Монгол Улсын Их Хурлын  2002 оны                          
                                                   41 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт
 
 
АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 

Нэг.Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн үндэслэл

 
            1.Авилгал нь улс орнуудын хөгжилд саад тотгор учруулж, ардчилал, шинэчлэлийн явцыг сааруулах, үндэсний эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн үр ашгийг бууруулах хүчин зүйл  болж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, томоохон улс орон, нэр хүнд бүхий олон улсын байгууллага, улс төрчид түүний эсрэг тэмцэлд идэвхтэй оролцох боллоо.
 
            2.1996 онд Авилгалын эсрэг хууль батлагдсан боловч түүний хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд  шинэ нөхцөл байдалд тохирсон  төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ төлөвшөөгүй байна.
 
            3.Монгол Улсад авилгал бодитойгоор оршиж төрд итгэх олон түмний итгэлийг алдагдуулан улс төр, эдийн засгийн шинэтгэлд бэрхшээл учруулж улмаар үндэсний аюулгүй байдалд  заналхийлэхэд хүргэж болзошгүй байна.
 
            4.Монгол дахь авилгалын талаархи олон нийтийн санаа бодол, байр суурийн асуудлаар Улаанбаатар хот, 9 аймагт 1999 оны 6-7 сард явуулсан судалгааны дүнгээс үзэхэд өнөөгийн нийгэмд авилгал  түгээмэл  байна гэж судалгаанд оролцогчдын 73,0 хувь нь үзжээ.
 
            5.Манай орны төрийн болон бизнесийн байгууллагуудаас хамгийн их авилгалд автсан нь дээр дурдсан судалгаанд оролцогчдын үнэлгээгээр гааль, банк, шүүх, боловсролын байгууллага, Улсын Их Хурал,  татварын алба, улс төрийн намууд, цагдаа,  эмнэлгийн байгууллага, яам,  агентлаг, прокурорын байгууллага гэж нэрлэсэн байна.
 
            6.Авилгалын цар хүрээ, уг сурвалж, үр дагаврын талаар бодитой судалгаа хийж, үнэлэлт өгч байгаагүй байна.
 
            7.Авилгалтай хийх тэмцэл зөвхөн цуу яриа, хэвлэлийн шуугиан төдийгөөр хязгаарлагдаж байгаа нь энэ үзэгдэлд нийтээр дасах хандлага бий болгож болзошгүй байна.
 
            8.Авилгалын эсрэг тэмцэх, түүнийг бууруулах ажлыг тууштай зохион байгуулан амжилтад хүргэхэд  иргэний нийгэм, иргэдийн идэвхтэй оролцоо, тэдний дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай юм.
 
            9.Ийм учраас төр засаг, иргэний нийгмийн хүч боломжийг нэгтгэн авилгалын эсрэг тэмцэхэд чиглэсэн урт хугацааны бодлого болгон энэхүү  Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болж байна.
 
            10.Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн "Сайн төр бол авилгалгүй төр" гэсэн үзэл санааны дагуу авилгалын эсрэг тэмцлийг төр засаг өөрөөсөө эхэлж байна.
 
 
 
Хоёр.Авилгалтай тэмцэх үндэсний  хөтөлбөрийн зорилго, зорилт,
 зарчим, хэрэгжүүлэх хугацаа, гарах үр дүн
 
            1.Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр /цаашид "Үндэсний хөтөлбөр" гэх/-ийн зорилго нь Монгол Улсад авилгалтай тэмцэх нөхцөл бүрдүүлэх, нийгэмд авилгалыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, төр, засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр авилгалаас урьдчилан сэргийлэх, улмаар түүний үүсч буй шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, арилгахад оршино.
 
            2.Дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд  дор дурдсан зорилтыг шийдвэрлэнэ:
 
                        1/авилгалтай тэмцэх,  түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, тэдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
 
                        2/авилгалтай тэмцэх асуудлыг эрхэлсэн байгууллагын бүтцийг боловсронгуй болгох;
 
                        З/хэвлэл, мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, иргэдэд авилгалын хор уршгийн талаар цэгцтэй мэдээлэл өгөх;
 
                        4/хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн бүх шатны байгууллагын шинэтгэлийг түргэтгэж, тэдгээрийн авилгалтай тэмцэх болон түүнээс урьдчилан сэргийлэх үүргийг тодорхой болгон үйл ажиллагааг нь уялдуулах;
 
                        5/төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах;
                        6/олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах.
 
