Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан

“Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтаар баталсан

“Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар хавсралт

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЗӨВШӨӨРӨЛ, БҮРТГЭЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ, БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗААВАР

1. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх /цаашид “зохицуулалттай үйл ажиллагаа” гэх/ тусгай зөвшөөрөл шинээр авах, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж авах, зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, гүйцэтгэх захирлыг томилох, оноосон нэрийг өөрчлөх, зохицуулалттай этгээд салбар нээн ажиллуулах зөвшөөрөл авах зэргээс хамааран Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 2019 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасан шаардлагуудыг хангасан байна.

2. Шаардлага хангасан этгээд нь холбогдох маягтыг хамт бөглөх бөгөөд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлээс хамааран холбогдох баримт бичгийг хавсаргаж Хороонд цаасаар болон цахимаар ирүүлнэ.

3. Маягтыг үнэн зөв бөглөх бөгөөд, худал, ташаа мэдээлэл ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох үндэслэл болохыг АНХААРНА УУ!!!

4. Маягт бөглөхдөө техникийн үзүүлэлт, компанийн хэлбэрээс бусад тохиолдолд товчлол хэрэглэхгүй, иргэний овог нэр, оноосон нэр, он сар өдрийг бүтэн бичиж, сонгох тохиолдолд тохирох нүдэнд “√” тэмдгийг тавина.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Энэхүү зааврын зорилго нь үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягтыг бөглөх, тэдгээрт хавсаргах баримт бичгийг бүрдүүлэхэд зохицуулалттай этгээдийн үүсгэн байгуулагч, удирдлагуудад мөрдлөг болгон ашиглахад оршино.

ХОЁР. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ,

БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЭХ

А. Тусгай зөвшөөрлийн СЗХ03001 маягтыг бөглөх

Зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-нд хандана.

Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг Хорооны цахим хуудсаас дахь "online" өргөдлийн маягт цонхонд хандаж цахимаар бөглөнө. Өргөдлийн маягтыг цаасаар бөглөх тохиолдолд Хорооны цахим хуудсаас татаж авна.

Маягтыг бөглөхдөө техникийн үзүүлэлт, хуулийн этгээдийн хэлбэрээс бусад тохиолдолд товчлол хэрэглэхгүй, иргэний овог нэр, оноосон нэр, он сар өдрийг бүтэн бичиж, сонгох тохиолдолд тохирох нүдэнд “√” тэмдгийг тавина.

Хэсэг 1. Зохицуулалттай этгээдийн ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэр, иргэн бол овог, нэрийг бүтэн бичнэ.

1. Өргөдөл гаргасан огноо: Он, сар өдөр гэсэн дарааллаар тоогоор бичнэ.

2. Өргөдөл гаргагч хуулийн этгээдийн нэр: Үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.

3. Өмнө нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан бол тийм гэсэн сонголт, явуулж байгаагүй бол үгүй гэсэн сонголтыг хийнэ.

4. Бизнесийн аль салбарт, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тухайгаа товч бичнэ.

5. Өмнө нь тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлж байсан бол тийм гэсэн сонголт, ирүүлж байгаагүй бол үгүй гэсэн сонголтыг хийнэ.

6. Тусгай зөвшөөрөл хүсэж байсан бол хэдэн онд ирүүлж байсан эсэх, яагаад татгалзсан тухай товч бичнэ.

7. Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны төрлийг үйл ажиллагааны чиглэлээс хамааран сонгоно.

  1. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан огноо, хуулийн этгээдийн хэлбэр, хөрөнгө оруулалтын хэлбэр, хаяг байршил, цахим хаяг зэрэг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг асуулгын дагуу нөхнө.

Хэсэг 2. Үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл

Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд, иргэний аль нь болохыг тодорхойлж, тохирох нүдэнд “√” тэмдгийг тавина.

1. Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн талаарх мэдээллийг бөглөхдөө:

1.Оноосон нэр: Монгол – хуулийн этгээдийн нэрийг кирилл үсгээр, бүтэн бичнэ.

 Англи – хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ.

2. Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан хурлын огноог он, сар, өдөр гэсэн дарааллаар бичнэ.

