Хэвлэх DOC Татаж авах

“Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч,
даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийн 7 дугаар хавсралт

 

Бизнес төлөвлөгөө боловсруулах зөвлөмж

Бизнес төлөвлөгөө гэдэг нь компанийн стратеги, зорилтыг тодорхойлж, компанийн үйл ажиллагааг эрхлэхэд түүний бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримтыг хэлнэ.

Бизнес төлөвлөгөөг 3-аас доошгүй жилийн хугацаатай боловсруулах бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн байна. Бизнес төлөвлөгөө нь эмх цэгцтэй, ойлгомжтой, бүлэг хэсгүүд нь уялдаа бүхий мэдээлэл нь цаг хугацаандаа, үнэн бодитой, үр дүн нь хэмжигдэхүйц байвал зохино.

1.Бизнес төлөвлөгөөний нүүр хуудсанд дараах зүйлсийг тусган харуулна:

·         Хуулийн этгээдийн нэр, хаяг

·         Бизнес төлөвлөгөөний нэр

·         Хувилбарын дугаар

·         Боловсруулсан огноо

·         Баталсан шийдвэрийн огноо, дугаар

·         Зохиогчийн нэр, хаяг

·         Зохиогчийн тэмдэглэл

·         Хуулийн этгээдийн удирдлагын нэр, хаяг

2.Компани нь бизнес төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан дараах асуудлуудыг тусгасан байна. Үүнд:

2.1.Компанийн үйл ажиллагааны зорилго, зорилт               

2.2.Компанийн үйл ажиллагаа эрхлэхэд ашигтай байх макро болон микро түвшин дэх боломжит нөхцөлүүд

2.3.Компанийн тайлан тэнцэл, мөнгөн хөрөнгийн урсгал, орлого зарлагын 3-аас доошгүй жилийн төсөөлөл

2.4.Үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдэлийг тодорхойлж, түүнийг удирдахад авах арга хэмжээ

2.5.Компанийн засаглалыг боловсронгуй болгох, сайжруулах төлөвлөгөө

3.Бизнес төлөвлөгөө нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

I. ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Энэ бүлэгт тухайн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэгч нь хэрэгжүүлэх гэж буй бизнес төлөвлөгөөний эрхэм зорилго, зорилт, амжилтын үндэс, учирч болох эрсдэл болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн тухай товч мэдээллийг багтаана.

Эрхэм зорилго гэдэг нь үйлчлүүлэгч, даатгуулагчдын ямар хэрэгцээг, ямар арга замаар хангах тухай тодорхойлолт юм.Зорилт гэдэг нь эрхэм зорилтод хүрэхийн тулд шат дараалан хэрэгжүүлэх, хугацаатай, хэмжигдэхүйц бодитой үр дүн буюу хүрэх цэг юм.

II. БИЗНЕСИЙН ТАНИЛЦУУЛГА

Бизнесийн танилцуулга гэдэг нь тухайн компанийн нэр, хаяг, хариуцлагын тогтолцоо, зах зээлийн нөхцөл төлөв байдал, эрхлэх гэж буй даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа, гаргаж буй үйлчилгээ түүнчлэн удирдлага боловсон хүчний хангалт, санхүүгийн чадавх ба байдал бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго зорилтууд түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, үйл ажиллагааны үр ашиг, борлуулалтын орлого, ашиг зэргийг тусган харуулсан хураангуй тодорхойлолт юм.

Бизнесийн танилцуулга нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

3.Компанийн түүх

1.1. Компанийн түүх:Энэ хэсэгт танай компани анх хэдэн онд байгуулагдсан, ямар бизнес эрхэлж байсан, компанийн түүх, ололт амжилтын талаар дурдахаас гадна одоогийн явуулж буй үйл ажиллагаа, бизнесийн чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтэц бүрэлдэхүүний талаар бичнэ. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй бол бичих шаардлагагүй.

