Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 68 дугаар
тогтоолын хавсралт

 

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга, амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл болж, өргөн утгаараа тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг учраас соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, дэмжих талаар дэлхий нийтээр ихээхэн анхаарч байна.

Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдсэн орсон бөгөөд оролцогч улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүрэг хүлээж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,  Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Монгол хэлний тухай хуулиудад уламжлалт соёлоо хадгалж хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх, судалж сурталчлах талаар тодорхой заалтуудыг тусгасан байна.

2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталж, соёлын биет бус өвийн 15 ангилал, өвлөн уламжлагчийн эрх, үүрэг болон тэднийг урамшуулах, өвлөн уламжлуулах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. 

2005-2016 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, уртын дуу, хөөмий, “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн уламжлалт бүжиг-бий биелгээ, тууль, цуурын урлагийг хадгалж хамгаалах үндэсний хөтөлбөрүүдийг Засгийн газар батлан хэрэгжүүлсний үр дүнд иргэд, ахмад үеийн төлөөллөөс соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийг тодруулах, шавь сургалт зохион байгуулах, гадаад, дотоодод үндэсний өв соёлоо таниулан,  хүүхэд залууст өв соёлоо өвлүүлэн үлдээх, бахархах үзлийг төлөвшүүлэх, энэ чиглэлд бие даан судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болсон байна.

Гэвч соёлын биет бус өвийн 5 ай савын зөвхөн “Ардын язгуур урлаг”-ийн ай савыг тэргүүлэх чиглэлд авч үзсэн нь соёлын биет бус өвийн конвенцид тусгасан “эх хэл болон аман уламжлал”, “үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам”, “байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи” болон “гар урлал” гэсэн бусад ай савд хамаарах өвийг хадгалж, хамгаалах бодлого төлөвлөлтийн хэрэгжилтийг хангаж чадаагүй байна.


Иймд Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн өв соёлоор хязгаарлагдахгүйгээр нүүдэлчдийн өв соёлыг бүрэн илэрхийлэхүйц соёлын биет бус өвийн ай сав бүрт хамаарах биет бус өвийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл судалгаа шинжилгээг өргөжүүлэх, гадаад дотоодод сурталчлан таниулах, өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн үнэлэмжийг дээшлүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний хэлбэрээр соёлын үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бий болгон, соёлын биет бус өвийн төрөл зүйлийг цогцоор нь хамгаалах шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа монгол угсаатны олон бүлгийн соёлын биет бус өвийг олж илрүүлэх, судлах, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

2.2.1. соёлын биет бус өвийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;

  2.2.2. соёлын биет бус өвийн судалгаа, бүртгэн баримтжуулалт, бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, боловсронгуй болгох;

  2.2.3. соёлын биет бус өвийн талаар бүх нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг салбар хоорондын хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах;

  2.2.4. соёлын биет бус өвийн мэргэжилтнийг чадавхжуулах, өвлөн уламжлагчдыг дэмжих.

2.3. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлнэ.

Гурав.  Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Соёлын биет бус өвийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.1.1. соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр олон улсад мөрдөж байгаа хууль, эрх зүйн орчныг судалж, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг боловсронгуй  болгох;

3.1.2. соёлын биет бус өвийг хамгаалах дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулж батлуулах;

3.1.3. Монгол үндэсний соёлын биет бус өвийг олон улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;

3.1.4. “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн хэрэгжилтийг хангаж, соёлын биет бус өвийг бүртгүүлэх, хамгаалах ажлыг сайжруулах.

