Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

 А/51 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

 

МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү заавраар мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, төхөөрөх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, отор нүүдэл хийх болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн баталгаажуулалтын гэрчилгээг /цаашид "мал эмнэлгийн гэрчилгээ" гэх/ бичиж олгох, хэрэглэх, хяналт тавих, нэгдсэн мэдээллийн сан үүсгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Энэхүү зааврыг мал, амьтны эрүүл мэнд, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийг тодорхойлох, баталгаажуулах, хэрэглэх, хяналт тавих мал эмнэлгийн байгууллагын малын эмч, улсын байцаагч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Мал эмнэлгийн гэрчилгээний нэр, төрөл

2.1.Мал, амьтны эрүүл мэнд, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн баталгаажуулалтын мал эмнэлгийн гэрчилгээ нь дотоодод “мал эмнэлгийн гэрчилгээ”, олон улсын худалдаанд “олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ” байх бөгөөд цахим болон хэвлэмэл хэлбэртэй байна.

2.2.Энэхүү зааврын 2.1-т заасан гэрчилгээ олгоход үндэслэл болох гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн “тодорхойлолт”, “мал эмнэлгийн гэрчилгээ” болон “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загварыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсны дагуу хэрэглэнэ.

2.3.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварыг батлахдаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний ерөнхий зөвлөмжийг үндэслэх бөгөөд тухайн импортлогч болон экспортлогч орны мал эмнэлгийн байгууллагын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцож болно.

2.4.Мал эмнэлгийн гэрчилгээ нь улсын хэмжээнд MNS 5641:2006 стандартын дагуу нэгдсэн кодтой, нууцлалтай, олгосон этгээдийн нэр эсхүл код бүхий, давтагдахгүй дугаартай байна.

Гурав. Мал эмнэлгийн гэрчилгээ олгох, хэрэглэх

3.1.“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7, 27 дугаар зүйлд заасан мал эмнэлгийн гэрчилгээг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн эрүүл мэндийн шаардлага хангасан мал, амьтан, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаатай гарал үүсэл нь тодорхой мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн байгууллагын улсын байцаагч баталгаажуулалт хийж олгох бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр байна.

3.2.“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31.3, 31.5 дугаар зүйлд заасан олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг эрүүл мэнд, мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ерөнхий малын эмч бөгөөд мал эмнэлгийн салбарын ерөнхий байцаагч, аймаг, нийслэлд ерөнхий малын эмч бөгөөд салбарын ерөнхий байцаагчийн зөвшөөрснөөр мал эмнэлгийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч баталгаажуулан олгоно.

3.3.Мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий этгээдийн олгосон мал эмнэлгийн гэрчилгээг зөвхөн эрүүл мал, амьтан, мал эмнэлэг- ариун цэврийн шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, гарал үүслийг тодорхойлох зорилгоор хуульд заасны дагуу хэрэглэнэ.

3.4.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш чиглэсэн тохиолдлууд буюу худалдаалах, төхөөрөх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, мал, амьтан шилжүүлэн авах, отор нүүдэл хийх, хээлтүүлэгт ашиглах болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед мал эмнэлгийн гэрчилгээ заавал авна. Худалдаалах зорилгоор бус, хувийн хэрэгцээндээ тээвэрлэж яваа бага хэмжээний мах, махан бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ авахгүй байж болно.

3.5.Мал эмнэлгийн гэрчилгээг олгохдоо бүртгэл хөтлөх бөгөөд нэгдсэн мэдээллийн санд оруулна. Шаардлагатай тохиолдолд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд сум дүүргийн мал, мах бэлтгэх, боловсруулах үйлдвэр, хүнсний зах, худалдааны төвийн хөндлөнгийн болон бусад эрх бүхий итгэмжлэгдсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн дотоодын болон олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоно.

3.6.Мал эмнэлгийн байгууллага нь гэрчилгээг олгох, хэрэглэх, хяналт тавихдаа аль болох хүндрэл учруулахгүй, шуурхай байх бөгөөд мэдээлэл нь үнэн зөв, бодитой байна.Гэрчилгээ олгогдсон мал, амьтны тоо жилийн эцсийн мал тооллогын дүнтэй тохирч байх.

