Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор Баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт

 

ДААТГАЛЫН, ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ
АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ БОЛОН ДААТГАГЧ, ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ДАГАЖ МӨРДӨХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйлажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох, түүнд хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нийтлэг шаардлага

2.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Даатгалын багц дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

2.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан дотоод хяналтын хөтөлбөр боловсруулан мөрдөж ажиллана.

Гурав. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

3.1.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

3.1.1.Компани байгуулах, даатгалын эсхүл даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр;

3.1.2.Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.1.3.Компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, компанийн шинэчилсэн дүрмийн төсөл;

3.1.4.Компанийн хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг хууль ёсны орлогоос бүрдсэнийг нотлох баримт;

3.1.5.Компанийн үйл ажиллагааны гурваас доошгүй жилийн хугацаатай бизнес төлөвлөгөө;

3.1.6.Компанийн үйл ажиллагаанд ашиглах ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар, техник тоног төхөөрөмж, даатгал, санхүү, бүртгэлийн програм хангамжийн талаар танилцуулга, холбогдох материал;

3.1.7.Жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан/эхлэлтийн тайлан;

3.1.8.Хувьцаа эзэмшигч бүрийн СЗХ04005 маягтын дагуу бөглөсөн хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт;

3.1.9.СЗХ04006 маягтын дагуу бөглөсөн компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчин /санхүү, даатгалын мэргэжлийн боловсон хүчин, даатгалын менежер, даатгалын андеррайтер, “Даатгалын багц дүрэм”-ийн 8 дугаар хавсралт “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам”-д заасан шаардлагыг хангасан даатгалын актуарч гэх мэт/ -ий тодорхойлолт;

3.1.10.Компанийн эрх бүхий албан тушаалтан болон мэргэжлийн боловсон хүчний иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

3.1.11.Хорооноос баталсан даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн Тохиромжтой этгээдийг тодорхойлох зааварт заасны дагуу бөглөсөн хувь хүн, хуулийн этгээдийн асуулгын хуудас;

3.1.12.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-д заасан дотоод хяналтын хөтөлбөр;

3.1.13.Даатгалын байгууллагын боловсон хүчин нь тухайн даатгалын хэлбэрээр мэргэшсэнийг нотлох баримт;

3.1.14.Дотоод үйл ажиллагааны журмын төсөл;

3.1.15.СЗХ04004 маягтын дагуу бөглөсөн даатгалын хэлбэр, 2-оос доошгүй бүтээгдэхүүнийг бүртгүүлэх өргөдөл;

3.1.16.Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн тус бүрээр боловсруулсан журам, Иргэний хуулийн 431.4 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан даатгалын гэрээ болон гэрээний баталгааны загвар;

3.1.17.Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол, танилцуулга;

3.1.18.Хуулийн этгээд нь энэ журмын 6 дугаар хавсралтад заасан “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх заавар” /цаашид “Бөглөх, бүрдүүлэх заавар” гэх/-ын дагуу өргөдлөө энэ журмын 1 дүгээр хавсралт (А) маягт СЗХ04001-ын дагуу гаргаж, 2 дугаар хавсралт (А)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг бүрдүүлэн Хороонд цаасаар болон цахимаар ирүүлнэ.

3.1.19.Хороо үйл ажиллагааны онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан тодруулга болон нэмэлт баримт бичгийг ирүүлэх шаардлага тавьж болох бөгөөд уг шаардлагыг хангасан байна.

3.1.20.Давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн этгээд нь энэ журмын 3.1.1-3.1.19-д заасан баримт бичгээс гадна дараах нэмэлт баримт бичгийг ирүүлнэ:

3.1.20.а. Давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд байршуулсныг нотлох дансны хуулга.

3.2.Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

3.2.1.Энэ журмын 3.1.1-3.1.14, 3.1.18, 3.1.19-д заасан баримт бичгээс гадна дараах нэмэлт баримт бичгийг ирүүлнэ.

3.2.2.Энэ журамд заасан мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төсөл;

3.2.3.Хоёроос доошгүй даатгалын компанитай хамтран ажиллах даатгалын зуучлалын гэрээний төсөл;

3.2.4.Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх ажилтны Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан тухайн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн мэргэшлийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт. Энэ нь шалгалтад тэнцсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна;

3.2.5.Даатгалын зуучлагч нь Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий банк байж болох бөгөөд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад энэ журмын 3.2.1-3.2.4-т заасан баримт бичгийг ирүүлэхээс гадна дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ.

3.2.5.а. Тус банкийг даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд татгалзахгүй тухай Монголбанкнаас ирүүлсэн тодорхойлолт;

3.2.5.б. Даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хариуцах 2-оос доошгүй орон тооны ажилтан бүхий тусгайлсан нэгжийг байгуулсан буюу томилсон тухай шийдвэрийн хуулбар, тухайн нэгжийн танилцуулга болон банкны бүтцийг харуулсан бүдүүвч зураг;

3.2.5.в. Хамтран ажиллах даатгагч бүр дээр даатгалын зуучлагчийн үйл ажиллагаатай холбогдон гарах гүйлгээ хийгдэх тусдаа данс байхыг нотлох баримт;

3.3.Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

3.3.1.Энэ журмын 3.1.1-3.1.14, 3.1.18, 3.1.19-д заасан баримт бичгийг ирүүлэхээс гадна дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ.

3.3.2.Энэ журамд заасан мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төсөл;

3.3.3.Эрхлэх даатгалын хэлбэрийн хохирлын үнэлгээний чиглэлээр үнэлгээчин нь мэргэшсэн гэдгийг нотлох баримт /Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

3.3.4.Сонгосон даатгалын хэлбэрээр хохирлын үнэлгээ хийх судалгаа, мэдээллийн сангийн танилцуулга;

3.3.5.Даатгалын хохирол үнэлгээ хийх ажилтны Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан тухайн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн мэргэшлийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт. Энэ нь шалгалтад тэнцсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна;

3.4.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

3.4.1.Даатгагчтай хамтран ажиллах гэрээний төсөл;

3.4.2.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт /Энэ нь шалгалтад тэнцсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.4.3.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар;

3.4.4.Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол 3.4.1-3.4.3-т зааснаас гадна дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ:

3.4.4.а. даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;

3.4.4.б. улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.4.4.в. хуулийн этгээдийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шинэчилсэн дүрмийн төсөл;

3.4.5.Тусгай зөвшөөрөл хүссэн этгээд нь “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу өргөдлөө энэ журмын 1 дүгээр хавсралт (Б) СЗХ04002 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (Б)-д дурдсан баримт бичгүүдийг бүрдүүлэн Хороонд цаасаар болон цахимаар ирүүлнэ.

3.4.6.Гадаадын иргэн Монголын даатгалын компанийн төлөөлөгчөөр ажиллах бол нэмэлт шаардлага, баримт бичиг Хороо шаардаж болно.

3.5.Тусгай зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох

3.5.1.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн этгээдийн ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг хянаж, шаардлагатай тохиолдолд газар дээрх үзлэг, шалгалт хийсний үндсэн дээр даатгалын болондаатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Хороо шийдвэрлэнэ.

3.5.2.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэхийг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн ажлын 45 өдрийн дотор шийдвэрлэнэ.

3.5.3.Энэ журмын 3.5.1-д заасан Хорооны шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж болон зохицуулалт үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн тухайн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоно.

3.5.4.Тусгай зөвшөөрөл олгогдсонтой холбоотойгоор гарсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар, түүний цахим хувилбарыг Хороонд ирүүлнэ.

3.5.5.Хороо нь дараах үндэслэлээр даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана. Үүнд:

3.5.5.а.Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт болон энэ журамд заасан шаардлагыг хангаагүй;

3.5.5.б. хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь нотлогдсон;

3.5.5.в. хувьцаа эзэмшигчид нь санхүүгийн зах зээлд оролцогчийн хувьд буюу шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэлтэй нь тогтоогдсон, эсхүл ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй;

3.5.5.г.Хорооноос даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон өдрөөс хойш 2 жил болоогүй;

3.5.5.д. бусад хууль болон журамд заасан шаардлагыг хангаагүй.

3.5.6.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд Хороо энэ талаарх үндэслэл бүхий тайлбарыг өргөдөл гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

3.5.7.Хороо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсанаас хойш 2 жилийн дотор тухайн компанийн хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, эсхүл тэдгээртэй адилтгах албан тушаал)-д ажиллах этгээдээс даатгалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авахгүй.

3.5.8.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх харилцааг Даатгалын тухай хуулийн 69, 71 дүгээр зүйлд заасны дагуу, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх харилцааг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

3.5.9.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээнэ. Зөрчлийг арилгасныг нотлох баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн ажлын 30 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг сэргээх эсэх асуудлыг Хороо шийдвэрлэнэ.

3.5.10.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох харилцааг Даатгалын тухай хуулийн 70, 71 дүгээр зүйлд заасны дагуу, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох харилцааг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.

3.5.11.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, сэргээсэн огноо, Хорооны шийдвэрийн дугаарыг тэмдэглэнэ.

Дөрөв. Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд оруулах өөрчлөлтийг бүртгэх

4.1.Даатгагч,даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан (хувь нийлүүлсэн хөрөнгө)-гийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах

4.1.1.Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч (цаашид хамтад нь “даатгалын байгууллага” гэх) нь дүрмийн сан (хувь нийлүүлсэн хөрөнгө)-гийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай бүр Хороонд мэдэгдэж, бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ эдгээр өөрчлөлтийн дагуу аливаа гүйлгээ, төлбөр хийхээс өмнө “Бөглөх бүрдүүлэх заавар”-ын дагуу бүртгэлийн өргөдлөө энэ журмын 1 дүгээр хавсралт (В) СЗХ04003 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (В)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлнэ.

4.1.2.Дүрмийн санд оруулсан хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжиг бүхий гэж үзвэл Хороо нэмэлт мэдээлэл шаардаж болно.

4.1.3.Даатгалын байгууллага нь уг өөрчлөлттэй холбоотойгоор дүрмийн санд нэмэгдсэн мөнгөн хөрөнгө нь хууль ёсны орлогоос бүрдсэнийг нотолсон байх ба Хорооноос баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т заасан этгээдүүд нь тус зааврын шаардлагыг хангасан тохиромжтой этгээд байна.

4.1.4.Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохыг хүсч ирүүлсэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хууль тогтоомжийн дагуу хянаж, даатгагч болон даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч (цаашид хамтад нь “даатгалын байгууллага” гэх)-ындүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг Хороо шийдвэрлэнэ.

4.1.5.Даатгалын байгууллагын дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг бүртгэх эсэхийг баримт бичгийн бүрдэл гүйцэд болсон өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэнэ.

4.1.6.Хороо бүртгэхээс татгалзсан нөхцөлд даатгалын байгууллагын дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй.

4.1.7.Энэ журмын 4.1.1-4.1.6 дэх заалт нь даатгалын зуучлагч банкинд хамаарахгүй бөгөөд даатгалын зуучлагч банк нь Монголбанкнаас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгосноос хойш ажлын 3 өдрийн дотор Монголбанк зөвшөөрөл олгосныг нотлох баримтын хамт энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан СЗХ04003 маягт, шаардлагатай тохиолдолд СЗХ04005 маягтуудыг “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу бөглөн Хороонд ирүүлж, бүртгүүлнэ.

4.2.Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээх

4.2.1.Даатгалын байгууллага нь салбар, төлөөлөгчийн газар нээх, татан буулгах, хязгаарлах, өөрчлөн байгуулах (нэгтгэх, нийлүүлэх, салгах, тусгаарлах, өөрчлөх) тухай бүр Хороонд бүртгүүлэх бөгөөд бүртгэх эсэх асуудлыг баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн ажлын 14 өдрийн дотор шийдвэрлэнэ.

4.2.2.Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, түүнтэй холбогдсон харилцааг “Даатгалын багц дүрэм”-ийн 10 дугаар хавсралт “Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага” журмаар зохицуулах бөгөөд энэ журмын 4.2.1 дэх заалт хамаарахгүй.

4.2.3.Даатгалын байгууллага нь салбар нээн ажиллуулахад дараах ерөнхий шаардлага тавигдана:

4.2.3.а. үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хязгаарлалтаа тодорхойлсон, хаяг, байршил нь тодорхой, байнгын ажлын байртай байх;

4.2.3.б. салбарын удирдлага, ажилтан, гэрээт ажилтнаар ажиллах этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасан “нийтийн албан тушаалтан” биш байх;

4.2.3.в. үйл ажиллагааг хэвийн явуулах тоног төхөөрөмж, програм хангамжтай байх;

4.2.3.г. нэгж нь компанийн ерөнхий захиргаа болон бусад нэгжүүдтэйгээ мэдээллийн нэгдсэн нэг сүлжээнд холбогдож, мэдээлэл, тайлагнал дамжуулдаг байх;

4.2.3.д. тухайн нутаг дэвсгэрт салбар нээн ажиллуулахтай холбогдсон зах зээлийн судалгаатай байх;

4.2.3.е. эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг тодорхой тусгасан, салбарын дотоод хяналт болон бусад үйл ажиллагааг зохицуулах журамтай байх.

4.2.4. Даатгалын компанийн салбар нь энэ журмын 4.2.3-т зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:

4.2.4.а. арилжааны банкны салбарт данстай байх;

4.2.4.б. салбар нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд шуурхай албатай байх ба 24 цагаар дуудлага хүлээн авах суурин утастай, тээврийн ослын хохирлын хэмжээг газар дээр нь очиж тогтоох зориулалтын автомашинтай, даатгалын талаарх мэдээлэл оруулж хадгалах, шаардлагатай мэдээг мэдээллийн санд өгч нэгтгүүлэх интернетэд холбогдсон програм хангамжтай байх;

4.2.4.в. даатгагчийн салбар нь шуурхай албаны үйл ажиллагааг Албан журмын даатгагчдын холбоо эсхүл дээрх шаардлагыг хангасан шуурхай албаны үйлчилгээг үзүүлдэг байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно. Даатгагчтай гэрээ байгуулсан шуурхай албаны үүрэг гүйцэтгэгч байгууллага нь энэ журмын 4.2.4.б-д заасан шаардлагыг хангасан байна.

4.2.5.Даатгалын хохирол үнэлэгчийн салбар нь энэ журмын 4.2.3-д зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна.

4.2.5.а. эрхлэх даатгалын хэлбэрийн хүрээнд эд хөрөнгөнд учирсан бодит хохирлыг тогтоох тохиолдолд Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй нэгээс доошгүй ажилтантай байх;

4.2.5.б. Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын хохирол үнэлгээний сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байх;

4.2.6.Даатгалын зуучлагчийн салбар нь энэ журмын 4.2.3-д зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна.

