Хэвлэх DOC Татаж авах

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/04 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

ҮХРИЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР /RINDER PEST, ЧУМА КРУПНОГО РОГАТОГО СКОТА/

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Үхрийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Үхрийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Үхрийн мялзан өвчин нь байнга халуурах, цус ихдэх эмгэгшил, тэжээл боловсруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийн үрэвсэлт үхжил болох тунгалаг төст эдийн тогтолцооны эмгэг үүсэх шинж тэмдгээр илэрдэг үхрийн цочмог явцтай гоц халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Мялзан өвчний үүсгэгч нь Парамиксовирусын язгуурын Морбилливирусын төрөлд хамаарагдана. Физик химийн хүчин зүйлд тэсвэр муутай. Эфир, хлороформд мэдрэг бөгөөд шээс, баасанд 30 цагийн дараа, дулааны улиралд хүүрэнд 20-30 цаг, бууцанд 30 цаг, бэлчээрт 36 цаг, тасалгааны дулаанд 3-4 хоног, 600С-д хэдхэн минутын дараа идэвхээ алдана. Харин ясны чөмгөнд 30 хүртэл хоног хадгалагдана. Халдваргүйтгэх бодисуудын үйлчлэлээр маш амархан идэвхээ алдана. Хатаасан арьс ширэнд эмгэг төрүүлэх чанараа 24-48 цагийн дотор алдана. Шинэ маханд 4-6 цаг, давсалсан маханд 28 хоног идэвхээ хадгална.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Энэ өвчнөөр үхэр, сарлаг өвчилнө. Өвчтэй үхэр, сарлаг халдварын эх булаг болно. Өвчин агаар дуслын замаар дамжина. Өвчилсөн үхрийн нус, нулимс, сүү, шээс болон үтрээний салс, цус зэргээр үүсгэгч гадагшилна. Өвчин дамжих нөхцөлд үхсэн үхрийн хүүр, зориуд нядласан үхрийн мах, үхрийн арьс шир, яс, үс зэрэг нөлөөтэй. Өвчний халдвар агаар дуслын болон нүдний зовхиор дамжих бөгөөд тэжээл боловсруулах замаар дамжих нь маш ховор байдаг. Халдвар зэрлэг салаа туурайтан амьтдаар дамжин тархах нөхцөл бий.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Нууц үе нь 3-21 хоног байна. Өвчин ихэвчлэн цочмог, явцтай байх бөгөөд цахилгаан, цочмогдуу явцтай байх нь ховор. Хэв шинжит, хээл хаяулах, далд хэлбэрээр тохиолдоно. Цочмог явцтай үед биеийн халуун гэнэт, огцом нэмэгдэх, амьсгал, судасны тоо олшрох, ил харагдах салст бүрхүүлүүд бага зэрэг улайх, үргэмтгий болох, сүү татрах, цагаан эсийн тоо цөөрнө. Гэрлээс айх, нулимс гоожих, хамрын хөндийн салст бүрхүүл үрэвсэх шинж тэмдэг илэрч өвчний 3-4 дэх өдрөөс уруул, завьж, буйл, хэл, тагнай, багалзуурын салст бүрхүүлд үхжилт гэмтлүүд гарч нэвчмэл цус харвалт, олон тооны саарал, шардуу өнгөтэй жижиг үхжилийн голомтууд үүснэ. Голомтууд нь задарч улаан ёроолтой, тэгш бус захтай, цус гоожсон шарх болох ба зовхины идээт үрэвсэл, хамрын хөндий, үтрээний салст идээт үрэвсэл болно. Салст бүрхүүл гэмтэхийн гадна шүлс ихээр гоожиж хамраас цусны хольцтой салст идээтэй гоождос, үтрээнээс идээтэй буртаг гарна. Зовхи хавагнаж цус ихдэх ба цус харвасан байна. Өвчилсөн үхэр ханиалгах, найтаалгах ба хээл хаяна. Өвчний төгсгөлд малын биеийн байдал эрс доройтож шардуу юм уу заваан хүрэн өнгөтэй, цус, салс, залхаг бүхий усан чацга сул гоожуулна. Биеийн халуун буурч амьсгал эмзэглэлтэй, хэвлийн хэлбэртэй болно. Шингэн алдснаас амархан эцэж турах ба хүзүү нугалж хэвтэнэ. 4-10 хоноод үхнэ. Хэт цочмог явцтай үед маш өндөр халуурч үжил, цус ихдэлтийн эмгэгшил болж 1-2 хоноод үхнэ. Цочмогдуу явц нь мялзан өвчин байнга гардаг нутагт тохиолдоно. Халуурч нүд, хамар, амны хөндий, ходоод гэдэсний замын салст бүрхүүл үхжлийн гэмтэлгүйгээр үрэвссэн байна. Өвчний 6-7 дахь хоногт биеийн халуун буурч яр, шарх нь эдгэрч чацга алдахаа болино. Өвчин нь 2-3 долоо хоног үргэлжилж ихэвчлэн эдгэрэх ч тугал олноор хорогдоно. Хээл хаяулах хэлбэрийн үед түр зуур халуурах, чацга алдах бөгөөд амны салст бүрхүүлд гэмтэл илрэхгүй. Үхэл байдаггүй. Далд хэлбэрийн үед эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд халдварыг зөвхөн шинжилгээгээр илрүүлнэ.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Амны хөндий, багалзуур, нарийн гэдэс болон хааяа бүдүүн гэдэс, олгой, шулуун гэдэсний салст бүрхүүлд үхжилт гэмтлүүд гарч нэвчмэл, үргэлжилсэн улайлт, цус харвалт, үхжил, олон тооны саарал, шаргалдуу өнгөтэй жижиг үхжлийн голомтууд, улаан ёроолтой тэгш бус захтай яр шарх үүссэн байна. Улаан хоолойд ямар нэгэн өөрчлөлтгүй байх ба чацархайн булчирхайнууд томорч цус ихэдсэн, цус харвасан, үхжилийн голомтууд үүссэн байна. Уушиг цусаар дүүрсэн, хавагнасан, цус харвасан, идээт ширхэгэнцрээр хучигдсан, заримдаа сахуулайт юм уу хэлтэрийн үрэвсэл болсон байна. Элэг өмрөмтгий, шавар шиг өнгөтэй болсон байна. Бөөр хавагнасан, цус ихдэлттэй, цус харвсан байхын дээр шээс тунадастай, улаан өнгөтэй байна. Цөсний уут хар хүрэн өнгөтэй цөсөөр дүүрсэн байна.

