A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 382

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8, 57.12, 77.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-ыг 2 дугаар хавсралт, "Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам"-ыг 3 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралт, "Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралт, "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг 6 дугаар хавсралт, "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 7 дугаар хавсралт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 8 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. 

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 126 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 490 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор 1, 2, 5-7 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 15 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор 1 дэх заалт болон 6 дугаар хавсралтад нэмэлт орсон. Засгийн газрын 2023 оны 242 дугаар тогтоолоор 2, 6 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолоор 7 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Төрийн албаны тухай хуульд тусгайлан зааснаас өөрөөр төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс тогтоохгүй байхыг төсвийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 2, 3, 4, 5 дугаар хавсралт, "Тогтоолын заалт өөрчлөн найруулах тухай" Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр тогтоол, "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоол, "Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоол, "Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоол, "Нэмэгдлийн хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаар тогтоол, "Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар тогтоол, "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 151 дүгээр тогтоол, "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 150 дугаар тогтоол, "Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 229 дүгээр тогтоолын 2 дахь заалт, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 275 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгохтой холбоотой Засгийн газрын гишүүний дангаар болон хамтран баталсан шийдвэрийг шинэчлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

5. Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл хөлс, төрийн үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус эхлэн тооцож олгосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

6. Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