3.2. Соёлын биет бус өвийн судалгаа, бүртгэн баримтжуулалт, бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, боловсронгуй болгох хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.2.1. орон нутагт олон угсаатны бүлгийн хүрээний соёлын биет бус өвийн иж бүрэн судалгаа хийж, үзлэг зохион байгуулан, үндэсний жагсаалтыг боловсронгуй болгох;

3.2.2. соёлын биет бус өвийн бүртгэн баримтжуулалтын арга зүй, бүртгэл мэдээллийн сангийн нэгдсэн сүлжээг бий болгож, судалгаа, эрдэм шинжилгээ, боловсролын үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлэх;

3.2.3. соёлын өвийн бүх шатны байгууллагын дэргэдэх бүртгэл, мэдээллийн санг орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангаж, цахим хэлбэрт шилжүүлэх.

3.3. Соёлын биет бус өвийн талаар бүх нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг салбар хоорондын хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.3.1. соёлын биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын болон үндэсний хэмжээнд уралдаан, наадмыг зохион байгуулан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох;
 
3.3.2. соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, үндэсний агуулгатай контент бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх замаар хамтын ажиллагааг сайжруулах; 

3.3.3. бүх нийтийн соёлын биет бус өвийн мэдлэг, ойлголтыг албан ба албан бус боловсролын хөтөлбөрөөр дамжуулан нэмэгдүүлэх;

3.3.4. соёлын  биет  бус  өвийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг  дэмжиж,  дэвшилтэт  технологи, цахим сүлжээг хөгжүүлэх.

3.4. Соёлын биет бус өвийн мэргэжилтнийг чадавхжуулах, өвлөн уламжлагчдыг дэмжих зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.4.1. олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, шинжээч, мэргэжилтэн, мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах сургалтын тогтолцоог сайжруулах;

3.4.2. соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэн, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, шавь сургалтад мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн, олон нийтэд таниулан алдаршуулах.


Дөрөв. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэм-жих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Он

Үзүү-

лэлт

Он

Үзүүлэлт

 Бодлогын баримт бичгийн үр дүнг үнэлэх бусад шалгуур үзүүлэлтүүд

1

1. Соёлын биет бус өвийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх

судлагдсан эрх зүйн баримт бичигт санал өгсөн байдал

тоо

2019

1

2023

2

шинээр болон шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журам

тоо

2019

1

2023

4

      

гадаад улс орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр

   

2019

1

2023

3

ЮНЕСКО-д бүртгүүлсэн өв

тоо

2019

14

2023

16

2

2. Соёлын биет бус өвийн судалгаа, бүртгэн баримтжуулалт, бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, боловсронгуй болгох

үзлэг, судалгаа

тоо

2019

-

2023

2

мэдээллийн сангийн баяжилт, цахим сан үүсгэлт

тоо

2019

-

2023

2

тоног төхөөрөмжөөр хангагдсан байгууллага

хувь

2019

10%

2023

70%

3

 

 

 

3. Соёлын биет бус өвийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг салбар хоорондын хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах

зохион байгуулсан уралдаан, наадам, түүнд хамрагсад

тоо

2019

1/550

2023

2/1200 

үндэсний агуулгатай монгол уран бүтээлийн эзлэх хувь

хувь

2019

10%

2023

60%

соёлын өвийн гарын авлага, хөтөлбөр

тоо

2019

2

2023

8

соёлын үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжсэн төсөл,  нэвтрүүлсэн дэвшилтэт технологи

тоо

2019

15

2023

40

4

4. Соёлын биет бус өвийн мэргэжилтнийг чадавхжуулах, өвлөн уламжлагчдыг дэмжих

өвлөн уламжлагч

тоо

2019

98

2023

120

зохион байгуулсан сургалт, түүнд хамрагсад

тоо

2019

3/120

2023

10/500

шинэ залуу уран бүтээлчдийг дэмжсэн арга хэмжээ

тоо

2019

5

2023

10

шавь сургалтад суралцагчид

тоо

2019

2

2023

22

Соёлын биет бус өвийг  сурталчилсан байгууллага

тоо

2019

-

2023

8

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2. гадаадын зээл, буцалтгүй тусламж;

5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

5.1.4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

5.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.


Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жил бүр зохион байгуулж, тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

6.2 Хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 


------о0о------