4.2.6.а. Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байх;

4.2.7.Даатгалын зуучлагч нь банк бол даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг банкны нэгжээр дамжуулан хийж болох бөгөөд нэгж нь дараах шаардлагыг хангасан байна:

4.2.7.а. энэ журмын 4.2.3.а-г, 4.2.3.е-д заасан шаардлагыг хангасан байх;

4.2.7.б. Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байх;

4.2.8.Даатгалын байгууллагын төлөөлөгчийн газар нь энэ журмын 4.2.3.а, 4.2.3.г-д заасан шаардлагыг хангасан байна.

4.2.9.Даатгалын байгууллага нь гадаад улсад салбар, төлөөлөгчийн газар нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг “Даатгалын багц дүрэм”-ийн 9 дүгээр хавсралт “Гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага” журмаар зохицуулах бөгөөд энэ журмын 4.2.1 дэх заалт хамаарахгүй.

4.2.10.Даатгалын байгууллага нь салбар, төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхдээ “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу өргөдлөө энэ журмын 1 дүгээр хавсралт (В) СЗХ04003 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (Г)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлсэн байна.

4.2.11.Хороо даатгалын байгууллагын үйл ажиллагааны онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан тодруулга болон нэмэлт баримт бичгийг ирүүлэх шаардлагыг тавьж болох бөгөөд уг шаардлагыг хангасан байна.

4.2.12.Хороо энэ журмын 4.2.10, 4.2.11-д дурдсан баримт бичгийг хянан үзэж, салбар, төлөөлөгчийн газар нээх нь тухайн хуулийн этгээдийн санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлөхгүй, үйлчлүүлэгчдэд хохирол учруулахгүй, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж нь тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангаж байна гэж үзвэл бүртгэх эсэх шийдвэр гаргана.

4.2.13.Хорооны шийдвэр болон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад салбар, төлөөлөгчийн газрын талаарх тэмдэглэлийг хийж баталгаажуулах бөгөөд даатгалын байгууллагын нэгжийн гэрчилгээг олгоно.

4.2.14.Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрыг дараах үндэслэлээр Хорооны шийдвэрээр бүртгэлээс хасч, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд ажлын 5 өдрийн дотор тэмдэглэл хийнэ. Үүнд:

4.2.14.а. даатгалын байгууллагын шийдвэрээр;

4.2.14.б.даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, түүний салбар нь санхүүгийн хүндрэлд орсон, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаа явуулсан; Хороо бүртгэснээс хойш 6 сарын хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, даатгалын салбар, төлөөлөгчийн газарт тавигдах нөхцөл шаардлагыг хангаагүй, тухайн салбар, төлөөлөгчийн газар тухайн даатгагч эсхүл мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл;

4.2.14.в. хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.

4.3.Даатгалын байгууллагын оноосон нэрийг өөрчлөх

4.3.1.Даатгалын байгууллага өөрийн оноосон нэрийг өөрчлөх тохиолдолд Хороонд бүртгүүлэх бөгөөд “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу өргөдлөө энэ журмын 1 дүгээр хавсралт (В) СЗХ04003 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (Д)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлнэ.

4.3.2.Хороо даатгалын байгууллагын үйл ажиллагааны онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан тодруулга болон нэмэлт баримт бичгийг ирүүлэх шаардлагыг тавьж болох бөгөөд уг шаардлагыг хангасан байна.

4.3.3.Ирүүлсэн хүсэлтийг хянаж, нэрээ өөрчлөх нь үйлчлүүлэгчдэд сөргөөр нөлөөлөхгүй, төөрөгдүүлэхгүй гэж үзвэл даатгалын байгууллагын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг Хороо шийдвэрлэх бөгөөд холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэнэ.

4.3.4.Хорооны шийдвэр болон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эргүүлэн авч, оноосон нэрийг өөрчилсөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгоно.

4.3.5.Компанийн өмнөх нэр дээр үүссэн эрх, үүрэг эрх залгамжлалын журмаар шинэ нэрээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд бүрэн шилжинэ.

4.3.6.Даатгалын байгууллагын оноосон нэр бүртгэх тухай Хорооны шийдвэр гарсны дараа ажлын 3 өдрийн дотор даатгалын байгууллага нь энэ талаар нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлнэ.

4.4.Даатгагчийн эрх бүхий албан тушаалтныг томилох

4.4.1.Даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан нь шинээр томилогдох болон өөрчлөгдөх тухай бүр Хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авах бөгөөд “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу зөвшөөрлийн өргөдлөө энэ журмын 1 дүгээр хавсралт (В) СЗХ04003 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (Е)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлнэ.

4.4.2.Даатгалын компанийн шинээр томилогдох эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-ын шаардлагыг хангасан байна.

4.4.3.Хороо даатгалын компанийн үйл ажиллагааны онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан тодруулга болон нэмэлт баримт бичгийг ирүүлэх шаардлагыг тавьж болох бөгөөд уг шаардлагыг хангасан байна.

4.4.4.Даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтныг томилох зөвшөөрлийг Хорооноос олгох бөгөөд зөвшөөрөл хүссэн баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэнэ.

4.5.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

4.5.1.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн даатгагч дараах шаардлагыг хангасан байна:

4.5.1.а. нэгээс доошгүй жилийн хугацаанд даатгалын үйл ажиллагаа эрхэлж, олон нийтэд танигдсан туршлагатай байх;

4.5.1.б. Хорооноос батлагдсан журмын дагуу төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг сүүлийн 2 улирал дараалан хангасан байх;

4.5.1.в. жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанд ашиглах програм хангамж, мэдээллийн сангийн бүртгэл хөтлөх боловсон хүчинтэй байх;

4.5.1.г. жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг зөвхөн ердийн даатгалын компани эрхлэх бөгөөд энэ тохиолдолд даатгагч нь даатгалын тохиолдлыг шалгах шуурхай албатай байх;

4.5.2.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд нь “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу өргөдлөө энэ журмын 1 дүгээр хавсралт (В) СЗХ04003 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (Ж)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлнэ.

4.5.3.Хороо даатгагчийн үйл ажиллагааны онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан тодруулга болон нэмэлт баримт бичгийг ирүүлэх шаардлагыг тавьж болох бөгөөд уг шаардлагыг хангасан байна.

4.5.4.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүсч даатгагчаас ирүүлсэн баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж, шаардлагатай тохиолдолд газар дээрх үзлэг, шалгалт хийсний үндсэн дээр тухайн даатгагчийн санхүүгийн чадварт сөргөөр нөлөөлөхгүй, нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд хохирол учруулахгүй гэж үзвэл албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэхийг баримт бичгийн бүрдэл хангагдсан өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор Хороо шийдвэрлэнэ.

4.5.5.Хорооны шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх нутаг дэвсгэрийг заасан тэмдэглэгээг хийж баталгаажуулна.

4.6 Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх

4.6.1.Даатгалын зуучлагч нь давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Хороонд бүртгүүлэх бөгөөд дараах шаардлага тавигдана:

4.6.1.а. энэ журмын 6.1.1, 6.1.8, дүрмийн санг нэмэгдүүлж байгаа тохиолдолд 4.1.1-4.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;

4.6.2.б. давхар даатгалын зуучлагчийн чиглэлээр мэргэшсэн ажилтантай байх шаардлагатай бөгөөд тухайн мэргэшсэн ажилтан нь даатгалын андеррайтингийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангасан байх.

4.6.2.в. давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийн хамт энэ журмын 1 дүгээр хавсралт (Е)- СЗХ04006 маягтын дагуу бөглөсөн мэргэшлийн ажилтны тодорхойлолт, мэдлэг, туршлагыг нотлох баримт бичиг болон энэ журмын 6.1.8-д заасан шаардлагын дагуу хийгдсэн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төслийг Хороонд ирүүлнэ.

4.6.3.Хороо давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг бүртгэх эсэх шийдвэрийг гаргах бөгөөд баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэнэ.

4.6.4.Энэ журмын 4.6.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтын тусгай зөвшөөрлийн төрөл хэсэгт “давхар даатгалын зуучлагч” гэж нэмж тэмдэглэн баталгаажуулна.

4.6.5. Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банкнь давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхгүй.

4.7. Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүний бүртгэл

4.7.1.Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нь эрхлэх сайн дурын даатгалын хэлбэрт өөрчлөлт оруулах тухай бүр, мөн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулахаас өмнө, даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хэмжээний тооцоолол, эрсдэл, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүд өөрчлөгдсөн тухай бүр Хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн даатгалын бүтээгдэхүүний нөхцөл шаардлага бүхий загвараар тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулна.

4.7.2.Хороонд энэ журмын 4.7.1-д заасан бүртгэлийг хийлгэхдээ “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу энэ журмын 1 дүгээр хавсралт (Г) СЗХ04004 маягтын дагуу өргөдөл гаргаж энэ журмын 2 дугаар хавсралт (З)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлсэн байна.

4.7.3. Хороо даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан тодруулга болон нэмэлт баримт бичгийг ирүүлэх шаардлагыг тавьж болох бөгөөд уг шаардлагыг хангасан байна.

4.7.4. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч нь бүртгүүлэх даатгалын хэлбэрийн талаар мэдлэг, туршлагатай ажилтантай байх шаардлагатай.

4.7.5. Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэхэд Хороо дараах шаардлагыг тавина:

4.7.5.а. Даатгалын эрсдэлд үндэсний баяр наадам болон бүх түвшний хурдан морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үед үүсэж болзошгүй бүхий л гэнэтийн осол, гэмтлийг тусгах.

4.7.6.Олон нийтийн хэрэгцээ, худалдан авах чадварт нийцсэн,даатгалын үндсэн зарчмыг агуулсан, энгийн хялбар сайн дурын даатгалын бүтээгдэхүүнийг хүртээмжтэй даатгал гэж ойлгох бөгөөд Хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэхэд Хороо дараах шаардлагыг тавина:

4.7.6.а. Даатгалын гэрээний үг хэллэг нь энгийн, ойлгомжтой, хоёрдмол утга санаагүй, даатгуулагчийг төөрөгдүүлэхээргүй байх;

4.7.6.б. Даатгалын үнэлгээ, хураамжийн дүн харьцангуй бага байх;

4.7.6.в. Даатгалын гэрээнд тусгасан даатгалыннөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн тоо нь 5-аас хэтрэхгүйбөгөөд даатгуулагчид ойлгомжтой байх;

4.7.6.г. Даатгалын тохиолдол болсон нь холбогдох баримтаар нотлогдсон нөхцөлд даатгуулагчид чирэгдэл учруулалгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг 10 хоногийн дотор олгодог байх.

4.7.7.Энэ журмын 4.7.6-д заасан хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг Хороо бүртгэхдээ код өгөх бөгөөд уг код нь “ХД” үсгийн ард дугаар, оныг илэрхийлсэн цифрийг тусгана. /Тухайлбал: ХД0012016 гэснийг 2016 оны 001 дугаартай хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн гэж ойлгох/

4.7.8.Даатгагч Хороонд бүртгүүлсэн хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүний даатгалын гэрээ, даатгалын үнэлгээ, даатгалын хураамжид аливаа өөрчлөлт оруулсан нөхцөлд дахин шинээр бүртгүүлнэ.

4.7.9.Тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэхэд Хороо дараах шаардлагыг тавина:

4.7.9.а. тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүний гэрээнд тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэлд нөхөн төлбөр олгохгүй, мөн богино холболтын улмаас галд шатах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, техникийн шаардлага хангаагүй зэрэг ерөнхий нөхцөлийг тусган даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзах заалтыг даатгалын гэрээнд тусгахгүй байх.

4.7.10.Тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнийг бүртгүүлэх баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн ажлын 20 өдрийн дотор Хороо хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

4.7.11.Даатгалын хэлбэр, ирүүлсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамааран шаардлагатай тохиолдолд даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг сунгаж болох бөгөөд энэ тухай даатгагчид мэдэгдэнэ.

4.7.12.Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журамд заасан холбогдох шаардлагыг хангаагүй даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнийг Хороо бүртгэхээс татгалзах бөгөөд бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ талаарх үндэслэл бүхий тайлбарыг өргөдөл гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

4.8.Даатгалын мэргэжлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт

4.8.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтан шинээр томилогдох, өөрчлөгдөх тухай бүр ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэж, бүртгүүлэх бөгөөд Хороо ажлын 5 өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн шийдвэрлэх хугацааг тооцно.

4.8.2.Даатгалын мэргэжлийн оролцогч нь эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтийг бүртгүүлэхдээ “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу энэ журмын 1 дүгээр хавсралт (Г) СЗХ04004 маягтын дагуу өргөдөл гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (И)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлсэн байна.

4.8.3.Даатгалын мэргэжлийн оролцогчийн шинээр томилогдох эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-ын шаардлагыг хангасан байна.

4.8.4.Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журамд заасан холбогдох шаардлагыг хангаагүй эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд даатгалын мэргэжлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтийг Хороо бүртгэхээс татгалзах бөгөөд бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ талаарх үндэслэл бүхий тайлбарыг өргөдөл гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

4.8.5.Хороонд бүртгүүлээгүй эсхүл Хороо бүртгэхээс татгалзсан этгээдийг даатгалын мэргэжлийн оролцогчийн эрх бүхий албан тушаалтанд томилохгүй.

4.9.Даатгалын байгууллагын хаягийн өөрчлөлт

4.9.1.Даатгалын байгууллага нь өөрийн ерөнхий захиргааны хаяг болон салбар, төлөөлөгчийн газрын хаягийн өөрчлөлтийг хаяг өөрчлөгдсөнөөс хойш ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэж, бүртгүүлнэ.

4.9.2.Даатгалын байгууллага нь хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэхдээ энэ журмын 1 дүгээр хавсралт (Г) СЗХ04004 маягтын дагуу өргөдөл гаргаж, шинэ ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбарыг хавсарган Хороонд ирүүлнэ.

4.10.Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлт

4.10.1.Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлага шинээр томилогдох, өөрчлөгдөх тухай бүр ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэж, бүртгүүлнэ.

4.10.2.Даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхдээ “Бөглөх, бүрдүүлэх заавар”-ын дагуу энэ журмын 1 дүгээр хавсралт (Г) СЗХ04004 маягтын дагуу өргөдөл гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (И)-д дурдсан бүрдүүлэх баримт бичгүүдийг хавсарган Хороонд ирүүлсэн байна.

4.10.3.Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журамд заасан холбогдох шаардлагыг хангаагүй эсхүл хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд даатгалын байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлтийг Хороо бүртгэхээс татгалзах бөгөөд бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ талаарх үндэслэл бүхий тайлбарыг өргөдөл гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

4.11.Тусгай зөвшөөрөлд холбогдох өөрчлөлт оруулахаас татгалзах

4.11.1.Хороо нь дараах үндэслэлээр энэ журмын 4.1-4.10-д заасан өөрчлөлтийг оруулахаас татгалзана. Үүнд:

4.11.1.а. энэ журамд заасан холбогдох шаардлагыг хангаагүй;

4.11.1.б. хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь нотлогдсон;

4.11.1.в. бусад хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй.

