Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 193 дугаар
тогтоолын хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Ерөнхий мэдээлэл

Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, халдварт, халдварт бус өвчний тархалтыг бууруулах болон байгалийн гамшиг, насжилт, анагаах ухааны технологийн хөгжилтэй холбоотой хүн амын өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн хэрэгцээг хангахад эрүүл мэндийн ажилтнуудын хүчин чармайлт, үүрэг, хариуцлага дэлхий дахинаа нэмэгдсээр байна. Үүнтэй уялдан эрүүл мэндийн ажилтны ур чадварыг байнга хөгжүүлэх, тэднийг хамгаалах, тогтвор суурьшилтай ажиллуулах, урамшуулах, дэмжих үүрэг улс орнуудын Засгийн газрын өмнө тулгарч байгаа юм.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, зарим сумд нь аймгийн төвөөс 300 км хүртэл алслагдсан, хүний нөөц харьцангуй бага, эрүүл мэндийн салбарын 5 ажилтан тутмын 4 нь эмэгтэй байдаг манай орны хувьд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өвөрмөц бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.

Монгол Улсад 2018 оны байдлаар 52.3 мянган эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас 93.2% нь эрүүл мэндийн салбарт, 55% нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад тус тус ажиллаж, нийт ажилтнуудын 82% нь эмэгтэйчүүд байна .

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн эрх зүйн орчин шинэчлэгдсэн, хүний нөөцөд зарцуулах санхүүжилт нэмэгдсэн, улсын төсвийн санхүүжилтээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад оронд төгсөлтийн дараахь сургалтанд хамруулж эхэлсэн, орон нутгийн засаг захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл,  төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарсан.

Эрүүл мэндийн тухай (2011 оны) хуулиар мөнгөн тэтгэмжид хамрагдах эрүүл мэндийн байгууллагын тоо, ажилтнуудын хүрээ өргөжиж, нэмэлт амралт олгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах заалтууд хэрэгжиж эхэлсэн.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх, багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог 2018 оноос нэвтрүүллээ. 

Гэсэн хэдий ч эрүүл мэндийн ажилтнуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийг тодорхой давтамжтайгаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд төрийн санхүүжилтээр заавал хамруулах арга хэмжээг төлөвлөгөөтэй зохион байгуулах асуудал чухлаар тавигдаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2018 онд хийсэн судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн ажилтнуудын 20% нь орон сууц болон хувийн тохилог сууцанд, 59.2% нь хашаа байшинд, 15.2% нь гэрт, үлдсэн 5.4% нь түрээсийн байр/нийтийн байранд амьдардаг гэжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 10.3% нь орон сууцны зээлтэй бөгөөд 42% нь түрээсийн орон сууцанд, 87.4% нь орон сууцны ипотекийн зээлд тус тус хамрагдах хүсэлтэй байна. Эдгээр тоо мэдээ нь эрүүл мэндийн салбарын ажиллагсдад орон сууцны хэрэгцээ өндөр, түрээсийн орон сууц болон ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа ч орон сууцны зээл авч чадахгүй байгааг харуулж байна .

Монгол Улсын анагаах ухааны салбарт сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эдийн засгийн салбараас дутуугүй шинэ техник, технологи хурдацтай нэвтэрч, үүнийг дагаад хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. Гэтэл манай улсын эрүүл мэндийн байгууллагад жилд дунджаар үйлдвэрлэлийн ослын 28 тохиолдол , мэргэжлээс шалтгаалах өвчний 5 тохиолдол бүртгэгдэж байна . Эдгээр тоо баримт нь эрүүл ажлын байрыг бий болгох, ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны соёл, дадал заншлыг эзэмшүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах шаардлага байгааг харуулж байна.

Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлогод тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх, салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллын чиглэлээр өнөөгийн түвшинд хүрсэн эерэг үр дүнг хадгалах, цаашид сайжруулах зорилгоор энэ хөтөлбөрийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

     2.1.1. төрийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомжтой уялдсан байх;

     2.1.2. ил тод байх;

     2.1.3. эрүүл мэндийн байгууллагын санаачилгад тулгуурлах;

     2.1.4. салбар хоорондын болон орон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэгт түшиглэх.

