Хэвлэх DOC Татаж авах

Аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын даргын

2019 оны 01-А/133/А/05 дугаар захирамж, тушаалын хавсралт

ЗОЛБИН НОХОЙ, МУУРЫГ ХОТ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХАД

МӨРДӨН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Монгол улсын Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, хот, суурин газарт золбин нохой, муурыг галт зэвсэг ашиглан устгахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт устгахтай холбоотой харилцааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

1.3.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Галт зэвсгийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно.

1.4.Хот, суурин газарт золбин нохой, муурыг галт зэвсэг ашиглан устгах ажлыг аймгийн төвийн суманд сумын Засаг дарга, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газартай хамтран, аймгийн төвийн сумаас бусад сумдад тухайн сумын Засаг дарга тус тус зохион байгуулна.

1.5.Сумдын Засаг дарга, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь золбин нохой, муурыг галт зэвсэг ашиглан устгах ажлыг анчдын нийгэмлэгийн гишүүн бөгөөд мэргэшсэн, туршлагатай анчин, тэдний хоршил, мэргэжлийн хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.

1.6.Золбин нохой, муурыг галт зэвсэг ашиглан устгах гэрээнд ашиглах галт зэвсгийг жил бүр /цагдаагийн байгууллагад/ тооллогод хамруулах, сумыг холбогдох зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс худалдан авч байх талаар тусгасан байна.

1.7.Цагдаагийн газар дээрх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллана.

1.8.Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

“Галт зэвсэг” гэж Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг,

“Хот, суурин” гэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасныг,

“Мал” гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг,

Амьтан”гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг;

“Тэжээвэр амьтан” гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дэх заалтад заасныг,

“Мал, амьтны гоц халдварт өвчин” гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтад заасныг,

Хоёр. Тавигдах шаардлага:

2.1.Золбин нохой, муурыг устгах анчин нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн байна.

2.2.Анчин нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, галт зэвсгийн гэрчилгээ авсан байна.

Гурав. Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг:

3.1.Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах,

3.2.Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан анчинг гэрээгээр ажиллуулж буй эсэхэд хяналт тавих,

3.3.Анчин, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомж болон галт зэвсэг, ангийн хэрэгсэлтэй ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллах, биелэлтэд хяналт тавих,

3.4.Анчин, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, шаардлагатай гэж үзвэл гэрээг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх,

3.5. Золбин нохой, муурыг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах гэрээ, галт зэвсэг, сумны талаарх мэдээлэл /бууны гэрчилгээ, зохих зөвшөөрөл бүхий газраас сум, хэрэгсэл худалдан авсан тухай баримт/, бусад бичиг баримттай танилцах, хяналт тавих,

3.6.Иргэн, хуулийн этгээдэд энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллах талаар Мэдэгдэл хүргүүлж биелэлтийг тооцох,

3.7.Устгалын тайланг хагас, бүтэн жилээр гаргуулан авах

Дөрөв. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх, үүрэг

4.1.Золбин нохой, муурыг устгах талаар зохион байгуулсан сумын Засаг даргын ажлын тайланг хэлэлцэх, гүйцэтгэлд хяналт тавих,

4.2.Золбин нохой, муур устгах ажилд шаардагдах төсвийг батлах, нохой, муур устгах үнэлгээг тогтоох,

Тав.Сумын Засаг даргын эрх, үүрэг:

5.1.Багийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн устгах золбин нохой, муурны тоог холбогдох мэргэжлийн байгууллага /Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар/-аар хянуулж агнах амьтны тоог тогтоох үүрэгтэй,

5.2.Золбин нохой, муурыг устгах ажлыг жилд хоёроос доошгүй удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүрт нь зохион байгуулах, устгал хийлгэх захиалга өгөх,

5.3.Энэхүү ажилд орон нутгийн иргэдийг татан оролцуулах,

5.4.Аймгийн төвөөс бусад сумын Засаг дарга устгасан золбин нохой, муурыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хүн амын суурьшлын бүсээс хол, хогийн цэг, бусад зориулалтын газарт зөөвөрлөж булж устгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах,

