Засгийн газрын 2009 оны 151 дүгээр
тогтоолын хавсралт




БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН
БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2020 оны 205 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн бодлогын хүрээнд зайлшгүй шаардлагатай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх үүргийг хэрэгжүүлүүлэхээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан (цаашид "сан" гэх)-д хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Мэдээлэл, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэх судалгааг үндэслэн тухайн жилд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зардлын төсвийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын санал болгосноор Ерөнхий сайд батална.

1.3. Алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг улсын эдийн засгийн байдал, техник технологийн дэвшлийг харгалзан Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас жил бүр шинэчлэн тогтоож байна.

1.4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг хуваарилах үйл ажиллагаанд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, үйлчилгээ эрхлэгчдийг ялгаварлахгүй, тэгш эрхтэйгээр оролцуулах, ил тод байх зарчмыг баримтална.


Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт


2.1. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар хариуцна.

2.2. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар жилд 2 удаа Ерөнхий сайдад мэдээлж байна.

2.3. Мэдээллийн технологи, цахилгаан холбоо, шуудан болон радио, телевизийн чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хяналтын зөвлөл сангийн үйл ажиллагаанд хяналт тавина.

2.4. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын тушаалаар батална.


Гурав. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо,
технологийн газрын эрх, үүрэг


3.1. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. батлагдсан төлөвлөгөөний дагуу сангийн хөрөнгийг хуваарилах;

3.1.2. сангийн үйл ажиллагааны зардлын төсвийг боловсруулах;

3.1.3. бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах;

3.1.4. сангийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, улирал бүрийн тайланг хэлэлцэх;

3.1.5. сангаас хуваарилсан хөрөнгийн зарцуулалт, бүх
нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгчийн сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарыг эрх бүхий байгууллагаар шалгуулах;

3.1.6. бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуваарилсан хөрөнгийг буцааж авах;

3.1.7. сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын
тайланг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулах;

3.1.8. сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаархи мэдээллийг нийтэд мэдээлэх.


Дөрөв. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах


4.1 Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2, 22.1, 22.2-т заасны дагуу бүрдүүлнэ.

4.2. Шуудангийн тухай хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т зааснаас гадна Шуудангийн тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу хөрөнгө төвлөрүүлнэ.

4.3. Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд санд хөрөнгө төвлөрүүлэхдээ албан татвар ногдуулах орлогоо үнэн зөв тодорхойлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасан хэмжээний хөрөнгийг сангийн дансанд төвлөрүүлнэ.

4.4. Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд нь албан татвар ногдуулах орлогоос төвлөрүүлсэн хөрөнгийн тайлангаа хууль тогтоомж, дүрэм, журамд заасан хугацаанд гаргаж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт ирүүлнэ.

4.5. Энэхүү журмын 4.4-т заасан тайлангийн маягтыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга батална.

4.6. Сангийн хөрөнгийг дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

4.6.1. зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх;

4.6.2. харилцаа холбооны сүлжээ шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх.

4.7. Сангийн хөрөнгийг зарцуулахдаа олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтална.


Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах, хяналт тавих


5.1. Сангийн санхүүгийн тайланг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар Нэгдсэн төсвийн тухай хуульд заасан хугацаанд төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.2. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь санд төвлөрүүлсэн хөрөнгийн талаархи мэдээллийг үнэн зөв тодорхойлж, тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор холбогдох татварын албанд хүргүүлнэ.

Зургаа. Хариуцлага


6.1. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлсэн, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглаж, зарцуулсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.



 

---оОо---