Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн

 А/26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс /цаашид “Комисс” гэх/ нь Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан маргаан, гомдол, хүсэлт /цаашид “маргаан” гэх/-ийг хянан шийдвэрлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.2.Комисс нь төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана.

1.3.Комисс нь маргаан хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Төрийн албан ёсны хэлний тухай хууль, холбогдох бусад хуулийг удирдлага болгоно.

1.4.Комисс нь орон тооны бус байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана.

1.5.Энэ журам нь Патентийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэхэд үйлчлэхгүй.

 

Хоёр.Маргаан шийдвэрлэх комиссийн бүрэн эрх

2.1.Комисс дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2.1.1.маргааныг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх;

2.1.2.маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох этгээдээс гаргуулж авах, гомдлыг хянан шийдвэрлэсний дараа авсан материалаа буцааж өгөх;

2.1.3.Оюуны өмчийн газрын шинжээч, эрх эзэмшигч болон холбогдох бусад этгээдээс тайлбар, нотлох баримт гаргуулж авах;

2.1.4.шаардлагатай тохиолдолд орчуулагч, шинжээч ажиллуулах;

2.1.5.хянан шийдвэрлэж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол зохих журмын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;

2.1.6.тухайн маргаан гарах үндэслэл болсон патент, гэрчилгээ олгосон шийдвэр нь үндэслэлтэй гэж үзвэл гомдлыг хэрэгсэхгүй болгох.

2.1.7.тухайн маргаан гарах үндэслэл болсон патент, гэрчилгээ олгосон шийдвэр нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох.

 

Гурав.Маргаан үүсгэх эсэх тухай шийдвэр гаргах

3.1.Комисс нь дор дурдсан маргааныг хянан шийдвэрлэнэ:

3.1.1.Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан маргаан;

3.1.2.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан маргаан.

3.2.Энэ журмын 3.1-д заасан маргаан шийдвэрлүүлэх хүсэлтийг Комиссын даргад гаргах бөгөөд түүнд дараах мэдээ баримтыг хавсаргана:

3.2.1.хүсэлт гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг буюу шуудангийн хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг;

3.2.2.маргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг буюу шуудангийн хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг;

3.2.3.маргааны үндэслэлийг тодорхой тусгаж, түүнийг нотлох баримтыг хавсаргах;

3.2.4.үйлчилгээний хураамж төлсөн баримт;

3.3.Комиссын дарга хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Комиссын аль нэг гишүүнд хуваарилах бөгөөд уг гишүүн ажлын 10 хоногийн дотор Комиссын даргад саналаа танилцуулна.

3.4.Энэ журмын 3.3-т заасан гишүүний саналыг үндэслэж, Комиссын дарга маргаан үүсгэх эсэх тухай шийдвэр гаргана.

3.5.Шаардлагатай бол өргөдлийг холбогдох этгээдэд танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлаж, энэ тухай баримт үйлдэнэ.

3.6.Маргаан шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтыг талууд бүрдүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв боломжгүй бол талуудын хүсэлтээр Комисс холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх арга хэмжээг авч болно.

3.7.Нотлох баримт бүрдүүлэх болон бусад шалтгаанаар маргаан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болох ба түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц ажиллагааг сэргээн үргэлжлүүлэх шийдвэрийг Комиссын дарга гаргана.

3.8.Хуулиар харьяалуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Оюуны өмчийн газрын чиг үүрэгт холбоогүй асуудлаар өргөдөл гаргасан бол энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ.

3.9.Шаардлагатай гэж үзвэл Комисс тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулж болох бөгөөд холбогдох зардлыг өргөдөл гаргагч хариуцна.

3.10.Гадаад хэлээр бичигдсэн баримтыг албан ёсны орчуулгын хамт ирүүлнэ.

 

Дөрөв.Маргаан шийдвэрлэх ажиллагаа

4.1.Комисс нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан өргөдлийг хүлээн авч, мөн журмын 3.5-д заасан маргаан үүсгэх тухай шийдвэр гаргаснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд нэмэлт ажиллагаа хийхшаардлагатай гэж үзвэл Комиссын дарга уг хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

4.2.Комиссын хуралдаанд маргааны оролцогч талууд болох өргөдөл гаргагч, хариуцагч болон ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээд оюуны өмчийн газрын шинжээч болон Комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд оролцох бөгөөд хуралдааныг гишүүдийн олонхи оролцсоноор хүчинтэйд тооцно.

4.3.Хуралдааныг Комиссын дарга даргалах бөгөөд түүнийг эзгүйд хуралдааныг Комиссын даргын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэх Комиссын аль нэг гишүүн даргална.

4.4.Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг Комиссын нарийн бичгийн дарга /цаашид “нарийн бичгийн дарга” гэх/ боловсруулж, Комиссын дарга батална.

4.5.Хуралдаанд Комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах /батлах/ эрхтэй оролцох бөгөөд хуралдааны үйл ажиллагаанд Оюуны өмчийн газрын дарга зөвлөх эрхтэйгээр оролцож болно. Энэ тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлын талаар Оюуны өмчийн газрын даргын саналыг заавал сонсоно.

4.6.Маргаан шийдвэрлэх хуралдаанд өргөдөл гаргагч, хариуцагч болон ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд оролцож болно.

