Хэвлэх DOC Татаж авах

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн гуравдугаар хавсралт

 

ДААТГАЛЫН НӨӨЦ САН, АЛБАНЖУРМЫН ДААТГАЛЫН САН БОЛОН

БУСАД САНГ БҮРДҮҮЛЭХ, ХУВААРИЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь даатгагч даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-ноос хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Даатгагч энэ журмаар зөвшөөрөгдсөн ангилал болон аргачлалаар даатгалын нөөц сан, бусад санг бүрдүүлэх бөгөөд энэ нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг байнга хангахуйц хэмжээнд байна.

1.3.Даатгагч ямарч цаг хугацаанд даатгалын нөөц санг тооцох боломжийг бүрдүүлсэн байна.

Хоёр. Ердийн даатгалын нөөц сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах

2.1.Ердийн даатгагчийн бүрдүүлэх даатгалын нөөц санг дараах байдлаар ангилна:

2.1.1.Тайлагналын өдөр болон түүнээс өмнөх хугацаанд даатгалын тохиолдол нь болсон боловч даатгагчид мэдэгдээгүй байгаа даатгалын тохиолдлын улмаас үүсэх даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан (УБМХНС буюу англиар Incurred but not reported-IBNR);

2.1.2.Даатгалын тохиолдол болсон тухай даатгагчид мэдэгдсэн бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгоогүй байгаа даатгалын нэхэмжлэлтэй холбогдох даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан (МБТХНС буюу англиар Reported but not Paid-RBNP);

2.1.3.Даатгагчийн хүчин төгөлдөр даатгалын гэрээтэй холбогдон тайлант хугацаанаас хойш гарах нийт нөхөн төлбөр ба зардлын орлогод тооцоогүй хураамжаас давсан хэсгийг нөхөн төлөх даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Учирч болзошгүй хохирлын нөөц сан (УБХНС буюу Unexpired risk reserve-URR);

2.1.4.Тусгай нөөц сан.

2.2.Даатгагчийн нэхэмжлэлийн нөөц сан нь тайлагналын өдөр хүртэл мэдсэн боловч төлөөгүй эсхүл учирсан боловч мэдэгдээгүй нэхэмжлэлтэй холбоотой, энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь заалтад дурдсан нөөц сангуудын нийлбэртэй тэнцүү ба дараах аргачлалаар бүрдүүлж, хуваарилна:

2.2.1.Даатгагч тайлагналын өдөр шийдвэрлэгдээгүй үлдсэн болон тайлагналын өдрөөс өмнөх хугацаанд үүссэн бөгөөд даатгагчид мэдэгдэхээр хүлээгдэж байгаа бүх нэхэмжлэлийг барагдуулахтай холбоотой нийт хариуцлагыг тооцсон байна.

2.2.2.Энэ журмын 2.2.1-д дурдсан бүх нэхэмжлэлийг барагдуулах зардалд даатгуулагчид төлөхөөр тооцоолсон нөхөн төлбөрөөс гадна нөхөн төлбөрийн үнэлгээний зардал мөн хамаарна.

2.3.Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц санг дараах аргачлалаар бүрдүүлж, хуваарилна:

2.3.1.Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц санд тайлангийн хугацаанд даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заагдсан холбогдох бусад этгээдээс даатгагчид тухайн гэрээнд заасан аливаа хэлбэрээр /бичгээр, утсаар, емэйлээр болон бусад/ мэдэгдсэн даатгалын тохиолдлоос үүсэх даатгагчийн урьдчилан тооцоолсон хариуцлагын хэмжээ болон тайлангийн хугацаанд төлөгдөөгүй үлдсэн нэхэмжлэлийн хэмжээ хамаарна.

2.3.2.Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сангийн нийт хэмжээг дараах томьёогоор тооцно:

                     МБТХНС = (A + Б – В + Г) , Үүнд:

МБТХНС = даатгалын гэрээ тус бүрээр тооцсон мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан.

A = тайлангийн үеэс /сар, улирал, жил байж болох/ өмнөх үед даатгалын тохиолдол нь учирсан бөгөөд нэхэмжилсэн эсэхээс үл хамааран даатгагчид мэдэгдсэн даатгалын өр төлбөрийн дүн /өмнөх тайлант үеийн Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сангийн тухайн гэрээгээрх үлдэгдэл буюу тухайн хугацаанд хамаарах даатгалын нэхэмжилсэн хохирлын дүн дээр даатгагчид мэдэгдсэн боловч нэхэмжлээгүй хохирлыг нэмсэн дүнтэй тэнцэнэ/.

Б = тайлангийн үед даатгалын тохиолдол нь учирсан бөгөөд нэхэмжилсэн эсэхээс үл хамааран даатгагч мэдсэн даатгалын өр төлбөрийн дүн, эдгээр нь компанийн нэхэмжлэлийн бүртгэлд орсон байна /даатгалын нэхэмжилсэн хохирлын дүн дээр даатгагч мэдсэн боловч нэхэмжлээгүй хохирлыг нэмсэн дүнтэй тэнцэнэ/.

В = тайлангийн хугацаанд /зөвхөн тухайн улиралд/ барагдуулсан нэхэмжлэл.

