Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан

“Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн гуравдугаар хавсралт

 

ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДИЙН ЭРСДЭЛИЙН САНГИЙН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтай этгээдийн үйл ажиллагааны эрсдэл буюу тухайн компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор албан тушаалтны санаатай болон санамсар болгоомжгүй үйлдэл болон тухайн зохицуулалттай этгээдийн дотоод хяналтын тогтолцоо муугийн улмаас харилцагч, хөрөнгө оруулагчдад учруулсан хохирлыг нөхөн барагдуулах зорилгоор эрсдэлийн санг бүрдүүлэх, түүний хөрөнгийг хадгалах, ашиглах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР. ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ САНГ БАЙГУУЛАХ

2.1. Хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан зохицуулалттай этгээд нь өөрсдийн харилцагч, хөрөнгө оруулагчдыг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор үйл ажиллагааны эрсдэлийн санг байгуулна.

2.2. Брокер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх компани нь үйл ажиллагааны эрсдэлээс хамгаалах санг Хорооны “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д заасны дагуу компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 3-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр байгуулна.

2.3. Эрсдэлээс хамгаалах сангийн 30.0 хүртлэх сая төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, үлдсэн хэсгийг Хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтсан ХК-ийн хувьцаа, Засгийн газрын богино хугацаат өрийн бичгээр бүрдүүлж болно.

2.4. Үйл ажиллагааны эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд тусгайлсан данс нээж, тогтмол байршуулах бөгөөд сангийн үлдэгдлийн талаарх мэдээллийг улирал тутам Хороонд хүргүүлнэ.

2.5. Компанийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг, хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр эрсдэлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх бөгөөд түүнийг нэмэгдүүлэх эх үүсвэрийн тооцоолол, үндэслэлийг гүйцэтгэх захирлын өргөн мэдүүлснээр компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр баталгаажуулна.

2.6. Үйл ажиллагааны эрсдэлийн сангийн хөрөнгийг зөвхөн компани, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас харилцагч, хөрөнгө оруулагчид учруулсан хохирлыг барагдуулахад зарцуулах бөгөөд компани өөрийн бусад хөрөнгөөр барагдуулж болох ба Хорооны Улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгосон тохиолдолд ажлын 5 өдрийн дотор барагдуулна.

ГУРАВ. ЭРСДЭЛИЙН САНГИЙН БҮРТГЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭ

3.1. Эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгийг Хорооны нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн зааврын дагуу балансын активын эргэлтийн хөрөнгө хэсэгт бүртгэнэ.

3.2. Зохицуулалттай этгээд нь үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.2.1. Компани таван жилийн бизнес төлөвлөгөөндөө үйл ажиллагааны эрсдэлийг хэрхэн удирдах талаар тодорхой тусгаж, түүний хэрэгжилт, явцын байдалд ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигч/ болон дотоод хяналт хариуцсан ажилтан байнгын хяналт тавьж ажиллах;

3.2.2. Компанийн дотоод хяналтын ажилтны үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр ашигтай хяналтын тогтолцоог бүрдүүлэх, ажлын сахилга, хариуцлагыг дотоод хяналтын журмаар нарийвчлан зохицуулж, түүнийг мөрдүүлэх чиглэлээр компанийн удирдлагаас тогтмол анхаарч, жил тутам дотоод үнэлгээ хийж, дүгнэлтийг Хороонд ирүүлэх;

3.2.3. Компанийн удирдлагаас ажилтнуудынхаа үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах.

3.3. Компанийн дотоод хяналтын ажилтан нь үйл ажиллагааны эрсдэлийн сангийн хөрөнгийн бүртгэл хөтлөлт, хяналтыг зохион байгуулна.

ДӨРӨВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙН САНГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, САНГИЙН ХӨРӨНГИЙГ НӨХӨН БАЙРШУУЛАХ

4.1. Үйл ажиллагааны эрсдэлийн сангийн хөрөнгийг зөвхөн энэхүү журамд заасан зорилгоор захиран зарцуулж, ашиглана.

4.2. Харилцагч, хөрөнгө оруулагч нь зохицуулалттай этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл зохицуулалттай этгээдийн удирдах албан тушаалтанд, шаардлагатай гэж үзвэл Хороонд хандаж өргөдөл гаргана.

4.3. Өөрийн компанийн буруутай үйл ажиллагааны улмаас харилцагч, хөрөнгө оруулагчид хохирол учруулсан болох нь тогтоогдвол дотоод хяналтын ажилтан гүйцэтгэх удирдлагад танилцуулан хохирлыг барагдуулах арга хэмжээг цаг тухайд авч хэрэгжүүлнэ.

4.4. Энэ журмын 4.3-т заасан арга хэмжээ, Хорооны Улсын байцаагчийн албан шаардлагаар үйл ажиллагааны эрсдэлийн сангаас харилцагч, хөрөнгө оруулагчид учруулсан хохирлыг барагдуулсан нөхцөлд сангийн хөрөнгийг нөхөн бүрдүүлж, энэ талаарх холбогдох баримтыг Хороонд ирүүлнэ.

4.5. Энэ журмын 4.4-т заасан нөхцөл байдал үүсэж, үйл ажиллагааны эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө энэхүү журамд заасан хэмжээнээс багассан тохиолдолд ажлын 5 өдрийн дотор тогтоосон хэмжээнд нөхөн бүрдүүлнэ.

4.6. Улсын байцаагчийн албан шаардлагаар хохирол барагдуулах үүрэг даалгаврыг биелүүлээгүй, эсхүл сангийн хөрөнгийг энэхүү журмын 4.5-д заасан хугацаанд нөхөн байршуулаагүй тохиолдолд брокер, дилерийн компанийн үнэт цаасны арилжаанд орох эрхийг түр хугацаагаар зогсоож, зөрчлөө арилгах арга хэмжээ авахуулна.

ТАВ. ХАРИУЦЛАГА

5.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.