Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09–ний өдрийн

04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай

 үйл ажиллагааны багц дүрэм”-ийн тавдугаар хавсралт

ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭД, ҮНЭТ ЦААС ГАРГАГЧААС ЗАР СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчдаас нийтэд санал болгон үнэт цаас гаргахтай холбоотой зар сурталчилгаа явуулахад тавигдах шаардлагыг тодорхойлох, хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР. ЗАР СУРТАЛЧИЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.1. Зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.2, 6.3-т заасан шаардлагаас гадна зар сурталчилгаа захиалагчийн нэр, түүнтэй холбоо барих хаяг, утас зэрэг мэдээллийг заавал агуулсан байна.

2.2. Зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч нь олон нийтэд хандсан зар сурталчилгаа хүргэхдээ үнэт цаасны арилжаа болон үнэт цаасыг нийтэд худалдахаар санал болгох явцад, эрхэлж буй үйл ажиллагааны талаар болон үнэт цаасны бүрдүүлбэр, гаргасан нөхцөл, уг үнэт цаастай холбоотой бусад хэлцлийн талаар үнэн зөв, бодитой, бүрэн гүйцэд мэдээлэл хүргэх үүрэгтэй.

2.3. Зар сурталчилгаанд үнэт цаасны арилжаанаас олсон орлого, үнэт цаасны зах зээлд оролцогчдын өнгөрсөн хугацаанд олсон ашгийн талаарх мэдээллийг ашигласан тохиолдолд өнгөрсөн хугацаанд олсон орлого, ашгийн хэмжээ нь ирээдүйд олох орлогын баталгаа биш болох талаар заавал дурдсан байна.

2.4. Зар сурталчилгаа нь тухайн зар сурталчилгааг захиалагчидтай ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй эсхүл, ижил төрлийн үнэт цаас гаргасан зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн сул талыг агуулаагүй байна.

2.5. Хэрэв зар сурталчилгаанд бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийн талаар ямар нэгэн мэдээлэл орсон тохиолдолд харилцагч, хөрөнгө оруулагчийн ирээдүйд олж болох орлогод нөлөөлөх нөхцөл байдал, тэдгээрийн төлөх нийт зардлын талаар бүрэн мэдээллийг тусгах үүрэгтэй.

2.6. Холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд нээлттэй байх бүхий л мэдээлэл, Хороо болон бусад этгээдийн үйл ажиллагааны явцад нийтэд ил болгосон мэдээ мэдээлэл, нийтэд санал болгон үнэт цаас гаргасан талаарх болон уг үнэт цаасанд хуваарилахаар шийдвэрлэсэн болон хуваарилсан ногдол ашгийн талаарх мэдээллийг зар сурталчилгаанд тооцохгүй.

2.7. Зар сурталчилгаа захиалагчид зар сурталчилгааг бүтээх, түгээх үйл ажиллагааны үед Зар сурталчилгааны тухай хуулийн 17.2 дахь хэсгийг баримтална.

ГУРАВ. ЗАР СУРТАЛЧИЛГААНД ХЯНАЛТ ТАВИХ

3.1. Энэ журмын 2 дугаар бүлэг болох Зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн зар сурталчилгаанд тавигдах шаардлагыг биелүүлж буй байдалд зохицуулалттай этгээдийн гишүүнээр элссэн өөрийгөө зохицуулах байгууллага хяналт тавина.

3.2. Өөрийгөө зохицуулах байгууллага нь тухайн зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагчийн зар сурталчилгааг Зар сурталчилгааны тухай хууль болон энэхүү журмыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Хороонд мэдээлнэ.

3.3. Хуулиар хориглосон зар сурталчилгаа явуулсан эсэх талаар өөрийгөө зохицуулах байгууллагын үндэслэл бүхий мэдээлэлд Хороо хяналт тавьж, хуулийн дагуу арга хэмжээ авна.

ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА

4.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.