Г = даатгалын хохирол үнэлгээний зардал, энэ нь дараах зүйлүүдийн нийлбэрээс бүрдэнэ:

(a) тайлангийн хугацааны эцэст шийдвэрлэгдээгүй байгаа нэхэмжлэлийн хохирол үнэлгээний зардлын дүн

(б) шаардлагатай бол хөндлөнгийн шинжээчийн зардлын дүнг нэмж тооцох.

2.3.3.Энэ журмын 2.3.2-т заасан “Б”-ийн хувьд мэдсэн боловч нэхэмжлээгүй хохирлын дүнг тооцоход хүндрэлтэй тохиолдолд тооцоолол хийж буй өдрөөс өмнөх 2-оос дээш жилд ижил даатгалын зүйлд ижил төстэй тохиолдлуудаас ойролцоо хэмжээтэй учирсан хохирлуудын арифметик дундаж дүнгээр тухайн гэрээний даатгалын нийт үнэлгээнээс хэтрэхгүйгээр, мөн хохирол үнэлгээний хамгийн оновчтой тооцоолсон дүнгээр нэмэгдүүлэн тооцно.

2.3.4.Шүүхийн маргаантай байгаа нэхэмжлэлийн хувьд Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц санг нэхэмжлэгчийн шаардлагын дүнгээр, даатгалын үнэлгээнээс хэтрэхгүйгээр тооцож нөөц байгуулна. Ийнхүү байгуулсан нөөцийг шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл нөөцөд хэвээр үлдээнэ. Нэмж байгуулах шаардлагатай гэж хэрэв даатгагч үзсэн бол мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөцийг нэмэгдүүлж болно.

2.3.5.Даатгагч нэхэмжлэл ирсэн огнооноос эхлэн нэхэмжлэлийг барагдуулах хүртэлх бүхий л мэдээллийг агуулсан Нэхэмжлэлийн бүртгэлийг үүсгэж, хөтөлнө.

2.3.6.Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц санг даатгалын тохиолдол болсноор нэмэгдүүлэх эсвэл нөхөн төлбөрийг төлснөөр бууруулах бол тайлагналын өдөр Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сангийн өөрчлөлт дансаар тус нөөц санг нэмэгдүүлж эсхүл бууруулна.

2.3.7.Даатгагч анхан шатны мэдээлэл дээр үндэслэн Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц санг байгуулсан бөгөөд нэмэлт мэдээлэл болон хөндлөнгийн байгууллагын шинжилгээг үндэслэн нөхөн төлбөрийн дүнг эцэслэн гарахад өмнөх байгуулсан нөөц сангийн дүнгээс их эсвэл бага байвал мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сангийн өөрчлөлт дансаар тус санг нэмэгдүүлж эсхүл бууруулж болно.

2.4.Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц санг дараах аргачлалаар бүрдүүлж, зарцуулна:

2.4.1.Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц санг даатгагч даатгалын хэлбэр тус бүрээр үнэн зөв бөгөөд бодитой статистикт тулгуурлан актуар аргачлалаар тооцоолсон даатгагчийн хамгийн сайн төсөөлөлд үндэслэн тооцно. Тухайн нөөцийг тайлант хугацааны эцсийн байдлаар учирсан боловч мэдэгдээгүй байгаа хохиролд зориулан байгуулна.

2.4.2.Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөцийг тооцоход даатгагч хохирлын гурвалжны хөгжлийн аргуудыг ашиглана. Эдгээр арга нь актуар төсөөлөл, аргачлалд суурилах ба дараах шаардлагуудыг хангасан байна:

2.4.2.а Хохирлын хөгжлийн гурвалжинг улирлын статистик тоон өгөгдлийг ашиглан үнэн зөв, бодитой тоон мэдээлэлд үндэслэн гаргах ба дор хаяж өмнөх 12 улирлын төлсөн нийт нөхөн төлбөр ба нөөц сангийн тоон мэдээллийгашигласан байна.

2.4.2.б Хохирол үнэлгээний зардлыг учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөцийн нийт дүнд оруулан тооцно.

2.4.2.в Жигд бус тархалттай, их хэмжээний хохирлыг актуарч актуар тооцооллын шаардлагаар тохируулга хийж болох бөгөөд энэ талаар журмын 1 дүгээр хавсралтад тусгасан байна.

2.4.3.Тооцоололд актуарчийн хийсэн тохируулга ихээхэн нөлөө үзүүлдэг учир актуарч уг нөөц сангийн тооцооллыг хийхэд ашиглагдсан таамаглал төсөөлөл, урьдчилсан нөхцөл болон бусад тохиргоог тодруулж энэ журмын 1 дүгээр хавсралтад заавал тусгана.

2.4.4.Тайлагналын өдрөөр даатгалын хариуцлага гэрээний дагуу дууссан, шинээр даатгалын хариуцлага нэмэгдсэн эсвэл даатгалын тохиолдол болсныг даатгуулагч мэдэгдсэн зэрэг нөлөөг актуар тооцооллоор тооцсоноор Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц санг өмнөх тайлант хугацааны дүнгээс нэмэгдүүлэх эсвэл бууруулах шаардлагатай бол Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сангийн өөрчлөлт дансаар тус нөөц санг нэмэгдүүлж эсвэл бууруулна.

