Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны A/07 дугаар тушаалын хавсралт

МАЛ, АМЬТНЫ ГАЛЗУУ  ӨВЧНӨӨС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

(RABIES, БЕШЕНСТВО)

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Мал амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Мал, амьтны галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Мал, амьтны галзуу өвчин нь бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээн өвчлүүлдэг,  цочмог явцтай, зооноз өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Rhabdoviridaeязгуурын Lyssavirusтөрөлд хамаарагдахгалзуу өвчний үүсгэгч нь180х75 нм дундаж хэмжээтэй, бууны сум мэт өвөрмөц хэлбэртэй, хүн, мал, амьтдын мэдрэлийн эд эсэд сонгомол байдлаар үрждэг, РНХ агуулсан вирус юм. Галзуугийн вирус нь төв мэдрэлийн тогтолцоог гэмтээж тархи, нугас, шүлсний булчирхай, дотор эрхтэнд ихээр хуримтлагдана.Галзуугийн вирус нь дан гинжит РНХ агуулсан учир гадаад орчинд тэсвэргүй. Халаалт, нарны шууд тусгал, хэт ягаан туяаны үйлчилгээ, хлорамин, лизол, сод, марганц хүчлийн кали, 0.1%-ийн давсны хүчил, 4%-ийн борын хүчил, 0.1%-ийн формалины уусмалд 1минутын дотор идэвхээ алддаг. Эфирт маш мэдрэмтгий. Мал, амьтны сэг, зэмэнд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд 35 хоногийн турш хоруу чанараа хадгалдаг.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Халдварын эх үүсвэр нь галзуурсан чоно, нохой, тэдгээрт хазуулсан гэрийн тэжээвэр, зэрлэг амьтад болно. Галзуугийн вирус нь чонын овгийн махчин амьтад, багваахайнхан овгийнамьтдын дунд нэгээс нөгөөд дамжин байгалийн голомт үүсгэн оршино.Ялангуяа хярс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад галзуугийн байгалийн голомтод чухал үүрэгтэй байдаг. Нохой, үхэр, хонь, адуу, гахай нь галзуу өвчинд их мэдрэмтгий байдаг.Галзуу өвчний эпизоотийг байгалийн ба суурингийн гэж ангилдаг. Жилийн мөчлөгтэйүргэлжлэн явагдахбайгалийн эпизоот нь 2-3 жил үргэлжилж, үе үе эрчимждэг. Галзуугийн өвчлөл түүний халдварыг тээгчамьтдын тоо толгойн өсөлтийн үе, биологийн мөчлөгтэй холбоотойгоор хүйтэн, сэрүүний улиралд ихэсдэг. Байгаль дээрх галзуу өвчний эх уурхай нь зэрлэг амьтад бөгөөд хүн, мал болон бусад амьтдыг ноцон урж, шүлсдэн халдварыг тараадаг.Суурин газрын эпизоотийн хэлхээ золбин нохой, муурын дунд явагдаж, эрчим нь эдгээр амьтдын тоотолгойноос шууд хамааралтай байдаг.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Хазсан амьтны шүлсэн дэх галзуугийн вирус тухайн хазуулсан хүн, амьтны биeд үүссэн шарх, гэмтсэн салст бүрхүүлээр орж, мэдрэлийн судлаар дамжиж тархана. Мэдрэлийн эсийн аксоноор дамжин тархины их гадрын мэдрэлийн эсүүд, мэдрэлийн төвүүдэд үржих замаар  энцефалитүүсгэдэг. Шүлсний булчирхай, бөөрний дээд булчирхайд тархаж эмгэгшүүлэх, симпатик мэдрэлийг гэмтээснээр шүлс ихээр гоожих, хөлрөх, зүрх судасны хурц дутмагшлын шинж тэмдэг илэрдэг. Вирус нь мэдрэлийн судлыг даган төв мэдрэлийн тогтолцоонд хүрч уураг тархи, тэнэгч, хэл залгиур, хэлний доодмэдрэлийн бөөмийг гэмтээснээр залгих үйл алдагдан, амьсгалын булчингийн таталт илэрдэг. Өвчилсөн амьтныбулчингийн саажилтаас болж зүрх судас, амьсгалын замын хүнд хэлбэрт бүтэлтээр үхдэг байна. Галзуу өвчний нууц үе нь шархны хэмжээ, байрлалаас хамаарч хугацаа харилцан адилгүй. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино болдог онцлогтой.

2.1.1.Өвчний урьдал үе: Энэ шатанд өвчилсөн мал, амьтанд өвөрмөц бус, халуурах, тавгүйтэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-3 хоног үргэлжилдэг.

2.1.2.Хөөрлийн үе: Энэ үед. өвчилсөнмал, амьтан догширч, чанга дуу чимээ, хүчтэй салхи, хөдөлгөөн зэрэг гадны үйлдэлд үзүүлэх хариу урвал (ус, хурц гэрэл, салхи, дуу шуугианаас айх) хүчтэй илэрч, 1-4 өдөр үргэлжилдэг. Гуйвах, тэнцвэр алдах, унах, босож чадахгүй тийчлэх, амнаас нь тасралтгүй шүлс гоожих зэрэг мэдрэлийн шинжүүд илэрнэ. Энэ шатанд мэдрэлийн эрхтний үйл ажиллагаа бүрэн алдагдсан учир залгиур, завжны булчингийн тал саажилт үүссэнээр шүлс их хэмжээгээр гоожих, мал, амьтны зан төрх өөрчлөгдөн догшин болох, бусад мал, хүн рүү дайрах, хүүхэн хараа нарийсан, цусны эргэлт, амьсгалын төвийн үйл ажиллагаа алдагдан, биеийн халуун улам нэмэгдэнэ.