3.7.Мал эмнэлгийн цахим гэрчилгээг мал, амьтны эрүүл мэнд, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг-ариун цэврийн баталгаажуулалт, гарал үүслийн тодорхойлолтын дагуу гэрээт мал эмнэлгээс илгээсэн мэдээллийг үндэслэн сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч тоон гарын үсгээр баталгаажуулж гэрчилгээ хэвлэгч төхөөрөмжөөр дамжуулан эрх бүхий этгээдэд илгээнэ.

3.8.Хэвлэх эрх бүхий этгээд мал эмнэлгийн улсын байцаагчаас илгээгдсэн мал эмнэлгийн гэрчилгээний дагалдах хувилбарыг хэвлэн иргэн, хуулийн этгээдэд олгоно.

3.9.Эрх бүхий этгээд гэдэг нь тухайн орон нутагт цахимаар тоон гарын үсгээр баталгаажсан мал эмнэлгийн гэрчилгээ хэвлэх эрх авсан малын эмч байна.

3.10.Гэрчилгээ олгох мал эмнэлгийн байгууллагын эрх бүхий этгээд нь тухайн сум дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш шилжилт хөдөлгөөн хийж буй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хүрэх цэг, дамжин өнгөрөх мал эмнэлгийн хяналтын цэг, тээвэрлэх, тууварлах маршрутыг мал эмнэлгийн гэрчилгээний системийн мэдээллийн санд оруулна.

3.11.Тууварлагч, тээвэрлэгч этгээд орон нутгаас хэвлэж өгсөн цахим гэрчилгээг үрэгдүүлсэн бол хяналтын цэгийн мал эмнэлгийн улсын байцаагч төв мэдээлийн санд мэдээлэл илгээсэн улсын байцаагчтай холбогдож үнэн бодит байдлыг нягтлан шалгаж анх олгосон этгээдийн цахим зөвшөөрлөөр гэрчилгээг газар дээр нь нөхөн олгож болно.

3.12.Мах бэлтгэлийн зорилгоор бэлтгэж буй мал, амьтанд ялган тэмдэглэгээг зайнаас унших боломжтой дугаар бүхий ээмэг болон бусад төхөөрөмжөөр толгой дараалан хийж, бүртгэлийн дугаарын мэдээллийг мал эмнэлгийн гэрчилгээнд бичнэ.

3.13.Сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш отор, нүүдэл хийх тохиолдолд мал эмнэлгийн гэрчилгээ авахдаа малчны овог, нэр, регистр, амьд мал, мал амьтны гаралтай түүхий эд бүтгээгдэхүүн, явах газрын маршрут, хүрэх газар, хугацааг гэрчилгээнд оруулна.

3.14.Мал, мах бэлтгэх, боловсруулах үйлдвэр, хүнсний зах, худалдааны төвүүд тухайн цэгт нэвтрүүлсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээний дугаараар бүртгэлжүүлэн цахим санд хаалт хийж, архивлана.

Дөрөв. Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох

4.1.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлогч иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ хууль тогтоомжид заасан хугацаанд дор дурдсан мэдээлэл, баримт бичгийн хамт мал эмнэлгийн байгууллагад ирүүлнэ. Үүнд:

4.1.1.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлгийн лабораторийн дүгнэлт, мал эмнэлгийн гэрчилгээ;

4.1.2.Хүсэлт гаргагчийн худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг;

4.1.3.Хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

4.1.4.Хүсэлт гаргагч нь мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа;

4.1.5.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, хөргөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл;

4.1.6.Боловсруулах үйлдвэрийн дугаар, нэр хаяг, байршил;

4.2.Мал эмнэлгийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хууль тогтоомжийн дагуу бүрдүүлсэн мэдээлэл, хүсэлт, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл, экспортлогч орны халдварт өвчний мэдээллүүдийг үндэслэн импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг олгох эсэхийг шийдвэрлэнэ.

