Хэвлэх DOC Татаж авах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2019 оны А-119 дүгээр тушаалын хавсралт

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ,

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Зорилго, хамрах хүрээ

1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, 14.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-гаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл /цаашид “Зээл” гэх/ олгох төсөл сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Төсөл сонгон шалгаруулалтад Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээ /тодорхойлолт/-тэй иргэн, аж ахуйн нэгж хамрагдана.

1.3.Санд зээл олгохыг хүсч ирүүлсэн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч /цаашид “ЖДҮЭ” гэх/-ийн төсөл /цаашид “Төсөл” гэх/-ийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах хороо” /цаашид “Хороо” гэх/, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлсэн төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах дэд хороо” /цаашид “Дэд хороо” гэх/ тус тус ажиллана. Хороо, дэд хороо нь үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.4.Дараах тохиолдолд ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авахгүй.

1.4.1.Нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй;

1.4.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6, 5.4.8, 5.4.14, 5.4.18-д заасан сангуудад болон сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;

1.4.3.Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан;

1.4.4.Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй;

1.4.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн;

1.4.6.Нийгмийн даатгал болон татварын байгууллагад өртэй;

1.4.7.Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон;

1.4.8.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;

1.4.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг;

1.4.10.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн боловч сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс дээш байх;

1.4.11 Тухайн төслийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн;

2 дугаар зүйл.Зээлийн эх үүсвэр, нөхцөл

2.1.Зээлийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2.Зээлийн эх үүсвэрийг Төрийн сан дахь Сангийн дансанд төвлөрүүлнэ.

2.3.Төсвийн эх үүсвэрээс бүрдсэн зээлийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр олгоно.

2.4.Хууль тогтоомж болон Засгийн газраас баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар чиглэлийг Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл, зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт зэргийг болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл /цаашид “Ерөнхий нөхцөл” гэх/-ийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан бүтцийн нэгж боловсруулж, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.4-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг тухайн орон нутагт зориулан зарцуулах ба зээл олгох дээд хэмжээ, хяналттай холбоотой харилцааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, тухайн аймгийн Засаг дарга нарын байгуулах гурван талт гэрээгээр зохицуулна. Гэрээгээр зохицуулснаас бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.

3 дугаар зүйл. Зээл олгох хэлбэр, хэмжээ

3.1.Зээлийг Арилжааны банк / “цаашид “Банк” гэх/-аар дамжуулах болон сангаас шууд олгоно.

3.2.Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 /нэг тэрбум/төгрөг хүртэл, Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000/ хорин сая/ төгрөг, дээд хэмжээ 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг хүртэл байна.

3.3.Сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 /хорин сая/, дээд хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг хүртэл байна.

3.4.Журмын 3.3-т зааснаар зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн даатгалд жил бүр заавал хамруулна.

4 дүгээр зүйл. Дамжуулан зээл олгох банкыг сонгох

4.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дамжуулан зээл олгох банкыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.

4.2.Дамжуулан зээл олгох банкыг сонгон шалгаруулах удирдамж, зээлийн санхүүжилтийн хуваарийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.3.Дамжуулан зээл олгох банк дараах шаардлагыг хангасан байна.

4.3.1.Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнгээр өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хангасан, банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа нь Монголбанкны дүгнэлтээр нотлогдсон байх;

4.3.2.Аймаг болон орон нутагт салбартай байх;

4.3.3.Олгосон зээлийн эрсдэлийг бүрэн хариуцаж, Сантай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг тухайн банкны эзэмшиж байгаа санхүүгийн хөрөнгө, бүх төрлийн үнэт цаас, хөрвөх чадвартай төлбөрийн хэрэгслээр гаргасан байх;

4.3.4.Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх;

4.3.5.Сүүлийн 3 жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар гадаадын зээл, тусламжийн болон төсвийн хөрөнгөөр дамжуулан олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зөрчилгүй байх;

4.3.6.Сонгон шалгаруулалтын баримт бичигт шаардсан бусад шаардлагыг хангасан байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

5 дугаар зүйл.Хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага

5.1.Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.