4.7.Талууд тайлбараа нотлох, эсрэг талын тайлбарыг үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

4.8.Өргөдөл гаргагч болон холбогдох этгээд тайлбар гаргах, харилцан асуулт тавих, өргөдөлд хавсаргасан холбогдох материалыг судалж үзсэнээр хуралдааныгзохион байгуулна.

4.9.Комиссөргөдлийн үндэслэл, талуудын тайлбар, бусад нотлох баримтыг хянан үзэж, зөвлөлдөн олонхийн саналаар шийдвэр гаргана.

4.10.Комиссын хуралдааны товыг маргааны оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор явсан/-гүйгээр хуралдаанд ирээгүй нь маргааныг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахад саад болохгүй.

4.11.Нарийн бичгийн дарга нь Комиссын дотоод ажлыг хариуцах бөгөөд Комиссын хуралдааны бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.

4.12.Хуралдааны тэмдэглэлд Комиссын дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурах бөгөөд Комиссын даргын түр эзгүйд хуралдааны тэмдэглэлд түүний үүргийг түр гүйцэтгэж байгаа зөвлөлийн гишүүн гарын үсэг зурна.

 

Тав.Комиссын шийдвэр

5.1.Комисс маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.1.1.өргөдөл нь үндэслэлгүй бол хэрэгсэхгүй болгох;

5.1.2.өргөдлийг хүлээн авах үндэслэлтэй бол эрх олгосон баримтыг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт, нэмэлт оруулах тухай тогтоол гаргах.

5.2.Комиссын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд Комиссын дарга тогтоолыг хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болно.

5.3.Тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ:

5.3.1.удиртгал хэсэгт тогтоолыг хэзээ, хаана гаргаж байгаа, маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогчдын нэрс, өргөдөл, гомдлын шаардлага, холбогдогч талын тайлбар зэргийг дурдана;

5.3.2.үндэслэх хэсэгт маргааныг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн байдлыг тусгана;

5.3.3.тогтоох хэсэгт шийдвэр гаргасан хууль зүйн үндэслэл, маргааныг шийдвэрлэсэн байдал, талууд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тусгана.

5.4.Тогтоолыг 7 хоногийн дотор Оюуны өмчийн газрын даргад хүргүүлэх бөгөөд уг тогтоолыг Оюуны өмчийн газрын дарга 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна.

5.5.Оюуны өмчийн газрын дарга шийдвэрийг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт Комисст буцаана.

5.6.Комисс нь энэхүү журмын 5.5-д заасан Оюуны өмчийн газрын даргын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.6.1.тайлбарыг хүлээн зөвшөөрвөл өмнө гаргасан тогтоолоо өөрчлөх;

5.6.2.тайлбарыг эс зөвшөөрвөл энэ журмын 5.4-т заасан тогтоолоо Оюуны өмчийн газрын даргад хүргүүлж шийдвэрлүүлэх.

5.7.Шаардлагатай бол Комиссын шийдвэрийг үндэслэн тухайн бүтээлийг бүртгэсэн оюуны өмчийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ тухай Оюуны өмчийн газар өөрийн хэвлэлд хэвлэн нийтэлнэ.

 

Зургаа.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэг

6.1.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны талууд оролцно.

6.2.Өргөдөл гаргагч, хариуцагчийнэрх, үүрэг:

6.2.1.Оюуны өмчийн газрын шинжээчийн дүгнэлт болон Комиссын шийдвэртэй танилцаж, үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо энэхүү журамд заасан харьяаллын дагуу гаргах;

6.2.2.холбогдох тайлбар, нотлох баримтыг Комисст гаргаж өгөх;

6.2.3.хуралдаанд оролцох буюу өөрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах;

6.2.4.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

6.3.Оюуны өмчийн газрын шинжээчийн эрх, үүрэг:

6.3.1.Комиссын шийдвэртэй танилцах;

6.3.2.холбогдох тайлбар, нотлох баримтыг Комисст гаргаж өгөх;

6.3.3.хуралдаанд оролцох;

6.3.4.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

 

Долоо. Сонирхлын зөрчил

7.1.Дараахь тохиолдолд Комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үл оролцох бөгөөд өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

7.1.1.маргаанд оролцогч талуудын гэр бүл, төрөл садан бол;

7.1.2.маргаанд оролцогч тал болох хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч бол;

7.1.3.гэр бүл, төрөл садан нь маргааны оролцогч тал болох хуулийн этгээдийн эрх бүхий этгээд (Төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, мэргэжилтэн) бол.

7.2.Комиссын бүрэлдэхүүнд дараах этгээдийг оролцуулахгүй.

7.2.1.Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 27 дугаар зүйлд заасан этгээд,

7.2.2.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан этгээд,

7.2.3.Патентийн тухай хуулийн хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан ажиллагаанд оролцогч,

7.2.4.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8, 24 дүгээр зүйлд заасан ажиллагаанд оролцогч.

7.3.Маргаанд оролцогч талууд Комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг энэхүү журмын 7.1, 7.2-т заасан үндэслэлээр гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг Комисст бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтийг Комисс 2 хоногийн дотор шийдвэрлэнэ.

7.4.Комиссын гишүүд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсны улмаас Комиссын хуралдааны ирц бүрдэхгүй болсон тохиолдолд Оюуны өмчийн газрын даргатухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх комиссыг томилно.

7.5.Энэхүү журмын 7.2-т заасныг зөрчиж гаргасан Комиссын шийдвэрийг хүчингүйд тооцно.