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3.1. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулж, тасралтгүй хөгжих боломжийг нэмэгдүүлэх замаар чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх,  сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

      4.1.1. эрүүл мэндийн ажилтны аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийг нь хамгаалах;

      4.1.2. эрүүл мэндийн ажилтныг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг сайжруулах;

      4.1.3. санхүүгийн болон санхүүгийн бус урамшууллын шинэ аргыг нэвтрүүлж,  эрүүл мэндийн ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх;

      4.1.4. эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын чиглэлийн судалгаа,  бүртгэл мэдээллийг сайжруулж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжин, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1 Эрүүл мэндийн ажилтны аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийг нь хамгаалах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      5.1.1. эрүүл мэндийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг тогтмол хугацаанд холбогдох талуудтай хамтран үнэлэх, шаардлагатай дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх;

      5.1.2. эрүүл мэндийн байгууллага бүрт ослыг тэглэх, осол, мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;

      5.1.3. эрүүл мэндийн байгууллага, нэн тэргүүнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, тусгай эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар үе шаттай хийлгэх;

      5.1.4. эрүүл мэндийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох талуудтай хамтран тогтмол хугацаанд үнэлж, шинэчлэх;

      5.1.5. “Тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д салбарын ажил, мэргэжлийн жагсаалт, шинээр нэвтэрч байгаа техник, технологитой уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах; 

      5.1.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн сургалт, сурталчилгааг эрүүл мэндийн ажилтнуудад тогтмол зохион байгуулах;

      5.1.7. эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны талаарх мэдлэгийг сайжруулах сургалтыг тогтмол зохион байгуулах;

            5.1.8. эрүүл мэндийн байгууллага бүр эрүүл мэндийн ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан нэгдсэн загвар бүхий ажлын хувцас, ажлын хэрэгслээр бүрэн хангаж, тогтмол хугацаанд шинэчлэх;

            5.1.9. шөнийн ээлжинд гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг заавал биеэр амруулах эрх зүйн зохицуулалт бий болгож, хэрэгжүүлэх;

            5.1.10. эрүүл мэндийн байгууллага бүр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ заналхийлэл, хүчирхийлэлд өртсөн эрүүл мэндийн ажилтныг хууль эрх зүйн туслалцаа авахад дэмжлэг үзүүлэх;

      5.1.11. эрүүл мэндийн ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хяналтанд авах, эмчлэн эрүүлжүүлэх журмыг батлан, эрүүл мэндийн байгууллага бүр хэрэгжүүлэх;

      5.1.12. эрүүл мэндийн ажилтанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх;

            5.1.13. элэгний С вирусын халдвар илэрсэн эрүүл мэндийн ажилтнуудыг вирусын эсрэг эмчилгээнд үргэлжлүүлэн үнэ, төлбөргүй хамруулах;

            5.1.14. анагаах ухааны боловсрол олгох сургуульд шинээр элссэн оюутнуудыг элэгний В вирусын эсрэг сэргээх дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

    5.1.15. эрүүл мэндийн байгууллага ажилтнуудаа ажлын байранд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж, үйлчилгээ авах боломжоор хангах;

               5.1.16. эрүүл мэндийг дэмжигч эрүүл мэндийн байгууллага хөдөлгөөн өрнүүлэх.

5.2. Эрүүл мэндийн ажилтныг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      5.2.1. аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг үе шаттайгаар эхлүүлэх;

      5.2.2. аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зайн сургалт явуулах боломжийг бүрдүүлж, зайн сургалтын чиглэлийг өргөжүүлж, оролцогчдын тоог нэмэгдүүлэх;

      5.2.3. зайн сургалтын хэрэгцээнд үндэслэн сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтанд зайн сургалтыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;

             5.2.4. улс, орон нутгийн төсөв, олон улсын төсөл, хөтөлбөр, байгууллагын санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах тоог нэмэгдүүлэх;

