Хэвлэх DOC Татаж авах

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн

Удирдах зөвлөлийн 2018 оны 08 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

 

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) нь боловсролын байгууллага болон тэдгээрийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх,шинээр нээх хөтөлбөрт чанарын баталгаажуулалт хийж, урьдчилсан дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Магадлан итгэмжлэл нь боловсролын магадлан итгэмжлэх төв байгууллагаас тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг ханган биелүүлсэн сургалтын байгууллага, хөтөлбөр, шинэ хөтөлбөрийн өөрийн үнэлгээнд тулгуурлан бие даасан, хараат бус шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрч, чанарын баталгаажуулалт хийх үйл ажиллагаа юм.

1.3.Магадлан итгэмжлэл нь бүх шатандаа оролцогч болон сонирхогч талуудад тэгш, шударга, нээлттэй, ил тод, хариуцлагатай, үр өгөөжтэй, чанарын өсөлттэй байх зарчимд тулгуурлана.

1.4.Магадлан итгэмжлэл нь гурван үе шаттай байна.

1.Өөрийн үнэлгээ хийж, тайлан бэлтгэх

2.Хөндлөнгийн үнэлгээ хийх

3.Магадлан итгэмжлэх эсэхийг шийдвэрлэх

Хоёр. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа

2.1.Өөрийн үнэлгээ хийж, тайлан бэлтгэх

2.1.1.Хүсэлт гаргах

Сургалтын байгууллага БМИҮЗ-ийн ажлын албанд байгууллага болон сургалтын хөтөлбөрийг  магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг маягтын дагуу бичгээр болон цахимаар гаргана. Ажлын алба маягт дахь мэдээлэл бүрэн, алдаагүй, нотлогдож байгаа тохиолдолд хүсэлтийг хүлээн авна.

2.1.2.Гэрээ байгуулах

Ажлын алба нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд сургалтын байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага, төлбөрийн нөхцөлийг тусгаж, магадлан итгэмжлэлийн шийдвэр гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааны дэс дараалал, цаг хугацаа, хариуцагчийг тодорхой заасан ажлын хуваарь, төлөвлөгөөг хавсаргана. Ажлын алба магадлан итгэмжлэлд оролцогч талуудад зөвлөх, зохицуулах, дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгөх ажлыг хариуцна.

2.1.3.Өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх

Сургалтын байгууллага нь гэрээ байгуулснаас хойш ажлын албаны зөвлөмжийн дагуу 3 сарын дотор өөрийн үнэлгээний тайланг эцэслэн боловсруулж, Ажлын албанд бичгээр болон цахимаар ирүүлнэ.

2.1.4.Өөрийн үнэлгээний тайланг хянах

Ажлын алба өөрийн үнэлгээний тайлан, холбогдох нэмэлт мэдээллийг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан үзэх ба хэрэв тайлан бүрэн бус, алдаатай бичигдсэн тохиолдолд сургалтын байгууллагад буцаана. Сургалтын байгууллага ажлын 10 хоногийн дотор тайланг засан сайжруулж, ажлын албанд ирүүлнэ.

2.1.5.Өөрийн үнэлгээний тайланг баталгаажуулах

Сургалтын байгууллага байгууллагын өөрийн үнэлгээний тайланг удирдах зөвлөлдөө, сургалтын хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг эрдмийн зөвлөлдөө танилцуулан хүлээн зөвшөөрсөн тухай дүгнэлтийг ажлын албанд бичгээр ирүүлнэ.