2.4.5.Даатгагч санхүүгийн нэг жилд учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц санг тооцоолохдоо зөвхөн нэг аргачлалыг ашиглах ба ашигласан аргачлалаа өөрчлөх тохиолдолд тухайн аргачлалыг ашиглахаас 30-аас доошгүй хоногийн өмнө даатгагчийн хүсэлт ба актуарчийн саналыг Хороонд ирүүлж, мэдэгдэнэ. Өмнөх тайлант үед ашиглагдсан хохирлын гурвалжны мэдээллийг зөвхөн Хорооны зөвшөөрөлтэйгөөр өөрчилж болно.

2.5.Учирч болзошгүй хохирлын нөөц санг дараах аргачлалаар бүрдүүлж, хуваарилна:

2.5.1.Учирч болзошгүй хохирлын нөөц санг даатгагчийн хүчин төгөлдөр даатгалын гэрээнүүдийн хувьд өмнөх тайлант хугацааны эцэс дэх учирч болох хохирол болон үйл ажиллагааны зардлын нийлбэр нь орлогод тооцоогүй хураамжийн нөөцөөс давсан тохиолдолд тухайн нэмэгдэл хариуцлагын хэмжээгээр тооцно.

2.5.2.Учирч болзошгүй хохирлын нөөц санг /УБНХС/ даатгалын хэлбэр тус бүрийн хувьд дараах томьёо ашиглан байгуулна. Хаалтнаас гарах үр дүн сөрөг байвал энэхүү нөөцийг нэмэгдүүлэхгүй:

 

Үүнд:

Нтi - i дугаар даатгалын хэлбэрийн даатгалын нөхөн төлбөрийн цэвэр зардал/давхар даатгагчийн хариуцсан нөхөн төлбөр орохгүй/ ба нөхөн төлбөрийн нөөц сангийн өөрчлөлтийн нийлбэр/давхар даатгалын хэсэг орохгүй/,

ҮАЗi - i дугаар даатгалын хэлбэрийн /хэлбэрээр задлах эсэх/ үйл ажиллагааны зардал, үүнд: даатгалын гэрээний зардал, ерөнхий ба удирдлагын зардал, борлуулалт маркетингийн зардал, санхүүгийн зардал, бусад зардал хамаарна. Зардлуудыг хэлбэрээр задлах боломжгүй бол хэлбэр тус бүрийн орлогод тооцсон хураамжийг нийт орлогод тооцсон хураамжид харьцуулсан хувийн жинг үйл ажиллагааны зардлын дүнгээр үржүүлэн даатгалын хэлбэр тус бүрээрх зардлын задаргааг тооцож болно. Орлогод тооцсон хураамж гэж тайлант хугацаанд орлогод хүлээн зөвшөөрөгдсөн хураамжийн орлого буюудаатгалын хураамжийн цэвэр орлогоос орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн өөрчлөлтийг хасч хойшлогдсон давхар даатгалын хураамжийн өөрчлөлтийг нэмж тооцсон дүнг. /Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн дансны тайлант үеийн үлдэгдлээс эхний үлдэгдлийг хасч Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн өөрчлөлтийг тодорхойлно. Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн давхар даатгагчид ногдох хэсэг дансны тайлант үеийн үлдэгдлээс эхний үлдэгдлийг хасч хойшлогдсон давхар даатгалын хураамжийн өөрчлөлтийг тодорхойлно/

ЦХi - i дугаар даатгалын хэлбэрийн даатгалын хураамжийн цэвэр орлого;/Даатгалын хураамжийн цэвэр орлого гэж даатгалын хураамжийн нийт орлогоос даатгалын хураамжийн буцаалт болон давхар даатгалын хураамжийн зардлыг хассан дүнг хэлнэ. Даатгалын хураамжийн буцаалт гэж даатгалын гэрээ цуцлагдахад тухайн гэрээнд заасны дагуу даатгуулагчид буцаан төлөх даатгалын хураамжийг, Давхар даатгалын хураамжийн зардал гэж даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгуулсны үндсэн дээр төлсөн ба төлөхөөр тооцсон төлбөрийг ойлгоно./,

∆ОТХНi - i дугаар даатгалын хэлбэрийн даатгалын орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн нийт өөрчлөлт /хойшлуулсан давхар даатгалын хураамжийн өөрчлөлтийг хасна/,

ОТХНi - i дугаар даатгалын хэлбэрийн даатгалын Орлогод тооцоогүй хураамжийн нөөц /хойшлуулсан давхар даатгалын хураамжийн дүнг хасна/.

2.5.3.Учирч болзошгүй хохирлын нөөц сангийн нийт хэмжээ нь даатгалын хэлбэр тус бүрээр байгуулсан учирч болзошгүй хохирлын нөөц сангуудийн нийлбэртэй тэнцүү бөгөөд дараах томьёогоор тооцно:

УБНХНСt - учирч болзошгүй хохирлын нөөц сангийн нийт дүн.