2.3.Лабораторийн оношлогоо: Хээрийн нөхцөлд үхрийн амын хөндийн салст бүрхүүл, нарийн гэдэсний хананд гар ногоон өнгийн өнгөр тогтсон байдаг. Үхрийн үхлийн хувь, өвчний явц, төл малын өвчлөл, үхрийн өвчлөлийн хувь зэргийг анхаарах хэрэгтэй. Лабораторид эмгэгт материалыг зохих журмын дагуу авч хүргүүлнэ. Цусны ийлдэс болон бүлэгнээгүй цус, дэлүү, тунгалагийн зангилаа, хэлний уг зэрэг эдийн дээжийг хөлдөөлгүй хүйтэн хэлхээнд, мөн эмгэг материалыг 10%-ийн формалин буферт хадгалааслан хүргүүлнэ. Нүд болон хамраас гоожиж байгаа шингэнээс авч хөлдөөлгүй лабораторид хүргүүлнэ. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд вирус ялгах, полимеразын гинжин урвал /ПГУ/ вирус саармагжуулах урвал /ВСУ/, өрсөлдөөнт ЭЛИЗА, НТУ, эмгэгт материалд эд судлал шинжилгээ зэргийг хийнэ. Онош батлагдсан тохиолдолд ДМАЭМБ-д холбогдох журмын дагуу мэдээлнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Үхрийн хорт салст халуурал, вируст диаррей, шүлхий, үхрийн цээж, иж балнад, иж сүрьеэ, бог малын мялзан, пастореллёз, гахайн кампилобактери, иж балнад зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.