2.2.Хөндлөнгийн үнэлгээ хийх

2.2.1.Шинжээчийн багийг бүрдүүлэх, сонгох

Ажлын алба шинжээчдийн багийн гишүүдийн тоо, төлөөллийн байдлыг тогтоож, 3-5 хүний бүрэлдэхүүнтэй багийг томилон ажиллуулна. Үүнд:

-Сургалтын байгууллагын удирдлага, чанарын баталгаажуулалт, сургалт ба судалгааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай 2-4 шинжээч  (Шинжээчдийн 1 нь олон улсын эрх бүхий шинжээч байвал сайн)

-Тухайн салбарын ажил олгогч, төгсөгч, суралцагчийн аль нэгний 1 төлөөлөл

Орон нутагт бүрэлдэхүүн сургуультай, эсвэл тухайн хөтөлбөрөөр 2-оос доошгүй тэнхим, профессорын багтай бол шинжээчийн тоог нэмэх эсэхийг Ажлын албаны захирал шийднэ.

2.2.2.Шинжээчийн баг, ахлагчийг томилох

Ажлын алба нь шинжээчийн багийн гишүүдээс багийн ахлагчийг томилох ба ахлагч нь шинжээчээр ажиллаж байсан туршлагатай байна. Шинжээчдийг ажлын албаны захирлын тушаалаар томилж, гэрээ байгуулна. Гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажлын нөхцөл, хугацаа, ажлын хөлс, ёс зүйн хэм хэмжээг тодорхой заана.

2.2.3.Шинжээч бүр тухайн байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй болохоо нотлох үүрэгтэй. Сургалтын байгууллагад шинжээчийн багийг урьдчилан танилцуулна. Сургалтын байгууллага шинжээчээс татгалзаж буй тохиолдолд үүнийгээ Ажлын албанд албан бичгээр мэдэгдэх ба нотолгоо нь үндэслэлтэй бол шинжээчийг өөрчилж болно.

2.2.4.Шинжээчийн ажиллах нөхцөл, бэлтгэлийг хангах

Ажлын алба ньшинжээчийн багийн ажиллах хугацааг сургалтын байгууллагад мэдэгдэж, бэлтгэл ажлыг хангуулж, шинжээчид хараат бус, гадны нөлөөнөөс ангид ажиллах боломжийг бүрдүүлнэ. Шинжээчдийн үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагуудаас хэн нэгэн оролцох, зөвлөх, нөлөөлөх гэж оролдохоос сэргийлнэ.

2.2.5.Шинжээчийн урьдчилсан үнэлгээ хийх 

Шинжээчид хүлээн авсан өөрийн үнэлгээний тайлан, холбогдох бичиг баримттай   танилцан шалгуур, шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээлэл бүрэн, алдаагүй, нотлогдох эсэхийг сайтар нягтална. Хэрэв өөрийн үнэлгээний тайлан дутуу, буруу бичигдсэн байна гэж үзвэл тухайн үндэслэлээр сургалтын байгууллагад өөрийн үнэлгээний тайланг сайжруулах тодорхой хугацаатай шаардлага тавьж, энэ тухайгаа ажлын албандмэдэгдэнэ.  

2.2.6.Өөрийн үнэлгээний тайлан шаардлага хангаж байвал шинжээчид ажлын 5 хоногт багтаан шалгуур, шаардлага бүрээр үнэлгээ хийж, урьдчилсан үнэлгээний тайланг ажлын албанаас гаргасан загварын дагуу бэлтгэнэ.

2.2.7.Шинжээчдийн багийн ахлагч урьдчилсан үнэлгээний тайланг нэгтгэж, сургалтын байгууллагад очиж ажиллах үед тодруулах асуултууд, нэмж шаардах нотлох баримтуудын жагсаалтыг гаргаж, ажлын албанд өгнө. Шинжээчийн урьдчилсан үнэлгээ, тодруулах асуултууд нь шалгуур, шаардлагын хүрээнээс хальсан, аль нэг талыг баримталсан, ялгаварласан  байж болохгүй.     

2.2.8.Шинжээч ажиллахаас 3-аас доошгүй ажлын хоногийн дотор тодруулах асуултууд, нэмж шаардах нотлох баримтуудын жагсаалтыг ажлын албасургалтын байгууллагад мэдэгдэж, шаардлагатай бол шинжээч ажиллахын урьд өдөр бэлтгэл ажлыг нягталж, зөвлөгөө өгнө.