1.2. Одоогийн явуулж буй үйл ажиллагаа: Хуулийн этгээд бизнесийн аль салбарт ямар чиглэлээр бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэлдэг, одоогийн бизнесийн орчин, эзэмшиж буй тоног төхөөрөмж, барилга байгууламж, хөрөнгө оруулалтын хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ, нийлүүлэгч, хамтран ажилладаг байгууллага, харилцагчдын талаарх мэдээллийг бичнэ. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй бол бичих шаардлагагүй.

1.3.Хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшилт: Хуулийн этгээдийг хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгийн талаар дэлгэрэнгүй бичнэ.

1.4.Бүтэц зохион байгуулалт, удирдлага, хүний нөөц:Энэ хэсэгт тухайн байгууллагын боловсон хүчний бүтэц, зохион байгуулалт, удирдлагын багийн танилцуулга, тэдний өмнө хийж байсан ажил, ажлын туршлага, одоогийн хариуцан ажилладаг ажлын талаар танилцуулна. Тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг схемчлэн зурж болно.Боловсон хүчний талаар одоо компанид нийт хэдэн хүн ажиллах, тэднээс хэд нь үндсэн ажилчин, хэд нь гэрээт ажилчин байх, тэдгээрийн цалин хөлс, ямар ямар чиглэлийн ажил хариуцдаг, ажилчид дотроо газар, хэлтэс, салбар зэрэгт хуваагддаг эсэх талаар бичнэ. Цаашид ажилчдын тоог нэмэгдүүлэх эсэх талаар тодруулна.

3.Зах зээлийн нөхцөл төлөв байдал

Зах зээлийн байдал, хэрэглэгчид, зах зээлд гарч байгаа ерөнхий чиг хандлага, тухайн бизнесийн хууль эрх зүйн орчин, тухайн салбар дахь өрсөлдөгчдийн талаар мэдээллүүдийг багтаана.

2.1.Зах зээл, хэрэглэгч, зах зээлийн ерөнхий чиг хандлага: Энэ хэсэгт зах зээлийн хэмжээ, хэрэглэгчдийн тоо хэмжээ, тухайн хуулийн этгээдийн зах зээлд эзлэх хувь, зах зээлийн өсөлт, ирээдүйн зах зээлийн байдал, зах зээлийн тогтвортой байдал, зах зээлд гарч байгаа ерөнхий чиг хандлагуудыг бичих бөгөөд технологийн хөгжил, байгалийн хүчин зүйлс, хүн амын суурьшилт зэргийг тодруулна.

2.2.Бизнесийн хууль эрх зүйн орчин:Тухайн бизнесийг эрхлэхтэй холбоотой хуулиудыг судалсан эсэх, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж баталгаажуулсан эсэх, хууль эрх зүйн орчинд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах арга замыг тодорхой бичнэ.

2.3.Өрсөлдөөн, өрсөлдөгчид:Тухайн зах зээл дээрх ижил төрлийн бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагын тоо хэмжээ, нэр, байршил, хүчин чадал, зах зээлд эзлэх хувь, давуу болон сул талуудын талаар дурдана. Компанийн дотоод, гадаад хүчин зүйлсийг судалсан SWOT шинжилгээг хийсэн байвал зохино.

Өрсөлдөгчийн нэр

Байршил

Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл

Багцын хэмжээ

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, хүүгийн хэмжээ

Зах зээлд эзлэх байр суурь

Өрсөлдөгч 1

 

 

 

 

 

Өрсөлдөгч 2

 

 

 

 

 

Өөрийнх

 

 

 

 

 

2.4.Бизнес төлөвлөгөө бичих болсон үндэслэлүүд: Яагаад шинээр үйл ажиллагаа эрхлэх болсон шалтгааныг бичиж, зах зээл, өөрийн хүчин чадлын хэмжээг харгалзан тухайн бизнесийг өргөжүүлэх нөөц, боломжийг тодруулна.