2.1.3.Саажилтын үе: Таталт, хөөрөл, догширох шинж аажим суларч ухаан балартан хөдөлгөөнгүй болдог шинж тэмдгээр илэрдэг энэ үе нь тухайн мал, амьтан хазуулж халдвар авсан байршил, нууц үеийн үргэлжлэх хугацаа зэрэгтэй холбоотойгоор5-12 өдөр үргэлжилдэг. Нүд, нүүр, мөчдийн  булчингууд саажиж, ялангуяа өрцний булчингийнхүнд саажилтын улмаас үүдэлтэй бутэлтээс болж үхдэг.Энэ саажилтын үе шатанд сүргээсээ хоцрох, шүлс гоожих, хэрхнэгийн хөдөлгөөн зогсох, амьсгалахад бэрхшээлтэй болох, залгиурын саажилтаас шалтгаалан тэжээлээ залгиж чадахгүй болж биеийн булчин чичрэх, хөдөлгөөний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдэг үзүүлэн 3–6 хоногийн дотор үхнэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Галзуу өвчнөөр үхсэн малын хүүр нь туранхай, нүд ширгэсэн, ам, залгиур нь шүлсээр, ходоод нь гадны биетээр дүүрсэн, хивэгч малын сархинаг хуурай, тэжээлийн хатуу хэсгүүд хуримтлагдах, зарим тохиолдолд нарийн гэдэс үрэвсэж, цус харвалт бий болсон байна.

2.3.Лабораторийн оношлогоо: Хээрийн нөхцөлд хэвийн бус харагдаж, хачирхалтай зан авир гаргаж байгаа, эрүү саажсаны улмаас унжиж, шүлс асгарсан шинжээр нь галзуу өвчний урьдчилсан онош тавьдаг.Мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдэдгалзуугийн түргэн тест ашиглан оношилно. Лабораторид эмгэгт материалыг зохих журмын дагуу авч хүргүүлнэ. Галзуу өвчний сорьцонд гавлын ясыг нээж тархины гүүр буюу понс, уртавтар тархи, таламус, тархины суурь, Аммоны эвэр зэрэг газруудаас таслан авч глицерин буферт хадгалааслан хөлдөөлгүй хүргүүлнэ. Эсвэл микроскопын шилэнд таслан авсан дээрхи хэсгүүдээс тархины дардас бэлтгэн ацетон эсвэл метанолын аль нэгэнд бэхжүүлж онош баталгаажуулахаар явуулна. Эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоож,оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт сорьцонд вирус ялгах, дархан туяарах урвал /ДТУ/, полимеразын гинжин урвал /ПГУ/ зэрэг аргуудаар оношилно.

2.4.Ялгаварлан оношлох: Нохойн гударга, Ауески, адууны энцефалит зэрэг өвчнөөс ялгаварлан оношлоно. Нохойн гударга, Ауески өвчний үед хэрцгий зан авир ажиглагддаггүй, эрүү саажиж унждаггүй байна.

2.5.Эмчилгээ: Эмчилгээ байхгүй.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Галзуу өвчний сэжиг бүхий тохиолдолд өртсөн мал, амьтныг устгалд оруулж,үлдсэн мал сүрэгт галзуу өвчний вакциныг зааврын дагуу тарина.

3.2.Урьдчилан сэргийлэх өвөрмөц арга хэмжээ: Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бодгальд авах ямар нэгэн арга хэмжээ байхгүй, үхлээр дуусдаг. Галзуугийнамьд вакциныг мал, амьтанд  зааврын дагуу тарьж урьдчилан сэргийлдэг. Эмнэлзүйн шинж тэмдэг бүхий нохой, түүнд уруулсан мал, амьтныг устгалд оруулах, хорио цээр тогтоох, золбин нохдыг устгах, тэжээвэр нохдыг бүртгэлжүүлж вакцинжуулах зэрэг арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ.

3.3.Тандалт: Вакцинжуулалтын дараах тандалтыг төлөвлөгөөт вакцинжуулалтын арга хэмжээнээс нэг сарын дараа санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Хязгаарлалтын дэглэм:Мал, амьтны галзуу өвчний онош батлагдсан тохиолдолд өртсөн мал, амьтныг устгалд оруулж, халдваргүйтгэл хийж, вакцин таригдсанаас 14 хоногийн дараа ямар нэг сэжигтэй тохиолдол илрэхгүй бол дэглэмийг цуцлана.

4.2.Малын шилжилт, хөдөлгөөнийг хийхгүй.

4.3.Галзуу өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдвар тараах эрсдэлтэй булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon 1%, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ.

4.4.Галзуу өвчний сэжигтэй тохиолдолд өртсөн, хазуулсан бүх мал, амьтныг галзуу өвчний онош батлагдсан хойно малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.  

4.5.Мал, амьтны галзуу өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийж өртсөн мал, амьтныг устгалд оруулан,эрүүл сүрэгт вакциныг зааврын дагуу тарина.

4.6.Галзуу өвчнөөр тайван бус газраас импортлосон мал, амьтанд галзуу өвчний вакцин таригдсан эсэхийг заавал шалгаж, эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг хийнэ.

4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.