Хэвлэх DOC Татаж авах

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А-166, А/251 дүгээр

 хамтарсан тушаалын хавсралт

ЖИМС ЖИМСГЭНЭ, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛД ХӨДӨӨ АЖ АХУЙН 

ЗОХИСТОЙ ДАДЛЫГ ХЯЛБАРШУУЛАН НЭВТРҮҮЛЭХ ЗААВАР

 

Агуулга

1.Ерөнхий зүйл

2.Хөдөө аж ахуйн зохистой дадлын[1] шаардлага /Mon GAP/

3.Баталгаажуулалтын үйл явц

4.Хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчлэх тэмдэг хэрэглэх

5.Хяналт, шалгалт

 

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Зааврын зорилго нь жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад оршино.

1.2.Жимс жимсгэнэ, хүнсний ногоо үйлдвэрлэл (анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч буюу тариалан эрхлэгч[2])-д хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, баталгаажуулах, гэрчлэх тэмдэг хэрэглэхэд энэхүү хялбаршуулсан зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Норматив эшлэл

1.3.1.MNS 6737:2018 “Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж”

1.3.2.MNS 0900:2005, хүрээлэн буй орчин. эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал.Ундны ус.Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ

1.3.3.MNS 6648:2016 Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодлын шошгололтод тавих шаардлага

 

                                             Хоёр.Хөдөө аж ахуйн зохистой дадлын шаардлага /Mon GAP/

2.1.Тариалалт, ургац хураалт, ангилалт, савлалт, хадгалалт, тээвэрлэлтийн үе шатанд нэвтрүүлэх хөдөө аж ахуйн зохистой дадлын үндсэн шаардлага болно.

2.2.Тариалан эрхлэгч нь үйл ажиллагааны онцлогоос хамааран зохистой дадлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нэвтрүүлж болно.

2.3.Зохистой дадал нь хүнсний аюулгүй байдал / хүснэгт 1/, байгаль орчин /хүснэгт 2/, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал / хүснэгт 3/, бүтээгдэхүүний чанарт хамаарах /хүснэгт 4/ дөрвөн үндсэн дадлаас бүрдэнэ.

2.4.Дадал бүрт хамаарах шаардлагыг “нэн чухал”, “чухал” гэж ангилна: Үүнд:

2.4.1.“Нэн чухал” шаардлагуудыг заавал биелүүлнэ.

2.4.2.“чухал” шаардлагууд - 90-ээс доошгүй хувиар биелүүлнэ.

 

Хүснэгт 1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах шаардлага

 

Шаардлагууд

Нотолгоо

 

Талбайн түүх, менежмент

 

1

Өөрийн талбай, түүний ойр орчимд өмнө нь хэрэглэсэн химийн бодис эсхүл биологийн аюулаас таримлыг бохирдуулах эрсдэлийг тогтоож үнэлэх, баримтжуулах (чухал)

Талбайн түүхийн дэвтэр

2

Ноцтой эрсдэл[3] тогтоогдвол бууруулах арга хэмжээ авсны дараа тариалалт хийнэ. (нэн чухал)

Бүртгэл, нотлох баримт, газар дээр нь шалгах

 

Үр, тарьц, суулгац

 

3

Өөрийн үйлдвэрлэсэн үр, тарьц, суулгацыг ариутгасан химийн бодисын бүртгэл хөтөлж, шалтгааныг тэмдэглэнэ. (чухал)

Талбайн түүхийн дэвтэр

4

Үрийн чанар, гарал үүсэл, хувиргасан амьд организм, түүний гаралтай эсэхийг баталгаажуулсан баримт бичгийг бүрдүүлж, хадгална. (чухал)

Бүртгэл, ажиглалт

5

Үржүүлгийн материал[4] нь хортон шавьж, өвчний илэрхий шинж тэмдэггүй байна. (чухал)

Үржүүлгийн материалын чанарыг газар дээр нь шалгах

6

Зөвшөөрөгдсөн бодисоор технологийн дагуу үрээ ариутгана. (чухал)

Талбайн түүхийн дэвтэр

 

Хувиргасан амьд организм[5] (хэрэглэсэн тохиолдолд)

 

7

Хувиргасан амьд организм, түүний гаралтай таримлыг Хувиргасан амьд организмын тухай хуульд нийцүүлэн тариална. (нэн чухал)

Хуульд нийцсэн ашиглах эсвэл тариалах зөвшөөрөл

8

Хувиргасан амьд организм, түүний гаралтай таримлыг тариалах тохиолдолд энэ тухайгаа хэрэглэгчдэд мэдээлнэ. (нэн чухал)

Мэдээлэл хүргэсэн тухай баримтууд

9

Хувиргасан амьд организмтай таримлыг бусад таримлаас тусад нь тариалж, хадгалах, борлуулахдаа бүртгэнэ. (нэн чухал)

Бүртгэл, ажиглалт

 

Бордоо ба хөрсний нэмэлтүүд (Ургамлын шим тэжээлийн менежмент ба бордооны хэрэглээ)

 

10

Эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад орсон бордоог хэрэглэнэ. (нэн чухал)

Батлагдсан жагсаалт болон талбайн түүхийн дэвтэр

11

Хөрсний агрохимийн шинжилгээний дүн, мэргэжлийн байгууллагын зөвлөмж (хэрэглэх заавар), өөрийн туршлагад үндэслэн бордоо, хөрсний нэмэлтийг ургамал ургалтын зохистой үе шатанд технологийн дагуу хэрэглэнэ. (нэн чухал)

Талбайн түүхийн дэвтэр

12

Боловсруулаагүй, дутуу боловсруулсан бууц, өтөг, сангас зэргийг ашиглахгүй.

Нотлох баримтууд

13

Өтөг, бууц, сангасыг өөрийн аж ахуй дээр боловсруулсан бол боловсруулалтын арга, өдөр, үргэлжилсэн хугацааг бүртгэнэ. Гаднаас худалдаж авсан бол нийлүүлэгчээс дээрх мэдээллийг агуулсан мэдэгдлийг авна. (чухал)

Бүртгэл, газар дээрх үзлэг, нийлүүлэгчийн мэдэгдэл,

14

Хүний ялгадсыг хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалтад ашиглахыг хориглоно. (нэн чухал)

Газар дээр нь үзэх

15

Бордоо, хөрсний нэмэлт, органик бордооны түүхий эдийг хадгалах, холих, ачиж буулгах байгууламжийг үйлдвэрлэлийн талбай болон усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэл багатай газар байршуулна. (чухал)

Газар дээр нь үзэх

16

Бордоо, хөрсний нэмэлтийн гарал үүсэл, нэр, худалдаж авсан огноо, тоо хэмжээ, талбайд хэрэглэсэн огноо, таримлын нэр, талбайн хэмжээ, хэрэглэсэн тун, арга, ажилтны овог нэр зэргийг агуулсан бүртгэлийг хөтөлнө. (чухал)

Талбайн түүхийн дэвтэр

17

Бордоог хураасан ургацаас тусад нь хадгална. (чухал)

Газар дээр нь үзэх

 

Ус (Усжуулалт/ бороожуулалт)

 

18

Усалгаанд ашиглаж буй ус нь аюултай бохирдол агуулаагүй байна. (чухал)[6]

Тэмдэглэл, газар дээрх үзлэг

19

Химийн болон биологийн бохирдлын эрсдэлийг бууруулах зорилгоор усалгаа, химийн бодис найруулах, бүтээгдэхүүн угаах, цэвэрлэгээ, ариутгалд ашиглаж буй усны эх үүсвэрийн шинжилгээг жилд нэгээс доошгүй удаа хийлгэж, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Шинжилгээний үр дүн

20

Ноцтой эрсдэл[7] тогтоогдвол усны өөр эх үүсвэрийг ашиглах эсхүл усыг ашиглахын өмнө цэвэршүүлнэ. (нэн чухал)

Усны өөр аюулгүй эх үүсвэрийг тогтоох/ ариутгалын бүртгэл

21

Тариалалт, ургамал ургалтын хугацаанд болон хураалтын дараа саарал ус, хаягдал усыг хэрэглэхийг хориглоно. (нэн чухал)

Газар дээр нь үзэх, усны чанарын шинжилгээний дүн

22

Эмнэлэг, үйлдвэр, ахуйн хог хаягдлын цэг, бусад шаардлага хангахгүй газраар дайрсан ус талбайд орж ирэхээс сэргийлэх арга хэмжээ авна. (чухал)

Хамгаалалтын суваг шуудуу, далан

 

Химийн бодис[8]

 

23

Өвчин, хортонтой тэмцэхдээ агротехник, механик, биологийн аргыг хэрэглэж, химийн бодисын хэрэглээг багасгах замаар ургамал хамгааллын цогц аргыг хэвшүүлнэ. (нэн чухал)

Талбайн түүхийн дэвтэр

24

Эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад орсон пестицид2-ийг хэрэглэнэ. (нэн чухал)

Батлагдсан жагсаалт болон талбайн түүхийн дэвтэр

25

Пестицидийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй нийлүүлэгчээс худалдан авна. Нийлүүлэгчийн нэр, худалдан авсан огноо, тоо хэмжээ, үйлдвэрлэсэн огноо, дуусах хугацаа, хэрэглээ зэргийг агуулсан химийн бодисын нийлүүлэлтийн бүртгэлийг хөтөлж, хадгална.(нэн чухал)

Худалдан авалтыг нотлох баримтууд,

бүртгэл

26

Эрх бүхий ургамал хамгааллын мэргэжилтэн /байгууллагаас зөвлөмж болгоогүй бол хоёр буюу хэд хэдэн химийн бодисыг хольж хэрэглэхгүй. (чухал)

Зөвлөмж, тэмдэглэл

27

Мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн тун, нормоор химийн бодисыг хэрэглэнэ. (нэн чухал).

Зөвлөмж, ашиглалтыг нотлох баримтууд

28

Найруулсан бодисын илүүдэл гарсан тохиолдолд таримлыг бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж журмын дагуу устгана. (чухал)

Химийн бодисыг устгасан тухай тэмдэглэл

29

Химийн бодисын хор, аюулын лавлах мэдээлэл, шошгон дээр заасан хүлцэх хугацааг баримтална. (нэн чухал)

Талбайн түүхийн дэвтэр, хэрэглэх заавар, нотлох баримт

30

Химийн бодис цацах тоног төхөөрөмжийг ашиглахын өмнө хэвийн үйл ажиллагааг шалгана. Тоног төхөөрөмжийг хэрэглэж дуусаад сайтар угаана. Таримал болон хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.(нэн чухал)

Үзлэг хийх, бүртгэл

Цэвэрлэгээ хийсэн тухай тэмдэглэл

31

Шингэн химийн бодисыг нунтаг бодисын дээд талын тавиур дээр хадгалахгүй. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

32

Химийн бодисыг шошгод заасны дагуу хадгална. Хэрэв химийн бодисыг өөр саванд шилжүүлсэн бол химийн бодисын нэр, хэрэглэх тун, давтамжийн талаарх мэдээлэл бүхий шошготой байна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

33

Химийн бодисын хоосон савыг дахин хэрэглэхгүй бөгөөд аюулгүй газарт цуглуулж, байгаль орчин, үйлдвэрлэлийн бохирдлоос сэргийлэн Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд заасны дагуу устгалын цэгт шилжүүлнэ. (нэн чухал)

Газар дээрх үзлэг, тэмдэглэл

34

Хугацаа нь дууссан, муудсан химийн бодисыг ялгаж, устгах хүртэл аюулгүй газарт хадгална. Эдгээрийг Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд заасны дагуу устгалын цэгт шилжүүлнэ. (нэн чухал)

Газар дээрх үзлэг, тэмдэглэл

35

Химийн бодисын нэр, тун, арга, давтамж, хэрэглэсэн шалтгаан, огноо, талбайн байршил, таримлын төрөл, гүйцэтгэгчийн нэрийг агуулсан бүртгэлийг хөтөлнө. (нэн чухал)

Талбайн түүхийн дэвтэр

36

Бүтээгдэхүүнд агуулагдах химийн бодисын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс (MRL) хэтэрсэн тохиолдолд тухайн бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоож, бохирдлын шалтгааныг тогтооно. (нэн чухал)

Тохиолдлыг бүртгэсэн тухай тэмдэглэл

37

Дээрх зөрчлийг дахин давтагдахаас урьдчилан сэргийлж, залруулах арга хэмжээ авах бөгөөд зөрчлийг арилгаж, бүртгэнэ. (нэн чухал)

Залруулах арга хэмжээ авсан тухай тэмдэглэл

38

Таримлыг бохирдуулахгүйгээр шатах, тослох материалыг ашиглаж хадгална. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Ургац хураалт ба хураалтын дараах үйл ажиллагаа

 

39

Хураасан ургацыг талбай, зоорь, савлах цехийн шалан дээр шууд тавьж болохгүй. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

40

Бүтээгдэхүүнтэй шууд харьцаж буй тоног төхөөрөмж, сав баглаа боодол нь эвдрэлгүй, цэвэрлэхэд хялбар, хүнсний зориулалттай байна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

41

Тарьж ургуулах, ангилах, савлах, хадгалах барилга байгууламж нь бүтээгдэхүүн бохирдуулахааргүй баригдсан байна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

42

ХАА-н машин, техник, тоног төхөөрөмжийг бүтээгдэхүүнээс тусад нь байрлуулж, хадгална. (чухал)

Газар дээрх үзлэг

43

Бие засах газар, гар угаах угаалтуур, хаягдал ус, хогийн цэг нь үйлдвэрлэлийн талбай, усны эх үүсвэр, бүтээгдэхүүнийг бохирдуулах эрсдэлгүйгээр баригдсан байна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

44

Ангилах, савлах цех, зоорины гэрэл нь хамгаалалтын бүрхүүлтэй байна. (чухал)

Газар дээрх үзлэг

45

Мал, тэжээвэр амьтныг тариалангийн талбай болон ангилж савлах цех, зоорийн хэсэгт оруулж болохгүй. (чухал)

Газар дээрх үзлэг

46

Таримлыг ангилж савлах цех, зоорь, тэдгээрийн эргэн тойронд хортон шавж цугларахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. (нэн чухал)

Хортон шавжтай тэмцэх заавар, хэрэгжилтийн тайлан

47

Мэрэгч амьтныг барих өгөөш, занга, хавхны байршлыг тэмдэглэж, тогтмол хянана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг, тэмдэглэгээ

48

Ажилчдыг хувийн ариун цэврийг сахих чиглэлээр сургалтад хамруулж, бүртгэл хөтөлсөн байна. (нэн чухал)

Сургалтын тайлан бүртгэл

49

Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн талаарх зааврыг харагдахуйц байршуулна. (чухал)

Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн талаарх зурагт хуудсыг байршуулсан газар

50

Эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрэлцэхүйц тооны бие засах, гар угаах газартай байна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт

 

51

Хүнсний зориулалтаар шууд хэрэглэх бүтээгдэхүүнд ашиглаж буй ус нь ундны усны чанарын шаардлагыг хангасан байна. (нэн чухал)

Лабораторийн шинжилгээний дүн

52

Ургац хураалтын дараа анхан шатны боловсруулалтад хүнсний зориулалтын бодис (түрхлэг гэх мэт) ашиглана. (чухал)

Бүртгэл, тэмдэглэл

 

Хадгалалт ба тээвэрлэлт

 

53

Хими, биологи, физикийн бохирдлын эх үүсвэр байж болзошгүй бараа материалаас бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, тээвэрлэнэ. (нэн чухал)

Тусгаарласан байдал

54

Бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалж, ангилал, ялгалт хийнэ. Хэмжих хэрэгслийг баталгаажуулсан байна. (чухал)

Газар дээрх үзлэг, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хуудас

55

Тээврийн хэрэгсэл нь цэвэр байна. Бохирдлоос сэргийлж тээвэрлэлтийн үед бүтээгдэхүүнийг хучина. (нэн чухал)

Бүртгэл, газар дээрх үзлэг

56

Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах шаардлага нь гадны зочинд мөн адил хамаарна. (нэн чухал)

Заавар, бүртгэл

 

Ул мөрийг мөрдөн тогтоох ба зах зээлээс буцаан ба татан авах

 

57

Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг баримтална. (нэн чухал)

Гарал үүслийн гэрчилгээ

58

Савласан бүтээгдэхүүнийг стандартын шаардлагын дагуу шошголно. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Сургалт

 

59

Сургалтын хэрэгцээ шаардлагыг жил бүр тогтоож, ажилчдыг зохистой дадлын, хувийн ариун цэврийг сахих, ургамал хамгааллын цогц арга, ул мөрийг мөрдөн тогтоох чиглэлийн итгэмжлэгдсэн сургагч багшийн удирдсан сургалтад хамруулж, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Сургалтын төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлан, оролцогсдын бүртгэл

 

Бүртгэл, баримт бичиг

 

60

Зохистой дадлын бүртгэл, баримт бичгийг гурван жилийн хугацаанд хадгална. (нэн чухал)

Баримт бичгийн үзлэг

61

Хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгийг мөрдөж ажиллана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Дотоод хяналт

 

62

Хүнсний аюулгүй байдлын гарч болзошгүй эрсдэлийг жилд нэгээс доошгүй удаа үнэлж, залруулах арга хэмжээ авч, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Үнэлгээний тайлан, нотлох баримт

 

Хүснэгт 2.Байгаль орчныг хамгаалах дадал

Шаардлагууд

Нотолгоо

 

Талбайн түүх, менежмент

 

1

Тариалангийн талбай, хүрээлэн буй орчин, хөрсний эвдрэл, химийн бодисын агуулах, хольц бэлтгэх талбай, худаг, цөөрөм, ус зайлуулах хоолой, барилга байгууламж, зам зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй газрыг масштаблан харуулсан газрын зурагтай байна. (нэн чухал)

Масштабын зураг

2

Хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулах, хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх арга хэмжээ авна. (нэн чухал)

Хөрсний шинжилгээний дүн, газар дээрх үзлэг

 

Химийн бодис, бордоо

 

3

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хэсэгт туссан химийн бодис, бордоотой холбоотой дадлын шаардлагыг энэ хэсэгт мөн дагаж мөрдөнө.

 

 

Ус

 

4

Усыг хэмнэлттэй, үр ашигтай хэрэглэх, усны эх үүсвэрийг бохирдуулахаас сэргийлэх арга хэмжээ авна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Эрчим хүчний хэмнэлт

 

5

Цахилгааны болон түлшний хэрэглээг хянаж, үр ашигтай зарцуулах дадлыг хэвшүүлнэ. (нэн чухал)

Бүртгэл, үзлэг хийх

6

Машин механизм, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүч хэмнэх нөхцөлийг бүрдүүлнэ. (чухал)

Бүртгэл, үзлэг хийх

 

Биологийн олон янз байдал

 

7

Хүрээлэн буй орчин, байгалийн амьтан, шавж, ургамалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйл ажиллагаа эрхэлнэ. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Сургалт

 

8

Сургалтын хэрэгцээ шаардлагыг жил бүр тогтоож, ажилчдыг байгаль орчны зохистой дадлын сургалтад хамруулж, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Сургалтын төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлан, оролцогсдын бүртгэл

 

Бүртгэл, бичиг баримт

 

9

Зохистой дадлын бүртгэл, баримт бичгийг гурван жилийн хугацаанд хадгална. (нэн чухал)

Баримт бичгийн үзлэг

10

Хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгийг мөрдөж ажиллана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Дотоод хяналт

 

11

Байгаль орчныг хамгаалах байдалд гарч болзошгүй эрсдэлийг жилд нэгээс доошгүй удаа үнэлж, залруулах арга хэмжээ авч, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Үнэлгээний тайлан, нотлох баримт

 

Хүснэгт 3.Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах дадал

Шаардлагууд

Нотолгоо

 

Химийн бодис

 

1

Холбогдох сургалтад хамрагдаж зохих мэдлэг, ур чадвар эзэмшсэн ажилтан химийн бодистой харьцаж, түүнийг ашиглана. (чухал)

Ажилчидтай ярилцлага хийх, сургалтын бүртгэл

2

Химийн бодисын агуулах нь ажилчдыг хордуулах эрсдлийг хамгийн бага түвшинд байлгахаар зохион байгуулагдсан байх ба химийн бодис асгарах, алдагдахад саармагжуулах арга хэмжээг яаралтай авна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг, ярилцлага

3

Аюулгүй ажиллагааны зааврыг хүнд харагдахуйц, ойлгогдохуйц, хүртээмжтэй байлгана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг, ярилцлага

4

Химийн бодис болон бусад шалтгаанаас үүдсэн аюултай тохиолдол, осол гэмтэлд өртсөн ажилчдад эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг, ярилцлага

5

Онцгой нөхцөл байдал үүсэхэд баримтлах зааврыг шаардлагатай газруудад байрлуулна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

6

Ажилчид химийн бодистой харьцахдаа зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгслийг ашиглана. Эдгээрийг ургамал хамгааллын бодисоос тусад нь хадгална. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

7

Химийн бодис шүршиж, хэрэглэсэн тухай анхааруулах тэмдэглэгээг тавина. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Ажлын нөхцөл

 

8

Хөдөлмөрийн (цахилгаан ба механикийн) аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. (нэн чухал)

Бүртгэл, ярилцлага

9

Ажилчдыг жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, бүртгэлийг хадгална. (чухал)

Бүртгэл, ярилцлага

 

Ажилчдын нийгмийн халамжийн асуудал

 

10

Тав тухтай амрах, хооллож, ундлах нөхөцлийг бүрдүүлсэн байна. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

11

Түр болон байнгын ажлын байраар хангаж байгаа нөхцөлд ажил гүйцэтгэх тухай гэрээ, хэлцлийг бичгээр үйлдэж, бүртгэж, хадгална. (чухал)

Бүртгэл

12

Ажилчдаа ажлын байран дээр амьтны халдлагад өртөхөөс хамгаална. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

13

Гадны зочны аюулгүй байдлыг хангана. (нэн чухал)

Заавар, бүртгэл

 

Сургалт

 

14

Шинэ ажилчдад ажлын байранд учирч болох эрсдэлийн талаар зааварчилгаа өгнө. (нэн чухал)

Сургалтын тайлан бүртгэл

15

Ажилчдыг аюулгүй ажиллагааны шаардлагууд (аюулгүйн дүрэм), осол аваар, онцгой нөхцөлийн үед авах арга хэмжээ, эмнэлгийн анхан шатны тусламжийн дадал, химийн бодистой аюулгүй харьцах заавар ба хувийн эрүүл ахуйн талаар сургалтад хамруулна. (нэн чухал)

Сургалтын тайлан бүртгэл

16

Ажилчдыг өөрсдийнх нь хариуцсан чиг үүрэгт хамаарах тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах талаар сургалтад хамруулна. (нэн чухал)

Сургалтын тайлан бүртгэл

17

Сургалтын хэрэгцээг жилд нэг удаа хянаж, төлөвлөнө. (чухал)

Сургалтын тайлан бүртгэл

 

Тайлан, бүртгэл

 

18

Зохистой дадлын тайлан, бүртгэлийг гурван жилийн хугацаанд хадгална. (нэн чухал)

Баримт бичгийн үзлэг

19

Хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгийг мөрдөж ажиллана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Дотоод хяналт

 

20

Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг жилд нэгээс доошгүй удаа үнэлж, залруулах арга хэмжээ авч, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Үнэлгээний тайлан, нотлох баримт

 

Хүснэгт 4.Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах дадал

Шаардлага

Нотолгоо

 

Ургац хураалт ба хураалтын дараах үйл ажиллагаа

 

1

Таримлын болцыг тодорхойлж, ургац хураалтын тохиромжтой хугацааг тогтооно. Өдрийн хамгийн сэрүүн үед ургац хураана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

2

Бүтээгдэхүүнийг гэмтэхээс сэргийлж, олноор давхарлах, савыг хэт дүүргэхээс зайлсхийнэ. Задгай хураасан тохиолдолд нарны шууд тусгалаас хамгаалах, чийгийн алдагдлыг багасгах зорилгоор бүтээнэ. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

3

Хураасан ургацыг сүүдэрт байрлуулж, аль болох богино хугацаанд талбайгаас ачина. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

4

Бүтээгдэхүүнд механик гэмтэл учрахаас сэргийлэн шидэх, унагаах, бусад байдлаар гэмтэл учруулахаас зайлсхийнэ. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

5

Хэрэглэгч болон зах зээлийн шаардлагын дагуу бүтээгдэхүүнийг ангилж, савлана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

6

Бүтээгдэхүүний чанар муудахаас сэргийлэх зорилгоор тээвэрлэлтийн явцад түүнийг хучиж, зохих хэмийг барина. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

7

Химийн бодис

 

8

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хэсэгт туссан химийн бодис, бордоотой холбоотой дадлын шаардлагыг энэ хэсэгт мөн дагаж мөрдөнө.

 

 

Сургалт

 

9

Сургалтын хэрэгцээ шаардлагыг жил бүр тогтоож, ажилчдыг зохистой дадлын сургалтад хамруулж, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Сургалтын төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлан, оролцогсдын бүртгэл

 

Тайлан, бүртгэл

 

10

Зохистой дадлын тайлан, бүртгэлийг гурван жилийн хугацаанд хадгална. (нэн чухал)

Баримт бичгийн үзлэг

11

Хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгийг мөрдөж ажиллана. (нэн чухал)

Газар дээрх үзлэг

 

Дотоод хяналт

 

12

Хүнсний аюулгүй байдлын гарч болзошгүй эрсдэлийг жилд нэгээс доошгүй удаа үнэлж, залруулах арга хэмжээ авч, бүртгэл хөтөлнө. (нэн чухал)

Үнэлгээний тайлан, нотлох баримт

 

Гурав.Баталгаажуулалтын үйл явц

3.1.Тариалан эрхлэгч нь энэ зааврын 2 дугаар бүлэгт заасан зохистой дадлын шаардлагад нийцэж буй эсэхийг хяналтын хуудасны дагуу шалгаж, шаардлага хангасан гэж үзвэл итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага[9]д хүсэлт гаргана.

3.2.Тариалан эрхлэгч нь тариалалтаас өмнө баталгаажуулалт хийлгэх хүсэлтээ гаргана.

3.3.Хүсэлт гаргахад дараах материалыг бүрдүүлсэн байна.

3.3.1.Өргөдөл, хүсэлт гаргах /Баталгаажуулалтын байгууллагын маягтын дагуу/

3.3.2.Өөрийн үйл ажиллагаанд хяналт хийсэн талаар нотлох баримт /хяналтын хуудас/

3.3.3.Баталгаажуулалтын байгууллагын шаардсан бусад баримт бичиг

3.4.Баталгаажуулалтын байгууллага нь MNS ISO/IEC 17065:2013 стандартын 7 дугаар бүлгийн шаардлагын дагуу баталгаажуулалт хийнэ.

3.5.Баталгаажуулалтын байгууллага нь энэхүү хялбаршуулсан зааврын шаардлага хангаж баталгаажуулалтын гэрчилгээ авсан тариалан эрхлэгчийн болон хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчлэх тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тариалангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.6.Тариалангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэ зааврын 3.5-д заасан бүтээгдэхүүний бүртгэлийг хөтөлнө.

3.7.Шаардлага хангасан бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчлэх тэмдгийг энэ зааврын 4 дүгээр бүлэгт заасны дагуу хэрэглүүлнэ.

 

Дөрөв.Хөдөө аж ахуйн зохистой дадлын

гэрчлэх тэмдэг хэрэглэх

4.1.Тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэрчлэх тэмдгийн загварыг баталж, баталгаажуулалтын байгууллагаар дамжуулан гэрчлэх тэмдэг ашиглах зөвшөөрлийг олгоно.

4.2.Баталгаажуулалтад хамрагдсан тариалан эрхлэгч нь баталгаажуулалтын тэмдгийн талаархи аливаа хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл өгч болохгүй.

4.3.Гэрчлэх тэмдгийг зөвхөн баталгаажуулалтад хамрагдсан талбай, таримлын төрөлд ашиглах ба нэг өмчлөгчтэй боловч баталгаажуулалтад хамрагдаагүй таримал, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд хамаатай мэтээр ойлголт өгөхийг хориглоно.

4.4.Гэрчлэх тэмдгийг баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаанд хэрэглэнэ.

 

Тав.Хяналт, шалгалт

5.1.Хяналт, шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хийнэ.

 

 

-----оОо---



[1]  “хөдөө аж ахуйн зохистой дадал” гэж  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.19-д заасныг ойлгоно.

[2] “тариалан эрхлэгч” гэж ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг тариалах, хураах, бэлтгэх, тэдгээрийг зах зээлд нийлүүлж буй хуулийн этгээдийг хэлнэ.

[3] “ноцтой эрсдэл” гэж химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг судлан тогтоож, үнэлгээ өгөх, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар авах арга хэмжээг тодорхойлохыг хэлнэ.

[4] “үржүүлгийн материал” гэж тухайн сортын нөхөн үржлийг хангах чадвартай суулгац, тарьц, үрслэг, ургал эрхтэнийг хэлнэ.

[5] “хувиргасан амьд организм” гэж Хувиргасан амьд организмын тухай хуулийн 3.1.2-т заасныг хэлнэ.

 

[6] MNS 0900:2005, хүрээлэн буй орчин. эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ стандартын шаардлага хангасан байна

[7] MNS 0900:2005, хүрээлэн буй орчин. эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ стандартын шаардлага хангасан байна

[8] “химийн бодис” гэж ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис, бордоо, шатах, тослох материалыг хэлнэ.

[9] “баталгаажуулалтын байгууллага” гэж эрх бүхий байгууллагаас итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг; баталгаажуулалтын схемийг хэрэгжүүлэгч гуравдагч талын тохирлын үнэлгээний байгууллага бөгөөд баталгаажуулалтын байгууллага нь төрийн бус болон төрийн (зохицуулах эрхтэй эсвэл эрхгүй) байгууллага байж болно.