            З.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нийгмийн  шударга ёс, тэгш байдлыг хангах, олон нийтэд ил тод байх, бусад улс, олон улсын байгууллагын дэвшилтэт арга, туршлагыг харгалзах зарчмыг баримтална.
 
            4.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хүчин зүйлд тулгуурлана:
 
                        1/улс төрийн хүчнүүдийн хооронд болон төрийн эрх мэдлийн дээд шатны байгууллагуудын нэгдсэн хүсэл эрмэлзлэл;
 
                        2/иргэд, олон нийтийн дэмжлэг, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх;
 
                        З/авилгалын эсрэг хууль тогтоомжийг батлан гаргаж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
 
                        4/авилгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг тасралтгүй өрнүүлэх;
 
                        5/төрийн албан хаагчдын цалин хөлс, хангамжийг нэмэгдүүлэн, тэдний ёс зүйн хэм хэмжээг нарийвчлан тогтоож мөрдүүлэх.
 
 
            5.Үндэсний хөтөлбөрийг 2002 -2010 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ:
 
            Нэгдүгээр үе шат: 2002.07.01 - 2005 он
            Хоёрдугаар үе шат: 2006-2010 он
 
            6.Үндэсний хөтөлбөрийн үр дүн:
 
            1/Ойрын үр дүн / 2002.07.01 - 2005 он/:
 
                        а/авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь зайлшгүй чухал болох талаар улс төрийн бүх хүчин, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл байр суурьтай болж, энэ ажилд бүх нийтээр хүчээ нэгтгэх эхлэл тавих;
 
                        б/авилгалтай тэмцэх ажлын эрх зүйн орчныг  шинэ нөхцөлд нийцүүлэх;
 
                        в/төр, засгийн байгууллагуудын шинэтгэлийг түргэтгэх;
 
                        г/авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын өөрийн орны онцлогт тохирсон шинэ загвар бий болгон хэрэгжүүлэх, авилгалыг сааруулж, түүнийг үл тэсвэрлэх уур амьсгалын эхлэл тавих.
 
            2/Хэтийн үр дүн /2006-2010 он/
 
                        а/авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн хүчийг төвлөрүүлэх талаар эхний шатанд хүрсэн ололтоо улам бататгах;
 
                        б/авилгалыг үл тэсвэрлэх нийгмийн уур амьсгал бий болгох, авилгалтай холбоотой хэргийн илрүүлэлтийг сайжруулж, иргэд олон нийтийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх;
 
                        в/төр, иргэний хоорондын итгэлцлийг бэхжүүлэх чиглэлд мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гаргах.
 
            Гурав.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
            1.Үндэсний хөтөлбөрийг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
 
            1/ Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр: 
 
                        а/авилгалтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг аливаа сонгуульд нэр дэвшүүлэх, удирдах албан тушаалд томилохыг хориглох ;
 
                        б/сонгуульд оролцох улс төрийн намууд сонгуулийн зардал, хандивын талаар сонгууль болохоос өмнө Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулж, нийтэд мэдээлдэг журам тогтоох;
 
                        в/иргэн, хуулийн этгээдээс сонгуулийн сурталчилгаанд өгч байгаа хандивын хэмжээнд хязгаар тогтоох;
 
 
 
 
 
                        г/Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн болон төрийн бусад өндөр албан тушаалд томилогдсон, сонгогдсон хүн тангараг өргөхийн өмнө болон бүрэн эрхийнхээ хугацаанд жил бүр хөрөнгө, орлогынхоо тухай нийтэд зарладаг журам тогтоох.
 
            2/ Авилгалаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр:
 
                        а/авилгал үүсэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг тусгайлан судалж, санал дүгнэлт гаргах;
 
            б/авилгалтай тэмцэх байгууллагын бүтцийг боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, авилгалтай холбоотой хэргийн илрүүлэлтийг сайжруулах;
 
                        в/авилгалтай тэмцэх талаар төрийн бүх шатны байгууллага, тэдгээрийн албан тушаалтны хүлээх үүргийг тодорхой болгож, хариуцлагыг чангатгах;
 
                        г/авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа иргэд, олон нийт, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үүргийг хүчтэй болгох хөшүүрэг, механизмыг бий болгох;
 
                        д/хууль тогтоомж, шийдвэрийг эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлэн гаргах боломжийг таслан зогсоох, үүнд эрх зүй, эдийн засгийн арга хэрэгслийг ашиглах;
 
                        е/ Олон улсын бизнесийн үйл ажиллагаанд гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдах явдалтай тэмцэх тухай 1997 оны 12 дугаар сарын 17-ны  Конвенц  зэрэг баримт  бичигт Монгол Улс нэгдэн орох эсэх асуудлыг шийдвэрлүүлэх.
 