5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана

5.2.1.төслийн товч агуулга;

5.2.2.иргэн, хуулийн этгээдийн нэр;

5.2.3.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил;

5.2.4.нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ;

5.2.5.үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл;

5.2.6.одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.

5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

5.3.4.хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмжийн жагсаалт.

5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана.

5.4.1.бүтэц, орон тоо;

5.4.2.ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;

5.4.3.шинээр бий болгох ажлын байрны тоо.

5.5.Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:

5.5.1.зах зээлийн төлөв байдал;

5.5.2.SWOT шинжилгээ;

5.5.3.хэрэглэгчдийн тодорхойлолт.

5.6.Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:

5.6.1.үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;

5.6.2.борлуулалтын орлогын тооцоо;

5.6.3.үйлдвэрлэлийн зардлын тооцоо;

5.6.4.бүтээгдэхүүний өртгийн тооцоо;

5.6.5.бүтээгдэхүүний нэгжийн борлуулалтын төлөвлөгөө;

5.6.6.үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо;

5.6.7.төслийн өгөөж, өртгийн тооцоо;

5.6.8.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

5.6.9.Зээлийн зарцуулалтын тооцоо.

5.7.Дүгнэлтэд энэ журмын 5.4-5.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

5.8.ЖДҮЭ иргэн нь дараах материалуудыг хавсаргасан байна.

5.8.1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/

5.8.2.иргэний үнэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/;

5.8.3.оршин суугаа хаягийн тодорхойлолт;

5.8.4.зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал;

5.8.5.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.8.6.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

5.8.7.татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар;

5.8.8.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;

5.8.9.Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.8.10.харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаар тодорхойлолт;

5.8.11.энэхүү журмын 5.2.4-т заасан нотлох баримт;

5.8.12.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.9.ЖДҮЭ аж ахуйн нэгж нь дараах материалуудыг хавсаргасан байна.

5.9.1.Зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/

5.9.2.захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.9.3.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт;

5.9.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5.9.5.зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал;

5.9.6.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.9.7.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь;

5.9.8.сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан Хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс;

5.9.9.жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/;

5.9.10.нийгмийн даатгалын байгууллагад өргүй талаарх тодорхойлолт;

5.9.11.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.9.12.татварын өргүй талаар харилцдаг татварын байгууллагын тодорхойлолт;

5.9.13.энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт;

5.9.14.Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаархи мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.10.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО, ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ЭРХ, ҮҮРЭГ

6 дугаар зүйл.Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүн

6.1.Хороо, дэд хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байна.

6.2.Дэд хорооны бүрэлдэхүүнд аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын дарга болон аймгийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн төлөөлөл орох бөгөөд нарийн бичгийн даргаар аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн /цаашид аймгийн мэргэжилтэн гэх/ байна.

6.3.Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл байна.

6.4.Төлөөлөл оролцуулах төрийн бус байгууллага нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байна.

6.5.Хороо, дэд хороо хуралдааны зарчмаар шийдвэр гаргах ба хороо, дэд хорооны дарга, гишүүд нь хуралд тус бүр саналын нэг эрхтэй, нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.

6.6.Хороо, дэд хорооны гишүүдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдох ба хурлын явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт хуулах болон цаасан хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

6.7.Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

6.8.Хорооны бүрэлдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга тус тус батална.

6.9.Хороо, дэд хорооны шийдвэр нь тухайн жилдээ хүчин төгөлдөр байх ба нэмэлт эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эрэмбийг баримталж, санхүүжилт олгоно.

6.10.Хороо, дэд хороо нь өөрийн хуралдааны дэгийг батална.

7 дугаар зүйл.Хороо, дэд хорооны эрх.

7.1.Хороо нь Сангийн мэргэжилтэний судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.

7.2.Дэд хороо нь аймгийн мэргэжилтэний судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.

8 дугаар зүйл.Хороо, дэд хорооны үүрэг.

8.1.Хороо, дэд хорооны гишүүн нь дараах үүрэгтэй байна.

8.1.1.Хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох тухай бүрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргах, Албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бүрт албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай хороо болон дэд хорооны даргад мэдэгдэх;

8.1.2.хороо, дэд хорооны гишүүдхурлыншийдвэр, зөвлөлдсөн асуудлын талаар бусдад задруулахгүй байх, үнэн зөв шалгаруулах, бусдад давуу байдал бий болгохгүй байх;

8.1.3.хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах;

8.1.4.хороо, дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нь олонхийн шийдвэрийг баталгаажуулан хурлын шийдвэрт гарын үсэг зурна.

8.1.5.хороо, дэд хороо нь гаргасан шийдвэрээ болон хорооны гишүүд тавьсан оноогоо бүрэн хариуцна.

9 дүгээр зүйл.Сан болон аймгийн мэргэжилтний үүрэг, хариуцлага

9.1.Төслийг судлах явцад олж авсан мэдээлэл, баримт бичиг, судалгааны явц, хурлын шийдвэрийн талаар бусдад задруулахгүй байх;

9.2.Сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор ашиглахгүй байх;

9.3.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид журам зөрчиж, давуу байдал бий болгохгүй байх;

9.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ журам болон эдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгон ажиллах.

9.5.Сан болон аймгийн мэргэжилтэн нь өөрийн судалсан төслийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ, ХҮЛЭЭН АВАХ

10 дугаар зүйл.Төсөл сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах

10.1.Сан нь улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ. Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь энэхүү зарыг тухайн орон нутагт мэдээлэх үүргийг хүлээнэ. Төсөл хүлээн авах зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна.

10.2.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 200,000,000 /хоёр зуун/ сая хүртэл төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг цаасан хэлбэрээр хүлээн авна.

10.3.Сан нь орон нутагт болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хүртэл санхүүжилт хүссэн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна. Хэрэв цахимаар болон цаасан хэлбэрээр нэгэн зэрэг ирүүлсэн тохиолдолд цаасан хэлбэрийг судална.

10.4.Сан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана. Төслийг хуанлийн 14 хоногийн турш хүлээн авна.

10.5.Сан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ.ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ

11.1.Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.

11.1.1.Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

11.1.2.Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

11.1.3.Төсөлд нарийвчилсан судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны хурлаар хэлэлцүүлэх;

11.1.4.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана.

11.1.5.Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргах, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон барьцаа хөрөнгө хүрэлцээгүйн улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

11.2.Сангаас банкаар дамжуулан олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараах үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.

11.2.1.Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг  дараагийн шатанд шилжүүлэх;

11.2.2.Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;

11.2.3.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана.

11.2.4.Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргах, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон банкны шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

12 дугаар зүйл.Орон нутгийн төслийн сонгон шалгаруулалтын үе шат

12.1.Төслийн иж бүрдлийг шалган шаардлага хангасан төслүүдийг дэд хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

12.2.Төслийг Дэд хорооны хурлаар хэлэлцэн гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн дундаж оноог гаргана.

12.3.Дэд хороо нь онооны дунджаар эрэмбэлж, эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тухайн аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан батална.

12.4.Банкны шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тухайн аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан батална.

12.5.Энэ журмын 12.3, 12.4-т заасан шийдвэрийг эрэмбэлсэн жагсаалтын хамт Аймгийн Засаг даргын тамгын газарт битүүмжлэн хүргүүлнэ.

13 дугаар зүйл.Ил тод байдал

13.1.Төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт шалгараагүй төслүүдийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.

13.2.Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.

13.3.Сан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төслийн судалгааны явцыг тухай бүр цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ.