3.Төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагаа:

3.1.Бүтээгдэхүүн үйл ажиллагааны төлөвлөгөө: Эрхлэх гэж буй даатгалын хэлбэрийн дэлгэрэнгүй болон үйл ажиллагаа эрхлэн явуулснаар тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг ямар хэмжээгээр хүргэх, харилцагч, үйлчлүүлэгчдийн цар хүрээг тодорхойлж, тооцооллыг хийнэ.

3.2.Маркетингийн төлөвлөгөө: Өмнөх бүлэгт хийсэн зах зээл, хэрэглэгчдийн судалгааг үндэслэн боловсруулна. Үүнд зах зээлээ сонгох, бүтээгдэхүүн үйлчилгээг идэвхжүүлэх үйл ажиллагаа орно. Маркетингийн төлөвлөгөө нь маркетингийн иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд: Бүтээгдэхүүн (үйлчилгээ), Үнэ (үнийг хэрхэн тогтоох), Байрлал (суваг, хуваарилалт), Идэвхжүүлэлт (зар сурталчилгаа) зэргийг хэрхэн шийдвэрлэснээ тодорхойлно.

3.3.Менежментийн төлөвлөгөө: Байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, удирдах ажилтан бүрийн хариуцлага, ажилчдын нэрс, цалингийн зардлыг тодорхой бичиж, боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах шаардлага, тэдгээрт хийх сургалтын талаар тодруулна.

3.4.Санхүүгийн төлөвлөгөө: Санхүүгийн төлөвлөгөөнд бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, орлого, зардал, ашиг, алдагдлыг тооцож, түүнийг хэрхэн удирдах талаар тусгана. /Даатгалын компани бол даатгалын үнэлгээ, даатгалын хураамж, нөөц сан, нөхөн төлбөр, давхар даатгалын хураамж, даатгалын бус үйл ажиллагааны орлого гэх мэт үзүүлэлтүүдийн тооцооллыг тусгана./

Орлогыг тооцохдоо тухайн орлогыг бүрдүүлэх эх үүсвэр бүрээр тооцож нэгтгэн гаргана.

Зардлыг тооцохдоо бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбогдон гарах, удирдлага зохион байгуулалттай холбогдон гарах, албан татвар хураамж төлөх, хөрөнгө оруулалттай холбогдон гарах, бусад зардал гэх мэтчилэн зардлын зүйл анги бүрээр тооцож, нэгтгэн гаргана.

Мөнгөн урсгалыг тооцохдоо сар бүрийн орж, гарах мөнгөн урсгалыг тооцож, жилээр нэгтгэн гаргана.

Санхүүгийн тайлан баланс зэрэг тоон үзүүлэлтийг бизнес төлөвлөгөөнд тусгахдаа өмнөх онуудын гүйцэтгэлийг ирэх жилийн төлөвлөгөөтэй зэрэгцүүлсэн байдлаар гаргана.

3.5.Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө: Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, үүнээс өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс оруулж чадах хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтыг хаанаас авахаар төлөвлөөд байгаа /банкны зээл, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын тусламж хөрөнгө оруулалт, гадаадын банкнаас авах зээл, хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалт/-талаар бичнэ. Хэрэв өглөг авлагатай бол энэ талаар жагсаалт үйлдэж, нарийвчлан тодруулсан байна.

3.6.Эрсдэлийн менежмент /бууруулах арга зам: Бизнес эрхлэхэд олон төрлийн эрсдэл учирч болох бөгөөд техник, санхүү, байгалийн гамшиг, хууль эрх зүй, улс төрийн эрсдэлийг зайлшгүй тооцож өөрийн бизнесийн онцлогт уялдуулан бичнэ. Мөн таны бизнест ямар төрлийн эрсдэл учрах магадлал илүү эсэхийг тодорхойлж, эрсдлийг доод хэмжээнд байлгах, түүнээс сэргийлэх, бууруулахын тулд та ямар арга хэмжээ төлөвлөснөө бичих нь зүйтэй.