2.5.Эмчилгээ: Үхрийн мялзан өвчний эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Дэлхийн хэмжээнд үхрийн мялзан өвчнийг устгах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг үндэс нь үүсгэгч вирусын бүх омгийн эсрэг найдвартай хамгаалах чадвартай вакцин бүтээсэн явдал байсан. Вакцинжуулалтыг баталсан удирдамж, зааврын дагуу тухайн сум, аймгийн малын эмч нар гардан гүйцэтгэнэ. Манай улс үхрийн мялзан өвчний 2 янзын вакцин үйлдвэрлэж байсан туршлагатай бөгөөд Оросын К37/70 болон Унгарын RBOK гэсэн 2 омог ашиглан вакцин үйлдвэрлэж байсан.

3.2.Бүсчлэлийг оновчтой тогтоох, дэглэм тогтоохБүсчлэлийг тогтоохдоо үхрийн мялзан өвчний онцлог, нутаг орны онцлог, халдварын тархалтын хүрээ зэрэг зүйлсийг харгалзан тогтооно.Голомтын өрхийн хашаа хороог болон гадна уст цэгийг халдваргүйтгэнэ.

3.3.Өвчилсөн малыг тусгаарлах болон бусад арга хэмжээ: Мэргэжлийн багт томилогдон ажиллаж байгаа малын эмч нь мэдрэмтгий малд эмнэлзүйн үзлэг хийж, шинж тэмдэгтэйгээр өвчилсөн малыг ялгах ба малчин малын хотноос зайдуу газрыг сонгон тусгаарлах хашаа хороо барьж, тэмдэг тавьж тусгаарлан тэжээж маллана. Өдөр бүр мэдрэмтгий малд үзлэг хийх ба нэмж өвчилсөн тохиолдолд тухайн тусгаарласан сүрэгт нийлүүлнэ. Эмнэлзүйн шинж тэмдэггүй болсон малыг буцаан сүрэгт нь нийлүүлнэ.

3.4.Нөөцийг тооцох, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх: Бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу нөөц бүрдүүлсэн байх ба нэмж шаардагдах нөөцийг мал эмнэлгийн тасгаас тооцож холбогдох шийдвэр гаргагч нарт хүргүүлж шийдвэрлүүлнэ.

3.5.Тандалт: Вакцинжуулалтын дараах тандалтыг төлөвлөгөөт вакцинжуулалтын арга хэмжээнээс нэг сарын дараа гүйцэтгэнэ.Тандалтыг УМЭАЦТЛ-ийн удирдамжийн дагуу гүйцэтгэх ба шинжилгээг УМЭАЦТЛ гүйцэтгэнэ.Тандалтыг санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Вакцинжуулалт: Халдвартай болон эрүүл, өвчтэй бүсийг зааглан вакцинжуулах үед сум, аймгийн мал эмнэлгийн байгууллага вакцинжуулалтад шаардлагатай малын төрөл, тоог гаргаж Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний үндсэн дээр улсын нөөцөөс хуваарилах эсвэл шинээр вакцин худалдан авах ажлыг зохион байгуулна. Голомттой бус нутгуудад жил дараалсан вакцинжуулалт хийх үед вакцинжуулах хугацааг улирлын тохиромжтой үе, малчдын отор нүүдлийн байдал зэргийг харгалзаж зохион байгуулах нь ажил үр дүнтэй болох, зардал хэмнэх зэрэг давуу талтай. Вакцинжуулалт хийх үед вакцины тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл зэргийг чанд мөрдөж ажиллана. Вакцинжуулалтын товыг багийн Засаг дарга малчдад зарлан, бэлэн байдлыг хангуулна.

