Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны А/05 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

ЗӨГИЙН ЕВРОП ҮЖИЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Зөгийн европ үжил өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Зөгийн европ үжилөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт: Европ үжил нь Melissococcus pluton (=Streptococcus pluton)спор үүсгэдэггүй, грам эерэг бактериар үүссгэгддэг, нээлттэй авгалдай, хүүхэлдэй (үрвэлдэй)-г өвчлүүлдэг халдварт өвчин юм. Европ үжлийн халдварын эхэн үед M. pluton нь голдуу өвчлүүлэх боловч энэ өвчнийг дагалдан Enterococcus faecalis, Paenibacillus alvei, Bacillus laterosporus, Bacterium eurydice, Paenibacillus apiarius зэрэг нөхцөлт бактериуд  үрждэг. Эдгээр бактериуд нь үрвэлдэйг Европ үжлээр шууд өвчлүүлэхгүй боловч үжлээр өвчилж, үхсэн үрвэлдэйн биед үржин, үнэр үүсгэж, онош тогтооход туслах чухал ач холбогдолтой. Европ үжлийн бактерийн хоруу чанар нь америк үжлийн бактериас бага. M. Pluton бактери нь 0.5-0.7 х 1.0 мкм хэмжээтэй, спор үүсгэдэггүй, богино, голоороо цүндгэр хэлбэртэй, ганц нэг, эсвэл янз бүрийн урттай гинжин хэлбэр үүсгэдэг. Бактерийг карбол фуксинээр будахад цайвар суурин дээрх бараан улаан өнгөөр будагддаг. Европ үжилнь ихэвчлэн хавар хүйтрэх, үүрний дулаалга, тэжээл хомсдох зэргийн улмаас зөгийн бүл стресст ороход өвчний явц даамжирдаг. Европ үжлээр өвчилж үхсэн зөгийн авгалдай нь америк үжлээр өвчилсөн авгалдайгаас залуу байдаг. Энэ өвчинд 4-5 өдрийн настай буюу нугарч эхэлж буй шатны авгалдай түлхүү, ташаалавч хаагдахын өмнөх шатны авгалдайнууд цөөн тоогоор нэрвэгддэг. Хаагдаагүй ташаалавч дахь авгалдай өвчлөх нь гол шинж тэмдэг болдог. Өвчилсөн авгалдай нь гэрэлтсэн цагаан өнгөөс цайвар шар, улмаар цайвар хүрэн, хүрэн, хар өнгөтэй болон хувирч хатуурч хатсан, уян хатан бус байдаг. Үхсэн авгалдай нь ташаалавчийн хананд наалдаагүй байдаг тул хамсаагаар татахад амархан сугарч гарч ирдэг. Өвчилсөн бүлийн задгай ташаалавч дахь үхсэн үрвэлдэй нь исгэлэндүү үнэртэй болно. Энэхүү үнэр, өнгөний өөрчлөлт нь голдуу бусад нөхцөлт бактериуд үржсэнээс болж үүсдэг (Bacillus alvei,Streptococcus faecalis, Achromobacter eurydice).Ажилчин зөгий ташаалавчид байх өвчилсөн үрвэлдэйг зайлуулж ташаалавчийг цэвэрлэх, хөгжиж буй авгалдайг сүүнцрээр тэжээн арчлах явцдаа халдварыг дамжуулна. Өвчин нь нэг сууриас нөгөө суурьт, нэг бүлээс нөгөөд тархах зам нь үүсгэгчээр халдварлагдсан үүр, багаж хэрэгсэл, сархиаг, тэжээл болно. Түүнчлэн варрао хачиг, шоргоолж зэрэг нь дамжуулагч болно.Европ үжил өвчний үед бүлийн хүч хурдан сулрах, үүрний уланд үхсэн зөгийн тоо олшрох, ажилчин зөгийн тоо цөөрч ажиллах идэвх нь буурах, эх зөгийн өндөглөлт татрах, бүтээгдэхүүний гарц эрс буурах зэрэг эмнэлзүйн ерөнхий шинж тэмдэг илэрнэ. 