4.11.2.Тусгай зөвшөөрөлд холбогдох өөрчлөлт оруулахаас татгалзсан тохиолдолд Хороо энэ талаарх үндэслэл бүхий тайлбарыг өргөдөл гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

Тав. Даатгагчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт:

5.1.Даатгагчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт:

5.1.1.Даатгалын тухай хууль холбогдох бусад хууль тогтоомж болон даатгалын багц дүрмийг дагаж мөрдөнө.

5.1.2.Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлын байртай байна.

5.1.3.Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах техник тоног төхөөрөмж, даатгал,санхүү, бүртгэлийн программ хангамжтай байна.

5.1.4.Даатгалын компани нь нэг буюу түүнээс дээш тооны хараат бус, нийт 5-аас доошгүй гишүүн бүхий төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.

5.1.5.Даатгагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс бусад эрх бүхий албан тушаалтан нь өөр даатгагчийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж болохгүй.

5.1.6.Компанийн хувь нийлүүлэгчид нь өөр аль нэг даатгалын байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-ийн дарга, гишүүн, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, эрх бүхий албан тушаалд томилогдон ажиллаж болохгүй.

5.1.7.Даатгагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь Компанийн тухай хуулийн 75.8-д заасны дагуу компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.

5.1.8.Даатгалын компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн governance.mn цахим хуудаст мэдээллийг ил тод гаргаж байна.

5.1.9.Компанийн бүтэц дотор даатгалын тохиолдлыг газар дээр нь шалгаж баталгаажуулах, даатгуулагчийн нөхөн төлбөр, өргөдөл, гомдлыг барагдуулдаг, эрх ашгийг нь хамгаалдаг нэгжтэй байна.

5.1.10.Даатгагч нь компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа болон давхар даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих дотоод хяналтын нэгж, эсхүл албан тушаалтантай байх. Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулсан дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагаанд мөрдөх журамтай байна.

5.1.11.“Даатгалын багц дүрэм”-ийн 8 дугаар хавсралт “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам”-д заасан шаардлагыг хангасан актуарчтай байна.

5.1.12.Даатгагчийн эрх бүхий албан тушаалтан нь Хорооны тогтоолоор батлагдсан “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т заасан шаардлагыг хангасан байна.

5.1.13.Компаниас гарсан шийдвэр болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх дотоод журам, заавар, нягтлан бодох бүртгэлийн, даатгалын баримт бичгийг архивлан хадгална.

5.1.14.Даатгагч нь өөрийн хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл болон түүнд орсон өөрчлөлтийн талаар хувийн хэрэг /хавтаст материал/ үүсгэн хадгална.

5.1.15.Даатгагч нь хаяг, холбоо барих утас, даатгалын бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулгыг мэдээлсэн өөрийн цахим хуудастай байх, эдгээрт өөрчлөлт ороход Хороонд мэдэгдэнэ.

5.1.16.Даатгалын үйл ажиллагаатай холбогдсон шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд Хороонд ирүүлнэ.

5.1.17.Даатгагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, хувьцаат компани, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ байгуулсных нь төлөө даатгалын төлөөлөгчид олгосон төлбөр, хөлс, даатгуулагч, даатгалын гэрээний талаарх мэдээллийг улирал бүр өөрийн цахим хуудсанд олон нийтэд ил тод зарлан мэдээлнэ.

5.1.18.Даатгагч цахим хэлбэрээр хийх даатгалын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, заавар, аргачлалыг боловсруулж өөрийн цахим хуудаст байршуулна.

5.1.19.Даатгагч даатгуулагчийг өөрийн цахим хуудаст орж даатгуулах боломжийг энгийн нөхцөл байдлаар бүрдүүлсэн байна.

5.1.20.Даатгагч цахим хэлбэрээр хийх даатгалын бүтээгдэхүүний тухай Хороонд мэдэгдэх, өөрийн цахим хуудаст бүтээгдэхүүний нэрсийг тодорхой зааж, тухайн даатгалын бүтээгдэхүүний гэрээг байршуулах, мөн даатгалын хураамж төлөх банк, дансны дугаарыг тодорхой зааж өгсөн байна.

5.1.21.Цахим хэлбэрээр хийгдэж байгаа даатгалын бүтээгдэхүүний мэдээллийг нэгтгэх, мөн судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

5.1.22.Цахим хэлбэрээр даатгал хийлгэсэн даатгуулагчид өөрийн даатгалын гэрээ болон холбогдох мэдээллээ хянах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байна.

5.1.23.Даатгагч цахим даатгалын үйл ажиллагааны программ хангамж, системийн аюулгүй найдвартай ажиллагааг хангаж ажилласан байна.

5.1.24.Даатгагч нь даатгалын чиглэлийн ажилтнуудаа даатгалын холбогдох сургалтад 2 жил тутамд хамруулсан байна.

5.1.25.Даатгагч нь даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлсэн хөлс, төлбөрийг арилжааны банк дахь даатгалын төлөөлөгчийн дансанд бэлэн бусаар шилжүүлэн олгоно.

5.1.26.Орон сууцны хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнийг борлуулахдаа эрсдэлийг тараах зорилгоор нэг байршилд буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь тухайн даатгагчийн нөөцийн сангийн хөрөнгөөс давсан тохиолдолд нэг даатгагч дангаараа даатгахгүй.

5.1.27.Албан журмын даатгалд даатгуулагч нарыг хамруулах зорилгоор даатгагчаас аливаа хэлбэрээр азтан шалгаруулах, сугалаа гаргах, бэлэг, урамшуулал олгох, хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй.

5.1.28.Даатгагч нь даатгалын бүтээгдэхүүн, эрсдэл тус бүрээр актуарын тооцоололд шаардагдах мэдээллийг агуулсан нарийвчилсан даатгалын мэдээллийн санг үүсгэн, тогтмол баяжуулж ажиллах бөгөөд Хороо шаардлагатай тохиолдолд мэдээллийн сангаас холбогдох мэдээллийг авна.

5.1.29.Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон компанийн нэртэй ижил нэр, лого, хэвлэмэл хуудас, даатгалын гэрээ, даатгалын гэрээний баталгаа зэргийг ашиглахгүй.

5.1.30.Давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани нь зөвхөн тухайн үйл ажиллагааг дагнан эрхэлнэ.

5.1.31.Даатгагч нь энэ журамд заасан тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлтэй холбоотой шаардлага болон холбогдох хууль тогтоомжид заасан бусад шаардлагын хэрэгжилтийг байнга хангаж ажиллана. 

5.2. Даатгагчийн даатгалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:

5.2.1.Даатгалын бүтээгдэхүүн нь төрөл, хэлбэрээсээ хамааран энэ журмын 4.7-д заасан шаардлагыг хангасан байна.

5.2.2.Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нь Хороонд бүртгүүлсэн даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнийг борлуулна.Даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хувь хэмжээ нь эрсдэлийн түвшинтэй уялдаатай байна.

5.2.3.Цахим хэлбэрээр хийгдсэн даатгалын бүтээгдэхүүний гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөл, хугацааг тодорхой зааж өгнө.Даатгагч цахим хэлбэрээр хийгдсэн даатгалын гэрээний баталгааг даатгуулагчийн цахим хаягаар ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.

5.3.Даатгагчийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаандтавигдах шаардлага:

5.3.1.Даатгагчийн салбар нь зөвхөн тухайн байгууллагын оноосон нэрийг хэрэглэх ба салбарын үйл ажиллагааг зохицуулах журамтай байна.

5.3.2.Даатгагчийн салбар, төлөөлөгчийн газар нь энэ журамд заасан салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрөлтэй холбоотой шаардлагыг хангасан байна.

