Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын 7 дугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ


1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д багтсан эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

3. Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжид ажиллаж байгаа дарга/эрхлэгч, хүний их эмч, шүдний их эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лабораторийн болон рентген туяаны техникч, ариутгагч, асрагч/үйлчлэгчид албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд сар бүр олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

4. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.

 


-----о0о----