а/ Яаралтай вакцинжуулалт (голомтыг бүслэх)Яаралтай вакцинжуулалтыг уг өвчин гарсан үед голомтыг цомхотгох, халдвар тархахаас сэргийлэх зорилгоор халдвартай болон сэжигтэй бүсэд бүслэх хэлбэрээр хэрэгжүүлнэ. Мөн тандалтын үр дүнгээр халдвартай болох нь баталгаажсан сүргийг вакцинжуулна. б/Төлөвлөгөөт вакцинжуулалт: Төлөвлөгөөт вакцинжуулалтыг халдвартай болон сэжигтэй бүс нутгийн мэдрэмтгий төл малд 3-аас дээш сарын настайд нь 1 удаа хийнэ. Халдвартай бүсэд төл малын вакцинжуулалтыг 3 жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд нас гүйцсэн малыг хамруулна.

в/ Вакцинжуулалтын гүйцэтгэлийн хяналт: Тухайн бүс нутагт хэрэгжсэн вакцинжуулалтын үр дүнг үнэлэх гол арга нь вакцинжуулалтын дараах тандалтын дүн байна. Өөрөөр хэлбэл вирусын хадгалагдах, тархах эпидемиологийн мөчлөгийг таслан зогсоохын тулд зорилтот мал сүргийн 80%-д дархлаа тогтсон байх шаардлагатай. Вакцины дараах тандалтыг вакцин тарьж дууссанаас хойш 30-90 хоногийн хооронд эпидемиологийн аргачлалаар дээж цуглуулж хийнэ. Хэрэв тухайн аймаг, суманд вакцинжуулалтын үр дүн шаардлагатай түвшинд хүрээгүй тохиолдолд шалтгааныг нь тогтоож, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох, давтан вакцинжуулалт хийх эсэх асуудлыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

4.2.Хорио цээр тогтоох: Үхрийн мялзан өвчний онош батлагдсан тохиолдолд өртсөн мал, амьтныг устгалд оруулж, халдаргүйтгэл хийж, вакцин таригдсанаас 30хоногийн дараа ямар нэг сэжигтэй тохиолдол илрэхгүй бол тухайн газар хорио цээрийн дэглэмийг цуцлана.

4.3.Хязгаарлалт тогтоох: Үхрийн мялзан өвчний үед вакцин таригдсан сүргээс хорио цээрийн дэглэм дуусаагүй байхад малын ямар нэг шилжилт, хөдөлгөөнийг хориглоно.

4.4.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Үхрийн мялзан өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдвар тараах эрсдэлтэй тул булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon 1%, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын рH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ.

4.5.Өвчилсөн мал, амьтныг устгах арга хэмжээ: Үхрийн мялзан өвчний онош батлагдсан хойно өвчилсөн мал амьтныг малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.

4.6.Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Үхрийн мялзан өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийн өвчилсөн мал, амьтныг устгалд оруулах бөгөөд үлдсэн сүрэгт вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийнэ. Вакцин таригдсан мал, амьтныг хорио цээрийн дэглэм дуустал хэрэгцээлэхийг хориглоно.

4.7.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт: Үхрийн мялзан өвчний хорио цээрийн дэглэм цуцалсан хойно мал, амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд ямар нэг өвөрмөц шаардлага тавигдахгүй.

4.8.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: Импортоор оруулж ирэх малын мал эмнэлгийн албан ёсны гэрчилгээ нь дараах зүйлсийг нотолсон байна. Үүнд:Тухайн малыг тээвэрлэх өдөр үхрийн мялзан өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байх, малыг ирүүлж байгаа газраас 10 км-ын радиуст сүүлийн 3 сарын хугацаанд үхрийн мялзан өвчин илрээгүй байх, мал хамгийн багадаа 21 хоногийн өмнө үхрийн мялзан өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдсан байх, малын ээмэгний дугаар, зүсийг гэрчилгээнд заавал бичсэн байна.Үхрийн мялзан өвчнөөр эрүүл гэж үзсэн мал, амьтныг уг өвчнөөр тайван болон сэжигтэй бүсэд нэвтрүүлж болно.