 2.5.4.Даатгагч энэ журмын 2.5.2-т дурдсан томьёоны хувьсагчдын ирээдүйн төсөөллийг тооцох статистик суурь мэдээлэл хангалттай бөгөөд тооцох боломжтой гэж үзвэл тэдгээрийг томьёоны харгалзах хэсгүүдэд орлуулан тооцоолж болно.

2.5.5.Даатгагч энэ журмын 2.1.4-т заасан тусгай нөөц сангаас зарцуулалт хийхээр бол Хороонд хүсэлтээ бичгээр тавих ба хүсэлтэд тусгай нөөц санг зарцуулах үндэслэл, хэмжээ, тооцоолол, тайлбарыг тодорхой тусгасан байна.

2.5.6.Даатгагч энэ журмын 2.5.5-д заасны дагуу тусгай нөөц сангаас зарцуулалт хийх хүсэлт ирүүлсэн тохиолдолд Хороо хүсэлтийг хянаж, хариуг даатгагчид албан бичгээр хүргүүлнэ.

2.5.7.Даатгагч энэ журмын 2.1-д заасан даатгалын нөөц сангаас гадна даатгагчийн даатгалын хариуцлага дуусаагүй байгаа даатгалын гэрээ бүрийн хувьд “хувь тэнцүүлсэн арга”-аар буюу тайлагналын өдрөөр даатгалын гэрээний хүчинтэй үлдэх хугацаанд хувь тэнцүүлэн тооцсон даатгалын хураамжийн хэсгүүдийн нийлбэрээр орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг байгуулна.

2.5.8.Даатгалын гэрээний хувьд орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг “хувь тэнцүүлсэн арга”-аар дараах томьёог ашиглан тооцно:

ОТХНi = i дугаар даатгалын гэрээний орлогод тооцоогүй хураамжийн нөөц;

                    ДНХi= i дугаар даатгалын гэрээний нийт хураамжийн орлого;

                    ДБi= i дугаар даатгалын гэрээний даатгалын хураамжийн буцаалт

                    Хi = i дугаар даатгалын гэрээний хүчинтэй байх үлдсэн хугацаа/өдрөөр/ бөгөөд үүнийг гэрээний нийт хугацаанаас тухайн гэрээний тайлагналын өдөр хүртэл үргэлжилсэн хугацааг хасч тооцно;

                    Нi = i дугаар даатгалын гэрээний нийт үргэлжлэх хугацаа.

                    i - орлогод тооцоогүй хураамжийн нөөц тооцогдсон даатгалын гэрээний дугаар

2.5.9.Нийт орлогод тооцоогүй хураамжийн нөөц нь даатгалын гэрээ тус бүрээр байгуулсан орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн нийлбэртэй тэнцүү бөгөөд дараахь томьёогоор тооцно.

ОТХНt - t хугацаан дахь нийт орлогод тооцоогүй хураамжийн нөөц

 n - орлогод тооцоогүй хураамжийн нөөц тооцсон даатгалын гэрээний нийт    тоо

2.5.10.Буцаасан даатгалын хураамжийг хууль тогтоомжийн дагуу даатгалын гэрээний хугацаа дуусахаас өмнө даатгагчаас даатгуулагчид тухайн гэрээний үлдэх хугацаанд ногдуулан буцаан олгосон хураамжаар тодорхойлно.

2.5.11.Тайлагналын өдрөөр даатгалын хариуцлага гэрээний дагуу дууссан, эсхүл шинээр даатгалын хариуцлага нэмэгдсэн зэрэг шалтгаанаар Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн үлдэгдлийг тооцоолсны дараа тус нөөцийг өмнөх тайлант хугацааны дүнгээс бууруулах эсвэл нэмэгдүүлэх бол Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн өөрчлөлт дансаар тус нөөцийг нэмэгдүүлж эсвэл бууруулна.

2.5.12.Даатгагчийн бүрдүүлсэн орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг бэлэн мөнгө, банкны харилцах, хадгаламж, хадгаламжийн сертификат болон даатгалын хураамжийн авлага хэлбэрээр байршуулж болох бөгөөд бэлэн мөнгөнд уг нөөцийн 2 хүртэл хувиар байршуулна.

2.6.Даатгагч нь нийт нөөц сангаас давхар даатгагчид ногдох хэсгийг дараах байдлаар тодорхойлно:

2.6.1.Даатгалын нөөц сан дахь давхар даатгагчид ногдох хэсгийг даатгагч энэ журамд заасан харгалзах нөөц сантай адил аргачлалаар эсхүл давхар даатгалын гэрээний хэлбэр /хувь тэнцүүлсэн, хувь тэнцүүлээгүй, сайн дурын, албан журмын гэх мэт/, нөхцөлөөс хамааруулан өөрөөр тооцож болно.

2.6.2.Даатгагч нь давхар даатгагчид ногдох нөөц сангийн хэсгийг тооцохдоо даатгагчийн давхар даатгалын нэхэмжлэлийг барагдуулах чадавхи, давхар даатгагчаас буцаан төлүүлэх боломж зэргийг харгалзан үзнэ. Актуарч эдгээр үйл ажиллагаанд эрсдэл байгаа эсэхийг судалж, тооцох бөгөөд даатгалын нөөц сан байгуулахад давхар даатгалын эрсдэлийг хэрхэн тооцсон талаар актуарын тайланд тодруулан тусгасан байна.

