Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 382 дугаар
  тогтоолын 3 дугаар хавсралт

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ДОКТОРЫН ЗЭРЭГ, ПРОФЕССОР
ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ


1. Төрийн албыг өндөр мэдлэгтэй хүний нөөцөөр бэхжүүлэх, төрийн албан хаагчид эрдэм боловсролоо дээшлүүлж байх сонирхлыг дэмжих зорилгоор төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль тогтоомжоор заасан байгууллагад сургалт, эрдэм шинжилгээ, туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын үндсэн үйлдвэрлэл дээр ажилладаг эрдмийн зэрэг, цолтой төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна:

 Эрдмийн зэрэг, цол

 Албан тушаалын сарын үндсэн

         цалингаас бодох хувь

 Шинжлэх ухааны доктор зэрэг

 20

 Профессор цол

 10

 Боловсролын доктор зэрэг

 15

 Дэд профессор цол

 5

З. Докторын зэрэг, профессор цолны нэмэгдлийг төрийн албан хаагчид давхардуулан олгож болно.

4. Энэ журмын 2-т зааснаас бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа шинжлэх ухааны докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хувиар, боловсролын докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцож, докторын зэргийн нэмэгдэл олгоно.

5. Профессор, дэд профессор цолны нэмэгдлийг зөвхөн энэ журмын           2-т заасан ажил, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид олгоно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох дүрэм, журмаар зөвшөөрөгдсөн байгууллагаас олгосон профессор, дэд профессорт цолны нэмэгдэл хамаарна.

6. Докторын зэрэг, профессор цолны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн ажил үүрэг эрхлэн гүйцэтгэсэн хугацаанд нь бодож олгоно.

7. Докторын зэрэг, профессор цолны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.


-----о0о-----