2.2.9.Шинжээчийн баг сургалтын байгууллагад очиж ажиллах

Шинжээчийн баг сургалтын байгууллагад гэрээнд заасан хугацаанд ажиллаж,  хөндлөнгийн үнэлгээг хийхэд шаардагдах бүх мэдээллийг цуглуулж, дараах уулзалт, ярилцлагуудыг  зохион байгуулна. Үүнд:

- Сургуулийн удирдлагууд

- Тэнхимийн эрхлэгч, багш нар

- Өөрийн үнэлгээний тайланг бэлтгэсэн ажлын хэсэг

- Дотоод чанарын баталгаажуулалтын алба, мэргэжилтэн

- Оюутан, төгсөгчид

- Ажил олгогч, бизнесийн түншүүд 

Хичээлийн байр, лаборатори, сургалтын танхим, оюутны байр зэрэгт орчны үнэлгээ хийх, ажил олгогчид, төгсөгчид, суралцагчид, багш ажилтнаас сэтгэл ханамжийн судалгаа авч болно.

Шинжээчийн багтшаардлагатай гэж үзвэл ажлын албанаас мэргэжилтэн томилж, холбогдох зохицуулалт, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж болно.

2.2.10.Шинжээчийн тайлан, үнэлгээ

Шинжээчдийн баг шалгуур, шаардлага тус бүрээр үнэлгээ хийж, “шалгууруудыг бүрэн хангасан”, “шалгууруудыг хэсэгчлэн хангасан”, “шалгууруудыг хангаагүй” гэсэн гурван хувилбарын аль тохирохоор дүгнэлт гаргаж, “хэсэгчлэн хангасан” гэсэн үзүүлэлт бүрээр цаашид хэрэгжүүлэх шаардлага, зөвлөмжийг өгнө. Шинжээчдийн дүгнэлт нь нотолгоонд үндэслэсэн, бодитой байна. Хэрэв шинжээчид санал зөрөлдөөнтэй бол олонхын саналаар, санал тэнцсэн тохиолдолд ахлагчийн саналаар дүгнэлтийг гаргана.

Шинжээчдийн баг хөндлөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт, саналаа сургуулийн удирдлага, өөрийн үнэлгээний багт танилцуулж, тэмдэглэл хөтөлнө.

 

2.2.11.Шинжээчийн үнэлгээний тайлан бичих, санал авах

Сургуульд ажилласнаас хойш ажлын 5-7 хоногт багтаан Ажлын албанаас гаргасан загварын дагуу шинжээчид үнэлгээний тайланг эцэслэн боловсруулж, ажлын албанд хүлээлгэн өгнө. Шинжээчдийн үнэлгээний тайланг ажлын алба сургалтын байгууллагад илгээх ба сургалтын байгууллага ажлын 3 хоногт багтаан саналаа албан бичгээр ирүүлнэ.

2.2.12.Шинжээчийн тайланг комисс, мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөх

Ажлын алба шинжээчдийн тайланг нягтлан шаардлага хангасан бол шийдвэр гаргах эрх бүхий комисс /байгууллагын магадлан итгэмжлэл/ эсвэл мэргэжлийн зөвлөл /хөтөлбөрийн тайлан/-д өөрийн үнэлгээний тайлангийн хамт хүлээлгэн өгнө.

2.3. Магадлан итгэмжлэх эсэх тухай шийдвэр гаргах

2.3.1.Комисс, мэргэжлийн зөвлөлийн хуралдаан

Комисс, мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар шинжээчийн үнэлгээний тайланд бүх шалгуур, шаардлага бүрэн үнэлэгдсэн эсэх, шинжээчийн дүгнэлт, шаардлага, зөвлөмж нь баримт нотолгоонд үндэслэсэн, бодитой эсэхийг хэлэлцэнэ.

2.3.2.Комисс, мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд шинжээчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, дүгнэлтээ танилцуулна.