Даатгагч, давхар даатгагч, дахин буюу ретро давхар даатгагчдын хооронд хийгдэж буй хөрөнгийн аливаа гүйлгээ нь бодитой, нотлогдсон байна.

2.6.3.Хойшлогдсон давхар даатгалын хураамж буюу давхар даатгагчид ногдох орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн тооцооллыг энэ журмаар заасан орлогод тооцоогүй хураамж тооцох аргачлалтай нэгэн адил аргачлалаар эсхүл хэрэв давхар даатгалын гэрээнд заасан бол тухайн нөхцөлөөр тус тус тооцоолно.

2.6.4.Даатгалын нөөцийн давхар даатгагчид ногдох УБМХНСангийн хэсэг буюу давхар даатгагчид ногдох учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөцийг давхар даатгуулсан даатгалын зүйлд учирсан даатгалын тохиолдолд хамаарах даатгалын гэрээ бүрийн хувьд байгуулна. Энэ нь давхар даатгалын гэрээнд заагдсан, давхар даатгагчаас олгох боломж бүхий мөнгөн дүнтэй тэнцүү байна.

2.6.5.Давхар даатгагчид ногдох учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөцийг даатгалын хэлбэр тус бүрээр давхар даатгалд шилжүүлсэн нөхөн төлбөрийн статистик мэдээлэлд тулгуурлан хэлбэр тус бүрийн хувьд дараах томьёогоор тооцно:

ДДi – даатгалын “i” хэлбэрээр учирсан боловч нэхэмжлээгүй хохирлын нөөц сангийн давхар даатгагчид ногдох хэсгийн дүн;

УБМХНСt –даатгалын “i” хэлбэрээр байгуулсан учирсан боловч нэхэмжлээгүй хохирлын нийт нөөцийн хэмжээ;

НТre –даатгалын “i” хэлбэрийн хувьд давхар даатгалаас төлөгдсөн нөхөн төлбөр;

НТt - даатгалын “i” хэлбэрийн хувьд тайлангийн хугацаанд төлөгдсөн нийт нөхөн төлбөрийн хэмжээ.

Бүх хэлбэрээрх давхар даатгагчид ногдох учирсан боловч нэхэмжлээгүй хохирлын нөөц сангуудын нийлбэрээр давхар даатгагчид ногдох учирсан боловч нэхэмжлээгүй хохирлын нөөц санг тооцно.

ДДt = Бүх хэлбэрээрх давхар даатгагчид ногдох учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сангийн хэмжээ

2.7.Даатгалын нөөц санг бүрдүүлэхэд дараах шаардлага тавигдана:

2.7.1.Даатгагч бүр даатгалын нөөц сан тооцож, бүрдүүлэх Дотоод журамтай байна.

2.7.2.Энэхүү журмыг актуарч хянаж, даатгагчийн гүйцэтгэх удирдлага баталгаажуулна. Ийнхүү баталснаас хойш 10 хоногт, хүчин төгөлдөр болохоос 10-аас багагүй хоногийн өмнө Хороонд хүргүүлнэ.

2.7.3.Хороо шаардлагатай гэж үзвэл Дотоод журамд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.

2.7.4.Даатгалын нөөц сан тооцож, бүрдүүлэх дотоод журамд дараах нөхцөлүүдийг заавал тусгасан байна:

2.7.4.а Даатгалын нөөц сан тооцох суурь зарчим ба агуулга (нэр томьёоны тайлбар ба тодорхойлолт);

2.7.4.б Дараах агуулгыг багтаасан даатгалын бүтээгдэхүүнүүдийн талаарх ерөнхий чиглэл:

2.7.4.б.1. даатгалын гэрээнүүдтэй холбогдох даатгалын эрсдэлүүд;

2.7.4.б.2. даатгалын хугацаа, даатгалын хураамж болон нөхөн төлбөр төлөх хугацаа;

2.7.4.б.3. даатгалын хураамжийн төлбөрийн зохицуулалт (жилээр,        хагас жилээр, улирлаар, сараар, хуваарийн дагуу);

2.7.4.б.4. даатгалын буцаалтыг төлөх аргачлал;

2.7.4.б.5. даатгагчийн зардлын түвшин;

2.7.4.б.6. даатгалын нөөц сан тооцоолоход ашиглах нэмэлт арга, аргачлал, томьёо;

2.7.4.б.7. давхар даатгалын нөөц сан тооцоолох арга, аргачлал, томьёо.

2.7.5.Даатгагч даатгалын эрсдэлийн багцаа шилжүүлэх, эсхүл Хорооны өгсөн үүрэг даалгаврын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг нөхцөлд даатгуулагчийн өмнө хүлээх эрсдэлийг бүрэн тайлагнах нөхцөлийг хангах зорилгоор календарийн аливаа өдрөөр даатгалын нөөц сангийн тайлан гаргах боломжийг бүрдүүлсэн байна.