3. Хуулийн этгээдийн хэлбэр: ХК-хувьцаат компани, ХХК-Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.

4. Хөрөнгө оруулалтын хэлбэрээс тохирох нүдийг сонгоно.

5. Дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт хувьцааг /100 хувь/ Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуй нэгжийг тус тус ойлгоно.

6. Бизнесийн салбар, үйл ажиллагааны чиглэл: Үүсгэн байгуулагч хуулийн этгээд нь бизнесийн аль салбарт, ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг болохоо бичнэ.

7. Үйл ажиллагааны цэвэр ашиг: Санхүүгийн тайланд тусгагдсан татвар төлсний дараах цэвэр ашгийн дүнг төгрөгөөр бичнэ.

8. Хуулийн этгээдэд оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө: Үүсгэн байгуулагч хуулийн этгээдээс оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг төгрөгөөр бичнэ.

9. Хаяг байршил: Хуулийн этгээдийн одоо байршиж байгаа эсхүл байршихаар гэрээ байгуулсан байрны хаягийг хүснэгт дэх асуулгын дагуу дэлгэрэнгүй бичих бөгөөд хаяг байршлыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн байна.

10. Холбоо барих утас: Хуулийн этгээдийн холбоо барих суурин, гар утас, факсны дугаарыг бичнэ.

11. Цахим хаяг, цахим хуудас: Хуулийн этгээдийн албан ёсны цахим хаяг, хуудсыг бичнэ. Цахим хуудасгүй бол бөглөх шаардлагагүй.

2. Үүсгэн байгуулагч хуулийн этгээдийн компанийн нэгдлийн талаарх мэдээллийг бөглөхдөө:

1. Компанийн нэгдэлд хамрагддаг эсэхийг тодорхойлж, тийм, үгүй гэсэн сонголтоос тохирох нүдийг сонгоно.

2. Нэгдэлд оролцогч компаниудын оноосон нэр: Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хуулийн этгээдийн нэр /Гадаадын хуулийн этгээд бол тухайн гадаад улсын зохих байгууллагаас олгосон гэрчилгээн дэх нэр/-ийг бичнэ.

3. Компанийн хэлбэр: Хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.

4. Тусгай зөвшөөрөл хүсэгч компанитай ямар холбоотой болохоо толгой, хараат, охин, зэргэлдээ гэсэн нүднээс сонгоно.

5. Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан огноог өдөр, сар он гэсэн дарааллаар бичнэ.

6. Нэгдэлд оролцогч компаниудын эрхэлж буй үйл ажиллагааны төрлийг бичнэ.

7. Улсын бүртгэлийн гэрчилгээ дэх регистрийн дугаар, эрхлэх үйл ажиллагааны төрлийг бичнэ.

8. Байгууллагын хаяг, утас, цахим хуудас, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллийг хүснэгтэд оруулна.

Хэсэг 3. Хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч нь иргэн бол тэдгээрийн талаарх мэдээллийг бөглөхдөө:

Иргэний овог нэр, регистрийн дугаар, засаг захиргааны бүртгэлтэй албан ёсны хаяг байршил, ажил эрхлэлт, мэргэжлийн талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу бичнэ.

1.Үүсгэн байгуулагч иргэн бүрээр хувь нийлүүлсэн хөрөнгийн талаарх мэдээллийг бөглөхдөө:

Тэдгээрийн овог нэр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлийг төгрөгөөр бичнэ.

2. Үүсгэн байгуулагч иргэний холбогдох этгээдийн байдал хэсгийг бөглөхдөө:

1. Үүсгэн байгуулагч иргэний холбогдох этгээдийг тодорхойлж, холбогдох этгээдийн овог нэр, регистрийн дугаар, ажил эрхлэлтийн байдлыг хүснэгт дэх асуулгын дагуу оруулна.

Тайлбар: Холбогдох этгээд гэдэгт Компанийн тухай хуулийн 89.2-т заасны дагуу тэдгээрийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн бусад гишүүн, тэдгээрийн эцэг, эх, хүүхэд, ач, зээ болон ах, эгч, дүү, тэдгээр нь өөрсдийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшдэг компанитай хийгдэж байгаа хэлцлийн үр дүнгээс шууд болон шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа тохиолдолд уг гэрээнд оролцогч талуудыг ойлгоно.