             5.2.5. тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бага эмч, эх баригч, сувилагч нараас тухайн орон нутагт дутагдалтай байгаа их эмчийг захиалгаар бэлтгэх;

             5.2.6. сум, сум дундын болон багийн эмнэлэгт 3 жил ажилласан эрэгтэй эмчийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах;

             5.2.7. сувилагч, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, анхан шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бусад эмнэлгийн их эмч, бага эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнг улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараахь мэргэжил дээшлүүлэх сургалтанд түлхүү хамруулах;

             5.2.8. их эмчийн мэргэшүүлэх сургалт удирдах эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг өргөжүүлэн эмнэл зүйн чиглүүлэгч багшийн тоог нэмэгдүүлж, сувилахуйн мэргэшүүлэх сургалтыг удирдах сувилагч-сургагч багшийг үе шаттайгаар бэлтгэж эхлэх;

             5.2.9. төгсөлтийн дараахь сургалтаар нэн шаардлагатай зарим мэргэшлээр мэргэжилтэн сургахад сургалтын тэтгэлгийг ялгаатай тогтоох эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжүүлэх;

            5.2.10. лавлагаа шатлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнийг анагаах ухааны судалгааг бүрэн эхээр нь ашиглах боломжийг бүрдүүлэх;

             5.2.11. эрүүл мэндийн байгууллагад ажилтныг ажилд авах, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах нийтлэг журмыг баталж мөрдүүлэх;

             5.2.12. эрүүл мэндийн байгууллага бүр шинэ ажилтныг хамт олонд танилцуулах, ажлын байранд дадлагажуулах сургалтыг зохион байгуулж хэвших;

            5.2.13. байгууллага нь ажилтан бүрийн ойрын болон дунд хугацаанд өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу ур чадвар, туршлагыг үнэлж, тэднийг сургах, хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг жил бүр гарган хэрэгжүүлэх;

            5.2.14. эмнэлгийн мэргэжилтнийг дээд шатлалын эмнэлэгт ажлын байранд дадлагажуулан сургах, төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор лавлагаа шатлалын эмнэлгийн мэргэжилтнийг бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг болон  анхан шатлалын эмнэлэгт сэлгэн ажиллуулах;

            5.2.15. сувилагчийн элсэлтийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн хөтөлбөрөөр сургалт эрхлэх сургуулийн тусгай зөвшөөрөл, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг боловсронгуй болгох чиглэлээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах.

5.3. Санхүүгийн болон санхүүгийн бус урамшууллын шинэ аргыг нэвтрүүлж, эрүүл мэндийн ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

              5.3.1. эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийн норм, нормативыг тооцох аргачлалыг холбогдох байгууллагатай хамтран шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангах;

              5.3.2. эрүүл мэндийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг боловсронгуй болгох;

              5.3.3. эрүүл мэндийн ажилтны нэмэгдэл хөлсний талаар мөрдөж байгаа эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтэд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх;

               5.3.4. өндөр өртөгтэй болон төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогын тодорхой хувийг тухайн тусламж, үйлчилгээг үзүүлсэн эмч, мэргэжилтнүүдэд олгох эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх;

               5.3.5. эрүүл мэндийн байгууллага ажилтнууддаа зориулж, орон сууцны жишиг хотхон, хорооллыг барьж, байгуулахыг дэмжин газар, дэд бүтцийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн засаг, захиргааны байгууллага, бусад төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах;

                5.3.6. зээл хүссэн эрүүл мэндийн ажилтанд бага хүүтэй цалингийн болон хэрэглээний зээл олгоход банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах;

                5.3.7. эрүүл мэндийн ажилтны төрсөн аав, ээж, эхнэр (нөхөр), үр хүүхэд зэрэг гэр бүлийн аль нэг гишүүнд жилд нэг удаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлттэй үзүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх.

5.4. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын чиглэлийн судалгаа,  бүртгэл мэдээллийг сайжруулж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжин, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

     5.4.1. эрүүл мэндийн ажилтнуудын тоо, байршил, хуваарилалт, хүртээмж, төгсөлтийн дараахь сургалтанд хамрагдалт, шилжилт хөдөлгөөний статистик мэдээллийг боловсронгуй болгох;

               5.4.2. эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн чадвар түр алдалт, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлтэй холбоотой мэдээллийг эрүүл мэндийн албан ёсны статистик мэдээгээр бүртгэдэг болох;

               5.4.3. эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын чиглэлийн судалгааг тогтмолжуулж өргөжүүлэх;

               5.4.4. эмнэлгийн мэргэжилтний зайн сургалтын хэрэгцээний судалгааг хийх;

               5.4.5. аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг бүр ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих үйл ажиллагааг орон нутаг, байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх;

               5.4.6. эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын чиглэлээр нэвтрүүлсэн шилдэг санаачилга, үйл ажиллагааг шалгаруулж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;

              5.4.7. эрүүл мэндийн ажилтны нэр хүнд, мэргэжлийн онцлог, үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;

              5.4.8. сул ажлын байрны мэдээний нэгдсэн цахим хуудсыг эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудастай холбох, үйл ажиллагааг тогтмолжуулах.

Зургаа. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

6.1. Хөтөлбөрийг 2019-2023  онд хэрэгжүүлнэ.

Долоо. Хөтөлбөрийн үр дүн

7.1. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал сайжирснаар тэдний сэтгэл ханамж дээшилж, тогтвор суурьшилтай ажиллана.

7.2. Эрүүл мэндийн чадварлаг хүний нөөц бүрдсэнээр хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

7.3 Эрүүл мэндийн ажилтны мэргэжлээс шалтгаалсан осол гэмтэл, хөдөлмөрийн чадвар түр алдалт буурна.

7.4. Өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлсэн эмнэлгийн мэргэжилтний тоо нэмэгдсэнээр гадаадад эмчлүүлэгчдийн тоо, эрүүл мэндийн зардал буурна.

Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

2018 он

Хүрэх түвшин

2023 он

  1.  

Эрүүл мэндийн ажилтны аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийг нь хамгаалах

Эрүүл мэндийн ажилтнуудад  бүртгэгдсэн үйлдвэрийн ослын тохиолдол

 

 

тоо

35

(2017 он)

15

Анагаах ухааны боловсрол олгох сургуульд шинээр элссэн оюутнуудын элэгний В вирусын эсрэг сэргээх дархлаажуулалтад хамрагдалт

 

 

 

хувь

0

80

  1.  

Эрүүл мэндийн ажилтныг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг сайжруулах

Төгсөлтийн дараахь сургалт зохион байгуулдаг нэгдсэн эмнэлэг/бүсийн оношилгоо, эмчилгээний төв

 

тоо

2

8

Эмнэл зүйн сургагч багшийн сургалтанд хамрагдсан          сувилагч-сургагч багш

 

тоо

0

80

Нэг жилийн хугацаанд гадаад сургалтанд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтэн

 

тоо

167

225

Зайн сургалтаар явагдсан мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэл

 

тоо

0

5

  1.  

Санхүүгийн болон санхүүгийн бус урамшууллын шинэ аргыг нэвтрүүлж, эрүүл мэндийн ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх

Эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийн норм, нормативыг тооцох аргачлал

 

 

 

 

-

нэгдсэн аргачлал байхгүй

нэгдсэн аргачлал батлагдан эрүүл мэндийн байгуул-лагуудад нэвтэрсэн  байна.

 

  1.  

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын чиглэлийн судалгаа,  бүртгэл мэдээллийг сайжруулж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжин, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн чадвар түр алдалт, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлтэй холбоотой эрүүл мэндийн албан ёсны статистик мэдээ

 

 

 

 

 

 

-

байхгүй

эрүүл мэндийн албан ёсны статисти-каар  бүртгэдэг болсон байна.

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

9.1. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

     9.1.1. улс, орон нутгийн төсөв;

     9.1.2. олон улсын байгууллагын тусламж;

     9.1.3. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив;

     9.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

Арав. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

10.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ жил бүр хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг мэргэжлийн нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулна. 

10.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

 


-----о0o-----