            З/ Төрийн  албыг боловсронгуй болгох чиглэлээр:
 
                        а/төрийн өндөр албан тушаалтны болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинээр буюу шинэчлэн баталж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих иж бүрэн тогтолцоог бий болгох;
 
                        б/хууль тогтоох, шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллага, Засгийн газар,  яам,  агентлаг,   нутгийн    захиргааны байгууллагад хяналт,  шалгалтыг сулруулснаас буюу удирдлагын алдаанаас шалтгаалж хээл хахууль, авилгал гарсан тохиолдолд шууд удирддаг сайд, дарга нь  ёс зүйн хариуцлага хүлээдэг журам тогтоох;
 
                        в/төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж, томилохдоо ил тод, шударгаар өрсөлдүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
 
г/төрийн бүх шатны байгууллагын ажилд хүнд суртал, шат дамжлагыг багасгах, зөвшөөрлийн тогтолцоог  боловсронгуй болгох;
 
                        д/төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэн амьдралын баталгааг сайжруулах дэс дараатай арга хэмжээ авах үндсэн дээр тэднийг  тогтвор суурьшилтай ажиллуулах;
 
                        е/ төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, түүнд хяналт тавих механизмыг улам боловсронгуй болгох;
 
                        ж/төрийн албан хаагч нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос давсан их хэмжээний хөрөнгөтэй болсон, үүнийгээ хэрхэн олсон  тухай тайлбарлаагүй буюу үнэн зөв тайлбар өгөөгүй бол холбогдох эрх бүхий байгууллагаас шалгадаг байх;
 
                        з/мэдээллийн орчин үеийн технологид суурилсан, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулах чиглэлээр төрийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэх;
 
                        и/Улсын Их Хурлын гишүүний үйл ажиллагаа, ёс зүйн талаар гарсан гомдлыг тухай бүр шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлж байх;
 
                        к/төрийн  бүх шатны байгууллага бүрт ёс зүйг сахиулах, авилгалаас урьдчилан сэргийлэх асуудлыг эрхлэх орон тооны бус зөвлөл байгуулж ажиллуулах;
 
                        л/авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар олон улсын байгууллага болон гадаад оронтой хамтын ажиллагаа тогтоож, үр ашигтай ажиллахад анхаарал тавих, гадаадын зээл тусламжийн хуваарилалт, ашиглалтад тавих хяналтыг эрс чангатгах.
 
            4/Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр:
 
                        а/хуулийн байгууллагуудын бүтэц, тогтолцооны шинэтгэлийг иж бүрэн, харилцан уялдаатай хийх, захиргааны болон бусад дагнасан шүүхийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, хуульч мэргэжилтнийг сонгон шалгаруулах журмыг боловсронгуй болгох;
 
                        б/шүүгчийн сахилгын болон мэргэшлийн хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах;
 
                        в/шүүгчийн ёс зүйд хяналт тавих үүрэг бүхий нэр хүндтэй иргэдээс бүрдсэн хөндлөнгийн хараат бус хяналтын тогтолцоог шинээр бий болгох;
 
                        г/шүүхийн үйл ажиллагааны талаар иргэнээс гаргасан гомдлыг нягтлан үзэх,  түүнийг шийдвэрлэх журмыг боловсронгуй болгож байх;
 
                        д/шүүх эрх мэдлийн байгууллагыг өндөр мэргэшлийн, чадварлаг, үнэнч шударга ажилтнаар бэхжүүлэх,  ёс зүйд нь  хатуу хяналт тавих;
 
е/хуульчдыг авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд тусгайлан сургаж дадлагажуулах;
 
                        ж/шүүх, прокурор, цагдаа, төрийн хяналтын болон хууль сахиулах бусад байгууллагуудын ажилтны цалинг үе шаттайгаар нэмэх;
 
                        з/шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын аюулгүй байдлыг хангах байгууллагад үнэнч шударга ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт  болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн хүнд ахуйн нөхцөлөө сайжруулахад хүрэлцэхүйц хэмжээтэй тэтгэмж нэг удаа олгодог журам тогтоох;
 