2.3.3.Магадлан итгэмжлэх шийдвэр гаргах

Комисс, мэргэжлийн зөвлөл нь сургууль, хөтөлбөрийг “магадлан итгэмжилнэ”, “нөхцөлтэйгээр магадлан итгэмжилнэ”, “магадлан итгэмжлэхийг түдгэлзэнэ” гэсэн гурван хувилбарын аль тохирохоор нь шийдвэр гаргаж, сургалтын байгууллагад шаардлага, зөвлөмж өгнө. Шаардлага, зөвлөмж нь шинжээчийн багийн саналд үндэслэсэн байна.

2.3.4.“Магадлан итгэмжилнэ” гэж шийдвэрлэсэн бол магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 5 жил байна. “Нөхцөлтэйгээр магадлан итгэмжилнэ” гэж шийдвэрлэсэн бол тухайн сургууль 12 сарын дотор өгсөн шаардлага, зөвлөмжийн үзүүлэлт бүрийг хангах хэмжээний сайжруулалт, ахиц дэвшлийг хийж, ажлын албанд тайлан ирүүлнэ.

2.3.5.Хэрэв тухайн сургууль 12 сарын дотор магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангах хэмжээний сайжруулалт, ахиц дэвшлийг хийх боломжгүй тохиолдолд магадлан итгэмжлэлийг түдгэлзэнэ. Магадлан итгэмжлэлийг түдгэлзсэн шийдвэр гарсны дараа 4 сарын дотор сургалтын байгууллагад нөхцөлийг өөрчлөх, нөхцөлтэйгөөр магадлан итгэмжлэх шаардлагыг хангасан талаарх нотлох баримтаа илгээх боломж олгоно. Үүнийг комисс, мэргэжлийн зөвлөл хянан үзээд үндэслэлтэй гэж үзвэл нөхцөлийг өөрчлөх, нөхцөлтэйгээр магадлан итгэмжлэх шийдвэр гаргаж болно.

2.3.6.Комисс, мэргэжлийн зөвлөл нь гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах ба хуралдаанаас  тогтоол гаргаж, сургалтын байгууллагад  мэдэгдэнэ.

2.3.7.Комиссын шийдвэрийг баталгаажуулах

Комиссын шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногт багтаан Удирдах зөвлөлд шийдвэрийг танилцуулна. Удирдах зөвлөлийн хуралдаанд комиссын дарга мэдээлэл хийнэ. Шаардлагатай бол удирдах зөвлөлийн хуралдаанд шинжээчийн багийн ахлагчийг оролцуулж болно.

2.3.8.Удирдах зөвлөлийн хуралдаанаар комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл баталгаажуулж, тогтоол гаргана.

2.3.9.Удирдах зөвлөлийн тогтоол ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад удирдах зөвлөлийн дарга, ажлын албаны захирлын гарын үсэг бүхий гэрчилгээг олгоно.

2.3.10.Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг баталгаажуулах

Мэргэжлийн зөвлөлийн шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногт багтаан комисст шийдвэрийг танилцуулна. Комиссын хуралдаанд  мэргэжлийн зөвлөлийн дарга мэдээлэл хийнэ. Шаардлагатай бол комиссын хуралдаанд шинжээчийн багийн ахлагчийг оролцуулж болно.

2.3.11.Комиссын хуралдаанаар мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл баталгаажуулж, тогтоол гаргана.

2.3.12.Комиссын тогтоол ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрт комиссын дарга, мэргэжлийн зөвлөлийн даргын гарын үсэг бүхий гэрчилгээг олгоно.

Гурав. Гомдол гаргах

3.1.Магадлан итгэмжлэлийн тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй сургалтын байгууллага шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор БМИҮЗ-ийн дэргэдэх өргөдлийн хороонд хандан гомдол гаргах эрхтэй. Гомдлоо өргөдөл хэлбэрээр гаргах ба нэмэлт нотолгоо, баримтуудыг хавсаргасан байна.