Хэсэг 4. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн мэдээлэл

Оноосон нэр, Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан огноо, хуулийн этгээдийн хэлбэр, хөрөнгө оруулалтын хэлбэр, хаяг байршил, цахим хаяг зэрэг мэдээллийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг бөглөх зааврын дагуу бичнэ.

Шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн дансны мэдээллийг оруулахдаа дансны төрлийг сонгож, банкны нэр, дансны дугаар, валютын төрөл бүрээр банкин дахь харилцах, хадгаламжийн дансны үлдэгдлийг нөхнө.

  1. Тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн талаарх мэдээллийг бөглөхдөө:

Хуулийн этгээд, иргэнээс үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд оруулсан хувь хөрөнгийн хэмжээг хувьцааны тоо, хэмжээ, хувь нийлүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь тус бүрээр хүснэгт дэх асуулгын дагуу нөхнө. Хувь нийлүүлсэн хөрөнгө нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан байх бөгөөд хууль ёсны үйл ажиллагааны орлогоос бүрдсэн байна.

  1. Тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн удирдлага боловсон хүчинтэй холбоотой мэдээллийг бөглөхдөө:
  • Төлөөлөн удирдах зөвлөл, дотоод хяналтын нэгжтэй эсэх талаар хариултыг сонгон, тэдгээрийн бүрэлдэхүүний тоог бичнэ.
  • Ажилтан албан хаагчдын тоо хэсэгт хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болон ажиллаж буй нийт ажилтны тоог бичнэ.
  • Компанийн тухай хуулийн 84.1-д заасан удирдах албан тушаалтнуудын талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу гаргах бөгөөд удирдах албан тушаалтан нь гадаадын иргэн тохиолдолд регистрийн дугаар хэсэгт гадаад паспортын дугаарыг бичнэ.

Тайлбар: Удирдах албан тушаалтан гэдэгт гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаанд оролцон ажиллах /ажилладаг/ ажилтнуудын мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу бөглөж, тодорхойлолтыг зааврын хавсралтын дагуу гаргах бөгөөд тодорхойлолт гаргасан этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

  1. Ашиглах техник, тоног төхөөрөмж, програм хангамжийн мэдээллийг бөглөхдөө:
  1. Үйл ажиллагаанд ашиглагдах техник тоног төхөөрөмжийг нэр, төрөл бүрээр түүний хүчин чадал, багтаамж, тоо ширхэг, үнийн талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу бөглөх ба тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсан түрээсэлсэн аль нь болохыг тодорхой бичнэ. Тоног төхөөрөмжийн үнэ нь худалдан авсан өртөг байна.
  2. Програм хангамжийн зориулалт баганад тухайн програмыг ямар зориулалтаар ашиглах талаар бичнэ. Жишээ нь нягтлан бодох бүртгэл, зээлийн мэдээллийн санд мэдээ өгч, авах, өдөр тутмын мэдээ, мэдээлэл боловсруулах гэх мэт.
  1. Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг бөглөхдөө:

 Тухайн үйл ажиллагааг ямар хүрээнд явуулах, эх үүсвэрийн өртөг, хүлээгдэж буй ашиг, тухайн үйл ажиллагаанаас хүртэх өгөөжийн хэмжээг зэрэгцүүлсэн он, хүснэгтэд заасан үзүүлэлт бүрээр тоон үзүүлэлтийг өссөн дүнгээр бичих бөгөөд энэ нь бизнес төлөвлөгөөнд тусгагдсан дүнтэй ижил байна.