ХОЁР. ОНОШЛОГОО

2.1.Зөгийн бүлд үзлэг хийж, өвчний шинж тэмдгийг илрүүлэх замаар оношилно. 

2.2.Америк үжил, европ үжлийг хооронд нь, мөн үрвэлдэй хүүрших өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

3.1.Зөгийн үжил нь зөгийн бүлийн хүч сулрах, арчилгаа дутагдах, үүр бохирдох, зөгийн бүл стресс дарамтанд орсноос зөгийн бүлийн өвчин эсэргүүцэх чадвар суларсны улмаас үүсдэг өвчин тул эрүүл бүлд арчилгааг сайтар явуулах нь өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга болдог.

3.2.Урьдчилан сэргийлэх явцад анхаарах зөвлөмжүүд:

- Өвчин тархаагүй бүлд эрүүл ахуйн дэглэм баримтлах, зөгийн арчилгааг сайжруулах арга хэмжээ авна.

- Хүчтэй, эрүүл бүлийн зөгийнүүд өвчтэй, хүч муутай бүлийг дайрахаас сэргийлэх

- Зөгийн үүрүүд хооронд сархиагтай жаазыг сольж хэрэглэхгүй байх

- Хуучин сархиагтай жаазыг шатааж устгах, дахих хэрэглэхгүй байх

- Зөгийн үүр, жааз, сархиагийг этилен оксид ашиглан жил бүр утаж ариутгах

- Зөгийн үүр, бусад хэрэгслэлийг идэмхий натрийн 3-5%-ийн уусмалд дүрж ариутгах

- Зөгийн үүрний жаазыг жил бүр шинэчилэх

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварлалтыг баталгаажуулан, үрвэлдэйн бусад өвчнөөс ялган оношилно. Европ үжилтэй тэмцэх арга хэмжээг өвчилсөн үрвэлдэйн ташаалавч, сархиагны тооноос буюу халдварын түвшингээс хамаарч явуулна. Халдварын хэмжээ бага байгаа үед эрүүл ахуйн дэглэм сахиж, зөгийн үүрний арчилгааг сайн хийж, зөгийн балны  шингэрүүлсэн уусмалаар сархиагийг шүршинэ. Хөнгөн халдварлалтын үед үрвэлдэй хөгжиж буй жаазыг хасаж, сэмж наасан жаазыг орлуулан тавьж, бүлийг хүчтэй байлгахад анхаарна. Халдварын түвшин өндөр үед халдварласан үрвэлдэйн сархиагийг зайлуулан, оронд нь эрүүл үрвэлдэйтэй сархиаг нэмэх, эсвэл хоосон сархиагийг нэмж өгнө. Залуу эрүүл, хээлтэй эхээр хуучин эхийг нь солих нь үр дүнтэй. Үүний дүнд эх зөгий өндөглөлт нэмэгдэж, зөгийн бүлийн өвчин эсэргүүцэх чадвар нэмэгдэн, зөгийн бүлийн хүч сайжирснаар өвчилсөн үрвэлдэйнүүд үүрнээс хурдан зайлуулагдаж, өвчний тархалт аажмаар намждаг. Өвчний халдварлалт хэт ихэссэн үед америк үжилтэй тэмцэх адил арга хэмжээ авч явуулна. 

4.2.Халдвар өргөн тархсан үед террамицин (тетрациклин гидрохлорид)-ээр эмчилнэ.Лабораторийн шинжилгээгээр үүсгэгчийн антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлж тохирох антибиотикийг сахарын сиропын хамт өвчилсөн бүлд өгнө. Зөгийн бүлийн үүрүүдийн хооронд сархиагтай жаазыг шилжүүлэн хэрэглэхийг хориглоно. Өвчнөөр дахин халдварлахаас сэрэмжлэн, хяналт тавина. Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай харьяалах мал эмнэлгийн байгууллага, малын эмчид албан ёсоор заавал мэдэгдэнэ.

4.3.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.