Дөрөв. Магадлан итгэмжлэгдсэнийг бүртгэх

4.1.Магадлан итгэмжилсэн шийдвэр гарсны дараа сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийг Ажлын алба мэдээллийн санд бүртгэнэ.

4.2.Магадлан итгэмжлэлийн шийдвэр гарсны дараа өөрийн үнэлгээний тайлан, шинжээчийн багийн тайлан, магадлан итгэмжлэх комисс, мэргэжлийн зөвлөлийн хуралдааны протокол, тогтоол, бусад холбогдох материалыг архивт нэгж болгон хадгална.

4.3.Бүртгэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрийн талаар БМИҮЗ-ийн цахим хуудсанд албан ёсоор ил тод, нээлттэй мэдээлнэ.

Тав. Магадлан итгэмжлэлийн дараах арга хэмжээ

5.1.Нөхцөлтэйгээр магадлан итгэмжилсний дараа

5.1.1.Сургалтын байгуулага, хөтөлбөр нөхцөлтэйгээр магадлан итгэмжлэгдсэн бол шийдвэр гарснаас хойш 10-аас доошгүй сарын дотор комисс, мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлага, зөвлөмжүүдийг бүрэн хангаж, ахиц дэвшлийн тайлан, нотлох баримтыг ажлын албанд ирүүлнэ.

5.1.2.Ажлын алба ирүүлсэн ахиц дэвшлийн тайлан, нотлох баримтыг нягтлаад өмнө ажилласан шинжээчийн багт хүргүүлнэ. Сургалтын байгууллагаас ирүүлсэн тайлан, баримт материалуудад тулгуурлан комисс, мэргэжлийн зөвлөлийн тавьсан шаардлага, нөхцөлийг хангаж байгаа эсэхэд шинжээчид үнэлгээ хийнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шинжээчийн багийн ахлагч сургалтын байгууллагад очиж ажиллаж болно.

5.1.3.Шинжээчийн үнэлгээ болон холбогдох баримт бичгүүдийг комиссын, мэргэжлийн зөвлөлийн дарга хянан үзээд ойрын хуваарьт хуралдаанаар хэлэлцэж, хэрэв шалгуур, шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл магадлан итгэмжлэлийн хугацааг үргэлжлүүлнэ.

5.1.4.Шалгуур, шаардлагыг бүрэн хангаагүй тохиолдолд магадлан итгэмжлэлийн хугацааг сунгахгүй бөгөөд сургалтын байгууллагад холбогдох сайжруулалтыг хийх 6 сарын хугацаа өгнө. Сургалтын байгууллага 4 сарын дотор шинэ нотолгоо, баримтуудаа Ажлын албанд ирүүлж, 5.1.2-5.1.3-т зааснаар шинжээчид болон комисс, мэргэжлийн зөвлөл өмнөхтэй адил ажиллана. 

5.1.5.Хэрэв шалгуур, шаардлагыг хангаагүй, ахиц дэвшил гараагүй тохиолдолд комисс, мэргэжлийн зөвлөл магадлан итгэмжлэлийн хугацааг сунгахгүй бөгөөд 6 сарын дараа магадлан итгэмжлэл нь цуцлагдана. Магадлан итгэмжлэх эсэх талаар эхний болон хоёр дахь удаагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй.

5.2.Магадлан итгэмжлэлийг түдгэлзсэний дараа

5.2.1.Сургалтын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэхийг түдгэлзсэн бол сургалтын байгууллага нь шаардлага, зөвлөмжид дурдсан асуудлуудыг засаж сайжруулан, шийдвэр гарснаас хойш 6-12 сарын дотор дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.

5.2.2.Комисс, мэргэжлийн зөвлөлөөс тавьсан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тухай ахиц дэвшлийн тайлан, нотлох баримтыг сургалтын байгууллага ажлын албанд ирүүлнэ. Ахиц дэвшлийн тайлан, нотлох баримтыг ажлын алба хянан үзээд өмнө ажилласан шинжээчдэд хүлээлгэн өгнө.