Б. Тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг бүрдүүлэх заавар

 Тусгай зөвшөөрлийн СЗХ03001 маягтаар гаргасан өргөдөлд “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасан баримт бичгүүдийг дор дурдсан шаардлагын дагуу бүрдүүлж, хавсаргана:

  1. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр хүсэлт гаргаж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
  2. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан байна.
  3. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг хувьцаат компани хэлбэрээр үүсгэн байгуулах тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу үнэт цаасаа Хороонд бүртгүүлж, нийтэд санал болгон арилжаална
  4. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагааны төрлөөс хамааран эзэмшигчдээс хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан байна.
  5. Хувьцаа эзэмшигчдээс хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тухайн хувьцаа эзэмшигчийн хууль ёсны орлогоос бүрдсэн байна.
  6. Компанийн тухай хуулийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт тус мэдээллийг заавал тусгах бөгөөд шийдвэрт хурлын дарга гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулна.
  7. Үүсгэн байгуулагчид нь хүлээх үүрэг, худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг асуудлыг тусгасан хамтран ажиллах гэрээг байгуулж, хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг, хуулийн этгээдийн тамга тэмдгээр баталгаажуулна.
  8. Шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага, боловсон хүчний иргэний үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна.
  9. Хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийг төгрөг болон валютаар тухайн хуулийн этгээдийн банкинд байршуулсан болохыг нотолж, банкны тодорхойлолтыг дансны хуулгын хамт авна
  10. Хэрэв хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсан байна.
  11. Компанийн тухай хуулийн 16.2-т нийцсэн дүрмийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан байна.
  12. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу зээлийн гэрээ, баталгаагаар хүлээсэн аливаа хугацаа хэтэрсэн өргүй, ял шийтгэлгүй, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй, тухайн салбарт ажилласан туршлагатай, тохиромжтой этгээд байна.
  13. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.2.5-д заасны дагуу техник тоног төхөөрөмж, ажлын байр нь үйл ажиллагааны найдвартай, тогтвортой ажиллагааг хангахуйц байх бөгөөд холбогдох этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлээр харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлэсэн байна.
  14. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд гүйцэтгэх удирдлага нь гадаадын иргэн байгаа нөхцөлд байнгын мэргэжлийн орчуулагчтай байх бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн баримт бичгийг Монгол хэл дээр орчуулж, нотариатаар баталгаажуулсан байна.
  15. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1.2-т заасны дагуу хяналт тавих ажилтныг гүйцэтгэх захирлын тушаалаар томилох бөгөөд дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу боловсруулсан дотоод хяналтын хөтөлбөр нь дараах мэдээллийг агуулсан байвал зохино:

15.1. Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээллийн нууцлалыг хадгалах, Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлэл өгөх, баримт бичиг шилжүүлэх журам;

15.2. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж болон дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилох, чөлөөлөх журам, түүний эрх, үүрэг;

15.3. Хяналт тавих ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах төлөвлөгөө, арга хэмжээ;

15.4. Өөрийн харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагч, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг онцгой анхаарахад чиглэсэн арга хэмжээний цогц хөтөлбөр;

Анхаарах зүйл: Дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулахдаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-тай сайтар танилцана.

  1. Зохицуулалттай үйл ажиллагаатай холбоотой дотоод журмууд:

16.1. Зохицуулалттай үйл ажиллагаанд үүсэж болзошгүй сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журам;

16.2. Хорооны холбогдох журмын дагуу зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх дотоод журам;

  1. 3-аас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөө:

Бизнес төлөвлөгөөг 3-аас доошгүй жилийн хугацаатай боловсруулах бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн байна. Бизнес төлөвлөгөө нь эмх цэгцтэй, ойлгомжтой, бүлэг хэсгүүд нь уялдаа бүхий, мэдээлэл нь цаг хугацаандаа, үнэн бодитой, үр дүн нь хэмжигдэхүйц байвал зохино. Бизнес төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгасан байна.

В. Бизнес төлөвлөгөө боловсруулах зөвлөмж

1. Бизнес төлөвлөгөө гэдэг нь зохицуулалттай этгээдийн зорилго зорилтуудыг тодорхойлж, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд түүний бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээ авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримтыг хэлнэ.

2. Зохицуулалттай этгээд нь бизнес төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулах бөгөөд дараах зүйлүүдийг заавал тусгасан байна. Үүнд:

2.1. үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зорилго, баримтлах бодлого, мэргэжлийн байгууллагын хэтийн төлөв байдал;

2.2. үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхэд ашигтай байх макро болон микро төвшин дэх боломжит нөхцөлүүд;

2.3. зохицуулалттай этгээдийн тайлан тэнцэл, мөнгөн хөрөнгийн урсгал, орлого зарлагын 3-5 жилийн төсөөлөл;

2.4. актив, пассивын бүтэц, хэмжээ түүний удирдлагы сайжруула төлөвлөгөө, хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлүүд, энэ талаар баримтлах бодлого;

2.5. үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдэлийг тодорхойлж, түүнийг удирдахад авах арга хэмжээ.