5.3.3.Даатгагчийн салбар нь тодорхой хэмжээнийдаатгалын нөхөн төлбөрийг бие даан шуурхай шийдвэрлэдэг байх бөгөөд нөхөн төлбөр олгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих дотоод журамтай байна.

5.3.4.Даатгагчийн салбар ньсанхүүгийн болон даатгалын анхан шатны баримтууд, хохирлын нөхөн төлбөрийн материалууд, мөн салбарын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг архивлан хадгалдаг байна.

5.3.5.Салбар нь “Даатгалын багц дүрэм”-ийн 11 дүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчоос тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар”-ын дагуу гаргасан тайлан мэдээг улирал бүр Санхүүгийн зохицуулах хорооны аймаг, нийслэл, дүүрэг дэх орон нутгийн төлөөлөгчид хүргүүлж байна.

5.3.6.Даатгагчийн болон даатгалын зуучлагчийн төлөөлөгчийн газар нь даатгалын гэрээ байгуулах үйл ажиллагаа эрхлэхгүй.

5.4. Даатгагчийн даатгалын гэрээ байгуулахад тавигдах шаардлага:

5.4.1.Даатгуулагчтай байгуулж байгаа даатгалын гэрээ нь монгол хэл дээр үйлдэгдсэн, утга санаа, үг хэллэг нь ойлгомжтой, төөрөгдүүлсэн болон хоёрдмол санаа агуулаагүй байх, бусдад шууд ойлгохоор үг, хэллэгтэй байх бөгөөд даатгуулагчийн хүсэлтээр гадаад хэл дээр даатгалын гэрээ байгуулж байгаа тохиолдолд монгол хэл дээр тухайн даатгалын гэрээг давхар үйлдэх, маргаан гарсан нөхцөлд монгол хэл дээр хийгдсэн гэрээг баримтална.

5.4.2.Даатгалын гэрээний хугацаа даатгуулагчидтай харилцан тохиролцсон хугацаагаар үргэлжилнэ.

5.4.3.Даатгалын гэрээнд даатгалын эрсдэл болон нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг хоёрдмол утгагүй тодорхой зааж тусгана.

5.4.4.Даатгалын гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө даатгалын гэрээ цуцлагдсан тохиолдолд даатгалын хураамжийн буцаалтыг даатгуулагч бичгээр хүсэлт гаргаснаас хойш ажлын 5өдрийн дотор даатгуулагчид олгоно.

5.4.5.Бүлгийн хэлбэртэй даатгалын гэрээ байгуулах /даатгалын гэрээнд ажилтнуудыг ажил олгогчтөлөөлж, оршин суугчдыг сууц өмчлөгчдийн холбоо төлөөлж гэх мэт/ тохиолдолд тухайн бүлэгт хамаарах даатгуулагч бүрд Иргэний тухай хуулийн 433.1-т заасны дагуу даатгагчаас гарын үсэг зурсан даатгалын баталгааг гардуулна.

5.4.6.Даатгалын баталгаанд даатгуулагчийн овог, нэр, нас, хүйс, даатгалын эрсдэл, нөхөн төлбөрийн нөхцөл, хасалт, даатгалын хураамж, даатгалын үнэлгээ, даатгагчийн хаяг, холбоо барих утсыг заавал тусгасан байна.

5.4.7.Даатгагч эсхүл түүний төлөөлөгч нь бүлгийн хэлбэртэй даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгуулагч нэг бүрт тухайн даатгалын бүтээгдэхүүний талаар танилцуулж, зөвшөөрлийгавсан байна.

5.4.8.Даатгалын гэрээнд даатгагч, даатгуулагчийн эрх үүрэг, даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ, гэрээний эхлэх дуусгах хугацаа, гэрээг сунгах, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөл, даатгалын хураамжийн хэмжээ, хураамж төлөх хугацаа, даатгалын хураамж буцаах нөхцөл, даатгалын гэрээ ямар нөхцөлд хүчин төгөлдөр бус болох зэргийг тодорхой зааж тусгасан байна.

5.4.9.Даатгуулагч нь даатгалын гэрээ байгуулахын тулд бүлэг байгуулж болохгүй.

5.4.10.Даатгуулагч нь хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө даатгагчаас хүлээн авч буй төлбөр, хөлсний талаар даатгалын төлөөлөгч нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө даатгуулагчид бичгээр мэдэгдэж, төлбөр, хөлсийг даатгалын төлөөлөгчид олгохыг зөвшөөрсөн даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдэгдлийг даатгагчид хүргүүлээгүй даатгалын төлөөлөгчид даатгагч аливаа төлбөр, хөлс төлөх, өөрийн нэрийн өмнөөс даатгалын гэрээг байгуулах эрх олгохгүй.

5.4.11.Даатгагч даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын гэрээ байгуулах эрхтэй /тусгай зөвшөөрөл/ этгээдээр дамжуулж гэрээ байгуулна.

5.4.12.Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний харилцааг Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

5.5.Даатгагчийн даатгалын нөхөн төлбөр олгоход тавигдах шаардлага:

5.5.1.Даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохдоо даатгуулагчийг чирэгдүүлэхгүй байх.

5.5.2.Даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах, хасалт хийх нөхцөл бүхий заалтыг даатгалын гэрээнд тусгасан тохиолдолд татгалзах үндэслэл, хасалт хийх нөхцөл нь Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн аль зүйл, заалтад хамааралтай болох тухай тайлбарыг Хороонд ирүүлж хянуулсан байх.

5.5.3.Даатгагч хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг даатгуулагчаас шаардах тохиолдолд уг дүгнэлт гараагүй байхад даатгалын гэрээнд заасан хугацаа өнгөрсөн шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахгүй байх.

5.5.4.Даатгагч даатгуулагч харилцан тохиролцож даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг хэсэгчлэн, үе шаттай төлж байгаа үед даатгалын тохиолдол учирвал даатгагч даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн төлсөн хураамжтай хувь тэнцүүлэн бууруулахгүй байх.

5.5.5.Даатгалын гэрээнд заасан болон мөн сунгасан хугацаанд даатгалын хураамж төлөгдөөгүй нөхцөлд журмын дээрх 5.5.4 дэх заалт хамаарахгүй.

5.5.6.Урт хугацааны даатгалын гэрээ эзэмших эрх бүхий этгээд тухайн гэрээнд заагдсан даатгагдагчид гэрээний эрхийн талаар бичгээр мэдэгдэх бөгөөд даатгагдагч байхгүй, эсхүл энэ эрхээс татгалзсан, эсхүл нас барсан тохиолдолд даатгалын гэрээ эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

5.5.7.Ердийн даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохдоо дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.5.7.а. даатгагч даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг авсан даруйдаа даатгуулагчид хариу өгч, даатгуулагчаас авах арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд даатгагч 72 цагийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж баримтжуулах өөрийн ажилтанг эсхүл даатгалын хохирол үнэлэгчийг томилно.

5.5.7.б. даатгалын хохирлын үнэлгээний тайланг баталгаажуулж ирүүлснээс хойш даатгагч 14 хоногийн дотор багтаан даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг шийдвэрлэж даатгуулагчид бичгээр мэдэгдэх бөгөөд даатгалын нөхөн төлбөрийг олгосон байна.

5.5.8.Урт хугацааны даатгагч нөхөн төлбөр олгохдоо дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.5.8.а. урт хугацааны даатгалын компани даатгалын тохиолдлын нэхэмжлэл авсан даруйдаа бүртгэж, 7 хоногийн дотор даатгуулагчаас нэмэлт материалыг багцаар нь шаардаж болно.

