Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 69 дүгээр
тогтоолын хавсралт

 

“ЧУЛУУН СОЁЛЫН ӨВ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Чулуун соёлын өв нь хүн төрөлхтний хөгжлийн түүхийн тодорхой цаг үеийн гэрч болон үлдэж, хүмүүсийн нийгмийн байдал, оюуны соёлын түвшин, зан заншил, шашин шүтлэг болон ахуй амьдралын улирч мартагдсан түүхийг нэхэн сэргээж ойлгох гол эх сурвалж болдог, дэлхий нийтийн үнэ цэнэтэй дурсгал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын        1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж, Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын 4.3.2-т “эрт эдүгээгийн соёлын өв санг үндэсний эрхэм баялаг болохын хувьд төрийн хамгаалалтад байлгах” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны “Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай” 181 дүгээр зарлигт хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалсан байна.

2015 онд улсын хэмжээнд явуулсан үзлэг, тооллогын дүн мэдээгээр манай улсын нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн байна. Ялангуяа цаг уурын өөрчлөлт, уул уурхай, зам харилцаа зэрэг шинэ бүтээн байгуулалт, аялал жуулчлал, шашин шүтлэгийн нөлөөгөөр чулуун соёлын өвд хохирол учрах явдал түгээмэл тохиолдож байна.

Чулуун соёлын өвийг хамгаалахад өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүгийн болон хүний нөөц, техник технологийн боломжид үндэслэн тодорхой дурсгалуудыг сонгон хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан арга зүйн дагуу гүйцэтгэх, дурсгалыг цаашид хэрхэн хамгаалах талаар хэтийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, гадаад, дотоодод сурталчлах зэрэг цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа түүх, соёл, шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой хадны зураг, бичээс, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө, тамга тэмдэг, бичээс бүхий хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал, зураг, тамга бүхий хавтан чулуун дурсгалууд зэрэг чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах, судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан таниулах, зохистой ашиглах замаар чулуун соёлын өвийн оршин тогтнох чадавхыг бэхжүүлж, хамгаалахад хөтөлбөрийн зорилго оршино.
 
2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

2.2.1. Чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах;

2.2.2. Чулуун соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах;

2.2.3. Чулуун соёлын өвийг сурталчлах;

2.2.4. Чулуун соёлын өвийг түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох.

2.3. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.1.1. чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах, мэдээлэл цуглуулах арга зүйг боловсронгуй болгох;

3.1.2. чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах ажлыг дурсгалын төрлөөр бүсчлэн зохион байгуулах;

3.1.3. зарим томоохон цогцолбор дурсгалын оршин байгаа газрыг кадастрын улсын бүртгэлд бүртгүүлэх;

3.1.4. зарим цогцолбор дурсгалыг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх.

3.2. Чулуун соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.2.1. чулуун соёлын өвийн хэв, дардасыг авах, хуулбарыг хийж хадгалах;

3.2.2. чулуун соёлын өвийг цэвэрлэж бэхжүүлэх, сэргээн засварлах;

3.2.3. чулуун соёлын өвийн хамгаалалтын хайс, хашаа барьж, танилцуулга байрлуулах;

3.2.4. чулуун соёлын өвийн устах эрсдэлд орсон дурсгалыг унаган газраас нь зөөж тээвэрлэн аюулгүй газарт шилжүүлэн байрлуулах;

3.2.5. чулуун соёлын өвийн чулуулгийн бүтцийн болон эвдрэл гэмтлийг нарийвчлан судалж тодорхойлох лаборатори байгуулах.

3.3. Чулуун соёлын өвийг сурталчлах зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.3.1.  чулуун    соёлын    өвийн    талаар    баримтат    кино    бүтээж сурталчлах;

3.3.2. судалгаа, сурталчилгааны ном, бүтээл хэвлүүлэх;

3.3.3. дотоод, гадаадад тусгай үзэсгэлэн зохион байгуулах.

3.4 .Чулуун соёлын өвийг түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.4.1. чулуун соёлын өвийн талаар хөтөч, тайлбарлагчдын мэдлэгийг дээшлүүлэх; 

3.4.2. зарим томоохон цогцолбор дурсгалыг түшиглэн музей, ил үзвэрийн газар байгуулах;

3.4.3. чулуун дурсгалыг түшиглэсэн аяллын маршрут бий болгож хөгжүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

Бодлогын баримт бичгийн үр дүнг үнэлэх бусад шалгуур үзүүлэлтүүд

1

1.Чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах

шинэ арга зүйгээр бүртгэл хийж, цахим хэлбэрт нэвтрүүлсэн байдал

тоо

2019

11026

2024

12000

бүртгэн баримтжуулсан дурсгал

тоо

2019

3000

2024

5000

кадастрын бүртгэлд бүртгэгдсэн байдал

тоо

2019

-

2024

10

 

дэлхийн соёлын өвд нэр дэвшүүлж, бүртгэгдсэн өв

тоо

2019

3

2024

5

2

2. Чулуун соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах

хэв, дардас, хуулбар авч хадгалсан өв

тоо

2019

8

2024

20

сэргээн засварлаж, цэвэрлэж бэхжүүлсэн өв

тоо

2019

20

2024

27

хамгаалалтын хашаа, танилцуулга самбар байршуулсан өв

тоо

2019

8

2024

14

аюулгүй газарт шилжүүлсэн байдал

тоо

2019

12

2024

17

тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадал

хувь

2019

10%

2024

50%

3

3. Чулуун соёлын өвийг сурталчлах

баримтат кино бүтээл

тоо

2019

3

2024

7

хэвлэгдсэн ном бүтээл

тоо

2019

10

2024

25

зохион байгуулсан

үзэсгэлэн

тоо

2019

-

2024

3

4

4.Чулуун соёлын өвийг түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох

хэвлүүлсэн гарын авлага

тоо

2019

-

2024

250

шинээр байгуулсан музей

тоо

2019

-

2024

2

шинээр бий болсон маршрут

 

тоо

2019

-

2023

3

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ: 

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2. гадаадын зээл, буцалтгүй тусламж;

5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

5.1.4. иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хандив;

5.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу жил бүр зохион байгуулж, тайланг дараа оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

6.2. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах ажлыг зохион байгуулна.  


------o0o------