5.2.3.Шинжээчид комисс, мэргэжлийн зөвлөлөөс тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг үнэлж, дүгнэлт гаргах ба нэмэлт шаардлага, зөвлөмжийг гаргах эсэхийг шийднэ.

5.2.4.Шинжээчдийн үнэлгээний тайлан болон холбогдох баримт бичгүүдийг ажлын алба комисс, мэргэжлийн зөвлөлд илгээх ба ойрын хуваарьт хурлаараа хэлэлцэж,  шийдвэрлэнэ.

5.2.5.Хэрэв комисс, мэргэжлийн зөвлөлийн тавьсан нөхцөл, шаардлагыг хангаж чадаагүй бол магадлан итгэмжлэлийг цуцлах буюу олгохгүй.

5.2.6.Магадлан итгэмжлэлийг цуцлах буюу олгохгүй шийдвэр гарснаас хойш 18 сарын дотор байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ ажлын албанд гаргаж болно. Энэ тохиолдолд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа шинээр эхэлнэ.

Зургаа. Магадлан итгэмжилсэн шийдвэрт өөрчлөлт оруулах

6.1.Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөр нь шалгуур, шаардлагыг хангахад нөлөөлж болзошгүй сургууль, хөтөлбөрийн томоохон өөрчлөлтийг ажлын албанд цаг тухайд нь мэдэгдэж, шинээр үүссэн нөхцөл байдал (нэгдэх, салбарлах гэх мэт) нь магадлан итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх талаар дүгнэлт гаргуулна.

6.2.Сургууль, хөтөлбөр нь томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа, эсвэл хийсэн тухай, энэ нь  магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангахад хэрхэн нөлөөлөх талаар Ажлын албанд бичгээр ирүүлсэн үндэслэл, тайлбарыг ажлын алба нягталж үзээд комисс, мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ.

6.3.Сургалтын байгууллага, хөтөлбөрт шинээр үүссэн нөхцөл байдал магадлан итгэмжлэлийг хүчинтэйд тооцож болох эсэхээр дүгнэлт гаргах аль нэг гишүүнийг  комисс, мэргэжлийн зөвлөлийн дарга томилон ажиллуулна.

6.4.Гишүүний дүгнэлтийг хэлэлцээд комисс, мэргэжлийн зөвлөл тухайн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд магадлан итгэмжлэлийг хүчинтэй хэвээр үлдээнэ. Тухайн өөрчлөлт нь шалгуур, шаардлагад нийцээгүй, чанарын удирдлагын тогтолцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл магадлан итгэмжлэлийг түдгэлзэх эсвэл тухайн хийж, хийх гэж буй өөрчлөлтийг зогсоохыг шаардана.

6.5.Тухайн үүссэн нөхцөл байдал (нэгдэх, салбарлах гэх мэт) нь магадлан итгэмжлэлийг цуцлах үндэслэлтэй бол магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг шинээр эхлүүлэх ба энэ тухай шийдвэрийг сургуульд бичгээр мэдэгдэнэ.

Долоо. Чанарын үнэлгээ хийх

7.1.Магадлан итгэмжлэгдсэн шийдвэр гарснаас хойш хичээлийн 5 улирлын дараа байгууллага нь Комиссын өгсөн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд чанарын үнэлгээ хийж, ахиц дэвшлийн тайлангаа Ажлын албанд ирүүлнэ.

7.2.Тайландажлын албаүнэлгээ хийж, үнэлгээний тайланг Ажлын албаны захирлын шийдвэрийн хамт сургалтын байгууллагад хүргүүлнэ.

Найм. Дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах8.1.Магадлан итгэмжлэлийн хугацаа дуусахаас өмнө 6 сараас доошгүй хугацаанд дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ сургалтын байгууллага гаргах үүрэгтэй. Дахин магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь завсардалт үүсэхгүй байхаар зохион байгуулагдана.

8.2.Дахин магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь өмнөх магадлан итгэмжлэлтэй адил үйл явц, үе шаттай хэрэгжинэ.