2.7.6.Даатгагч дараах мэдээлэлд суурилан даатгалын нөөц санг бүрдүүлнэ:

2.7.6.а даатгуулагчидтай байгуулсан даатгалын гэрээний бүртгэл;

2.7.6.б даатгалын нөхөн төлбөрийн бүртгэл;

2.7.6.в давхар даатгагчид даатгуулсан даатгалын гэрээний бүртгэл;

2.7.6.г давхар даатгагчид даатгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөрийн бүртгэл.

2.7.7.Энэ журмын 2.7.6 дахь заалтад дурдсан бүртгэлд дараах заалтуудыг дор хаяж тусгана:

(а) даатгалын гэрээний (даатгалын баталгааны) дугаар;

(б) даатгуулагчийн овог, нэр, регистр;

(в) даатгуулагчийн нас, хүйс, даатгалын хураамжид нөлөөлж болох бусад үзүүлэлт;

(г) гэрээ байгуулсан огноо, даатгалын хамгаалалт эхэлсэн ба дуусах огноо,  

(д) даатгалын хугацаа, даатгалын гэрээний нөхцөл өөрчлөгдсөн огноо;

(е) даатгалын эрсдэлүүд;

(ё) даатгалын үнэлгээ;

(ж) даатгалын нийт хураамж;

(з) хүлээж авсан даатгалын хураамжийн хэмжээ, огноо, хуваарь;

(и) даатгалын гэрээ цуцалснаар буцаан төлсөн даатгалын хураамж, огноо;

(й) нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн өргөдлийн огноо, нэхэмжилсэн хэмжээ;

(к) даатгалын тохиолдлын огноо, даатгалын эрсдэл;

(л) мэдэгдсэн нэхэмжлэлийн өөрчлөлт, огноо;

(м) даатгалын нөхөн төлбөр олгосон огноо;

(н) даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан огноо.

Гурав. Урт хугацааны даатгалын нөөц санг бүрдүүлэх, хуваарилах

3.1.Урт хугацааны даатгагчийн бүрдүүлэх даатгалын нөөц санг дараах байдлаар ангилна:

3.1.1.Гэрээний үргэлжлэх хугацаанд даатгуулагч нь даатгалын компанийн ашгаас ноогдол ашиг авах нөхцөл бүхий урт хугацааны даатгалын гэрээнд зориулсан Хувь оролцоотой гэрээний нөөц сан;

3.1.2.Гэрээний үргэлжлэх хугацаанд даатгуулагч нь даатгалын компанийн ашгаас ноогдол ашиг авах талаар гэрээнд заагаагүй урт хугацааны даатгалын гэрээнд зориулсан Хувь оролцоогүй гэрээний нөөц сан;

3.1.3.Даатгалын хураамжийн зохих хэсэг нь тодорхой хөрөнгө оруулалтад даатгуулагчийн хүсэл сонирхол болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу байршдаг урт хугацааны даатгалын гэрээнд зориулсан Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний нөөц сан.

3.2.Даатгагчийн даатгалын нөөц сан нь даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн нөөц сангаас бүрдэх ба ирээдүйд төлөх нөхөн төлбөр болон зардлын өнөөгийн үнэ цэнийн нийлбэрээс даатгуулагчийн төлөх даатгалын нийт хураамжийн өнөөгийн үнэ цэнийг хассан зөрүүгээр тодорхойлогдоно.

3.3.Даатгагч нь даатгалын нөөц санг цэвэр хураамжийн орлого болон хөрөнгө оруулалтын орлогоос бүрдүүлэх бөгөөд цэвэр хураамжийн орлогыг даатгалын нийт хураамжийн орлогоос давхар даатгалд төлсөн хураамжийг хасч тооцно.

3.4.Даатгалын багц бүтээгдэхүүнийг нөхцөл тус бүрээр задалж даатгалын нөөц сангийн тооцооллыг хийнэ.

3.5.Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн ирээдүйд төлөх нөхөн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо даатгагчийн мөрдөж байгаа насжилтын хүснэгтэд үндэслэнэ. Даатгалын хураамжийн хүүгийн түвшинг энэ журмын 3.6.2-т зааснаар тооцно.

3.6.Урт хугацааны даатгагч энэ журмын 2.7-д заасан даатгалын нөөц санг бүрдүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж ажиллахаас гадна даатгалын актуар тооцоололд дараах шаардлагыг хангаж ажиллана:

3.6.1.Хорооноос эрх авсан урт хугацааны даатгалын актуарч нь нөөц сангийн актуар тооцооллыг хийх бөгөөд хүүгийн түвшин, нас баралтын түвшин, гэрээ цуцлалтын түвшин, зардлын түвшинг тус тус харгалзаж үзсэн байна.

3.6.2.Хүүгийн түвшинг тогтооход эрсдэлгүй хүүгийн түвшин, инфляци, эрсдэлийн хураамжийг үндэслэж дараах байдлаар тооцно:

3.6.2.а Эрсдэлгүй хүүгийн түвшинг Засгийн газрын бондын хүүгийн түвшинтэй ижлээр тооцно;

3.6.2.б Инфляцийг Монголбанкнаас тухайн жилд зарласан зорилтот түвшинтэй ижлээр тооцно;

3.6.2.в Эрсдэлийн хураамжийг даатгалын актуарч тооцоолно.

