Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 5 дугаар
                  тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ
ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн албан хаагчид Засгийн газар болон төрийн бусад байгууллагаас олгох шагналын төрлийг тогтоох, төрийн албан хаагчийг шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, шагнал олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын хөгжил, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчаас бусад Монгол Улсын болон гадаад улсын иргэнд энэ журамд заасан шагналыг олгож болно.

1.3. Төрийн албан хаагчид Монгол Улсын цол олгох, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэхэд энэ журам хамаарахгүй.

1.4. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Зэвсэгт хүчин, батлан хамгаалах, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Авлигатай тэмцэх газрын төрийн тусгай албан хаагчид олгох шагналын төрлийг тухайн салбарын асуудлыг эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоож, шагнал олгох журмыг энэ журамд нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

1.5. Шагналыг байгууллагын, Засгийн газрын, төрийн дээд шагнал гэсэн дарааллаар олгоно. Мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл дурсгахаас бусад шагналыг төрийн албан хаагчид давхардуулан олгохгүй бөгөөд тухайн ажилтны ажлын үр дүн өмнөх түвшингээс ахисан, сахилгын болон ёс зүйн зөрчилгүй, энэ журмын  1.2-т заасан болзлыг хангаж, өмнөх шагналаас хойш З-аас доошгүй жил ажиллаж байгаа бол дараагийн шатны шагналыг олгох зарчим баримтална.

1.6. Төрийн албан хаагчид мөнгөн шагнал болон үнэ бүхий зүйл олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг  тухайн байгууллагын төсөвт тусгана.

1.7. Төрийн албан хаагчид энэ журамд заасан мөнгөн шагналаас бусад шагнал олгоход мөнгө дагалдахгүй.

Хоёр. Засгийн газрын шагнал

2.1. Монгол Улсын Засгийн газрын шагнал нь Засгийн газрын Жуух бичиг, “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг гэсэн төрөлтэй байна.

2.2. Төрийн албанд 15-аас доошгүй жил  ажилласан төрийн албан хаагчийг Засгийн газрын Жуух бичгээр, 12-оос доошгүй жил ажилласан албан хаагчийг “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнана. Төрийн онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн төрийн албан хаагчийг Засгийн газрын шагналаар шагнахад төрийн албанд ажилласан жилийг харгалзахгүй байж болно.

2.3. Засгийн газрын Жуух бичиг нь улаан хүрэн өнгийн, урт нь 30-32 мм, өргөн нь 20-22 мм, зузаан нь 2,5 мм хавтастай, хавтасны нүүрэн талд Монгол Улсын төрийн сүлд, түүний доод хэсэгт “Засгийн газрын жуух бичиг” гэсэн үгийг хэвлэсэн, жуух бичгийн доторх зүүн хуудасны гол хэсэгт соёмбо, жуух бичгийн хувийн дугаар, он, сар, өдөр, баруун хуудсанд тухайн салбарын онцлогийг тусгасан талархлын үг, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг гарын үсэг зурах зайтай байхаар хэвлэсэн байна.

2.4. “Засгийн газрын салбарын тэргүүний  ажилтан” хүндэт тэмдэг нь тухайн салбар, ажил, мэргэжлийн чиглэл, онцлогийг бэлгэдсэн дүрслэлтэй, тэмдгийн оноосон нэрийг бичсэн, дээд хэсэгт соёмбо дүрсэлсэн, урт нь 40-45 мм, өргөн нь 20-22 мм, зузаан нь 2,5 мм-ээс илүүгүй хэмжээтэй байна. Хүндэт тэмдэг нь хувийн дугаартай, шагнал олгосон албан тушаалтны гарын үсэг бүхий үнэмлэхтэй байна. Хүндэт тэмдгийн тухайлсан загварыг холбогдох салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.5. Засгийн газрын шагналыг Үндэсний их баяр наадам, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан олгоно.

          
Гурав. Төрийн бусад байгууллагын шагнал


  3.1. Төрийн бусад байгууллагын шагнал нь Жуух бичиг, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл гэсэн төрөлтэй байна.