                        и/авилгалын холбогдолтой хууль тогтоомжийг шүүхийн практикт нэг мөр  хэрэглэж байгаа байдал, энэ төрлийн хэрэг, түүний  бүтэц, хандлага, урьдчилан сэргийлэх асуудлыг судлан тэдгээртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндсийг дээшлүүлэх;
 
                        к/бүх шатны шүүх, прокурорын байгууллагын ажлын тайланг нийтэд мэдээлэх зохистой журам тогтоох;
 
                        л/иргэний нийгмийн зүгээс шүүх, прокурорын ажлын талаар сонирхсон асуудлаар мэдээлэл авах бололцоог нэмэгдүүлэх;
 
                        м/цагдаагийн байгууллагын ажлын тайланг баг, хорооны иргэдээр хэлэлцүүлдэг журам тогтоох;
 
                        н/цагдаагийн байгууллагын ажилд иргэдийг идэвхтэй оролцуулж, тэдгээрт олгодог урамшууллыг нэмэгдүүлэх.
 
            5/ Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас авах арга хэмжээ:
 
            1.Засгийн газар, яам,  агентлаг :
 
                        а/аливаа асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэхдээ авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх  арга хэмжээг  авч үзэж байх;
 
                        б/яам,  агентлаг, аймаг, нийслэлд авилгал, хээл хахуультай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг эрхэлсэн зөвлөл байгуулан, төлөвлөгөө, чиглэлтэй ажиллуулах;
 
                        в/яам,  агентлаг, аймаг, нийслэл, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгжид хяналт хийх, тэдгээрийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, шалгаж урамшуулах зэрэгт авилгалтай тэмцэх талаар төрөөс тогтоосон хэм хэмжээг хэрхэн биелүүлж байгааг  гол шалгуур  үзүүлэлтийн нэг болгож байх;
 
                        г/гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллагын албан хаагчийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж томилох, үйл  ажиллагаа, ёс зүйд тогтмол хяналт тавьж, хариуцлага тооцох, тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоог төлөвшүүлэхэд байнга анхаарах;
 
д/төрөөс олгох зөвшөөрөл, лицензийг аль болох цөөрүүлэх, тендер зарлах, шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй болгох, төрийн өмч, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн ашиглалт зарцуулалтад тавих хяналтыг чангатгах.
 
            2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд :
 
                        а/нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр төлөвлөхдөө энэхүү  Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг бие даасан хэсэг болгон авч үзэж, нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах;
 
                        б/нутаг дэвсгэрийн  хэмжээнд гарсан авилгалтай холбоотой болон, хээл хахуулийн хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлан, түүнийг арилгах арга хэмжээ  авах;
 
                        в/нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад авилгалыг төрүүлэгч буюу өдөөгч хүчин зүйл бий болгохгүй байхад байнга анхаарч, авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохиож буй ажлын явцыг тогтмол шалган туслах;
 
                        г/авилгалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг өргөн оролцуулж, идэвх зүтгэлтэй ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг урамшуулж байх;
 
                        д/ орон нутгаас олгох зөвшөөрөл, лицензийг аль болох цөөрүүлэх, тендер зарлах, шалгаруулах ажиллагааг ил тод нээлттэй болгох, төрийн өмч, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийн ашиглалт зарцуулалтад тавих хяналтыг чангатгах;
 
                        е/авилгалын эсрэг  арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг орон нутгийн төсөвт жил тутам хүрэлцэх хэмжээгээр тусган тухай бүр санхүүжүүлж байх.
 
            6/Эдийн засгийг либералчлах чиглэлээр:
 
                        а/төрийн эдийн засгийн бодлого боловсруулахдаа авилгал үүсэх бодит шалтгаан, түүний эрэлтийг багасгах чиглэлийг баримтлах, тухайлбал үнэ чөлөөлөх, гадаад худалдааг либералчлах, экспорт, импортод  элдэв хязгаарлалт, хориг, квот тогтоохгүй байх, өрсөлдөөнийг дэмжих, татаас, дэмжлэг, тусламжийг багасгах;
 
                        б/санхүүгийн менежментийг сайжруулах цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх;
 
                        в/гадаадын зээл, тусламжийн хуваарилалт, ашиглалт, түүнд төрийн хяналт тавих эрх зүйн орчинг бий болгох;
 
г/төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулахдаа "Боломжийн бага оролцоо" зарчмыг баримтлах;
 
