаанд тусгана.

8.3.Судалгааны санхүүжилт

Судалгааны үйл ажиллагаанаас олох орлого болон гарч болзошгүй зардлууд байгуулагын төсөвд тусгагдаж, хэрэгждэг байна. Судалгааны нэгж тус бүрт мөн ажилтнуудад нөөцийн хуваарилалтын талаар тодорхой мэдээлдэг байна.

Шaлгуур 9. Чанарын баталгаажуулалтын тогтолцоо

Сургууль нь өөрийн үйл ажиллагааны чанарын бодлоготой, түүнийхээ баталгааг хангах чанарын удирдлагын тогтолцоог төлөвшүүлж ажиллана. Энэхүү чанарын удирдлагын тогтолцоо нь өөрийн болон гадны хамтран ажиллагчдын оролцоог хангасан байхаас гадна үндэсний болоод олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

9.1.Чанарын удирдлагын бодлого

Сургууль нь өөрийн үйл ажиллагааны стратеги, чанарын бодлоготой байх ба түүндээ нийцсэн чанарын удирдлагын тогтолцоотой байна. Чанарын удирдлагын тогтолцоог болоовсруулах, хэрэгжүүлэхэд , дотоод ба гадаад оролцогч талуудыг оролцуулдаг байна. Чанарын дотоод удирдлагын тогтолцоо нь салбар, нэгж болон багш, ажилтнуудын бие даасан байдал, академик эрх чөлөөгөө ханган ажиллахад нь дэмжлэг үзүүлж, улмаар боловсролын үйлчилгээний чанарын баталгааг хангахад чиглэнэ.

9.2.Чанарын дотоод удирдлагын тогтолцоо, журам

Чанарын удирдлагын бодлогоо хэрэгжүүлэх бүтэц, журамтай байна. Бүтэц, зохион байгуулалтанд оролцогч талууд, ялангуяа холбогдох багш, судлаач, захиргааны нэгжүүдийн оролцоог хангасан байна.

9.3.Удирдлагын мэдээллийн систем

Сургууль нь удирдлагын шуурхай, оновчтой үйл ажиллагааг хангахад чиглэсэн, мэдээлэл цуглуулах, боловсруулах удирдлагын мэдээллийн тогтолцоотой байна. Цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээг үндсэн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад ашигладаг байна. Удирдлагын мэдээллийн систем нь орчин үеийн мэдээлэл харилцааны технологи дээр суурилсан байх ба байнга хянан сайжруулдаг байна.

9.4.Олон нийтийн мэдээлэл ба үйл ажиллагааны ил тод байдал

Сургууль, салбар, нэгж бүр нь өөрийн үйл ажиллагааны талаар тодорхой, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд шуурхай хэвлэн нийтэлж хүргэж байна.

9.5.Чанарын удирдлагын нөөц

Сургууль нь чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн нөөцийг бүрдүүлэн хөгжүүлж ажиллана.

9.6.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал

Сургууль нь чанарын баталгааг хангаж, сургуулийнхаа нэр хүндийг гадаадад болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлдэг байна.

9.7.Үндэсний хэмжээний байр суурь

Сургууль нь үндэсний хэмжээнд өөрийн боломжит дээд түвшинд эрэмбэлэгдэхийн төлөө стратегитай ажиллаж, өрсөлдөх чадвараа хөгжүүлнэ.