3. Бизнес төлөвлөгөөг үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үй ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулна. Бизнес төлөвлөгөө нь дараах хэсгээс бүрдэнэ.

3.1. Нүүр хуудас: Бизнес төлөвлөгөөний нүүр хуудсанд дараах зүйлсийг тусган харуулна:

3.1.1. мэргэжлийн байгууллагын нэр, хаяг,

3.1.2. бизнес төлөвлөгөөний нэр,

3.1.3. хувилбарын дугаар,

3.1.4. боловсруулсан огноо,

3.1.5. зохиогчийн нэр, хаяг,

3.1.6. зохиогчийн тэмдэглэл,

3.1.7. зохицуулалттай этгээдийн удирдлагын нэр, хаяг

3.2. Гүйцэтгэлийн хураангуй: Энэ бүлэгт тухайн бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллагын тухай, хэрэгжүүлэх гэж буй бизнес төлөвлөгөөний эрхэм зорилго, зорилт, амжилтын үндэс, учирч болох эрсдэл болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн тухай товч мэдээллийг багтаана.

Эрхэм зорилго гэдэгт ямар үйлчилгээ үзүүлэх, ямар үр дүнд хүрэхийг ойлгомжтой тодорхойлсон байна.

 Зорилт гэдэгт эрхэм зорилгод хүрэхийн тулд шат дараалан хэрэгжүүлэх, хугацаатай, хэмжигдэхүйц бодитой үр дүн буюу хүрэх үр дүнгээ тодорхойлсон байна.

3.3. Бизнесийн танилцуулга: Бизнесийн танилцуулга гэдэг нь тухайн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, өсөж хөгжиж ирсэн түүх, хариуцлагын тогтолцоо, зах зээлийн нөхцөл төлөв байдал, эрхэлж байгаа үйл ажиллагаа, гаргаж буй үйлчилгээ түүнчлэн удирдлага боловсон хүчний хангалт, санхүүгийн чадавх ба байдал бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго зорилтууд түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр,зээлийг эргэж төлөх хугацаа, үр ашиг, борлуулалтын орлого, ашиг зэргийг тусган харуулсан хураангуй тодорхойлолт юм. Бизнесийн танилцуулга нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

 3.3.1. бизнес ба түүний түүх,

 3.3.2. зах зээлийн нөхцөл төлөв байдал,

 3.3.3. одоо явуулж байгаа үйл ажиллагаа,

 3.3.4. удирдлага боловсон хүчин,

 3.3.5. санхүүгийн төлөв байдал,

 3.3.6. бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго

 3.4. Маркетингийн төлөвлөгөө: Бизнес төлөвлөгөөний “маркетингийн төлөвлөгөө"-нд дараах гурван хэсгийг багтаана.

3.4.1. Зах зээлийн шинжилгээ: Маркетингийн төлөвлөгөөг боловсруулахын тулд юуны түрүүнд зах зээл буюу хэрэглэгчдийнхээ тухай судалж мэдэх, өрсөлдөгчид, түншүүд, зуучлагчдынхаа талаар судлах ёстой.

3.4.2. Маркетингийн стратеги: Маркетингийн стратеги гэдэг нь зах зээл рүү хандсан төлөвлөгөө буюу амжилт олохын тулд танай байгууллагын хэрэглэж буй арга замууд.

3.4.3. Маркетингийн иж бүрдэл: Танай байгууллага зах зээл рүүгээ хандах арга зам буюу стратегиэ тодорхойлсон бол одоо зах зээл дээр таатай байдал үүсгэхийн тулд байгууллагын ашигладаг хүчин зүйлс буюу маркетингийн иж бүрдлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Маркетингийн иж бүрдэлд үйлчилгээ, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалтын талаар тусгана.

3.5. Менежментийн төлөвлөгөө: Бизнес төлөвлөгөөний энэ бүлэгт удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хэрэгцээ зэрэг асуудлуудыг багтааж оруулна.