13.4.Хороо болон дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ. Төсөл ирүүлэгчийн хүсэлтийн дагуу албан бичгээр хариуг өгнө.

13.5.Төсвийн хөрөнгөөс хөнгөлөлттэй зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

14 дүгээр зүйл.Гэрээ байгуулах, санхүүжилт олгох

14.1.Энэ журмын 11.1.5, 11.2.4, 12.3, 12.4 дэх заасан төслүүдэд санхүүжилтийг олгоно.

14.2.Сангаас санхүүжилтийг дараах байдлаар олгоно.

14.2.1.Хороо нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн санд хүргүүлнэ.

14.2.2.Сан нь энэ зүйлийн 14.2.1-т зааснаар ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжтэй Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, санхүүжилтийг олгоно. 14.2.3.Сан нь гарааны бизнесийг дэмжих болон өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд итгэл үзүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслийн зээлд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн шаардлагыг 30 хүртэл хувиар бууруулан гэрээ байгуулж, санхүүжилтийг олгоно.

14.2.4.Зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилттэй уялдуулан зээлдэгчийн худалдан авалт, төслийн гүйцэтгэлээр санхүүжилтийг олгож болно.

14.3.Банкаар дамжуулан олгох санхүүжилтийг дараах байдлаар олгоно.

14.3.1.Хороо нь шийдвэр гарсан даруйд битүүмжлэн санд, дэд хороо нь мөн битүүмжлэн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

14.3.2.Сан нь хорооны шийдвэрийг хүлээн авсан даруйд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын тушаалаар баталгаажуулан банкинд хүргүүлнэ.

14.3.3.Засаг даргын Тамгын газар нь дэд хорооны шийдвэрийг хүлээн авсан даруйд аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан банк болон санд хүргүүлнэ.

14.3.4.Банк жагсаалтаар хүргүүлсэн төслийг хуанлийн 30 хоногт багтаан судалж, шаардлага хангасан төслийн шийдвэрийг банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэлийн хамт баталгаажуулан санд хүргүүлнэ.

14.3.5.Банк барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг зээлийн хорооны шийдвэрийн хамт Зээлийн батлан даалтын санд хүргүүлэх ба зээлийн батлан даалтын сан 14 хоногт багтаан батлан даалт гаргах эсэх асуудлаар шийдвэр гаргана. Банк зээлийн батлан даалтын сангийн шийдвэрийг гарсан даруйд баталгаажуулан Санд хүргүүлнэ.

14.3.6.Сан нь энэ зүйлийн 14.3.4, 14.3.5-д заасан хугацаанд банкнаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн банкинд санхүүжилтийг шилжүүлнэ.

14.3.7.Банк нь Сангаас санхүүжилт шилжүүлсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан төсөл хэрэгжүүлэгчид зээлийг олгоно.

14.3.8.Банк нь энэ зүйлийн 14.3.4,14.3.5-д заасан хугацаанд холбогдох шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй тохиолдолд холбогдох шийдвэрийг хүчингүй болсонд тооцно. Үүнээс үүдэн гарах хохирлыг холбогдох этгээд хариуцна.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД

15 дугаар зүйл.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага ирүүлсэн төсөл, олгосон зээлийн тайланг тухай бүр нэгтгэн дараа сарын 3-ны өдрийн дотор санд, сан нь улсын хэмжээнд ирүүлсэн төсөл, олгосон зээлийн мэдээллийг нэгтгэн тухайн сарын 10-ны дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

16 дугаар зүйл.Банкаар дамжуулан олгосон зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тохиолдолд зээл авсан өдрөөс эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр нь Санд буцаан төвлөрүүлнэ. Энэ зохицуулалтыг сан, арилжааны банктай хамтран ажиллах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

17 дугаар зүйл.Сангаас шууд олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь сангийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол зээлдэгчийн эх үүсвэрийг буцаан татаж, холбогдох байгууллагад шилжүүлнэ.

 

---оОо---