                        д/төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, зарцуулах үйл ажиллагаа ил тод, олон нийтийн хяналттай байх, төсвийн зарцуулалтын тайланд хяналт тавих механизм бүрдүүлэх;
                       
                        е/төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, эд хөрөнгийг тендерийн журмаар худалдан авдаг байх;
 
                        ж/татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих үйл ажиллагааг боловсронгуй болгох;
 
з/татварын байгууллага бүрт харилцагчдын тухай мэдээллийн сан байгуулах;
 
                        и/аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тусгай зөвшөөрлийн тогтолцоог цэгцлэх;
 
                        к/өмч хувьчлалыг   ил тод, олон нийтийн хяналтын дор  явуулах;
 
                        л/төрийн өмчийн эзэмшил, хувьчлалтай холбоотой асуудлаар эрх мэдэл бүхий албан тушаалтан төрийн өмчийн обьектыг хуулиас гадуур өрсөлдөөнгүйгээр  хувьчилсан бол авилгал үүссэн эсэхийг  шалгаж байх;
 
                        м/төрийн өмчийн аж ахуй нэгжийг  зохиомол нөхцөлөөр дампууруулсан тохиолдолд  авилгал үүссэн эсэхийг  шалгаж  байх;
 
                        н/төрийн өмчийг хувьчилж авах сонирхлоо илэрхийлсэн хуулийн этгээдийн хөрөнгийн баталгааг татварын болон банкны байгууллагаас магадлагаа өгч, хууль ёсоор бүрдүүлсэн өмч хөрөнгө мөн эсэхийг тогтоосны дараа өмч хувьчлалын үйл ажиллагаанд оролцуулдаг журам тогтоох;
 
                        о/өмч хувьчлалын үйл ажиллагаанд хэвлэл, мэдээллийн оролцоог нэмэгдүүлж, хяналт шалгалтын дүн, шийдвэрийн талаар нийтэд байнга мэдээлж байх;
 
                        ө/гаалийн үзлэг, шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх;
 
                        п/гаалийн байгууллагатай харилцагч иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага мэдээлэл олж авах тогтолцоог хялбаршуулах, гаалийн байгууллагын ажлын явцын тухай улирал, жил тутам нийтэд мэдээлж байх.
 
            8/Авилгалтай тэмцэх ажилд иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр:
 
                        а/авилгалын аливаа хэлбэрийг  үл тэвчих сэтгэл зүйн орчин төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг чиглүүлэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх;
 
                        б/авилгалтай холбоотой хэргийн шалтгаан, нөхцөл, тэдгээрийг арилгах арга замын тухай цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэж байх;
 
                        в/хэвлэл, мэдээллийн байгууллага төрийн байгууллагаас мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлж, хэвлэл, мэдээлэлд үнэн зөв мэдээлэл өгдөг тогтолцоо бий болгох;
 
                        г/авилгалаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий төрийн бус байгууллага, сайн дурын хөдөлгөөнийг дэмжих;
 
                        д/авилгалын чиглэлээр хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран улс, бүс нутаг, аймаг,  нийслэлийн хэмжээнд тодорхой асуудлаар төсөл хэрэгжүүлэх;
 
                        е/авилгалын асуудлаар улс, бүс нутаг, аймаг,  нийслэл, сум,  дүүргийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан зөвлөлгөөн, семинар, сургалт зохион байгуулах;
 
                        ж/авилгалын асуудлаар олон нийтийн санал, хандлагыг хоёр жил тутам судлан дүгнэлт хийж байх журам тогтоох;
 
                        з/эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэх;
 
                        и/сургууль, эмнэлгийн байгууллагад иргэний нийгмийн хөндлөнгийн магадлан шалгалт хийж байх журам тогтоон хэрэгжүүлэх;
 
к/авилгалтай холбоотой гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний аюулгүй байдлын баталгааг хангах.
 
            9/Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт:
 
                         а/Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулан хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл  ажиллана. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг  Монгол Улсын Их Хурлаас батална.
 
                        б/Үндэсний зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.
 
                        в/Үндэсний зөвлөл нь Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлыг жил бүр нэгтгэн дүгнэж, Улсын Их Хуралд танилцуулж байна.
 
                        г/Үндэсний зөвлөлийн үүргийг орон нутагт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гүйцэтгэнэ. /УИХ-ын 2006 оны 70-р тогтоолоор 9 дэх хэсгийг хүчингүй болгосон/
 
                                                            --------------оОо--------------