  3.2. Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан төрийн албан хаагчийг байгууллагын Жуух бичгээр шагнана. Жуух бичгийн тухайлсан загварыг байгууллагын эрх бүхий этгээд батална.

3.3. Мөнгөн шагналыг төрийн онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар  биелүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн төрийн албан хаагчид олгож болно. Байгууллагын удирдлагын шийдвэрээр тухайн ажилтныг шагнах мөнгөн шагналын хэмжээ нь сарын үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна.

  3.4. Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчийг насны ой, тэмдэглэлт бусад үйл явдлыг тохиолдуулан нэг сая хүртэл төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж болно. Төрийн албан хаагчийг үнэ бүхий зүйлээр шагнах тэмдэглэлт үйл явдлыг тухайн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд тусгаж мөрдөнө.

           3.5. Энэ журмын 3.3, 3.4-т заасан шагналыг төрийн албан хаагчид олгоход төрийн албанд ажилласан жилийг харгалзахгүй. 

Дөрөв. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, олгох

4.1. Төрийн албан хаагчийг Засгийн газрын шагналаар шагнуулахаар дараахь журмаар нэр дэвшүүлж, тодорхойлно:


       4.1.1. энэ журмын  2.2-т заасан болзлыг хангасан төрийн албан хаагчийг тухайн байгууллагын удирдлага  нэр дэвшүүлж,  хамт олны хурлаар хэлэлцүүлэн, тодорхойлолтыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаар уламжлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

       4.1.2. Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Авлигатай тэмцэх газар, Монголбанк болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг төрийн бусад байгууллага Засгийн газрын шагналд төрийн албан хаагчийг нэр дэвшүүлэхэд энэ журмын 4.1.1-т заасныг баримтална.

       4.1.3. Засгийн газрын шагналд нэр дэвшигчийг тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

           4.1.3.а. холбогдох Засгийн газрын гишүүний баталсан  загварын анкет;

           4.1.3.б. байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл;

           4.1.3.в. ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт;

           4.1.3.г. урьд шагнагдсан бол энэ тухай тэмдэглэл;

           4.1.3.д. онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, нотолгооны  хуулбар;

           4.1.3.е. шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг.

4.2. Энэ журмын 3.2-т заасан болзлыг хангасан төрийн албан хаагчийг төрийн байгууллагын Жуух бичгээр шагнуулахаар тухайн байгууллагын удирдлага нэр дэвшүүлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн, шагнах эрх бүхий этгээдэд тодорхойлолтыг хүргүүлнэ.

4.3. Төрийн байгууллагын Жуух бичгээр шагнуулахаар нэр дэвшигчийг  тодорхойлоход энэ журмын 4.1.3-т заасан материалыг мөн адил бүрдүүлнэ.

4.4. Шагналд нэр дэвшигчийн тодорхойлолтыг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн, шагналд нэр дэвшүүлэх болзлыг хангаагүй албан хаагчийн нэрийг дэвшүүлсэн тохиолдолд шагнал олгох асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд холбогдох материалыг илгээсэн байгууллагад нь буцааж, буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ.

4.5. Төрийн албан хаагчид Засгийн газрын Жуух бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар, “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг Засгийн газрын холбогдох гишүүний шийдвэрээр, төрийн бусад байгууллагын шагналыг шагнах эрх бүхий албан тушаалтны тушаал, хамтын удирдлагын  байгууллагын шийдвэрээр тус тус олгоно.


Тав. Бусад

5.1. Төрийн байгууллага Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль болон энэ журамд заасан шагналаар шагнагдсан албан хаагчийн мэдээллийн сантай байна.

5.2. Төрийн албан хаагч Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль болон энэ журамд заасан шагналаар шагнуулсан бол энэ тухай мэдээллийг Төрийн албаны тухай хуулийн 15.1-д заасны дагуу тухайн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж хадгална.
      

 

 

-----о0о-----