4.9.Хил дээрх хорио цээрийн үйл ажиллагаа: Үхрийн мялзан өвчний эсрэгбием илрүүлэх шинжилгээний дээжийг авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид илгээнэ. Хэрэв шинжилгээгээр эерэг дүн гарсан тохиолдолд мал бүрд үзлэг шинжилгээг нарийвчлан хийнэ. Үхрийн мялзан өвчний шинж тэмдэг илэрвэл хорио цээрийн хугацааг 30 хоногоор тогтоож, оношийг баталгаажуулна.Вакцин таригдаагүй орж ирсэн бог малыг хилийн хорио цээрт байх хугацаанд үхрийн мялзан өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулна.

4.10.Хилийн хорио цээрийн дараа аймаг, суманд хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Шинээр ирсэн малыг 10 хоног үндсэн сүрэгт нийлүүлэхгүй, сүрэгт нийлүүлснээс хойш нэг сарын хугацаанд үзлэг, ажиглалт хийнэ. Тухайн сумын Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн үзлэг, ажиглалт хийх ажлыг хариуцна.

4.11.Үхрийн мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийх стандарт ажиллагааны зааврыг нэгдүгээр, Үхрийн мялзан өвчний хээрийн судалгаа хийх үед баримтлах био хамгааллын стандарт ажиллагааны зааврыг хоёрдугаар хавсралтын дагуу ашиглана.

4.12.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

 

Үхрийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын нэгдүгээр хавсралт

АЖ АХУЙД ҮХРИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

ТОДОРХОЙЛОЛТ

Дэгдэлтийн судалгаа гэдэг нь системтэй,цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана.

ЗОРИЛГО

  • Тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлох
  • Халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох
  • Тухайн дэгдэлтийг зогсоох, тэмцэх

 

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү САЗ нь үхрийн мялзан өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно.

 

ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

  • Малын эмч нар
  • Шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх баг

 

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Мал эмнэлгийн эпидемиологич (багийн ахлагч).
  • Лабораторийн мэргэжилтэн
  • Аймаг, сумын малын эмч нар

 

ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ(тухайн нөхцөл байдалд тохируулжтоо ширхэгийг тооцоолно)

  • Нэг удаагийн бээлий
  • Усны гутал
  • Хормогч
  • Улавч
  • Хайч
  • Чимхүүр
  • Дээж хадгалах уусмал (50% PBS glycerine saline)
  • Хөвөн - Цус бүлэгнүүлэгчгүй хуруу шил
  • Цус бүлэгнүүлэгчтэй хуруу шил
  • Зүү баригч
  • 16G хэмжээтэй зүү
  • Маркер -
  • Дээжний сав
  • Хаягдлын уут
  • Халдваргүйжүүлэгч бодис
  • Гар ариутгагч
  • GPS
  • Дэгдэлтийн судалгаа авах маягт
  • Лабораторид дээж илгээх маягт
  • Хэвлэсэн бичмэл заавар
  • Дэвтэр, бал

 

Дэгдэлтийн Судалгаа Хийх Дараалал

 

1.Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс:

  • Судалгаа хийх багийн гишүүдийг бүрдүүлэх
  • Багийн гишүүд тус бүр ямар үүрэгтэй оролцох талаар ярилцаж тохирох
  • Шаардлагатай материал ба ложистикийн зохион байгуулалт (материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг шалгах)
  • Судалгаа авахад шаардагдах зүйлс: Мэдээлэл авах маягтууд, дэвтэр, зөөврийн компьютер, GPS.
  • Дээж авахад шаардлагатай зүйлс: зүү, арчдас авах бамбар, дээжийн сав, вирусийн тэжээлт орчин
  • Хэвлэсэн САЗ, бусад холбогдох журмууд
  • Тээврийн хэрэгсэл