5.5.8.б. шаардагдах бүх материалыг авснаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлийг барагдуулах эсхүл олгохгүй байх нөхцөл шалтгааныг дурдаж даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ.

5.5.9.Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох заалтыг даатгалын гэрээнд тусгасан байна.

5.5.10.Энэ журмын 5.5.2-5.5.9 дэх заалт нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамаарахгүй.

Зургаа. Даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт:

6.1.Даатгалын зуучлагчид тавигдах шаардлага:

6.1.1.Даатгалын зуучлагчийн дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн доод хэмжээ нь ердийн болон урт хугацааны даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 20.0 /хорин/ сая төгрөг, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 50.0 /тавин/ сая төгрөг байх ба дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй бөгөөд хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотолсон байх;

6.1.2.Хоёроос доошгүй орон тооны ажилтантай байх.

6.1.3.Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах техник тоног төхөөрөмжтэй байх.

6.1.4.Компанийн хувь нийлүүлэгчид нь өөр аль нэг даатгалын байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-ийн дарга, гишүүн, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, эрх бүхий албан тушаалд томилогдон ажиллаагүй байх.

6.1.5.Компанийн нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлан тодруулга гаргах нягтлан бодогчтой байх ба нягтлан бодогч өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх.

6.1.6.Компаниас гаргасан шийдвэр болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх дотоод дүрэм, журам, заавар, эрх зүйн баримт бичгийг архивлан хадгалах.

6.1.7.Компанийн жилийн болон улирал тутмын санхүүгийн тайланг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан хугацаанд Хороонд ирүүлэх.

6.1.8.Жил бүр мэргэжлийн хариуцлагаа даатгуулсан байх ба мэргэжлийн хариуцлагын даатгалын үнэлгээний доод хязгаар нь 100.0 /нэг зуун/ сая төгрөг, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх бол мэргэжлийн хариуцлагын даатгалын үнэлгээний доод хязгаар нь 200.0 /хоёр зуун/ сая төгрөг байна.

6.1.9.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын зуучлагчийн орлогыг дамжуулан шилжүүлэх тохиолдолд зуучилсан даатгалын хураамжийн орлогыг компанийн бусад орлогоос тусдаа дансанд төвлөрүүлэх бөгөөд уг орлогыг холбогдох гэрээнд заасан хугацааны дотор даатгагчид шилжүүлэх.

6.1.10.Даатгалын мэргэжлийн оролцогчийн Хорооноос тогтоосон дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн доод хэмжээний 50 хүртэл хувийг тухайн компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулагдах хөрөнгө хэлбэрээр байршуулж болно.

6.1.11.Даатгалын мэргэжлийн оролцогчийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд Компанийн тухай хуулийн 31.3-т “Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу шийдвэрлэнэ.

6.1.12.Касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийн хэмжээ нийт активын 10 хувиас хэтрэхгүй байна.

6.1.13.Зуучилсан даатгалын гэрээний дэлгэрэнгүй бүртгэлийг тухай бүр хөтлөх.

6.1.14.Даатгалын зуучлалын гэрээ болон хамтран ажиллах гэрээг монгол хэл дээр үйлдэх, эсхүл монгол хэл дээр хөрвүүлсэн байх, мөн тэдгээрийг архивлан хадгалсан байх;

6.1.15.Зуучилсан даатгалын гэрээнд даатгалын зуучлагч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх;

6.1.16.Даатгалын зуучлагч нь даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийн асуудлаар зөвлөгөө туслалцаа үзүүлж болох бөгөөд энэхүү туслалцаа үзүүлсний хөлсийг даатгуулагчаас олгох даатгалын нөхөн төлбөрөөс суутган авахгүй байх.

6.1.17.Даатгалын зуучлагчийн салбар нь тухайн орон нутагт Хорооноос салбар нээх зөвшөөрөл авсан даатгагчийн бүтээгдэхүүнийг зуучлан борлуулна.

6.1.18.Даатгалын зуучлагчийн төлөөлөгчийн газар нь даатгалын гэрээ байгуулах, даатгалын гэрээг зуучлан борлуулахгүй.

6.1.19.Хороонд бүртгүүлээгүй даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнийг борлуулахгүй байх.

6.1.20.Даатгалын зуучлагч нь банк бол дараах шаардлага тавигдана:

6.1.20.а. энэ журмын 6.1.2-6.1.4, 6.1.6-6.1.9, 6.1.13-6.1.19-д заасан шаардлагуудыг хангах;

6.1.20.б. банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан хариуцсан захирал өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;

6.1.19.в. даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг банкны нэгжээр дамжуулан хийж болох бөгөөд нэгж нь Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байх шаардлагыг хангасан байна;

6.2.Даатгалын хохирол үнэлэгчид тавигдах шаардлага

6.2.1.Даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн доод хэмжээ нь Улаанбаатар хотод 10.0 /арван/ сая төгрөг, хөдөө орон нутагт 7.0 /долоо/ сая төгрөг байх ба дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй бөгөөд хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотолсон байх.

6.2.2.Хоёроос доошгүй орон тооны ажилтантай байх;

6.2.3.Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах техник тоног төхөөрөмжтэй байх;

6.2.4.Компанийн хувь нийлүүлэгчид нь өөр аль нэг даатгалын байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/-ийн дарга, гишүүн, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, эрх бүхий албан тушаалд томилогдон ажиллаагүй байх.

6.2.5.Компанийн нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлан тодруулга гаргах нягтлан бодогчтой байх ба нягтлан бодогч өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх.

6.2.6.Компаниас гаргасан шийдвэр болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх дотоод дүрэм, журам, заавар, эрх зүйн баримт бичгийг архивлан хадгалах;

6.2.7.Компанийн жилийн болон улирал тутмын санхүүгийн тайланг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан хугацаанд Хороонд ирүүлэх;

6.2.8.Жил бүр мэргэжлийн хариуцлагаа даатгуулсан байх ба мэргэжлийн хариуцлагын даатгалын үнэлгээний доод хязгаар нь 100.0 сая төгрөг байна;

6.2.9.Даатгалын хохирлын үнэлгээ хийх бэлтгэл ажил нь дараах шаардлагад нийцсэн байна:

6.2.9.а. хохирлын үнэлгээний стандарт, аргачлал, дүрэм, журам, норм, норматив болон шаардлагатай бусад материалыг бэлтгэсэн байх;

6.2.9.б. даатгалын хохирлын үнэлгээ хийхэд шаардагдах баримт бичгийг үйлчлүүлэгчээс гаргуулан авсан байх;

6.2.9.в. даатгалын хохирлын үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх.

6.2.10.Даатгалын хохирлын үнэлгээний тайлан нь хохирлын үнэлгээг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байх бөгөөд уг тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна:

6.2.10.а. тогтоосон даатгалын хохирлын үнэлгээ нь тодорхой үндэслэл бүхий тайлбартай байх;

6.2.10.б. уг тайланд даатгалын хохирлын үнэлгээ хийх явцад гарсан хохирлын үнэлгээний стандарт, дүрэм, журам, нормыг зөрчсөн аливаа үйлдлийн талаар тэмдэглэсэн байх.

