Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2019 оны 267 дугаар
тогтоолын хавсралт

 

ШИНЖИЛГЭЭНД ЗОРИУЛАН АВСАН ХЭВ ЗАГВАР, ДЭЭЖИЙН
ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГОРИМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Зөрчил шалган шийдвэрлэх явцад шинжилгээ хийх зорилгоор хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтнаас авсан хэв загвар, дээжийг хадгалах, тээвэрлэхэд энэхүү горимыг баримтална.

1.2. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага (цаашид “эрх бүхий байгууллага” гэх) нь хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой нарийвчилсан журмыг батлан мөрдөж болно.

Хоёр. Хэв загвар, дээжийг хадгалах

2.1. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан (цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх) зөрчил шалган шийдвэрлэх явцад шинжилгээнд зориулан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтнаас авсан хэв загвар, дээжийн (цаашид “хэв загвар, дээж” гэх) хадгалалт, хамгаалалтыг  хариуцна.

2.2. Хэв загвар, дээжийг хадгалах байр, өрөө нь биоаюулгүй байдал, биохамгааллын шаардлагыг хангасан орчинтой байх бөгөөд тусгай бэхэлгээ бүхий хамгаалалттай хаалга, цонхтой, ус, чийг, шороо, тоос нэвтрэхгүй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай, зориулалтын тоног төхөөрөмжтэй, халаалт, хөргөлтийн системтэй, байнгын дохиолол, камерын хяналт, харуул хамгаалалттай байна. Уг байр, өрөөнд галын аюулгүй байдлыг хангаж, тогтоосон стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллана.

2.3. Хэв загвар, дээжийн хаягжуулалт (дагалдах хуудас)-д байгууллагын нэр, огноо, зөрчлийн хэргийн дугаар, холбогдогчийн нэр, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаалыг тодорхой тусгаж, гарын үсэг, баталгааны тэмдэг хэрэглэж, зөрчлийн хэрэг нээсэн хуулийн заалт, хэзээ, хаанаас бэхжүүлэн хураан авсан зэргийг тодорхой бичсэн байна.

2.4. Хэв загвар, дээжийг хадгалах сав, баглаа боодол нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Цаасан уут”, “Сав баглаа боодол”, “Нийлэг хальсан уут”-ны стандартыг хангасан байна.

2.5. Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хэв загвар, дээжийг шинжилгээ хийхээр томилогдсон шинжээч, мэргэжилтний саналыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан байгууллагын даргын, эсхүл нэгжийн даргын зөвшөөрлөөр өөр байгууллагад хадгалуулж болно. Уг хэв загвар, дээжийг хадгалж байгаа байгууллага тэдгээрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, нууцлалыг хангаж ажиллана.

2.6. Түргэн муудах, эмзэг бараа бүтээгдэхүүн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, биологийн гаралтай дээж, тэсэрч дэлбэрэх, ууршиж дэгдэх бодис, цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр, хүний амь нас, эрүүл мэнд, орчин тойронд аюул учруулж болзошгүй галт хэрэгсэл, амархан дөл авалцдаг болон шатамхай шингэн зэргийг дараахь горимын дагуу хадгална:

        2.6.1. түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүний болон гэмтэж, устаж, ялзарч болзошгүй хэв загвар, дээжийг бэхжүүлсний дараа хатаах, үнэрийг нь арилгах арга хэмжээг авч зориулалтын сав баглаа боодолд;

        2.6.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй дээжийг хадгалахдаа шинж тэмдгийг нь арилахгүй байхаар тооцож жин хэмжээг нарийвчлан бичиж дохиоллын системээр тоноглогдсон байранд буюу цоожтой төмөр шүүгээнд;

       2.6.3. биологийн гаралтай хэв загвар, дээж болох хатаасан цусыг  тасалгааны температурт, цус цусан бүтээгдэхүүн, үрийн шингэн, шүлс, шээс, өтгөн, ходоодны агууламж /амьтны/, яс /амьтны/ зориулалтын хөргөгчид, үс хумс, эд, эс, зэрэг бусад зүйлийг зориулалтын цаасан хайрцагт, эсхүл шилэн саванд;

       2.6.4. түргэн гэмтэх, хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах бараа бүтээгдэхүүн, сорьц, үржүүлгийн бүтээгдэхүүний онцлогт тохирсон хэмийг хангаж зориулалтын сав, төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгчинд;

