Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09–ний өдрийн

04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай

үйл ажиллагааны багц дүрэм”-ийн хоёрдугаар хавсралт

АНДЕРРАЙТЕР, ҮНЭТ ЦААСНЫ БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫГ ТООЦОХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлж байгаа зохицуулалттай этгээдийн төлбөрийн чадварыг тодорхойлох аргачлал, шалгуур үзүүлэлтийг Хорооноос тогтоож, түүний биелэлтэд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

1.2.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн үйл ажиллагаа эрхэлж буй зохицуулалттай этгээд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хууль тогтоомжид заасан хөрөнгөтэй байна.

1.3.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хорооны “Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн заавар” болон бусад эрх зүйн актыг баримтална.

ХОЁР. ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

2.1.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварын байдлыг тодорхойлохдоо “Хөрөнгийн зохистой харьцаа” үзүүлэлтээр тооцно.

2.2.“Хөрөнгийн зохистой харьцаа”-г тооцохдоо андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн нийт хөрөнгийн дүнгээс өр төлбөрийг хассан дүн буюу эздийн өмчийн дүн /цаашид “өөрийн хөрөнгө” гэх/-гээс эргэлтийн бус хөрөнгийг хассан үзүүлэлтийг хараат, хамтын хяналттай, охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт /цаашид “урт хугацаат хөрөнгө оруулалт” гэх/, тайлант хугацааны богино хугацаат өр төлбөр, урт хугацаат өр төлбөрийн нийлбэр дүн /цаашид “өр төлбөр” гэх/, компанийн элэгдлийн зардал ороогүй үндсэн үйл ажиллагааны явцад үүсэж буй үр ашгийн бууралт /цаашид “үйл ажиллагааны зардал” гэх/-ынэрсдэлээр жигнэсэн нийлбэрт хувааж тооцно.

2.3.Эрсдэл жигнэх хувь буюу x, y, z итгэлцүүрийн хэмжээг зах зээлийн нөхцөл байдал, төрөөс баримталж буй бодлоготой уялдуулан Хорооноос тогтооно.

2.4.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт нь 100 хувь буюу түүнээс их байна.

2.5.Хэрэв андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 100 хувиас доош байвал тухайн зохицуулалттай этгээдийн төлбөр гүйцэтгэх чадвар алдагдсанд тооцно.

2.6.Андеррайтерийн компанийн хувьд дээрх үзүүлэлтээс гадна эргэлтийн хөрөнгийн хувийн жин гэсэн үзүүлэлтийг нэмж тооцно.

2.7.“Эргэлтийн хөрөнгийн хувийн жин”-г тооцохдоо нийт эргэлтийн хөрөнгийг балансын цэвэр дүн буюу нийт хөрөнгийн дүнд харьцуулж, хувиар илэрхийлэн тогтооно.

2.8.Андеррайтерийн компанийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин нь 70 хувь буюу түүнээс дээш байна.

2.9.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компани нь хагас жил болон жилийн эцсийн санхүүгийн тайлан дээр үндэслэн энэхүү журмын 2.2, 2.7-д заасан нөхцөлөөр, журмын хавсралтад заасан маягтын дагуу өөрийн төлбөрийн чадварын үзүүлэлтийг тооцно.

2.10.Төлбөрийн чадварын үзүүлэлтийг тооцсон баримт дээр тухайн зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, түүнийг орлож буй этгээд болон нягтлан бодогч гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулан Хороо болон өөрийн гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагадхүргүүлнэ.

2.11.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн гишүүнчлэлтэй өөрийгөө зохицуулах байгууллага нь гишүүн компанийн санхүү, төлбөрийн чадварын байдалд байнгын хяналт тавих, тэдгээрийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах үүрэгтэй.

 2.12.Тухайн андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компани нь төлбөрийн чадваргүй болсонд тооцогдож болзошгүй, эсхүл төлбөрийн чадваргүй болсон бол энэ талаар тус компанийн гишүүн өөрийгөө зохицуулах байгууллагаас Хороонд ажлын 2 өдөрт багтаан, албан бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ.

2.13.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компани нь холбогдох журамд заасны дагуу эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хороонд ирүүлэхдээ төлбөрийн чадварын үзүүлэлтийн тайланг хавсарган ирүүлнэ.

2.14.Хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд улирлаарх төлбөрийн чадварын үзүүлэлтийн тайлан болон санхүүгийн тайланг цаасан болон цахим хэлбэрээр андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компани нь Хороонд ирүүлэх үүрэгтэй.

ГУРАВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

3.1.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг тооцсон ажиллагаанд тухайн компанийн гишүүнчлэлтэй өөрийгөө зохицуулах байгууллага болон Хорооны Хяналт шалгалт хариуцсан нэгж хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл газар дээрх шалгалтыг хийнэ.

4.2.Төлбөрийн чадваргүй болсонд тооцогдож болзошгүй, эсхүл төлбөрийн чадваргүй болсон талаарх анх мэдэгдэл ирүүлсэн, эсхүл хяналт шалгалтын дүнд тогтоогдсон тохиолдолд Хорооноос дараах арга хэмжээг авна. Үүнд:

3.2.1.албан бичгээр анхааруулах;

3.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардах.

3.3.Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компани Хорооноос тогтоосон төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг гурван санхүүгийн тайлангийн жил дараалан хангаж ажиллаагүй тохиолдолд тухайн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авна.

3.4.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Үнэт цаасны зах зээлийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.