3.5.1. Удирдах баг: Бизнес төлөвлөгөөний энэ хэсэгт удирдах багийн гишүүд нь банк санхүү, менежментийн чиглэлээр хэр мэргэшсэн, бие биенээ орлох чадвар нь ямар болох, мэргэжил дадлага туршлагатай байх шаардлагыг хэр хангасан болон эрх мэдэл, ажил үүргийг оновчтой хуваарилсан байдал зэргийг харуулна. Удирдах багийн болон мэргэжилтэн (хуулийн зөвлөх г.м.), тэргүүлэх ажилтны (салбаруудын удирдлага г.м.) дадлага, туршлага, тухайн салбарт ажилласан байдал, үүрэг хариуцлага зэрэг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл бүхий намтрыг бизнес төлөвлөгөөндөө хавсаргах шаардлагатай. Түүнчлэн удирдах багийн гишүүн бүрийн эрх үүрэг хариуцлагыг нягт тогтоож, хэн нь хэнд захирагддаг, хэн эцсийн шийдвэр гаргадгийг зааж байгууллагын дүрэмд оруулан баталгаажуулж, төлөвлөгөөндөө хавсаргаж болно.

3.5.2. Зохион байгуулалтын бүтэц: Удирдах багийн дор зохион байгуулалтын шат дамжлага багатай, хамгийн үр ашигтай бүтцийг тогтоох нь чухал. Цөөн хүнтэй хамт олны зохион байгуулалтын бүтцийн үр ашигтай байх үндэс зарчим нь нэг удирдлагатай байх, ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдагч мэдээллээр сайн хангагддаг байх, ажилтнууд ажлынхаа үр дүнг сонирхдог байх, хяналт ил тод байх явдал болно. Энэхүү зарчмыг баримтлан зохион байгуулалтын бүтцээ тогтоож бизнес төлөвлөгөөндөө оруулна.

3.5.3. Боловсон хүчин: Энэ хэсэгт шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин тэдгээрийн тоо түүнчлэн мэргэжил дээшлүүлэх сургалтын асуудлуудыг төлөвлөнө. Энэ хэсэгт нийт ажилтан болон шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, уг ажлыг гүйцэтгэх ажилтны тоо, нийт ажилтны сар, жилийн цалингийн хэмжээ, цалингийн шимтгэлийг тооцоолж төлөвлөнө. Сургалтад зориулсан зардал хэдийгээр гаднаас нь харахад ашиггүй мэт боловч үр ашгаа зүй ёсоор өгдөг гэдгийг анхаарвал зохистой.

3.6. Санхүүгийн төлөвлөгөө: Санхүүгийн төлөвлөгөөнд дараах хэсгүүд орно:

3.5.1.нийт орлогын тооцоо;

3.5.2. үйлт орлогын тооцоо;

3.5.3. ашиг/ алдагдлын тооцоо;

3.5.4. алдагдалгүй ажиллагааны тооцоо;

3.5.5. мөнгөн урсгалын тооцоо орно.

3.7. Эрсдэлийн шинжилгээ: Эрсдэлийн шинжилгээнд дараах зүйлсийг тооцно.

3.7.1. Эрсдэлийн төрлүүд: Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд 4 төрлийн үндсэн эрсдэлийг тооцоолно:

3.7.1.а. техник, тоног төхөөрөмжийн;

3.7.1.б. санхүүгийн буюу зээлийн;

3.7.1.в. хүний хүчин зүйлийн;

3.7.1.г. хууль зүйн;

3.7.2. Эрсдэлийг багасгах боломжууд: Эдгээр эрсдэлээс чухам ямар нь танай бизнест тохиолдож болох магадлал илүү вэ? Түүнийг доод хэмжээнд байлгахын тулд та ямар арга хэмжээ төлөвлөснөө бичих. Даатгалд хамруулж болох эрсдэлийг ангилж ямар нөхцөлөөр аль даатгалын компанитай гэрээ хийхээ тодорхойлж бичнэ. Даатгалд үл хамаарах эрсдэлийн талаар авах арга хэмжээг хэрхэн төлөвлөж байгааг тодорхойлох шаардлагатай. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дүнд мэргэжлийн байгууллагын ашигт ажиллагаа хэрхэн хадгалагдаж үлдэхийг төлөвлөсөн үр дүнтэй жишиж харьцуулна.

ГУРАВ. ЗӨВШӨӨРЛИЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ, БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛЭХ

А. Зөвшөөрөл хүссэн өргөдлийн СЗХ03002 маягтыг бөглөх

1. Өргөдөл гаргагчийн нэр нүдэнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэр, регистрийн дугаарыг бичнэ. Нэмэлт зөвшөөрлийн төрлийг сонгож тохирох нүдэнд “√” тэмдгийг тавина.

Маягтыг бөглөхдөө техникийн үзүүлэлт, компанийн хэлбэрээс бусад тохиолдолд товчлол хэрэглэхгүй, иргэний овог нэр, оноосон нэр, он сар өдрийг бүтэн бичиж, сонгох тохиолдолд тохирох нүдэнд “√ ” тэмдгийг тавина.

Өргөдөл/хүсэлт гаргагч нэр нүдэнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэр, регистрийн дугаарыг бичнэ.

Өргөдөл гаргагчийг төлөөлж өргөдлийг үнэн зөв бөглөснөө баталж, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрийн овог, нэрийг бичиж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна.

2. Зөвшөөрөл төрлийг сонгохдоо: Зохицуулалттай үйл ажиллагаа нэмж эрхлэх төрлөөс тохирохыг нь сонгоно.

Хэсэг 1. Тусгай зөвшөөрлийн хүрээнд нэмж эрхлэх үйл ажиллагаа

Зохицуулалттай үйл ажиллагаа нэмж эрхлэх төрлийг сонгоно. Хэрэв тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг нэмж эрхлэх тохиолдолд үйл ажиллагааны төрлөөс хамааран тохирох нүдэнд “√ ”тэмдгийг тавина.

Хэрэв тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол эрхлэх үйл ажиллагааны төрлийг сонгож, СЗХ03001 маягтыг зааврын дагуу бөглөнө.

Хэсэг 2. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах: Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах аль нь болохыг тодорхойлно.

Хэсэг 3. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах:

1. Шинээр хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, засаг захиргааны албан ёсны харьяалал, улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаар хуулийн этгээдээс хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнг хувьцааны тоо, хэмжээ, хувь нийлүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь тус бүрээр хүснэгт дэх асуулгын дагуу нөхнө.

2. Шинээр хувьцаа эзэмшигч нь иргэн бол иргэний овог нэр, засаг захиргааны албан ёсны харьяалал, регистрийн дугаар, хувьцаа эзэмшигчээс хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнг хувьцааны тоо, хэмжээ, хувь нийлүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь тус бүрээр хүснэгт дэх асуулгын дагуу нөхнө.

3. Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн болон хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу нөхөж, нийт хувь хөрөнгөнд эзлэх хувийг тодорхойлно. Хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийн гарал үүсэл нь хууль ёсны орлогоос бүрдсэн байна.

Хэсэг 4. Зохицуулалттай этгээд салбар байгуулах

1. Салбарын ерөнхий мэдээлэл хэсгийг бөглөхдөө:

1.1. Оноосон нэр хэсэгт зохицуулалттай этгээдийн оноосон нэрийг бичнэ.

1.2. Салбар, төлөөлөгчийн газар байгуулах талаар төлөөлөн удирдах зөвлөл/хувьцаа эзэмшигчид хуралдаж, шийдвэр гаргах бөгөөд хуралдсан он, сар, өдөр, шийдвэрийн дугаарыг хүснэгтийн дагуу оруулна.

1.3. Нэгжийн хэлбэрийг сонгож, үйл ажиллагаа явуулах чиглэлийг тодорхой бичнэ.

1.4. Салбар, нэгжийн хаяг байршлын талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу оруулах ба энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд тусгагдсан хаяг байршил байна.

1.5. Салбарын албан ёсны цахим хуудас, хаягийг бичнэ. Цахим хуудас байхгүй бол бөглөх шаардлагагүй.