       2.6.5. галт зэвсгийг хадгалахдаа замаг, хүхээ болон галт зэвсгийг хамтад нь нийлэг уутанд хийн битүүмжилж, зориулалтын шүүгээ, саванд;

      2.6.6. цацрагийн үүсгүүрийн 1-5 дугаар ангилалд хамаарах цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийг мэргэжлийн байгууллагад хадгалуулах, хяналтаас чөлөөлөгдөх түвшний цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийг тусгай саванд хийж, бусад хэв загвар, дээжээс тусад нь байрлуулах;

      2.6.7. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодис, түүний хаягдлаас авсан хэв загвар, дээжийг мэргэжлийн байгууллагад;

      2.6.8. амархан дөл авалцдаг болон шатамхай шингэний дээжийг шатдаггүй материалаар хийсэн, галын аюулгүй ажиллагааны шаардлага хангасан хайрцаг, шүүгээнд;

      2.6.9. цахим төхөөрөмж, тоон ул мөрийг хадгалахад зориулалтын сүлжээ унагагч, радио долгионоос хамгаалсан уут, саванд;

      2.6.10. зам тээврийн осол зөрчилтэй холбоотой тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтлийн анхны байдал, хэв загвар, дээжийн шинж байдлыг алдагдуулахгүйгээр гадна орчны нөлөөлөл (цас, бороо, нар, салхи, шороо, тоос, чийг гэх мэт)-өөс хамгаалж бүрэн хучиж.

Гурав. Хэв загвар, дээжийг тээвэрлэх

3.1. Эрх бүхий албан тушаалтан нь хэв загвар, дээжийг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, акт, тэмдэглэл бусад холбогдох мэдээллийн хамт шинжилгээ хийх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

3.2. Хэв загвар, дээжийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь гадна орчны нөлөөлөл (цас, бороо, нар, салхи, шороо, тоос, чийг гэх мэт)-өөс хамгаалагдсан, холбогдох стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.

3.3. Түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүн, хадгалалтын онцгой нөхцөл шаардагдах биологийн дээж, сорьц, үржүүлгийн бүтээгдэхүүний дээжийг  хөргөх, хөлдөөх болон халуун, хүйтний хэм, чийгийн тохируулга бүхий тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зориулалтын тээврийн хэрэгслээр зөөвөрлөнө. Зориулалтын тээврийн хэрэгсэлгүй тохиолдолд термометр бүхий мөстэй сав, эсхүл зөөврийн зориулалтын сав, төхөөрөмж, хөргөгчийг ашиглан шинжилгээ хийх эрх бүхий байгууллагад хүргэнэ.

3.4. Эрх бүхий албан тушаалтан нь хэв загвар, дээжийн бүрэн бүтэн байдал, нууцлалыг бүрэн ханган битүүмжилж, шинжилгээ хийх эрх бүхий байгууллагад өөрийн биеэр хүргэнэ. Хэрэв өөрийн биеэр хүргэх боломжгүй бол эрх бүхий албан тушаалтнаар, эсхүл тусгай шуудангаар хүргүүлнэ.

3.5. Хэв загвар, дээжийг тээвэрлэх боломжгүй тохиолдолд эрх бүхий  албан тушаалтан нь шинжээчийг хэв загвар, дээж хадгалагдаж байгаа газарт чөлөөтэй нэвтрүүлэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүргийг хүлээнэ.

3.6. Халдварт өвчин, хоол хүнсээр дамжих өвчинд нөлөөлсөн байж болох хэв загвар, дээж, химийн хорт болон аюултай бодис, химийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний дээжийг хадгалах, тээвэрлэхдээ хагарч гэмтэхээр бол “Анхаар хагарна”, “Асгарч болзошгүй”, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй бол “Тэсэрч болзошгүй”, халдварын сэжиг бүхий бол “Халдвартай”, “Биоаюултай”, химийн хорт болон аюултай бодис бол “Аюултай”, “Хортой” гэсэн таних тэмдгийг сав, баглаа боодол дээр ил, тод харагдахаар хэсэгт бат бөх байрлуулж, шинжилгээ хийх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

3.7. Аюулын зэрэг өндөр химийн хорт болон аюултай бодис бүхий хэв загвар, дээжийг зөвхөн өдрийн цагаар ачиж буулгах бөгөөд ачааны тэмдэгт заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг сахин биелүүлнэ. Дээжийг тээвэрлэх ажилтанд аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг холбогдох мэргэжилтэн өгсний дараа тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгүүлнэ.

3.8. Энэ журмын 3.7-д заасан хэв загвар, дээжийг тээвэрлэх явцад болзошгүй аюул учирсан тохиолдолд хэрэглэх, хор уршгийг арилгах зориулалтын  тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл, хор саармагжуулах бодис, уусмал, арьс болон амьсгал хамгаалах зориулалт бүхий стандартын шаардлага хангасан хүн нэг бүрийн хэрэгслээр тээврийн хэрэгслийг хангасан байна.

3.9. Химийн хорт болон аюултай бодис бүхий хэв загвар, дээжийг тээвэрлэх үед холбогдох мэргэжилтнийг байлцуулна.

3.10. Хүчил, шүлт зэрэг идэмхий шингэнийг үйлдвэрлэгчээс савласан зориулалтын тусгай шилэн сав, шилэн савны гадуур зориулалтын материалаар хийсэн давхар хамгаалалтын савтайгаар тээвэрлэнэ.

3.11. Тэсрэх, хөлдөөх эрсдэлтэй шингэрүүлсэн хийн шингэнд хадгалсан биологийн дээж, генетик материалыг үйлдвэрлэгчээс савласан давхар ханатай зориулалтын саванд тээвэрлэнэ.

3.12. Соёлын биет өв, аюултай хог хаягдал, цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүрийг шинжилгээ хийх зорилгоор тээвэрлэхдээ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 51.2, Хог хаягдлын тухай хуулийн 7.1.2, 7.1.3, Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4-т заасны дагуу холбогдох байгууллагаас баталсан, гаргасан дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

3.13. Химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл дээжийг тээвэрлэхдээ Автотээврийн тухай хуулийн             9.2, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.2, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн                14.1, 14.7-д заасны дагуу холбогдох байгууллагаас баталсан дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

3.14. Мал, амьтны гоц халдварт, халдварт, шимэгчтэх, бодис солилцооны өвчин, хордлогын сэжигтэйгээр өвчлөх, үхэж хорогдох үед түүний шалтгааныг тогтоох, оношлох зорилгоор амьд байгаа малаас болон үхсэний дараахь эмгэг материалаас авсан дээжийг тээвэрлэхдээ Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29.4-т заасны дагуу холбогдох байгууллагаас баталсан журмыг дагаж мөрдөнө.

3.15. Шинжилгээ хийх зорилгоор үр, хөрс, бордооноос дээж авах, тээвэрлэхдээ стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Буурцагт ургамлын бактерийн бордоо”, “Ризобактерийн бордоо”, “Сортын болон үрийн чанар” стандартыг тус тус дагаж мөрдөнө.

3.16. Түргэн  муудах, эмзэг бараа бүтээгдэхүүнээс авсан хэв загвар, дээжийг хадгалах, тээвэрлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн        55.3-т заасныг үндэслэн холбогдох байгууллагаас баталсан журмыг дагаж мөрдөнө.

3.17. Зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн анхны байдал, хэв загвар, дээжийн шинж байдлыг алдагдуулахгүйгээр гадна орчны нөлөөлөл (цас, бороо, нар, салхи, шороо, тоос, чийг гэх мэт)-өөс хамгаалж бүрэн хучиж тээвэрлэнэ.

3.18. Хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс хэв загвар, дээжийн шинж чанар алдагдсан тохиолдолд шинжилгээ хийх эрх бүхий байгууллага хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд нэн даруй шинжилгээний дээж илгээсэн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ.

3.19. Шаардлагатай тохиолдолд хэв загвар, дээжийг тусгай хамгаалалттай тээвэрлэж болно.

Дөрөв.Бусад

4.1. Хэв загвар, дээжийг хадгалах, тээвэрлэх зардлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

4.2. Хэв загвар, дээжийг лабораторийн шинжилгээнд зориулан авах, шинжилгээ хийх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх, шинжилгээ хийх, устгах, шинжилгээний үр дүнг авахтай холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохицуулна.

4.3. Хэв загвар дээжийг хадгалах, тээвэрлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, хувь хүний нууцыг задруулах, түүнийг хувийн сонирхлоор ашиглахыг хориглоно.

 

-----o0o-----