Хэвлэх DOC Татаж авах

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11/03 тогтоолын хавсралт

 

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь бэлчээр ашиглалтыг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг төлөвшүүлэхтэй холбогдон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч-малчин хариуцна.

1.3. Энэ журмын 1.2-т заасан зардал нь бэлчээр ашиглалтын гэрээгээр тохирсны дагуу БАХ-ын гишүүн-малчны тухайн бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг хонин толгойд шилжүүлснээр төлөх мөнгөн дүнгээс бүрдэнэ.

Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх

2.1. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтална:

2.1.1. бэлчээрийн экологийн чадавхид суурилах;

2.1.2. бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.

2.2. Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид “бэлчээр ашиглалтын төлөвлөгөө” гэх) нь дараахь шаардлагыг хангасан байна:

2.2.1. бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэсэн байх;

2.2.2. бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;

2.2.3. бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;

2.2.4. бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх.

2.3. Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзанөвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сумын Засаг дарга тогтооно. 

2.4. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг сумын газрын даамал боловсруулж холбогдох багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.

2.5. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг тусган Газрын тухай хуулийн 20.1.2-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

2.6. Сумын Засаг дарга бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээгээр малчдад хэсэг, бүлэг (цаашид “БАХ” гэх)-ээр ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна.

2.7. Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улс, донор байгууллагын төсөл хэрэгжүүлэгч нэгж нь бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллаж болно.

Гурав. Бэлчээрийн даац тооцох

3.1.Багийн Засаг дарга харъяалах багийн бэлчээрийн даацад үндэслэн дараахь тооцооллыг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар батлан, сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Үүнд:

3.1.1. Газрын төлбөрийн тухай хуулийн 6.2-т заасан итгэлцүүрээр хонин толгойд шилжүүлж тухайн багийн бэлчээр нутагт өвөлжих, хаваржих малын тооны дээд хязгаарыг дараахь аргачлалаар тогтоох:

 3.2.Тавиул малыг тухайн маллаж байгаа малчин өрхийн малын тоонд оруулж тооцно.

3.3. Энэ журмын 3.1-д заасан тооцоололд дараахь мэдээллийг хавсаргана:

3.3.1. малчин өрхийн нийт гишүүдэд ногдох малын тооноос хэтэрсэн мал бүхий малчдын нэрс;

3.3.2. энэ журмын 1.2-т заасан зардлыг бэлчээрийн даацаас илүү гарсан малын (хонин толгойд шилжүүлсэн) тоогоор тооцож гаргасан мөнгөн дүн;

Дөрөв. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн  байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Сумын Мал  эмнэлэг, үржлийн тасаг дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1. БАХын гишүүн-малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, бэлчээрийг зөв ашиглах мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах;

4.1.2.  багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг харгалзан тухайн багийн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

4.1.3.  бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах;

4.1.4. фото мониторингийн дүнд тулгуурлан тухайн жилд малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэхэд чиглэсэн сүргийн зохистой бүтэц, харьцаа, шилэн сонголт, чанар болон мал аж ахуйг үр ашигтай эрхлэн явуулах талаар зөвлөмж гаргах.

4.2. сумын Цаг уурын өртөө дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1.тухайн баг, сумын саналыг үндэслэн фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

4.2.2. сум, багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон, өвөлжиж, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 09 дүгээр сарын 10-наас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх;

4.2.3. энэ журмын 4.4.4.2-т заасан саналыг харгалзан үзэж боломжтой тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байршлуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

4.3. Газрын даамал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.3.1. сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын  газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;

4.3.2. Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх талаар санал өгөх;

4.3.3. бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргах, бэлчээр ашиглалтын гэрээг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, гэрээний хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

4.3.4. өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;

4.3.5. сумын хилийн маргаантай байгаа асуудлыг судлан шийдвэрлүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх;

4.3.6. бэлчээр ашиглагчдын хэсгийн улирлын бэлчээр бүр дээр фотомониторингийн цэг байгуулж жил бүрийн 8 дугаар сард багтаан ашиглалтын үр нөлөөг хянах фотомониторингийн мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулж улсын хэмжээний нэгдсэн санд оруулах,  шийдвэр гаргагчид болон малчдыг мэдээллээр хангах.

 4.4. Багийн иргэдийн Нийтийн Хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.4.1. энэ журам, тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, тайланг хэлэлцэх;

4.4.2. Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих.

4.4.3. жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, дараа жил хийх ажлыг төлөвлөх;

4.5. Сумын Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.5.1. сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

4.5.2. сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг үндэслэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу БАХ-т бэлчээрийг болзол, гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага, үр дүнг тооцож ажиллах;

4.5.3. багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;

4.5.4. энэ журмыг мөрдөн ажиллаж байгаа  баг, малчин өрх, БАХ-д давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;

4.5.5. гэрээнд заасны дагуу малын тоог бэлчээрийн даацад тохируулах нөхцөлийг удаа дараа хангаж байгаа БАХ-ыг Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-дзаасан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгодог “Ногоон гэрчилгээ” олгуулахаар холбогдох байгууллагад уламжлах;

4.5.6. Гол, горхи, булаг, шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд  бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх арга хэмжээг авах;

4.5.7. Сумын бэлчээрийн даац хүрэлцээтэй жил өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа  малчин өрхтэй байгуулсан гэрээгээр тохирсон төлбөрийг Бэлчээрийн санд оруулсны дараагаар бэлчээр нутгийг зааж өгөн нэвтрүүлэх;

4.5.8. өмнөх жилийн гэрээний үүргээ биелүүлсний дараа буюу энэ журмын 1.2-т заасан зардлыг Бэлчээрийн санд төвлөрүүлснийг үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг сунгах.

4.5.9 Газрын тухай хуулийн 52.8-д заасныг баримтлан гантай, эсхүл өвөлжилт хүндэрсэн багаас бэлчээрийн даац хүрэлцээтэй багийн нутаг дэвсгэрт айл өрх, мал сүргийг тухайн багийн Засаг даргатай зөвшилцөн оруулах шийдвэр гаргах;

4.5.10. дараахь саналыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлнэ:

4.5.10.1. тухайн багийн бэлчээр нутагт фотомониторингийн судалгаа хийж болох оновчтой цэгийг нэмж тогтоох;

4.5.10.2. ургац муу бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх генератор байрлуулах.

4.6. Багийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.6.1. багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

4.6.2. энэ журам, тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, БАХ-тай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянах;

4.6.3. бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу энэ журмын 1.2-т заасан зардлыг хурааж, энэ журмын 6.1-д заасан Бэлчээрийн сан (цаашид “Бэлчээрийн сан” гэх)-д төвлөрүүлэх;

4.6.4. тухайн жилд Бэлчээрийн санд хуримтлагдсан хөрөнгөөр санхүүжүүлэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх.

Тав. Бэлчээрийг ашиглуулах

5.1. Иргэний хуулийн 481.1-т заасан бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл буюу БАХ-ийн зохион байгуулалтад орсон малчдад сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээ (цаашид “бэлчээр ашиглалтын гэрээ” гэх)-гээр ашиглуулна.

5.2. БАХ, түүний гишүүн малчин дараахь эрхийг эдэлнэ:

5.2.1.бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох;

5.2.2. Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих;

5.2.2.1. тухайн баг, сумын нутаг дэвсгэрийн 50-аас доошгүй хувь нь гантай байсан нь тогтоогдсон нөхцөлд нийт малчин өрхийг бэлчээр ашиглалтын татвараас чөлөөлнө;

5.2.2.2. хонин толгойд шилжүүлснээр малчин өрхийн 1 гишүүнд ногдох 100 хүртлэх толгой малыг татвараас чөлөөлнө;

5.2.2.3 Энэ журмын 1.2-т заасан зардлын хэмжээ хонин толгой тутамд 500 төгрөгөөс, 6.3.4-т заасан төлбөрийн хэмжээ хонин толгой тутамд хоногт 10 төгрөгөөс хэтрэхгүй байна.

5.2.3 Дор дурдсан тохиолдолд малчин өрх, түүний мал бэлчээр ашиглалтын гэрээнд заасан малын тоог бэлчээрийн даацад тохируулах зохицуулалтад хамрагдахгүй байх:

5.3 БАХ, түүний гишүүн малчин бэлчээр ашиглахтай холбогдсон дараахь үүргийг хүлээнэ:

5.3.1. бэлчээрийг өнжөөж, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гаргасан Засаг даргын шийдвэрийг дагаж биелүүлэх;

5.3.2. бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх;

5.3.3. бэлчээр ашиглалтын гэрээгээр тохирсны дагуу энэ журмын 1.2-т заасан зардлыг тухайн оны 6 дугаар сарын 01-ны өдрийн дотор төлж барагдуулах;

5.3.4. өөр баг, сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх;

5.3.5. Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх;

5.3.6. гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хаягдлыг цэвэрлэх;

5.3.7. малаас чөлөөлсөн өвөлжөө, хаваржааны бэлчээрт заасан хугацаанд мал оруулахгүй байх;

5.3.8. бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх;

5.3.9. бэлчээрт хог хаягдал, хортой зүйлс, шавхай бууц, сэг зэмээр хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх;

5.3.10. зуслан намаржаа болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгаснаас өөр газар дур мэдэн өвөлжөө, хаваржаа барихгүй байх;

5.3.11. бэлчээрийн даацаас илүү гарсан малыг тухайн жилийн мал тооллого хүртэлх хугацаанд зах зээлд борлуулах, цөөн тооны мал бүхий малчин өрхөд хөлсөөр маллуулан дэмжих, бэлчээрийн даац бүхий өөр аймаг сумдын нутагт отроор явах;

5.3.12. гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг  хашихгүй байх.

5.3.13 Нийтээр ашиглах нөөц бэлчээр бүхий уст цэгийг малчид дундын хэрэгцээнд ашиглана.

Зургаа. Бэлчээрийн сан

6.1. Бэлчээрийн сангийн хөрөнгийг тухайн багийн Засаг даргын дэргэдэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 28.8-т заасан мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлнэ.

6.2. Багийн бэлчээрийн санг сумын бэлчээр ашиглагчдын холбоонд баг бүрийн тусгай тохиргоотой шилэн данс хэлбэрээр байршуулж болно.

6.3. Бэлчээрийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

6.3.1. энэ журмын 1.2-т заасан зардал;

6.3.2. мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгө;

6.3.3. Бэлчээрийн санд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан тухайн багаас хуримтлагдсан хөрөнгийн хэмжээтэй тэнцэх хэмжээний хөрөнгө;

6.3.4. энэ журмын 4.5.2-д заасны дагуу өөр аймаг, сумын нутгаас оруулсан малын хонин толгой тутамд гэрээгээр тохирсон мөнгөн төлбөр;

6.3.5. хандив, тусламж, бусад эх үүсвэр.

6.4. Бэлчээрийн сангийн хөрөнгийг дараахь үйл ажиллагаанд зарцуулна:

6.4.1. доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа (бусад малчдыг эрх ашгийг хөндөхгүйгээр);

6.4.2. ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв, цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх;

6.4.3. багийн хэмжээнд ашиглах хадлан тэжээлийн талбай бий болгох;

6.4.4. бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх;

6.4.5. бэлчээрт үүлэнд зориудаар нөлөөлөх зорилгоор генератор суурилуулах, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд /түлш авах, үүлэнд зориудаар нөлөөлөх/,

6.4.6.бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий нийтээр ашиглах бэлчээрт мод, бут, сөөг тариалах,

6.5. Өөр аймаг сумд отроор яваа малчин өрхөд шаардлагатай бол сангаас дэмжлэг үзүүлж болно.

Долоо. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх

7.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

7.2. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

Найм. Хариуцлага хүлээлгэх, өөрчлөлт оруулах

8.1. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол улсын Зөрчилийн тухай хуулийн 8.6 дах заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Багийн иргэдийн нийтийн хурлаас дэмжигдсэн саналыг Сумын ИТХ-д Засаг дарга хэлэлцүүлж өөрчлөлт оруулна.