3.6.3.Нас баралтын түвшинг Үндэсний статистикийн хорооноос гаргасан нас баралтын хүснэгтийг (mortality table) ашиглан тооцоолно.

3.6.3.а Нас баралтын хүснэгтэд наслалтын тохируулгыг тооцно. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдрах хугацаа нь өөр өөр байдагт үндэслэн даатгалын гэрээнд эмэгтэй хүний төлөх даатгалын хураамж нь даатгалын ижил нөхцөлтэй гэрээтэй 3-5 насаар залуу эрэгтэй хүний төлөх хураамжтай адилаар тооцогдоно.

3.6.4.Гэрээ цуцлалтын түвшинг нь даатгагч, даатгуулагчийн аль нэгний саналын дагуу даатгалын гэрээ дуусахаас өмнө цуцлах хэмжээг харгалзан тооцно.\

3.6.5.Зардлын түвшинг тухайн даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд гарч болох бүхий л зардлуудын хүрээнд тооцоолж тогтооно.

3.6.6.Даатгагч нь дээрх үзүүлэлтүүдийг анх тогтоох ба өөрчлөлт оруулах тухай бүрд болон нөөц сангийн тооцоололд албан ёсоор ашиглахаасаа өмнө Хороонд мэдэгдэнэ.

3.7.Урт хугацааны даатгалын нөөц санг дараах байдлаар зарцуулна:

3.7.1.Даатгалын тохиолдол болсон үед хувь оролцоотой гэрээ, хувь оролцоогүй гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ тус бүрд холбогдох нөөц сангаас нь даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

3.7.2.Даатгалын нөөц санг зөвхөн тухайн сангийн зориулалтын дагуу зарцуулах бөгөөд нөөц сангийн хөрөнгийг хооронд нь шилжүүлэх, сольж зарцуулахыг хориглоно.

Дөрөв. Давхар даатгагчийн алдагдлаас хамгаалах санг бүрдүүлэх, хуваарилах

4.1.Давхар даатгагч даатгалын хохирлыг нөхөн төлөх нөөц сан хүрэлцэхгүй болсон тохиолдолд ашиглах зориулалт бүхий алдагдлаас хамгаалах санг мөнгөн хөрөнгөөр бүрдүүлэх бөгөөд түүний доод хэмжээ нь 15 тэрбум төгрөг байна. Алдагдлаас хамгаалах санг зээлийн хөрөнгөөр бүрдүүлж болохгүй.

4.2.Даатгагч Хорооноос тогтоосон алдагдлаас хамгаалах сангийн доод хэмжээний 1/3 хэсгийг эхний давхар даатгалын гэрээ байгуулахаас өмнө энэ журмын 4.3-т заасны дагуу байршуулж, 1/3 хэсгийг Хорооноос тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор, үлдсэн 1/3 хэсгийг 3 жилийн дотор тус тус бүрдүүлж энэ журмын 4.4-т заасны дагуу байршуулна.

4.3.Даатгагч алдагдлаас хамгаалах сангийн 1/3 хэсгийг Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан, Даатгалын тухай хуулийн 4.1.12-т заасан холбогдох этгээдэд хамаарах банкнаас бусад банкинд байршуулах бөгөөд нэг банкинд байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хязгаар нь дээрх мөнгөн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй байна.

4.4.Алдагдлаас хамгаалах сангийн үлдэх 2/3 хэсгийг дор дурдсан хувь хэмжээгээр хөрөнгө оруулалтад байршуулж болно:

4.4.1.Банкны хадгаламж: 100 хүртэл хувь (нэг банкинд 20 хүртэл хувь);

4.4.2.Банкны харилцах дансанд байршуулах: 100 хүртэл хувь (нэг банкинд 20 хүртэл хувь);

4.4.3.Засгийн газрын өрийн бичиг: 100 хүртэл хувь;

4.4.4.Төв банкны үнэт цаас: 60 хүртэл хувь;

4.4.5.Орон нутгийн засаг захиргааны бонд: 20 хүртэл хувь;

4.4.6.Үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаас 20 хүртэл хувь;

4.4.7.Банкны хадгаламжийн сертификат: 10 хүртэл хувь;

4.4.8.Компанийн бонд: 10 хүртэл хувь (нэг компанид 5 хүртэл хувь);

4.4.9.Санхүүгийн болон үйл ажиллагааны лизинг: 5 хүртэл хувь;

4.4.10.Даатгалын тухайн хуулийн 4.1.12-т заасан “холбогдох этгээд”-ээс бусад этгээдэд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан арилжааны богино хугацаат (нэг жил хүртэл) зээл 5 хүртэл хувь;

4.4.11.Үл хөдлөх хөрөнгө: 10 хүртэл хувь (үндсэн үйл ажиллагаа явуулдаг ажлын байрнаас бусад).

4.5.Энэ журмын 4.4.11-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулсан нөхцөлд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хийлгэсэн байна.

4.6.Даатгагч нь гадаад улсад хөрөнгө оруулалт хийхээр бол Хороонд хүсэлтээ бичгээр тавих ба Хорооны хяналт шалгалт, зохицуулалтын асуудал эрхэлсэн газар зөвшөөрөл олгох эсэхийг даатгагч албан бичиг ирүүлсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг даатгагчид албан бичгээр хүргүүлнэ.