5.5.Анчин, хуулийн этгээдэд агнасан устгасан амьтан нэг бүрт ногдох мөнгөн урамшууллыг олгох,

5.6.Устгалын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж аймгийн Засаг дарга, Захирагчийн алба, Цагдаагийн газарт тус тус хүргүүлэх,

5.7.Золбин нохой, муурыг иргэдээс худалдан авах ажлыг зохион байгуулах,

5.8.Золбин нохой, муурыг устгах гэрээ байгуулсан анчин, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй өгч, аюулгүй байдлын баталгаа гаргуулан авах

Зургаа. Багийн Засаг даргын эрх, үүрэг:

6.1.Багийн нутаг дэвсгэр дэх золбин нохой, муурыг устгуулах саналаа гаргах,

6.2.Золбин нохой, муурны бүртгэл судалгааг гаргаж сумын Засаг даргад хүргүүлж байх,

Долоо. Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын эрх, үүрэг:

7.1.Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан анчин ажиллуулах үүрэгтэй,

7.2.Золбин нохой, муурыг устгах ажлыг орон нутгийн удирдлага /сум, багийн Засаг дарга/-тай хамтран зохион байгуулах,

7.3. Устгасан золбин нохой, муурыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хүн амын суурьшлын бүсээс хол, хогийн цэг, бусад зориулалтын газарт зөөвөрлөж булж устгах арга хэмжээ авах,

7.4.Анчин, хуулийн этгээдэд агнасан устгасан амьтан нэг бүрт ногдох мөнгөн урамшууллыг олгох,

Найм. Анчин, хуулийн этгээдийн эрх, үүрэг

8.1.Золбин нохой, муурыг устгах ажлыг гэрээ байгуулан гүйцэтгэх, холбогдох санхүүжилт, урамшууллыг авах,

8.2.Агнах арга, цаг хугацаа, техник хэрэгслээ орон нутгийн онцлог, нөхцөл байдалд тохируулан зөв сонгох, устгах үйл ажиллагааг аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд явуулах,

8.3.Агнах үйл ажиллагаа явуулж буй иргэн нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

8.4.Хуулийн этгээдэд энэхүү журмын 6.1-д заасан үүрэг мөн адил хамаарна.

8.5.Устгалын ажилд гарахын өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад биечлэн ирж холбогдох гэрээ, галт зэвсэг, сумны талаарх мэдээлэл /бууны гэрчилгээ, зохих зөвшөөрөл бүхий газраас сум, хэрэгсэл худалдан авсан тухай баримт/, бусад бичиг баримтыг танилцуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авна.

8.6.Агнасан золбин нохой, муурыг цаг тухай бүрт нь хүлээлгэн өгч холбогдох тооцоог хийх, устгалын ажлын тайланг Сумын Засаг дарга, Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт тухай бүр гаргаж өгч байх,

Ес. Иргэний үүрэг:

9.1.Нохой муур, мал, тэжээвэр амьтныг вакцинжуулах, мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах,

9.2.Нохой муур, мал, тэжээвэр амьтныг зэрлэгшүүлэхгүй байх,

9.3.Нохой муур, мал, амьтныг хараа хяналтад байлгаж, бусдад гэмт хор учруулахгүй байх,

9.4.Тэжээвэр амьтан, нохой муурыг хүзүүвчтэй, мал амьтныг тамга, тэмдэгтэй байлгах,

9.5.Нохой муур, мал тэжээвэр амьтныг тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх,

9.6.Золбин нохой, муурны талаарх мэдээллийг сум, багийн Засаг даргад мэдэгдэж байх,

Арав. Санхүүжилт

10.1.Золбин нохой, муурыг устгах ажилд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

Арваннэг. Хариуцлага

11.1.Үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, иргэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

11.2.Гэрээгээр үүрэг хүлээсэн хуулийн этгээд, анчин хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, галт зэвсгээр сум алдаж бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

-----оОо-----