Хэвлэх DOC Татаж авах

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн
2018 оны 08 тоот тогтоолын дөрөвдүгээр хавсралт

ХӨТӨЛБӨРИЙН УРЬДЧИЛСАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН НИЙТЛЭГ ШАЛГУУР, ШААРДЛАГА

Шалгуур 1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, АГУУЛГА

Хөтөлбөрийг нийтлэг шаардлага, загварын дагуу боловсруулж баталсан байна. Хөтөлбөрийн зорилго нь сургуулийн зорилготой уялдахаас гадна оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.

1.1.Хөтөлбөрийн баримт бичиг

Хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагын дагуу хөтөлбөрийн баримт бичгийг иж бүрэн боловсруулж, Хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн баталсан байна.

1.2.Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн төгсгөлд суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал буюу суралцахуйн зорилтот үр дүнгээр хөтөлбөрийн зорилгыг тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго нь тухайн мэргэжлийн чиглэл, боловсролын түвшингийн үндэсний болон олон улсын нийтлэг чадамжид дүйцэхүйц байхын зэрэгцээ сургуулийн зорилгод нийцсэн (өөрийн сургуулийн онцлог, давуу байдлыг тусгасан) байна. Суралцахуйн зорилтот үр дүнг тодорхойлоход оролцогч талуудыг татан оролцуулж, тэдний хэрэгцээ, шаардлагыг тусгасан байна.

1.3.Хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн агуулга нь суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай суралцахад чиглэсэн байна. Хөтөлбөрийн агуулгыг онол практикийг зохистой хослуулан, логик дэс дараалалтай, давхардалгүй хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулж, заавал болон сонгон суралцах агуулга, сургалтын хэлбэрийг  зохистой тогтоосон байна.

1.4.Хичээлийн хөтөлбөрүүд

Сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хичээл бүрийн хөтөлбөрийг иж бүрэн боловсруулсан байна. Үүнд: тухайн хичээлийг судлах үндэслэл, урьдач нөхцөл, уялдаа холбоо, суралцахуйн зорилтот үр дүн, хичээлийн агуулга, багц цаг, оюутны суралцах ачаалал, үнэлгээний аргачлал зэргийг дэлгэрэнгүй багтаасан байна. Эдгээрийг суралцагчдад ил тод мэдээлэх, гарын авлага болгон хэвлэхэд бэлтгэсэн байна.

1.5.Хөтөлбөрт тавих тусгай шаардлага

Хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүн, агуулга нь тухайн хөтөлбөрийн хамаарах ерөнхий, төрөлжсөн, нарийвчилсан чиглэлээр Мэргэжлийн зөвлөлөөс тогтоосон тусгай шаардлагыг хангасан байна.

Шалгуур 2. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

Хөтөлбөрөөр суралцах хугацаанд мөрдөх дүрэм, журам нь суралцагчийн бие даан амжилттай суралцахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн, хүртээмжтэй, ашиг сонирхолд нь нийцэхүйцээр боловсруулсан байна.

2.1.Элсэлт

Элсэгчдэд тавих шаардлага нь хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүнд хүрэх боломжийг олгосон, шударга, ил тод байна. Шаардлагатай тохиолдолд элсэгчдэд дутагдаж байгаа шаардлагыг хангах боломж олгож, цаашид суралцахуйн зорилтот үр дүнд хүрэхэд дэмждэг байна.

2.2.Суралцах ачаалал, багц цаг

Хөтөлбөрөөр суралцах оюутны танхимд болон бие даан суралцах ачаалал нь улирал бүрт жигд, зохистой хэрэгжихээр төлөвлөсөн ба хэт ихсэх буюу багасахаас сэргийлдэг байна.

2.3.Багшлах, суралцах арга зүй

Багшлах, суралцах арга зүй нь суралцагч төвтэй арга барилд тулгуурласан, суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай суралцахад нь дэмждэг байна.

2.4.Дадлага, хамтын ажиллагаа

Бие даан суралцах чадвараа хөгжүүлэн төгсөгчийн чадамжийг бүрэн эзэмших, ажлын байранд шаардагдах ур чадвар, мэргэжлийн чиг баримжаа авах зорилгоор дадлагын ажлыг гүйцэтгэх удирдамжтай байна. Сургалтын төлөвлөгөөний дагуу хийх дадлагын ажлаас гадна туршилт судалгаа, мэргэжлийн үйл ажиллагаанд суралцагчдыг оролцуулахаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

2.5.Төсөл, судалгаа, төгсөлтийн ажил

Хөтөлбөрийн суралцахуйн зорилтот үр дүнд тодорхойлсны дагуу төсөл, судалгааны ажлыг тодорхой журам, удирдамжийн дагуу гүйцэтгэх орчин нөхцөл, нөөц, боломжийг бүрдүүлсэн байна.

Шалгуур 3. Суралцагчийн үнэлгээ, хөгжил

Хөтөлбөрөөр суралцагч нь суралцахуйн зорилтот үр дүнд амжилттай хүрэхэд чиглэсэн ил тод, шударга үнэлгээний системтэй байх ба амжилттай суралцах, хөгжиж төлөвшихөд нь зөвлөн тусалдаг байна.

3.1.Суралцагчийн үнэлгээ, шалгалт

Хөтөлбөрийн явцад үнэлгээний олон төрөл хэлбэрийг ашиглан суралцагчийн суралцахуйн зорилтот үр дүн (мэдлэг, чадвар, дадал)-гийн гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоотой байна. Үнэлгээний  журам, шалгуур нь суралцагчийн сурлагын амжилтыг шударга ил тод үнэлэхэд чиглэсэн байна. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг цогцоор үнэлэх шалгалтын материалын санг хичээл бүрээр боловсруулсан байна.

3.2.Суралцагчийн хөгжил, суралцахуйн хүрсэн үр дүнг хүлээн зөвшөөрөх

Хөтөлбөрөөс гадуур суралцагчийн бие даан эзэмшсэн болон өөр сургууль, хөтөлбөрөөс суралцсан суралцахуйн үр дүнг хүлээн зөвшөөрч, багц цагийг дүйцүүлэн тооцох боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн суралцагчийн шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэхдээ /багц цагийг хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэн тооцох, багц цагаас чөлөөлөх/ холбогдох дүрэм, журмын дагуу суралцагчийн эрх ашигт нийцүүлдэг байна.

3.3.Суралцагчид зөвлөн туслах үйлчилгээ

Суралцагчдыг амжилттай суралцах, хөгжиж төлөвшихөд нь зөвлөн туслах үйлчилгээг системтэйгээр үзүүлдэг байна. Зөвлөн туслах үйлчилгээ нь суралцагч /тусгай хэрэгцээт суралцагч гэх мэт/-ийн хэрэгцээ, шаардлагыг хангаж, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэнэ.

Шалгуур 4. БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН         

Хөтөлбөрийн зорилгыг хангах, суралцагчид суралцахуйн зорилтот үр дүнд хүрэхэд хангалттай мэргэшсэн, чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй байна.

4.1.Багшийннөөц

Тухайн хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, боловсролын зэргийн түвшингээс дээгүүр боловсролын зэрэг, эрдмийн цолтой, багшлах өндөр урч адвартай, мэргэжлийн туршлага бүхий багшийн нөөцтэй байна. Багш, оюутны тооны харьцааг зохистой тогтоож, урьдчилан төлөвлөсөн байна.

4.2.Багшийн хөгжил

Багш нар мэргэжлийн болон багшлах ур чадвараа дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийж, боловсролын зэрэг, эрдмийн цолоо ахиулахад нь чиглэсэн үйл ажиллагааг системтэй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

4.3.Судалгаа ба хөгжил

Багш нарын судалгааны ажлын үр дүнг хөтөлбөрт тусгахын зэрэгцээ хөтөлбөрийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгааг тогтмол хийх нэгдсэн төлөвлөлт, багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулсан байна. 

Шалгуур 5. НӨӨЦ БА УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Суралцахуйнзорилтот үр дүнд хүрэхэд шаардагдах нөөцийг бүрдүүлж, нөөцийн хуваарилалт болон гүйцэтгэлийг хянах, хөтөлбөрийн талаар шийдвэр гаргахад шаардлагатай удирдлага мэдээллийн нэгдсэн системтэй байна.

5.1.Суралцахуйн орчин

Тухайн мэргэжлийн чиглэл, боловсролын түвшингийн суралцагчид идэвхтэй суралцах анги танхим, лаборатори, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байна. Суралцагчид бие даан суралцахдаа эдгээрийг ашиглах боломжтой байна.

5.2.Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн

Хичээлийн хөтөлбөр тус бүрээр үндсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг хангалттай бүрдүүлсэн, тэдгээрийг суралцагчид хэвлэмэл болон цахим хэлбэрээр ашиглах боломжтой байна.

5.3.Удирдлагын мэдээллийн систем

Хөтөлбөрийн удирдлагын шуурхай, оновчтой үйл ажиллагааг хангахад чиглэсэн мэдээлэл цуглуулах, боловсруулах удирдлагын мэдээллийн системтэй  байна. Цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээг хөтөлбөрийг сайжруулахад ашиглана.

5.4.Мэдээллийн ил тод байдал

Тухайн хөтөлбөрийн танилцуулга, суралцахуйн зорилтот үр дүн, элсэгчид тавих шаардлага, сургалтын төлөвлөгөөний бүтэц, хичээлийн хөтөлбөрүүд, суралцах ачаалал, багц цаг, суралцагчийн үнэлгээний аргачлал зэрэг мэдээллийг багш, суралцагчдад нээлттэй хүргэж, цаашид тогтмол шинэчлэх боломжтой байна.

5.5.Төсөв, санхүүжилт

Хөтөлбөр олон эх үүсвэрээс санхүүжих ба хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийх, шинэчлэх төсөвтэй байна. Хөтөлбөрийн санхүү жилтийн тодорхой хувь нь багшлахуй, суралцахуйн хөгжилд зарцуулахаар төсөвлөгдсөн байна.

Шалгуур 6. ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Хөтөлбөрийг оролцогч талуудын оролцоотойгоор тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын тогтолцоотой байна.

6.1.Дотоод чанарын баталгаажуулалт ба хөтөлбөрийн сайжруулалт

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бүхэлд нь болон үе шат бүрийг, түүнчлэн бүрэлдэхүүн хэсэг (хичээлийн хөтөлбөрүүд, суралцахуйн орчин, багшлахуй ба суралцахуйн үнэлгээ, элсэлт ба төгсөлт гэх мэт) тус бүрийг байнга хянан үнэлж, тухай бүр сайжруулах чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог төлөвлөж, хэрэгжүүлэх бэлтгэлийг хангасан байна. Чанарын дотоод баталгаажуулалтын бүтэц, үйл явцад бүх талуудын оролцоог хангана.

6.2.Магадлан итгэмжлэл

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш жил бүр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийж, үндэсний болон олон улсын нийтлэг жишигт хүрэхийг эрмэлзэж ажиллана.