4.3.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан мэдээлэл, баримт бичгийн хамт мал эмнэлгийн байгууллагад ирүүлнэ. Үүнд:

4.3.1.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, хөргөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл;

4.3.2.Тухайн экспортлогч орны мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас мал, амьтны эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхийг баталгаажуулсан баримт, бичиг /олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ/, шаардлагатай тохиолдолд мал эмнэлгийн лабораторийн дүгнэлт;

4.3.3.Хүсэлт гаргагч нь мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа;

4.3.4.Хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

4.3.5.Хүсэлт гаргагчийн худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг;

4.3.6.Боловсруулах үйлдвэр нь хөдөө аж ахуй, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлснийг нотлох баримт бичиг;

4.3.7.Хоёр улсын мал эмнэлгийн эрх бүхий этгээдийн харилцан тохиролцсон нөхцөл, шаардлагыг хангаж буй эсэхийг нотолсон байх;

4.3.8.Шаардлагатай тохиолдолд эрсдэлийн үнэлгээний дүн;

4.4.Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр болон импортлогч орны мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлага, нөхцлийг хангаагүй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг олгохгүй.

4.5.Хоёр улсын гэрээ хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспортын олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг англи, монгол хэл дээр, импортын олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг монгол хэл дээр тус тус бичнэ.

4.6.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг 3 хувь үйлдэж, нэг хувийг иргэн, хуулийн этгээдэд, 2 дахь хувийг тухайн гаалийн бүрдүүлэлтэнд, үлдсэн хувийг үндсэн материалтай нь хавсарган хадгална. Зорчигчид олгож байгаа гэрчилгээг 2 хувь хэвлэсэн байна.

4.7.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулах эрх бүхий этгээдийн нэр, гарын үсэг, тэмдгийн баталгааг Мал эмнэлгийн ерөнхий газар батламжлан бусад улс орны эрх бүхий байгууллага, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн холбогдох албадад хүргүүлсэн байна. 

4.8.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш амьд мал, амьтанд 1 сар хүртэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд 5 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд 21 хоног, 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд 30 хоног хүчинтэй байна. Гэрчилгээний хүчинтэй хугацаанд экспортлож буй улс орон, бүс нутагт мал, амьтны худалдааны хорио цээрт өвчин гарсан, хүн, малын эрүүл мэндэд эрсдэл үүсэх нөхцөл үүссэн үед гэрчилгээг олгосон байгууллага хүчингүй болгож болно.

Тав. Нохой муур болон бусад амьтанд мал эмнэлгийн гэрчилгээ олгох

5.1.Гэрийн тэжээвэр нохой, муур болон могой, тоть, яст мэлхий, хулгана гэх мэт бусад тэжээвэр амьтны эрүүл мэнд, гарал үүслийг баталгаажуулах мал эмнэлгийн гэрчилгээ нь паспорт хэлбэртэй байж болох бөгөөд загварыг олон улсын шаардлагад нийцүүлэн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

5.2.Гэрийн тэжээвэр нохой, муур болон могой, тоть, яст мэлхий, хулгана гэх мэт бусад тэжээвэр амьтны шилжилт хөдөлгөөнийг тухай амьтны паспортон дээрх мал эмнэлгийн эмнэлгийн гэрчилгээ олгох эрх бүхий этгээдийн тэмдэглэлийг үндэслэн зөвшөөрнө.

5.3.Гэрийн тэжээвэр нохой, муур болон бусад амьтны мал эмнэлгийн гэрчилгээ нь нууцлалтай, мал эмнэлгийн эрх бүхий байгууллагаас олгосон давхардахгүй дугаар бүхий байх бөгөөд ерөнхий малын эмчийн зөвшөөрснөөр мал эмнэлгийн мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага хэвлүүлж хэрэглэх ба тайланг улирал бүр харьяалах мал эмнэлгийн байгууллагад ирүүлнэ.

Зургаа. Мал эмнэлгийн гэрчилгээний хэрэгжилт, хяналт тавих

6.1.Мал эмнэлгийн гэрчилгээний бичилт, хэрэгжилтэд бүх шатны мал эмнэлгийн байгууллагын улсын байцаагч хяналт тавина.