6.2.11.Даатгалын хохирлын үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана:

6.2.11.а. үнэлгээчний нэр, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрлийн дугаар, Хорооноос баталсан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн харилцааг зохицуулсан журамд заасны дагуу мэргэжлийн хариуцлагаа даатгуулсан талаарх мэдээлэл;

6.2.11.б. учирсан хохирлоо үнэлүүлэх этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар;

6.2.11.в. даатгалын хохирлын үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдөр;

6.2.11.г. даатгалын хохирлын үнэлгээний зүйлийн төрөл, түүний тухайн үеийн шинж байдлын тодорхойлолт, даатгалын тохиолдлыг баталгаажуулсан фото зураг;

6.2.11.д. даатгалын хохирлын үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл;

6.2.11.е. даатгалын хохирлын үнэлгээний зүйлийн хамрах хүрээ, хязгаар;

6.2.11.ж. даатгалын хохирлын үнэлгээ хийхэд ашигласан 3-аас доошгүй газрын үнийн судалгаа, түүнд хийсэн тооцоолол;

6.2.11.з. даатгалын хохирлын үнэлгээний дүн.

6.2.12.Даатгалын хохирлын үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна

6.2.13.Даатгалын хохирол үнэлэгч дараах тохиолдолд даатгалын хохирлын үнэлгээ хийхгүй байх:

6.2.13.а. даатгалын хохирол үнэлэгч нь өөрсдийн ажиллаж буй үнэлгээний компанийн ажилтан бол өөрт учирсан даатгалын хохиролд үнэлгээ хийх;

6.2.13.б. үнэлгээчин өөрийн ажилладаг компанийн даатгалын хохиролд үнэлгээ хийх;

6.2.13.в. төрөл, садан /эцэг, эх, нөхөр, эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү гэх мэт/-ын даатгалын хохиролд үнэлгээ хийх;

6.2.13.г. тухайн үнэлгээний компанийн санхүүгийн тайланд аудит хийсэн хуулийн этгээдийн учирсан хохиролд үнэлгээ хийх.

6.2.14.Даатгалын хохирлын үнэлгээний тайланд хохирлоо үнэлүүлсэн этгээд танилцаж зөвшөөрсөн гарын үсэг зурсан байна.

6.2.15.Даатгалын мэргэжлийн оролцогчийн Хорооноос тогтоосон дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн доод хэмжээний 50 хүртэл хувийг тухайн компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулагдах хөрөнгө хэлбэрээр байршуулж болно.

6.2.16.Даатгалын мэргэжлийн оролцогчийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд Компанийн тухай хуулийн 31.3-т “Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу шийдвэрлэнэ.

6.2.17.Касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийн хэмжээ нийт активын 10 хувиас хэтрэхгүй байна.

6.2.18.Эрхлэх даатгалын хэлбэрийн хүрээнд мэргэшсэн ажилтан өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор энэ журмын 1 дүгээр хавсралт (Е) СЗХ04006 маягтын дагуу тодорхойлолт гаргаж Хороонд мэдэгдэх;

6.2.19.Даатгалын хохирол үнэлэгчийн төлөөлөгчийн газар нь даатгалын зүйлийн бодит хохирлын хэмжээг тогтоох үйл ажиллагаа эрхлэхгүй.

6.3.Даатгалын төлөөлөгчид тавигдах шаардлага

6.3.1.Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх бөгөөд даатгалын төлөөлөгч нь хэрэв хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх ажилтнууд нь энэхүү шаардлагыг хангасан байх;

6.3.2.Даатгагчтай бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээтэй байх бөгөөд тус гэрээнд даатгалын төлөөлөгчийн шимтгэл олгох нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн тусгасан байх;

6.3.3.Зөвхөн энэ журмын 6.3.2-т заасан даатгагчийн төлөөлөгчөөр ажиллах;

6.3.4.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “нийтийн албан тушаалтан” биш байх бөгөөд даатгалын төлөөлөгч нь хэрэв хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх ажилтнууд нь энэхүү шаардлагыг хангасан байх;

6.3.5.Хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд нь даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд энэ журмын 6.3.1-6.3.4-т заасан шаардлагыг хангахаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:

6.3.5.а. даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх хадгаламж, зээлийн хоршоо нь тус хоршооны гишүүдээс бусад этгээдэд даатгалын гэрээ борлуулахгүй байх;

6.3.5.б. хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хоршооны дүрмийн эрхлэх үйл ажиллагааны төрөлд даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг тусгасан байх;

6.3.6.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааны орлого нь 20.0 /хорин/ сая төгрөг ба түүнээс дээш хэмжээтэй бол даатгалын төлөөлөгч өөрийн орлогын тайлангаа “Даатгалын багц дүрэм”ийн 11 дүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчоос тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар”-ын холбогдох хавсралтын дагуу төлөөлж буй компанидаа мөн журамд заасан хугацаанд гаргаж өгөх.

6.3.7.Даатгалын төлөөлөгч нь энэ журамд заасан даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлснийхээ төлөө даатгагчаас төлбөр, хөлс авах эрхтэй бөгөөд уг үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд даатгагчаас аливаа төлбөр, хөлс авахгүй.

6.3.8.Даатгуулагч нь хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө даатгагчаас хүлээн авч буй төлбөр, хөлсний талаар даатгалын төлөөлөгч нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө даатгуулагчийн эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэж, танилцуулсан байна. Энэхүү төлбөр, хөлсийг даатгалын төлөөлөгчид олгохыг зөвшөөрсөн даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдэгдлийг даатгагчийн эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

6.3.9.Хорооноос тусгай зөвшөөрөл авсан даатгалын төлөөлөгч нь зөвшөөрөл авснаас хойш 3 жил тутамд нэг удаа даатгалын мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгалтад хамрагдана.

Долоо. Хяналт, хариуцлага

7.1.Хороо энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ТАТАН АВАХ

Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, хүргүүлэв. Бүрдүүлсэн баримт бичигт ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.

Манай өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоно уу.

Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойших хугацаанд Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах болно.

Өргөдөл гаргасан:

 

_______________________                                                                                                

 Овог, нэр                                      албан тушаал            гарын үсэг     огноо

 

Тамга:

 

Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, хүргүүлэв. Бүрдүүлсэн баримт бичигт ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.

Манай өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоно уу.

Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойших хугацаанд Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах болно.

Өргөдөл гаргасан:

________________________               ________________________                                                                                         

 Овог, нэр                                            албан тушаал гарын үсэг огноо

 

Тамга:

 

Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, хүргүүлэв. Бүрдүүлсэн баримт бичигт ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.

Манай өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, зөвшөөрлийг олгоно уу.

 

Өргөдөл гаргасан:

 

________________________                            ________________________                                                      

 Овог, нэр                                                        албан тушаал     гарын үсэг      огноо

 

Тамга:

Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн бүртгэлд шаардагдах баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, хүргүүлэв. Бүрдүүлсэн баримт бичигт ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.

Манай өргөдөл, баримт бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, бүртгэж өгнө үү.

Өргөдөл гаргасан:

________________________       ________________________________________                           

 Овог, нэр                                          албан тушаал        гарын үсэг               огноо

 

Тамга:

(Этгээдийн нэр)..................................... нь .................................. (даатгалын компани, давхар даатгалын компани, зуучлагч компани, хохирол үнэлэгч компани)-ийн хувьцаа эзэмшигч болж, тус компанийн дүрмийн санд оруулж байгаа ........................... (үсгээр) төгрөг нь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашиг, орлогоос бүрдэж байгаа бөгөөд холбогдох материалыг үнэн зөвөөр хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн Хороонд хүргүүлсэн болохоо нотлохын зэрэгцээ үүнээс үүсэх аливаа эрсдэлийг хууль тогтоомжийн дагуу бүрэн хариуцахаа илэрхийлж байна.

Тодорхойлолт гаргасан:

 __________________                 _______________                     __________________                                                  

 Овог нэр гарын үсэг                   албан тушаал                            оноосон нэр        огноо

 

 Тамга