4.7.Давхар даатгуулагчаас даатгалын гэрээний дагуу нэхэмжилсэн даатгалын нөхөн төлбөрийг давхар даатгагчийн хохирол төлөх нөөц сангаас төлж хүрэлцэхгүй болсон тохиолдолд зөрүүг алдагдлаас хамгаалах сангаас олгоно.

4.8.Алдагдлаас хамгаалах санг энэ журмын 4.3, 4.4 болон 4.7-д зааснаас өөрөөр зарцуулж болохгүй.

4.9.Алдагдлаас хамгаалах сангаас нөхөн төлбөрийг олгосон тохиолдолд нөхөн төлсөн төлбөрийн дүнтэй уялдуулан алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийн дахин бүрдүүлэлтийг дараах байдлаар хийнэ:

4.9.1.Алдагдлаас хамгаалах сангаас олгосон нөхөн төлбөрийн дүн уг сангийн 1/3 хэсэг хүртэл бол уг хөрөнгийг 1 жилийн дотор;

4.9.2.Алдагдлаас хамгаалах сангаас олгосон нөхөн төлбөрийн дүн уг сангийн 1/3-2/3 хүртэл бол 2 жилийн дотор, үүнээс 1/3 хэсгийг эхний нэг жилийн дотор, үлдэх хэсгийг дараагийн нэг жилийн дотор;

4.9.3.Алдагдлаас хамгаалах сангаас олгосон нөхөн төлбөрийн дүн уг сангийн 2/3 хэсгээс дээш бол 2 жилийн дотор, үүнээс эхний 1/3 хэсгийг 1 сарын дотор, үлдэх хэсгийг энэ журмын 4.9.2-т заасны дагуу тус тус дахин бүрдүүлнэ.

4.10.Алдагдлаас хамгаалах сангаас нөхөн төлбөр олгох болсон тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.

Тав. Хяналт, хариуцлага

5.1.Даатгагч татан буугдсан, дампуурсан тохиолдолд даатгалын бүх нөхөн төлбөр, хураамжийн буцаалт хийгдсэний дараах нөөц сангийн үлдэгдлээс Хорооноос томилсон актуарчийн актуар тооцооллын дагуу тохирох хэсгийг даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Даатгагчдын холбооны тусгайлсан дансанд байршуулна.

5.2.Энэ журмын 5.1-д заасан тусгайлсан дансанд нөөц сангийн мөнгөн хөрөнгийг байршуулах болон зарцуулах үйл ажиллагааг холбогдох журмаар зохицуулах бөгөөд хэрэгжилтэд Хороо байнгын хяналт тавина.

5.3.Энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан даатгалын нөөц сангууд болон урт хугацааны даатгалын нөөц санг Хорооноос актуарын эрх авсан актуарч тооцоолох бөгөөд Хороо түүнд хяналт тавьж ажиллана.

5.4.Даатгагч нь жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан даатгалын нөөц сангийн үлдэгдлийг Хорооноос олгосон эрх бүхий актуарч эсхүл олон улсын мэргэжлийн холбоодоос олгосон Associate ба түүнтэй адилтгах түвшний болон түүнээс дээш эрхтэй актуарчаар баталгаажуулсан байна.

5.5.Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөцийг тооцоход ашиглах хохирлын гурвалжны суурь мэдээллийг үнэн зөв бүрдүүлсэн эсэх, актуарын тооцоололд ашиглахад тохиромжтой эсэхэд Хороо хяналт тавьж ажиллана.

5.6.Даатгагч нь дараах тайлан, мэдээллийг заасан хугацаанд Хороонд ирүүлнэ:

5.6.1.Ердийн болон урт хугацааны даатгагч энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу “Даатгалын нөөц сангийн актуар тайлан”-г жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт;

5.6.2.Ердийн даатгагч энэ журмын 2 дугаар хавсралтад заасны дагуу “Орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн хөрөнгийн байршлын тайлан”-г санхүүгийн тайлангийн хамт улирал бүр;

5.6.3.Урт хугацааны даатгагч энэ журмын 3 дугаар хавсралтад заасны дагуу “Даатгалын нөөц сангийн тооцооллын тайлан”, 4 дүгээр хавсралтад заасны дагуу “Даатгалын нөөц сангийн бүрдүүлэлтийн тайлан”-г тус тус санхүүгийн тайлангийн хамт улирал бүр;

5.6.4.Давхар даатгагч энэ журмын 5 дугаар хавсралтад заасны дагуу “Алдагдлаас хамгаалах сангийн хөрөнгийн байршлын тайлан”-г санхүүгийн тайлангийн хамт улирал бүр.

5.7.Энэ журмын 5.6-д заасан тайлан, мэдээллийг шаардлагатай тохиолдолд Хороо хэдийд ч шаардаж авч болохоос гадна тайлантай холбогдуулан нэмэлт мэдээлэл, материал шаардаж болно.

5.8.Энэхүү журмын хэрэгжилтэд Хороо хяналт тавих бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.