1.5. Салбар, төлөөлөгчийн газрын боловсон хүчний мэдээллийг ажилтан тус бүрээр бөглөнө.

1.6. Ашиглах техник, тоног төхөөрөмж, програм хангамжийн мэдээллийг бөглөхдөө:

1.6.1. үйл ажиллагаанд ашиглагдах техник тоног төхөөрөмжийг нэр, төрөл бүрээр түүний хүчин чадал, багтаамж, тоо ширхэг, үнийн талаарх мэдээллийг хүснэгт дэх асуулгын дагуу бөглөх ба тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авсан түрээсэлсэн аль нь болохыг тодорхой бичнэ. Тоног төхөөрөмжийн үнэ нь худалдан авсан өртөг байна.

1.6.2. програм хангамжийн зориулалт баганад тухайн програмыг ямар зориулалтаар ашиглах талаар бичнэ. Жишээ нь нягтлан бодох бүртгэл, зээлийн мэдээллийн санд мэдээ өгч, авах, өдөр тутмын мэдээ, мэдээлэл боловсруулах гэх мэт.

Хэсэг 5. Оноосон нэр өөрчлөх: Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэр, регистрийн дугаар болон хуулийн этгээдийн шинэчилсэн нэр, оноосон нэрээ өөрчлөх болсон шалтгааныг тодорхой бичиж, гүйцэтгэх удирдлагын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулна.

Хэсэг 6. Зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирлыг томилох зөвшөөрлийн хүсэлт гаргах заавар:

1.Өөрчлөлт орсон албан тушаалтны талаарх мэдээллийг хүснэгтийн дагуу гаргана.

2. Шинээр томилогдсон албан тушаалтны мэдээллийг хүснэгтийн дагуу гаргана.

3. Хүсэлт гаргагч хуулийн этгээдийг төлөөлж өргөдлийг үнэн зөв бөглөснөө баталж, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрийн овог, нэр, хуулийн этгээдийн нэрийг бичиж, гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамгыг дарна.

Б. Өргөдөлд хавсаргах баримт бичиг

1. Зөвшөөрлийн СЗХ03002 маягтаар гаргасан өргөдөлд, зөвшөөрлийн төрлөөс хамааруулан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасан баримт бичгүүдийг дор дурдсан шаардлагын дагуу бүрдүүлж, хавсаргана.

2. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд орох нэмэлт өөрчлөлтийг тусгасан компанийн дүрмийн төсөл (дүрэм өөрчлөгдөх шаардлагатай бол).

3. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хувьцаа эзэмшигч нарын оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт бичиг. Хэрвээ баримт бичгийн эх хувийг хавсаргах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана. /Ногдол ашиг хуваарилсан талаарх шийдвэр, төлбөрийн баримт, дансны хуулга, худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хадгаламжийн дэвтрийн хуулбар гэх мэт/

4. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа тохиолдолд энэхүү өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр эсхүл түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

5. Дээр дурдсан шинэ хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бөгөөд компанийн нэгдлийн оролцогч бол нийт компанийн нэгдэлд оролцогчдын мэдээллийг гаргана.

6.Компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 6 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу “Тохиромжтой этгээдийн тодорхойлолт”-ыг гаргана.

7.Хувьцаат компанийн хэлбэрээр байгуулагдсан компанийн хувьд компанийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа болон бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд өөрчлөгдсөн тухай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирүүлсэн тодорхойлолт, хувьцаа эзэмшигчийн дансны үлдэгдэл бүхий хуулга.

ДӨРӨВ. БҮРТГЭЛИЙН ӨРГӨДЛИЙН МАЯГТ

А. Бүртгэлийн СЗХ03003 маягтыг нөхөх

1.Маягтыг бөглөхдөө техникийн үзүүлэлт, компанийн хэлбэрээс бусад тохиолдолд товчлол хэрэглэхгүй, иргэний овог нэр, оноосон нэр, он сар өдрийг бүтэн бичиж, сонгох тохиолдолд тохирох нүдэнд “√” тэмдгийг тавина.

Хэсэг 1. Хаяг, байршлын өөрчлөлтийг бүртгүүлэх: Шинэ хаяг, байршлыг тодорхой бичих бөгөөд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм болон Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байх шаардлагатай.