/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2010 оны 150 дугаар тушаалын хавсралт

 

 

ҮНЭ ХЯМДРУУЛАН ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг ундэслэл

1.1.Хоёр сарын дотор худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгө /цаашид "хөдлөх эд хөрөнгө" гэх/-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх түхай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу үнэ хямдруулан худалдан борлуулахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон энэхүү журмыг баримтална.

1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаас бусад хөдлөх эд хөрөнгийг зөвхөн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа /цаашид "албадан дуудлага худалдаа" гэх/-гаар худалдана.

Хоёр. Албадан дуудлага худалдаа явуулах Комисс, түүний эрх, үүрэг

2.1.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар албадан дуудлага худалдаа явуулах Комиссыг томилно.

2.2. Комисс дараахь бүрэлдэхүүнтэй байна:

2.2.1.Дарга;

2.2.2.Нарийн бичгийн дарга;

2.2.3.албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч;

2.2.4.гишүүд;

2.3.Шүүхийн шийдвэрээр хураагдсан хөдлөх эд хөрөнгө хоёр сарын дотор худалдан борлогдоогүй бол энэхүү хугацаа дууссан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгч нь холбогдох материалыг Комисст ирүүлнэ.

2.4.Комисс нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа баримт бичигтэй танилцаж, хянасны үндсэн дээр уг хөдлөх эд хөрөнгийн үнийг хямдруулна.

2.5.Шийдвэр гүйцэтгэгч нь Комиссын хямдруулсан үнэлгээг төлбөр төлөгч буюу эд хөрөнгийг өмчлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэнэ.

2.6.Комисс нь дараахь эрх, үүрэгтэй байна.

2.6.1.худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл, холбогдох материалтай танилцаж, түүний чанар байдлыг харгалзан анхны дуудлага худалдаанд санал болгосон үнийг 50 хүртэлхи хувиар бууруулах;

2.6.2.албадан дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

2.7.Энэ журмын 2.6.2-т заасан зард дараахь зүйлийг тусгана;

2.7.1.дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг;

2.7.2.худалдах эд хөрөнгийн нэр, зориулалт, чанар байдал, анхны үнэ;

2.7.3.бусад мэдээлэл;

Гурав:Албадан дуудлага худалдааны оролцогч, дэнчин

3.1.Албадан дуудлага худалдаанд дараахь этгээд оролцоно. 

3.1.1.албадан дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд;

3.1.2.төлбөр төлөгч, төлбөр авагч;

3.1.3.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл тухайн хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй этгээд, түүнчлэн хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэйгээ нотолж чадсан гуравдагч этгээд;

3.1.4.бусад этгээд;

3.2.Албадан дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд нь уг худалдаа явагдахаас өмнөх өдрийн 16 цагаас 18 цагийн хооронд албадан дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг тухайн аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд тушааж, албадан дуудлага худалдаанд оролцох эрх иргэний үнэмлэхээ үзүүлж бүртгүүлэн авна.

Дөрөв: Албадан дуудлага худалдаа явуулах

4.1.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдааны дэг, эд хөрөнгийн чанар байдал, дуудлага худалдааны явцын талаар гаргасан санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар оролцогчдод танилцуулна.

4.2.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь санал болгож буй анхны үнийг зарлах бөгөөд энэ журмын 3.1.1-д заасан оролцогчдоос анхны санал гаргаснаар дуудлага худалдаа эхэлнэ.

4.3.Оролцогчид албадан дуудлага худалдааг эхэлмэгц тухайн хөдлөх эд хөрөнгийн үнийг өсгөх байдлаар үнэ хаялцана.

4.4.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь сүүлийн үнийг зарлаж, гурван удаа дуудсаны дараа цанг цохиж, дуудлага худалдааг дуусгавар болгон, ялагчийг тодруулна.

4.5.Албадан дуудлага худалдааны нарийн бичгийн дарга нь албадан дуудлага худалдааны явцын талаар болон оролцогчдын үнийн санал тус бүрийг тэмдэглэж, эрхлэн хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч, оролцогчид тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурна.

4.6.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь энэ журмын 4.4-т заасан ялагчаар холбогдох төлбөрийг төлүүлж, хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх ажиллагааг зохион байгуулна.

4.7.Тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг улсын бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгө худалдсан бол Комиссын дарга нь энэ журмын 4.4-т заасан ялагчид тодорхойлолт гаргаж өгөх ба түүнийг үндэслэн тухайн хөрөнгийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлнэ.

4.8.Албадан дуудлага худалдааны явцад шүүхийн шийдвэр хүчингүй болсон, эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бол дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь энэ тухай оролцогчдод мэдэгдэж дуудлага худалдааг зогсооно.

4.9.Албадан дуудлага худалдааны явцад гэрэл зураг, дүрс бичлэг хийж тэмдэглэлд хавсаргаж болно.

4.10.Өндөр үнэтэй хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах тохиолдолд гэрэл зураг, дүрс бичлэг заавал хийнэ. 

Тав:Дүудлага худалдааны талаар гаргасан гомдлыг шийдвэрлэх

5.1.Албадан дуудлага худалдаатай холбоотой гомдлыг Комисс гурав хоногийн дотор хүлээн авч шийдвэрлэх бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

Зургаа.Бусад зүйл

6.1.Албадан дуудлага худалдааны зардлыг төлбөр төлөгч хариуцах бөгөөд, түүнийг худалдан борлогдсон эд хөрөнгийн үнийн дүнгээс суутгана.

6.2.Шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаатай холбогдох баримт бичиг, материалыг тухайн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт хавсаргана.

6.3.Овор хэмжээ ихтэй, хадгалалтын тусгай нөхцөл шаардсан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг уг хөрөнгө байгаа газарт зохион байгуулж, худалдан борлуулж болно.