Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 1999 оны 164 дүгээр тогтоолын хавсралт

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын зорилт нь архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааврын мөрдөлтөд хяналт тавьж, хэрэгжилтийг  хангуулахад оршино.
2.Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтыг улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, аймаг, нийслэлийн улсын байцаагч хэрэгжүүлнэ.
3.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний архивын газрын дарга нь улсын ерөнхий байцаагч байна. Улсын ерөнхий байцаагчийг Хууль зүйн сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлөх бөгөөд ерөнхий байцаагчийн эрхийг мөн Засгийн газраас олгоно.
4.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын ахлах байцаагч, байцаагчийг ерөнхий байцааг­чийн санал болгосноор Хууль зүйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлнө.
5.Аймаг, нийслэлд ажиллах архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч нь аймаг, нийслэлийн архивын тасгийн /албаны/ дарга байна.
6.Аймаг, нийслэлийн архив, албан хэрэг хөт­лөл­тийн улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчтай зөвшилцөн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын  байцаагчийн эрхийг Хууль зүйн сайд олгоно.
7.Эрхэлж буй үйл ажиллагааны онцлог байдлаас шалтгаалан зарим яам, шүүх, прокурор, гадаад харилцаа, батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн төв байгууллагын төрөлжсөн архивт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч ажиллуулж болно. Улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчтай зөвшилцөн яам, газрын дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын  байцаагчийн эрхийг нь Хууль зүйн сайд олгоно.
8.Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид энэ дүрэмд "байцаагч" гэх/ нь архив, албан хэрэг хөтлөлтийн асуудлаар  мэргэшсэн байна.
9.Архив, албан хэрэг хөтлөлтийн байцаагч нь үндсэн мэргэжлээрээ улсад гурваас доош­гүй жил ажилласан байна.
10.Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлаг, байцаагч нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
11.Байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
12.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалган дүнг нэгтгэж дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлаг хариуцан хэрэгжүүлнэ.
13.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч нь тухайн жилийн ажлын тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагт ирүүлэх бөгөөд улсын ерөнхий байцаагч нэгтгэж, дүгнэнэ.
 
Хоёр. Архив, албан хэрэг хөтлөлтийн  улсын хяналтын чиглэл
14.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/Архивын тухай хууль, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Засгийн газраас гарсан шийдвэр, холбогдох бусад эрх зүйн актын биелэлт;
б/баримт бичгийн стандарт, түүний хэрэгжилт;
в/баримт бичгийн шийдвэрлэлтэд тавих хяналт, түүний биелэлтийн байдал;
г/хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, түүний дагуу хэрэг бүрдүүлсэн байдал;
д/компьютерт оруулсан баримт бичгийн  боловсруулалт, ашиглалт, хадгалалтын байдал;
е/архивын хосгүй үнэт, үнэт баримтын хамгаалалтын хувь хийж, эх баримтаас тусад нь хадгалж буй байдал;
ж/архивт хадгалсан баримт, музей, номын сан, эрдэм шинжилгээний байгууллага дахь гар бичмэл, байгуул­ла­гын архивын баримтын хадгалалт болон хамгаалалтын нөхцөл, баримтын бүрэн бүтэн байдал, ашиглалт;
з/архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгал­тын үйл ажиллагаа;
и/архивын баримтын тоо бүртгэл, эрдэм шинжилгээ­ний лавлагаа мэдээлэл;
к/татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, хувьчлагдсан төрийн байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар баримтаа  төрийн архивт шилжүүлсэн байдал;
л/архивын баримт нь байгалийн гамшиг, гал, усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй нөлөөллөөс найдвартай хамгаалагдсан эсэх.
 
ГУРАВ. Улсын байцаагчийн үүрэг, эрх
                15.Байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд заасан улсын байцаагчийн нийтлэг үүргээс гадна дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/энэ дүрмийн 14 дүгээр зүйлд заасан чиглэлийн дагуу улсын хяналтыг хэрэгжүүлэх;
     
б/хууль тогтоомжийг чанд сахих, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, байгууллага, албан тушаалтны хууль ёсны эрх ашиг, нэр төрийг хүндэтгэх;
в/хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж, гаргаж буй дүгнэлт, бичсэн акт, албан шаардлага, ногдуулсан торгуулийн үндэслэлийн үнэн зөвийг бүрэн хариуцах;
г/хяналт шалгалт хийсэн ажлын тайлангаа энэ дүрмийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд ирүүлж байх;
д/нууцтай харьцах эрх бүхий улсын байцаагч нь улсын нууц хамгаалах талаар тогтоосон журмыг чанд сахин биелүүлж, улсын нууцыг задруулахгүй байх.
16.Байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд заасан улсын байцаагчийн нийтлэг эрхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
а/байгууллагын удирдлагатай тохиролцон холбогдох албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах;
б/хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэн орох, тухайн хяналт шалгалтын ажилд холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалт­наас үнэ төлбөргүй гаргуулан авах;
в/архивын хөмрөгийн баримт хадгалалтын тохиромжгүй нөхцөлд байгаа нь тогтоогдвол зөрчлийг арилгах хүртэл тухайн архивын үйл ажиллагааг түр зогсоох;
г/илэрсэн зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байвал шалгалтын акт, материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
д/нууцын баримт бич­гийн заавар, журмын хэрэгжилт, хадгалалт, хамгаалалтын байд­лыг улсын ерөнхий байцаагч, эсхүл итгэмжлэгдсэн улсын ахлах байцаагч шалган зааварлаж шаардлагатай бол нууцын хамгаалалтыг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх;
е/тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх талаархи Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх.
17.Байцаагч нь архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зөрчсөн болон илэрсэн зөрчлийг арилгуулах талаар өгсөн шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд Архивын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
 
Дөрөв. Бусад асуудал
18.Байцаагчийн шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан , иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгөх үүрэгтэй.
19.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо уг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно. Уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.
20.Хууль тогтоомж зөрчсөн буюу энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байцаагчид зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо----