/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05 дугаар сарын 27 -ны
өдрийн 88 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт  
 
ГАЛТ ТЭРЭГНИЙ БОЛОН СЭЛГЭЭНИЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ШУУД  ХОЛБООТОЙ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ЖУРАМ
 
Ажилтны хөдөлмөр зохицуулалт
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.       Энэхүү журмын зорилго нь Төмөр замын тээврийн болон Хөдөлмөрийн  тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний технологийг сахин биелүүлэхэд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны ажил, амралтыг зохицуулах, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг тогтооход оршино.
 
1.2.       Энэхүү журмыг төмөр замын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан дагаж мөрдөнө.
 
Хоёр. Байгууллагын  үүрэг
 
2.1.       Төмөр замын байгууллага нь Төмөр замын тээврийн болон Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан холбогдох эрх зүйн актад заасны дагуу дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.   Төмөр замын тээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт зэргийг ажилтанд танилцуулж, судлуулах, мэргэжлийн сургалт явуулах, зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөх, эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй иргэнийг ажиллуулах;
2.1.2.   Ажилд шинээр орох иргэн болон ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт  оруулж, эрүүл мэндээр тэнцсэн ажилтанг ажиллуулах;
2.1.3.   Ажлын байрны хөдөлмөрийн аюулгїй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангахад зориулсан хөрөнгийг жил бүрийн үйлдвэрлэл-санхүүгийн төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зарцуулах;
2.1.4.   Ажилтныг албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын онцлогт тохирсон, хөдөлмөрлөх нөхцөлийг хангасан ажлын байр, техник хэрэгсэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бодис, хоол, хүнс, ариутган цэвэрлэх бодисоор хангах;
2.1.5.   Үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналт шалгалтыг тогтмол явуулах;
2.1.6.   Үйлдвэрлэл, үйлчилгээнд гарсан технологийн болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, сүйрэл, осол, гологдол, зөрчил гарсан шалтгааныг бүрэн тогтоож, арилгахаар авсан арга хэмжээний тухай мэдээллийг хамт олонд тухай бүр өгч, давтагдан гарахаас урьдчилан сэргийлж байх;
2.1.7.   Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд хоёроос дээш ажилтан ажиллаж байгаа нөхцөлд аль нэгийг нь ахлуулан ажиллуулах,
 
2.2.         Технологийн тасралтгүй ажиллагаатай байгууллагын ажилтны ээлж солилцоход дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
2.2.1.   Дараагийн ээлжинд хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бэлтгэлийг бүрэн хангуулах;
2.2.2.   Ажлын цаг дуусахаас өмнө тухайн ээлжинд гүйцэтгэсэн ажлын тоон болон чанарын үзүүлэлтийг шалгах;
2.2.3.   Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг ажлаас түр чөлөөлж, өөр ажилтныг томилох болон шаардагдах бусад арга хэмжээг авах;
2.2.4.   Байгалийн гамшиг, сүйрэл, осол, гологдол гарсан эсхүл гарч болзошгүй нөхцөл бүрдсэн тохиолдолд ээлж солилцуулахыг түр хойшлуулж, тухайн ажлын байранд аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэний дараа гүйцэтгэх;
2.2.5.   Ээлж солилцох, ажил хүлээлцэх үед хариуцсан хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, хатуу тооцоот болон бусад багаж хэрэгсэл бүрийг биечлэн үзэж хүлээлцэх;
2.2.6.   Ээлж хүлээлцэх тогтоосон нөхцөл бүрдээгүй үед ээлж хүлээн авсан бол түүнээс үүдэн гарах хариуцлагыг ээлж хүлээн авагч хариуцах.
 
Гурав. Ажилтны үүрэг
 
3.1.       Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь  дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.   Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний нэгдсэн болон суурь бүтэц дэх зурмагийг чанд биелүүлж ажиллах;
3.1.2.   Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын холбогдох гэрээ хэлэлцээр, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн холбогдох заалтууд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон галын аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм, журам, зааврыг  судалж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх;
3.1.3.   Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор  хүлээсэн үүргээ биелүүлэх;
3.1.4.   Мэргэжлийн ба зохих зэрэглэлийн үнэмлэхтэй, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны арга барил эзэмшсэн  байх;
3.1.5.   Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулж, төмөр замын тээврийн аюулгүй, тасралтгүй, хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон тушаал, захирамжийг заавал биелүүлэх;
3.1.6.   Зорчигчийн ая тухтай зорчих нөхцлийг хангах, ачаа, тээш, ачаан тээшийн бүрэн бүтэн байдал, төмөр замын байгууллагын эд хөрөнгө, сэлбэг материалыг арчлан хамгаалах;
3.1.7.   Бүх шатны удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлж, тухай бүр  хариу илтгэж байх;
3.1.8.   Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан ярианы дэглэмийг чанд баримтлаж ажиллах;
3.1.9.   Харилцагч байгууллага, иргэдийг тээвэрлэлт, ажил, үйлчилгээтэй холбогдолтой үнэн зөв мэдээллээр хангаж, хөнгөн шуурхай, соёлтой боловсон үйлчилж, ажил үйлчилгээний болон галт тэрэгний цагийн хуваарийг чанд баримтлах;
3.1.10. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орсон байх;
3.1.11. Хариусан объектод байнга үзлэг, үйлчилгээ хийж, илэрсэн эвдрэл, гэмтэл, хэвийн бус ажиллагаа болон түүнд хүргэж болзошгүй нөхцөл байдлын талаар тухай бүрт нь дээд шатны удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд шуурхай мэдэгдэх;
3.1.12. Авлига, хээл хахууль, шан харамж авах, өгөх, өгөхийг шаардах, танил тал харах, үйлчлүүлэгчид тэгш бус хандаж, аль нэгэнд нь давуу эрх олгох зэргээр төмөр замын байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх;
3.1.13. Хүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл бүрдсэн, ачаа, тээш, ачаан тээшэнд эвдрэл, гэмтэл гарсан, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад тохиолдвол хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авах, байгууламж, төхөөрөмжид гэмтэл илрүүлбэл тухайн осолтой газрыг хааж хамгаалах, засварлах арга хэмжээг яаралтай авч байх;
3.1.14. Эрхэлсэн ажилтай нь холбогдуулан олгосон ажлын тусгай болон дүрэмт хувцас, бие хамгаалах болон дохионы хэрэгсэл, бусад зүйлийг зориулалтын дагуу тогтоосон журмаар хэрэглэх;
3.1.15. Байгалийн гамшиг, сүйрэл, осол, гологдлын хор уршгийг арилгах ажилд оролцуулахаар дуудсан тохиолдолд анхны дуудлагаар ажлын байранд хүрэлцэн ирэх;
 
3.2. Төмөр замын байгууллагын удирдах ажилтан дор дурдсан нэмэгдэл  үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1.   Хөдөлмөрийн бүтээмж, ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд хамт олныг зохион байгуулах;
3.2.2.   Шударга, ил тод байх зарчмыг баримтлах;
3.2.3.   Тушаал, шийдвэрийг тодорхой ойлгомжтой өгч, түүний гүйцэтгэлийг хангуулах;
3.2.4.   Хууль бус үйл ажиллагааг цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэж таслан зогсоох, өөрийн эрх мэдлийн хэмжээнд арга хэмжээ авах;
3.2.5.   Дээд байгууллага болон хамт олны өмнө тогтоосон журмын дагуу ажлаа тайлагнах;
3.2.6.   Өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах;
 
           3.3. Ээлж хүлээн авах, ажил хэвийн гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй үед ээлж хүлээлцэх шийдвэр өгсөн удирдах ажилтан түүнээс үүдэн гарах хариуцлагыг хүлээнэ.
3.4. Ажлын байр эзэнгүй орхих, ажлын байранд унтах, бусадтай ажилтай холбогдолгүй яриа өрнүүлэх зэргээр ажил цалгардуулах, зөрчил дутагдлыг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлахыг хориглоно.
3.5. Ажлын байранд ажил гүйцэтгэхэд саад болох техник хэрэгсэл, эд материал /зөвшөөрөгдсөнөөс бусад/ хадгалах, гадны хїн байлгахыг хатуу хориглоно.
 
Дөрөв. Шагнал урамшуулал
 
           4.1. Хүний эрүүл мэнд, амь нас, ачаа, тээш, ачаан тээш, эд хөрөнгийг авран хамгаалсан, сүйрэл, осол, гологдлоос урьдчилан сэргийлсэн, хөдөлмөрийн тодорхой амжилт гаргасан төмөр замын байгууллагын ажилтныг төр, засгийн шагнал, урамшууллаар шагнуулахаар тодорхойлоно.
     
      4.2. Төмөр замын байгууллага нь шагнал, урамшууллын журамтай байна.
 
      4.3. Төмөр замын байгууллагын салбар нэгжийн дарга Төмөр замын байгууллагын даргын баталсан журамд заасан хэмжээнээс хэтэрсэн шагнал урамшууллыг үзүүлэх, доод байгууллага нь дээд байгууллага, удирдах ажилтныг шагнаж урамшуулахыг хориглоно
 
Тав. Сахилгын зөрчил, түүнд ногдуулах шийтгэл
                    
      5.1. Төмөр замын тээврийн болон Хөдөлмөрийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, бусад холбогдох дүрэм, журам, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг  сахилгын зөрчил гаргасанд тооцно.
 
      5.2. Төмөр замын байгууллага нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанд түүний гэм буруугийн байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд болон Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасан  сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.
 
      5.3. Хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан тусгасан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар  цуцалж болно.
5.3.1.   Галт тэрэгний болон сэлгээний  хөдөлгөөнд сүйрэл, осол, онцгой тооцоот гологдол гаргасан, байгууллагад өөрийн буруутай үйлдлийн улмаас нэг сарын дундаж цалин хөлснөөс их хэмжээний хохирол учруулсан;
5.3.2.   Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажилдаа согтуу буюу мансууран ирсэн;
5.3.3.   Төмөр замын объект, эд анги, сэлбэг материалыг хулгайлсан, тоносон, үрэгдүүлсэн нь тогтоогдсон;
5.3.4.   Хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг санаатайгаар задалсан, сулалсан болон эвдэж эд юмс нуусан;
5.3.5.   Албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ, хөлсгүй тээвэрлэсэн;
5.3.6.   Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил буюу нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан;
5.3.7.   Ажил олгогчийн ашиг сонирхлын эсрэг илт хууль бус үйл ажиллагаа явуулсан;
5.3.8.   Улсын хилээр хууль бусаар эд зүйлийг нэвтрүүлэх зорилгоор төмөр замын тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг нуувч болгон ашигласан;
 
      5.4. Сахилгын шийтгэлийн талаархи гомдлоо ажилтан хууль тогтоомжид заасны дагуу шүүхэд гаргаж болно.
 
       5.5. Сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан нь шийтгэлийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
 
 
Ажилтны ажил, амралтын зохицуулалт
Зургаа. Ажлын цаг
6.1.       Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтны ажлын цагийн үргэлжлэх хугацаа нь хөдөлмөрийн тухай хуульд заасан хэмжээнд байх ёстой бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний зурмагтай холбогдуулан ээлжинд 12 цагаас ихгүй байхаар төмөр замын байгууллагын дарга тогтоож болно.
6.2.       Тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан /диспетчер, өртөө, зөрлөгийн жижүүр, туслах жижүүр, холбогч, найруулагч, сумчин, ачаа вагон хүлээлцэгч, вагон үзэгч, гармын жижүүр зэрэг/-ыг галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт зохицуулан ажиллуулах ба ажлын цаг нь тухайн сард ажиллавал зохих ажлын цагийн сангаас ихгүй байна.
6.3.       Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.
6.4.       Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны ажлын өдрийн үргэлжлэх хугацааг хөдөлмөрийн стандартыг баримтлан тогтооно.
6.5.       Зүтгүүрийн болон галт тэрэгний бригад, мөн тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны шөнийн цагаар ажиллах цагийг хорогдуулахгүйгээр тогтооно. Зааварлагч машинчийн аялалд явж ажилласан цагийг дагалдан явсан тухайн галт тэрэгний машинчийн ажлын цагийн нэгэн адилаар тооцно.
6.6.       Ажлын онцлогийг харгалзан тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ажилладаг галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг шөнийн ээлжинд 2-оос илүү удаа дараалан ажиллуулахыг хориглоно.
6.7.       Зүтгүүрийн машинч, туслах машинчийн ажлын цагийг үндсэн байрнаас эргэлтийн байр хүртэл явсан, эргэлтийн байрнаас үндсэн байранд хүрэлцэн ирсэн цагийн нийлбэрээс амрах нөхцөлөөр хангагдсан өртөөнд амарсан хугацаа, зорчигчийн вагонд амарч явсан хугацааг хасаж, үндсэн ба эргэлтийн өртөөнд ажилласан бэлтгэл, төгсгөлийн цагийг ажилтан тус бүр дээр нэмж тооцно.
6.8.       Зорчигчийн галт тэрэгний вагоны үйлчлэгчийн ажлын цагийг үндсэн байрнаас эргэлтийн байр хүртэл явсан, эргэлтийн байрнаас үндсэн байранд хүрэлцэн ирсэн цагийн нийлбэрийг үйлчлэгчийн тоонд хувааж,   үндсэн ба эргэлтийн өртөөнд ажилласан бэлтгэл, төгсгөлийн цагийг үйлчлэгч тус бүр дээр нэмж тооцно. Вагоны үйлчлэгчийн ажлын цагт вагоныг харж хамгаалах, зорчигчид байрласан үед жижүүрлэх, өвлийн улиралд галлагаа хийх цагийг оруулан тооцно.
6.9.       Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хянуулж, тухайн төмөр замын байгууллагын даргын баталсан ажил, амралтын нормативт цагийг үндэслэн зорчигчийн галт тэрэгний бригадын ажилтан /дарга, мастер, механик, засварчин/ болон тасалбарын явуулын нярав, тээш түгээгч, тэдгээртэй адилтгах ажилтны ажлын цагийн хуваарийг тогтооно.
6.10.  Тусгай үйлчилгээний болон албан хэрэгцээний вагоны үйлчлэгчийн ажлын цагийн хуваарийг батлагдсан ажил, амралтын нормативт цагийг үндэслэн ээлжинд 12 цагаас ихгүй байхаар зохицуулах бөгөөд аялалд явах цагийг галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагаар тогтооно.
6.11.         Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ээлжийн графикаар ажилладаг ажилтны жинхэнэ ажилласан цаг нь ажлын ачаалал, зурмагийн зохицуулалтаас хамааран тухайн сарын нормт ажлын цагийн санд хүрэхгүй тохиолдолд нэмэлт ажил, үүргийг гүйцэтгүүлж болох ба ажлын цагийг нь нэгтгэн бодно.
6.12.         Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийн дагуу дуудагдан ирсэн зүтгүүрийн бригадын ажилтанг аялал хойшлогдсон тохиолдолд 3 цагаас багагүй  хугацаагаар амраагаад дахин дуудаж болно.
6.13.         Байгаль, цаг уурын онцгой нөхцөл /хэт халалт, хүйтрэлт, цасан болон шороон шуурга зэрэг/ бий болсон тохиолдолд замчид, ил задгай газар ажиллагсдын ажлын өдөрт тусгай завсарлагыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохион байгуулж болно.
Долоо. Ажлын өдрийн эхлэл, төгсгөл
7.1.       Төмөр замын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосны дагуу ажлын байрандаа хүрэлцэн ирсэн цагийг ажлын өдрийн эхлэх, ажил тарсан цагийг ажил дуусах цагт тооцно.
7.2.       Ажлын өдрийг хэсэглэн хуваах зарчмаар ажилладаг ажилтны ажлын өдрийн эхлэл, төгсгөлийг галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагтай уялдуулан тогтооно.
7.3.       Ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан, түүний дотор сэлгээний бригадын ажилтны ажил хүлээлцэх цаг 20 минутаас ихгүй байх бөгөөд энэ нь ажлын цагт тооцогдоно.
7.4.       Сэлгээний бригадын ажилтныг ээлж солилцохоос 30 минутын өмнө өөр өртөөнд ажиллуулахаар явуулахыг хориглоно.
7.5.       Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтан ажлын байнгын байранд батлагдсан хуваарийн дагуу буюу дуудлагаар хүрэлцэн ирсэн цагийг ажил эхэлсэн цаг гэнэ.
7.6.       Зүтгүүр, галт тэрэг, вагоныг депо буюу солилцох байранд хүлээлгэн өгсөн, мөн дуудагдан ирсэн боловч аялалд яваагүйгээс захиргааны шийдвэрээр ажлаас буулгасан хугацааг ажил дууссан цаг гэнэ.
7.7.       Зүтгүүр болон галт тэрэгний бригадын ажилтны зүтгүүр, галт тэрэг, вагоныг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацааг ажилласан цагт оруулж тооцно.
7.8.       Зүтгүүр, галт тэрэг, вагоныг хүлээн авах, хүлээлгэн өгөх цагийн нормативыг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
7.9.       Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтан нь зүтгүүр, галт тэргийг хүлээн авахаар зүтгүүрээр явсан хугацааг ажлын цагт тооцно.
7.10.  Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтны зорчигчийн галт тэргэнд зорчигчоор явсан цагийг ажилласан цагт тооцохгүй.
7.11.  Төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр зүтгүүр болон галт тэрэгний бригадын ажилтан депод хүрэлцэн ирж, зүтгүүр, галт тэргийг хүлээн авахаар хүлээсэн хугацааг сул зогсолт гэж тооцно.
7.12.  Хил гарах, дамжуулах галт тэрэг, сэлгээний ажил, түлхэгч зүтгүүр дээр тогтмол буюу түр хугацаагаар ажиллуулахаар зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтныг байнгын оршин суудаг газраас явуулахад энэ журмын 3.11 дэх заалт хамаарахгүй.
7.13.  Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн дагуу дуудагдан ирсэн зүтгүүрийн бригадын ажилтан үндсэн депогийн амралтын байранд амарсан тохиолдолд ажилласан болон сул зогсолт гэж тооцохгүй.
Найм. Илүү цаг
 
8.1.       Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцсны дагуу төмөр замын тээврийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулсан байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах эсвэл яаралтай хийхгүй бол хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгуулахаар галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанг илүү цагаар ажиллуулж болно.
 
8.2.       Ажилтныг хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаанаас 4 цагаас илүүгээр ажиллуулж  болохгүй.
 
8.3.       Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулах хөдөлмөр зохион байгуулалт хийгдэх бөгөөд хэрэв амруулаагүй бол илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгоно.
 
8.4.       Ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн дагуу нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн бямба, ням гарагт ажиллах нь илүү цагт хамаарахгүй.
 
8.5.       Харин ээлжийн графикаар ажилладаг галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны ажлын цаг нь тухайн сарын нормт цагаас хэтэрсэн тохиолдолд нөхөн амруулах буюу нэмэгдэл хөлсийг олгоно.
 
    Ес. Ажил, жижүүрлэлтийн хугацааг сунгах тохиолдол
9.1.       Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтан, мән ээлжийн графикаар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтныг байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгахаас бусад тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний зурмагаар тогтоосон хугацаанаас илүү цагаар сунгаж ажиллуулахыг хориглоно.
9.2.       Зүтгүүр, галт тэрэгний бригадын тасралтгүй ажиллагааны үргэлжлэх хугацааг сунгах зайлшгүй тохиолдолд төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр зохицуулна. Энэ тохиолдолд захиргаа уг ажилтныг өөр ажилтнаар түргэн хугацаанд солих арга хэмжээг яаралтай авах үүрэгтэй.
9.3.       Төмөр замын тээврийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулсан байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах, эсвэл яаралтай хийхгүй бол хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэхээр галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг амралт эдэлж буйг үл харгалзан төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр ажилд дуудан оруулж болно.
9.4.       Зүтгүүр, дохиолол холбоо, эрчим хүч, ус хангамжийн байгууламж эвдэрсэн, зам гэмтсэн, тусгай үйлчилгээний галт тэрэг явуулах, өнгөрүүлэх тохиолдолд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтанг амралтаас ажилд дуудан оруулж болно.
9.5.       Дээр дурдсанаас бусад тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг бүрэн амарч дуусаагүй байхад нь ажилд дуудахыг хориглоно.
Арав. Амралтын хугацаа
10.1.          Төмөр замын тээврийн ачаа их хэмжээгээр хуримтлагдсанаас хөдлөх бүрэлдэхүүн, вагоны сул зогсолт нэмэгдэх, тээврийн хэвийн ажиллагаа алдагдахаас сэргийлэх зорилгоор хойшлуулшгүй засвар, ачих буулгах ажил дээр нийтээр амрах баярын өдөр болон долоон долоо хоногийн амралтын өдөр ажилтанг ажиллуулж болно.
10.2.   Зүтгүүрийн бригадын ажилтны долоо хоногийн амралтын хугацааг  зурмагт 48 цагаас багагүй, 72 цагаас ихгүй байхаар тухайн сарын ажлын ээлжийн графикт тэнцүү хуваарилж тусгана. Энэ амралтыг ажилтны байнгын оршин суух газарт нь олгох ба амрах хуваарийг урьдчилан мэдэгдсэн байна.
10.3.   Тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ажилладаг ажилтан /диспетчер, өртөө, зөрлөгийн жижүүр, туслах жижүүр, холбогч, найруулагч, сумчин, ачаа вагон хүлээлцэгч, вагон үзэгч, гармын жижүүр зэрэг/-ы долоо хоногийн амралтын хугацаа нь тухайн сарын амралтын цагаас багагүй байна.
10.4.   Байгалийн  гамшиг,  сүйрэл,  осол  гарсан тохиолдолд төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр долоо хоногийн амралтыг бууруулан 24 цагаар тогтоож болох ба дутууг дараа нөхөн амраана.
10.5.   Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажлын байранд ажилтны хооллох, амрах хугацааг 30 минутаас багагүй, 2 цагаас ихгүй байхаар хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно. Харин байгаль, цаг уурын онцгой нөхцөл /хэт халалт, хүйтрэлт/-д ажлын өдрийн тусгай завсарлагын хугацааг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусган 2-оос дээш цагаар зохицуулж болно.
 
Арванннэг. Амралт олгох
11.1.  Ажлын өдрийн дараахь хэвийн амралтын үргэлжлэх хугацааг 8 цагийн ажлын өдөртэй ажилтанд 16, 7 цагийн ажлын өдөртэй ажилтанд 17, 12 цагийн ээлжийн графикаар ажилладаг ажилтанд 24 цагаар тус тус тогтооно.
11.2.  Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтны байнгын оршин суудаг газарт олгох амралтыг тооцохдоо хоёр талын аялалд зарцуулсан нийт цагийг хэвийн амралт зохицуулах итгэлцүүрээр үржүүлж, гарсан үржвэрээс эргэлтийн байр буюу амрах нөхцөлөөр хангагдсан зорчигчийн вагонд амарсан хугацааг хасаж тооцно. Итгэлцүүр 2,0-ыг долоо хоногийн ажлын өдрийн дараахь  амралтын цагийн нййлбэрийг долоо хоногийн ажлын нормт цагт хувааж гаргана. ( 80:40 = 2.0 )
11.3.         Ажилтны байнгын оршин суудаг газар дахь амралтыг ажлын шаардлагаар 12 цаг хүртэл хугацаагаар багасгаж болох ба тасралтгүй амарсан хугацаа нь 24 цагаас багагүй байна.
11.4.         Эргэлтийн болон солилцох байранд  зүтгүүрийн бригадын аялал нэг талдаа 4 цагаас илүү үргэлжлэх тохиолдолд гүйцэтгэсэн ажлын цагийн хагасаас буюу 3 цагаас багагүй хугацаагаар амарсан байна.
11.5.  Зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтныг эргэлтийн байр буюу ажил дууссан газарт нь зохих амралтыг нь эдлүүлэхгүйгээр буцааж болох боловч буцах замд нь ажиллуулж болохгүй.
11.6.  Зорчигчийн галт тэрэгний бригадын ажилтны ажлын цагийг халаа /турный/ ээлжээр зохион байгуулах тохиолдолд ажилтны байнгын оршин суудаг  газарт олгох амралтыг хоёр талын аялал хийсний дараа тооцож олгоно.
11.7.  Амралтын үргэлжлэх хугацааг тодорхойлохдоо нийт ажилласан хугацааг 2-оор үржүүлж, замд амарсан хугацааг хасч тодорхойлно.
Арванхоёр. Ажлын цагийн зурмаг
12.1.  Ажлын цагийн зурмагийг зохиохдоо галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн болон суурь бүтэц дэх зурмагтай зохицуулж, дараахь зүйлүүдийг удирдлага болгоно:
12.1.1.Тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн графикаар ажилладаг ажилтан, мән түүнчлэн ажлын цагийг хэсэглэн хуваах зохицуулалтаар ажилладаг ажилтны ажлын зурмагийг төрийн захиргааны байгууллагаар хянуулан төмөр замын байгууллагын дарга батална.
12.1.2. Ажлын цагийг хэсэглэн хуваах зохицуулалтаар ажилладаг ажилтны ажлын зурмагийг үдийн хоолны завсарлагыг оролцуулан 2-оос илүүгүй завсарлагаатай, завсарлага бүрийн үргэлжлэх хугацааг 1 цагаас багагүй, хоногийн туршид амралтын тасралтгүй үргэлжлэх хугацаа 12 цагаас багагүй байхаар тус тус зохионо.
12.1.3. Төмөр замын байгууллагын захиргаа нь ажилтны ажил, амралтын хуваарийг cap эхлэхээс 3 хоногийн өмнө танилцуулж, ажлын байранд тавьсан байна.
 
12.2.  Зүтгүүр, галт тэрэгний бригадын болон тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн графикаар ажилладаг ажилтны ажлын цагийн хуваарийг төмөр замын байгууллагын захиргаанаас галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн болон суурь бүтэц дэх зурмаг, долоо хоногийн амралт, сарын нормт ажлын цагийн тасралтгүй үргэлжлэх хугацаа зэргийг харгалзан зохионо. Түүний биелэлтэд төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
 
12.3.  Ажлын цагийн хуваарьт ажилтны ажил, амралтын цаг тодорхой заагдсан байх ба амарч байгаа ажилтныг зурмагтай танилцуулах, шийдвэр өгөх зэргээр захиргаанаас үүрэг хүлээлгэхийг хориглоно. Байгалийн гамшиг, сүйрэл, осол гарсан тохиолдолд энэ заалт хамаарахгүй бөгөөд бригад дуудах дэгийг төмөр замын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлно.
 
12.4.  Ажлын цаг нь ээлжийн графикаар болон хэсэглэн хуваах журмаар зохицуулагддаг ажилтны ажлын цагийг cap, улирлын эцэст нэгтгэн тооцно.
 
12.5.  Сарын нормт ажлын цагийн санг тодорхойлохдоо ажлын өдрийн хэвийн үргэлжлэх хугацаа /8 цаг/-г тухайн сарын ажлын өдрийн тоогоор үржүүлж гаргана.
 
 
___о О о __