Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 8 дугаар
    тогтоолын хавсралт


АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН
АМЬ НАС  ХОХИРСОН  ТОХИОЛДОЛД АР ГЭРТ НЬ НЭГ УДААГИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт Төрийн албаны тухай хуулийн 60.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.

1.2. Төрийн тусгай албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас хохирсон тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтална.

1.3. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамаардаггүй төрийн тусгай албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журамд заасныг баримтална.

1.4. “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна.

Хоёр. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох

2.1. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь ажиллаж байсан төрийн байгууллагаас олгоно.

2.2. Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар заасан бол төрийн албан хаагчийн ар гэр эдгээр тусламжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд буцалтгүй тусламжийг давхардуулан олгохгүй.

2.3. Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ журамд заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.

2.4. Байгууллагын дарга буцалтгүй тусламжид шаардагдах хөрөнгийг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх бөгөөд хэрэв төсөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүй бол үлдэгдэл зөрүүг дараагийн төсвийн жилд нөхөн олгоно.

2.5. Төрийн албан хаагчийн ар гэрт энэ журамд заасны дагуу олгосон  буцалтгүй тусламжийн хөрөнгийг холбогдох хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Буцалтгүй тусламжийн хөрөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх үүргийг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч хариуцна.


------о0о------