 

2.Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллүүдийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:

  • Очих малчны нэр, утасны дугаар
  • Аймаг, сум, багийн нэр
  • Мал аж ахуй эрхлэх хэлбэр, малын тоо (эрчимжсэн, хагас эрчимжсэн, нүүдлийн мал аж ахуйн аль нь болох үхэр, хонь, ямаа, гахайтай эсэх)
  • Тухайн орон нутгийн малын эмчийн нэр, утасны дугаар.

 

3.Дэгдэлт илэрсэн аж ахуйд очин судалгаа хийх

  • Тухайн аж ахуйд нэвтрэх, гарахдаа Био-хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө. Био-хамгааллын САЗ-ыг харна уу.
  • Хавсралт 1-т байгаа асуумжийн дагуу тухайн аж ахуйгаас мэдээллийг цуглуулна.
  • Малаас дээж аван лаборторид илгээнэ. Хэдэн малаас дээж авч шинжлэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.

 

Тайлагнах

Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, Хавсралт 1-ийн дагуу цуглуулсан мэдээлэл, дээж авсан малын лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорхи мэдээллүүдийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.

 

Цаг хугацаа(эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)

  • Эхний тохиолдол хэзээ илэрсэн бэ?
  • Дэгдэлт ямар хугацаанд үргэлжилсэн бэ?
  • Өвчин илрэх хугацаанд ямар шинжилгээнүүд хийгдсэн бэ?
  • Тухайн дэгдэлт нь халдварын эх үүсвэр эсвэл дамжмал халдварын аль нь болох?

 

Мал амьтан(дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.)

  • Малын төрөл, сүргийн хооронд дайралтын түвшин ялгаатай байгаа эсэх
  • Ямар төрөл зүйлийн малд дайралтын түвшин нь өндөр, эсвэл бага байгаа эсэх
  • Дайралтын түвшин нь наснаас шалтгаалж өөр өөр байгаа эсэх?

 

Газар нутаг(Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.)

  • Газарзүйн хувьд ямар сэжиг илэрсэн бэ?
  • Мал аж аж ахуйн хэлбэрээс шалтгаалж малын төрөл зүйлийн хооронд ялгаа байгаа эсэх?
  • Тухайн дэгдэлт нь олон улсын чанартай зам, хурдны зам, нүүдлийн зам зэрэгтэй хир ойрхон илэрсэн, газарзүйн хувьд ямар ямар эрсдлүүд байж болох?

 

Зэрлэг амьтад

  • Тухайн бүс нутагт салаа туурайтай зэрлэг амьтад байдаг эсэх
  • Ойр орчимд салаа туурайтай зэрлэг амьтдад үхрийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх

 

Вакцинжуулалтын түүх

  • Вакцинжуулалтын талаарх бүртгэлийг шалгах, дэгдэлт илэрсэн сүрэг нь үхрийн мялзан болон бусад өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэх

 

Таамаглал дэвшүүлэх

  • Дэгдэлтийн эх үүсвэрийн талаарх таамаглал
  • Тархалтын хэлбэр
  • Дэгдэлт нь нийтлэг эх үүсвэртэй эсвэл дамжмал байдлаар илэрч байгаа эсэх
  • Хэрэв нийтлэг эх үүсвэртэй бол нэг газраас эсвэл олон газраас уу гэдгийг тогтоох
  • Дэгдэлт гарахад нөлөөлж байгаа ямар эрсдэлт хүчин зүйлс байна вэ?

 

ЗӨВЛӨМЖ

  • Дэгдэлтийн судалгааны баг нь оролцогч талууд болох малчид, засаг захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.