6.2.Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгт ажиллаж байгаа болон сум, дүүргийн мал эмнэлгийн улсын байцаагч нь мал эмнэлгийн гэрчилгээ аваагүй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн хяналтад оруулж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. Үүнтэй холбогдон гарах зардлыг тухайн мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг хариуцаж явсан иргэн, хуулийн этгээд хариуцна.

6.3.Мал эмнэлгийн гэрчилгээний хэрэглээ, хяналтын тайлан, үзлэг, шинжилгээнд хамрагдсан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний талаархи хэвлэмэл болон цахим мэдээллийн маягт, гэрийн болон бусад тэжээвэр амьтны мал эмнэлгийн гэрчилгээний загварыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталсны дагуу хэрэглэнэ.

6.4.Монгол улсын ерөнхий малын эмч бөгөөд мал эмнэлгийн салбарын ерөнхий байцаагчийн баталснаас бусад мал эмнэлгийн гэрчилгээний загварыг хүчингүйд тооцно.

6.5.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн улсын байцаагч энэхүү зааварт заасан болон гэрчилгээнд бичсэн үндэслэлээс өөрөөр гэрчилгээ олгохыг хориглоно.

Долоо. Мал эмнэлгийн гэрчилгээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

7.1.Мал эмнэлгийн гэрчилгээ олгогдож шилжилт, хөдөлгөөн хийгдсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээний талаарх мэдээллийг мал эмнэлгийн анхан шатны байгууллага холбогдох дээд шатны байгууллагад тухай бүр мэдээлэх бөгөөд сар бүр тайлан хүргүүлнэ.

7.1.Мал эмнэлгийн гэрчилгээ олгосон мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийсэн тухай мэдээллийг мал эмнэлгийн мэдээллийн нэгдсэн цахим санд тухай бүр бүртгэнэ.

7.2.Бүртгэлийг мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээгээр мэдээллийн сан үүсгэн бүртгэсэн байна.

7.3.Мал эмнэлгийн гэрчилгээ олгосон мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээ, тайланг сум, дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Мал эмнэлгийн ерөнхий газраас баталсан маягтын дагуу, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Найм. Мал эмнэлгийн гэрчилгээний хугацаа, баталгаа

8.1.Мал эмнэлгийн гэрчилгээ нь тухайн гэрчилгээ олгосон өдрөөс хойш дараахь хугацаанд хүчинтэй байна. Үүнд:

8.1.1.Мал, амьтанд 30 хоног хүртэл,

8.1.2.Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд бүтээгдэхүүний төрлөөс хамаарч 5 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд 3-21 хүртэлх хоног, 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд 3- 30 хүртэлх хоног хүчинтэй байна.

8.1.3.Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах явцад мал эмнэлгийн гэрчилгээний хугацаа дууссан бол харьяалах мал эмнэлгийн эрх бүхий этгээд шинээр мал эмнэлгийн гэрчилгээ олгоно.

8.2.Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олгосон гэрчилгээг тээвэрлэлт, тууварлалтын явцад дамжин өнгөрсөн мал эмнэлгийн хяналтын цэгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид шалгуулж бүртгүүлэн хяналт хийсэн мэдээллийг цахим системд бүртгэх ба хэвлэмэл гэрчилгээн дээр тэмдэглэгээ хийлгэнэ.

Ес. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

9.1.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш чиглэсэн тохиолдлууд буюу худалдаалах, төхөөрөх, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, отор нүүдэл хийх, хээлтүүлэгт ашиглах болон бусад зорилгоор шилжилт хөдөлгөөн хийх үед заавал мал эмнэлгийн гэрчилгээ заавал авна.

9.2.Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад замын хяналт, шалгалтын цэгт шалгуулж мал эмнэлгийн гэрчилгээнд хяналт, шалгалт хийлгэсэн тухай мэдээллийн санд тэмдэглүүлнэ.

9.3.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн мэдээллийн санг холбогдох байгууллага ашиглах эрхтэй

9.4.Орон нутгаас олгосон гэрчилгээг дахин ашиглах, засварлах, хуурамчаар үйлдэх нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болно.

9.5.Гэрчилгээ олгохтой холбогдсон асуудлаар холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй.