Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 133 дугаар
                                                                                                          тогтоолын хавсралт

                                                                  АЛБАН ТУШААЛТНЫ ТӨРИЙН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛСЭН
                                                                        БЭЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ХӨЛСИЙГ ҮНЭЛЭХ,
                                                                                              ХАДГАЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

                                                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн дүн бүхий бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төрийн өмчид шилжүүлэх, тэдгээрийг үнэлэх, хадгалах, зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журмыг буцаан хэрэглэхгүй бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

1.3. Энэхүү журам нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалтанд үйлчилнэ.

1.4. Албан тушаалтанд үзүүлсэн дараахь үйлчилгээнд энэхүү журмыг дагаж мөрдөнө:

1.4.1. албан тушаалтны 6 сарын цалингаас хэтэрсэн үнэ, хөлс бүхий үйлчилгээг албан тушаалтанд үнэ төлбөргүй үзүүлсэн бол;

1.4.2. албан тушаалтанд үзүүлсэн үйлчилгээний үнэ, хөлсний нийт хөнгөлөлт нь албан тушаалтны 6 сарын цалингаас илүү гарсан бол.

1.5. Албан тушаалтнаас төрийн өмчид шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах чиг үүргийг энэхүү журмын 3.1-д заасан орон тооны бус Комисс (цаашид "Комисс" гэх) эрхэлнэ.

                                                                          Хоёр. Бэлгийг мэдүүлэх

2.1. Энэхүү журамд өөрөөр заагаагүй бол албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн дүн бүхий бэлгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.

2.2. Энэхүү журмын 1.5-д заасан үйлчилгээний үнэ, хөлсийг албан тушаалтан мөнгөн дүнгээр илэрхийлж төрийн өмчлөлд шилжүүлнэ.

2.3. Албан тушаалтан хүлээн авсан бэлэг, үйлчилгээ (цаашид "бэлэг" гэх)-г төрийн өмчлөлд шилжүүлэх мэдүүлгийг энэхүү журмын хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж тухайн байгууллагын Тамгын газар (захиргааны хэлтэс)-т хүлээлгэн өгнө.

2.4. Албан тушаалтан мэдүүлэгт бэлгийг хавсаргана.

2.5. Албан тушаалтны мэдүүлэг болон бэлгийг хүлээн авч Комисст хүргэх үүргийг тухайн байгууллагын Тамгын газар (захиргааны хэлтэс) хариуцан гүйцэтгэнэ.

2.6. Албан тушаалтан бэлэг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдүүлгийг гаргана.

                                                                 Гурав. Комисс, түүний бүрэлдэхүүн

3.1. Комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулна.

3.2. Комисс 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнд дараахь байгууллагын төлөөллийг оруулна:
3.2.1. Улсын Их Хурлын Тамгын газар;
3.2.2. Ерөнхийлөгчийн Тамгын газар;
3.2.3. Шүүхийн ерөнхий зөвлөл;
3.2.4. Гадаад харилцааны яам;
3.2.5. Сангийн яам;
3.2.6. Төрийн ёслолын алба;
3.2.7. Авлигатай тэмцэх газар;
3.2.8. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
3.2.9. төрийн бус байгууллага (3 хүн).

3.3. Комиссын даргыг гишүүд дундаасаа нэг жилийн хугацаатай сонгоно. Комиссын даргыг улируулан сонгохгүй.

3.4. Комиссын ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.

                                                                   Дөрөв. Бэлэг үнэлэх

4.1. Комисс албан тушаалтны гаргасан мэдүүлэгтэй танилцаж бэлгийг үнэлнэ.

4.2. Комисс нь уг бэлэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг холбогдох төрийн байгууллага болон тухайн албан тушаалтнаас гаргуулах, шаардлагатай тохиолдолд шалган тайлбар, тодруулга авч болно.

4.3. Мөнгөн бус хэлбэрийн бэлгийг үнэлэхдээ зах зээлийн үнэ, ханшийг харгалзан тогтооно. Үнэлэхэд хүндрэлтэй бэлэгний үнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгож болно.

4.4. Комисс тухайн бэлэг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарч болзошгүй гэж үзсэн тохиолдолд соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөлд хандаж дүгнэлт гаргуулна.

4.5. Бэлэгний үнэ албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтрээгүй болох нь үнэлгээгээр тогтоогдвол Комисс бэлгийг бүртгэлд оруулахгүйгээр тухайн албан тушаалтанд буцаан олгох шийдвэр гаргана.

                                                                         Тав. Бэлэг хадгалах

5.1. Бэлгийг үнэлсний дараа бүртгэлд оруулж зориулалтын байранд хадгална. Мөнгөн хэлбэрийн бэлгийг төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нээсэн Төрийн сангийн зохих дансанд байршуулна.

5.2. Эрдэнэсийн сан хөмрөгт орох үнэт эдлэл, түүх, соёлын дурсгалт зүйлийг зохих журмын дагуу эрдэнэсийн сан, үндэсний музей болон холбогдох бусад соёлын байгууллагад хадгалуулах шийдвэр гаргаж болно.

5.3. Хадгалалтын хугацаа дууссан, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон зэрэг шалтгааны улмаас бэлгийг хадгалах, захиран зарцуулах, ашиглах боломжгүй тохиолдолд баримт үйлдэн устгаж болно.

                                                                        Зургаа. Бэлгийг зарцуулах

6.1. Комисс бүртгэлд оруулсан бэлгийг зарцуулах талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

6.1.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.6-д заасны дагуу 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн зөрүүг төлүүлж, бэлэг хүлээн авсан албан тушаалтны өмчлөлд буцаан олгох;

6.1.2. бэлэг хүлээн авсан албан тушаалтан ажилладаг буюу харьяа байгууллагын хэрэгцээнд үнэ төлбөргүй шилжүүлэх;

6.1.3. төрийн болон нутгийн захиргааны бусад байгууллагын хэрэгцээнд үнэ төлбөргүй шилжүүлэх;

6.1.4. энэ журмын 5.2-т заасан холбогдох байгууллагад хадгалуулахаар үнэ төлбөргүй шилжүүлэх;

6.1.5. дуудлага худалдаагаар борлуулах;

6.1.6. баримт үйлдэн устгах.

6.2. Комисс бэлгийг зарцуулахтай холбогдуулан гаргасан шийдвэрийг мэдүүлэг гаргасан албан тушаалтанд мэдэгдэж биелэлтэд хяналт тавина.

6.3. Энэхүү журмын 6.1.5-д заасан дуудлага худалдааг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмыг баримтлан зохион байгуулж орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

                                                          Долоо. Албан тушаалтны өмчлөлд бэлгийг буцаан олгох

7.1. Албан тушаалтан 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн зөрүүг төлж бэлгийг өөртөө үлдээх санал гаргаж болох бөгөөд энэ тухай мэдүүлэгт тусгана.

7.2. Албан тушаалтан бэлэгний үнийн зөрүүг төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нээсэн Төрийн сангийн зохих дансанд шилжүүлнэ.

7.3. Бэлэгний үнийн зөрүүг төлсөн баримтыг үндэслэн Комисс бэлгийг албан тушаалтны өмчлөлд шилжүүлж энэ тухай бүртгэлд тэмдэглэл хийнэ.

                                                                             Найм. Бусад

8.1. Комисс төрийн өмчид шилжүүлсэн бэлэгний талаар мэдээллийн сан хөтөлнө.

8.2. Комисс нь энэхүү журмын хэрэгжилтийн тайланг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28.1.1, 28.1.2-т заасан байгууллагад жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

8.3. Энэхүү журмын 8.2-т заасан тайлан нийтэд нээлттэй байх бөгөөд Комисс түүнийг цахим хуудас болон бусад хэлбэрээр нийтэд ил тод мэдээлнэ.

8.4. Бэлгийг үнэлэх, зарцуулах асуудлаар Комиссын гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж болно.

8.5. Албан тушаалтан энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.





                                                                                        ------оОо------